ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Хүнсний аюулгүй байдал Хүнсний аюулгүй байдал

Хүнсний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт зааснаар “хүнсний аюулгүй байдал” гэж хүн ам амьдралынхаа туршид чанартай, шим тэжээллэг, аюулгүй хүнсийг улсын эдийн засаг, нийгмийн нөхцөл байдал, газар зүйн байршлаас үл хамааран тогтвортой, хүртээмжтэй сонгон хэрэглэх боломж бүрдсэн байхыг хэлдэг.

Хуулийн зохицуулалт

Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэхэд дараах нийтлэг шаардлага тавина:

  • Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ чанар, аюулгүй байдлыг хангаж, үйл ажиллагааныхаа үр дагаврыг өөрөө хариуцах;
  • Стандарт, техникийн зохицуулалтад нийцсэн барилга байгууламж, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, агуулах, тээврийн хэрэгсэлтэй байх;
  • Хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай барилга байгууламжийг шинээр барих, өргөтгөх, шинэчлэх, тоног төхөөрөмжийг шинээр суурилуулах ажлыг эрх бүхий байгууллагын хянан баталгаажуулсан зураг төслийн дагуу гүйцэтгэх;
  • Үйл ажиллагаандаа зохистой дадлыг нэвтрүүлэх;
  • Боловсруулах болон нийтийн хоолны үйлдвэрлэл эрхлэх тохиолдолд мэргэжлийн, эсхүл мэргэшсэн хүний нөөцтэй байх;
  • Үйл ажиллагаагаа эхлэхийн өмнө хуульд заасны дагуу байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэсэн байх;
  • Хуульд заасан бол тусгай зөвшөөрөл авсан байх.

Хүнсний чиглэлийн үйл ажиллагаанд дараах хяналт, удирдлагын тогтолцоог хэрэгжүүлж болно

  • Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 7.3-т заасан аюулын дүн шинжилгээ ба эгзэгтэй цэгийн хяналт;
  • Хүнсний чанарын удирдлага;
  • Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлын удирдлага.
  • Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 6.1.3-т заасны дагуу баталсан жагсаалтад орсноос бусад пестицид, химийн бордоо, ахуйн хортон шавж, мэрэгч устгалын болон ариутгал, халдваргүйтгэлийн бодисыг хүнсний чиглэлийн үйл ажиллагаанд хэрэглэхийг хориглоно.

 Таны судалсан байвал зохих хууль болон бусад эрх зүйн актууд:

  • Монгол Улсын Үндсэн хууль /1992 он/ ЭНД дарж үзнэ үү.
  • Хүнсний тухай хууль /2012 он/ ЭНД дарж үзнэ үү.
  • Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль /2003 он/ ЭНД дарж үзнэ үү.
  • Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай /2012 он/ ЭНД дарж үзнэ үү.
  • Органик хүнсний тухай /2016 он/ ЭНД дарж үзнэ үү.
  • Нялх, балчир хүүхдийн хүнсний тухай /2017 он/ ЭНД дарж үзнэ үү.
  • Баяжуулсан хүнсний тухай /2018он/ ЭНД дарж үзнэ үү.
  • Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай /2019 он/ ЭНД дарж үзнэ үү.
  • Усны тухай хууль ЭНД дарж үзнэ үү.
  • Эрүүл ахуйн тухайн хууль /2016 он/ ЭНД дарж үзнэ үү.
  • Хүнсний үйлдвэрт мөрдөх эрүүл ахуй, халдвар хамгааллын үлгэрчилсэн дүрэм /2017 он/ ЭНД дарж үзнэ үү.
  • Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газарт мөрдөх эрүүл ахуй, халдвар хамгааллын үлгэрчилсэн дүрэм /2017 он/ ЭНД дарж үзнэ үү.
  • Хүнсний баталгаат байдлын өнөөгийн байдал ЭНД дарж үзнэ үү.
  • Хүнсний тухай болон Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулиуд батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай /2012 он/ ЭНД дарж үзнэ үү.
  • "Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч дотоод хяналт хэрэгжүүлэх үлгэрчилсэн журам"-ыг ЭНД дарж үзнэ үү. 
Асуудлыг шийдвэрлэх байгууллага

Хүнсний тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт “Монгол Улсад хүнсний аюулгүй байдлыг хангах ажлыг уялдуулан зохицуулах чиг үүрэг бүхий төр, хувийн хэвшлийн төлөөллөөс бүрдсэн орон тооны бус Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөл Засгийн газрын дэргэд ажиллах бөгөөд Үндэсний зөвлөлийн дарга Монгол Улсын Ерөнхий сайд байна” гэж заасан байна.

Үндэсний зөвлөл дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

  • Хүнсний аюулгүй байдлын талаар төрөөс баримтлах бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, боловсронгуй болгох санал, зөвлөмж гаргаж, тэдгээрийг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх;
  • Хүнсний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон салбар хоорондын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах;
  • Хүнсний аюулгүй байдлын талаар цаашид авах арга хэмжээг тодорхойлж, чиглэл өгөх;
  • Хүн амын хүнсний бодит хэрэглээ, хангамжийн болон чанар, эрүүл ахуйн төлөв байдал, хүнсний нэр төрөл, найрлага, шим тэжээлийн зохистой харьцаа, цаашид авах арга хэмжээний талаар жил бүр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулах;
  • Хүнсний аюулгүй байдлын төлөв байдлын талаарх тайланг жил бүр Улсын Их Хуралд танилцуулах.

Хүнсний тухай хуулийн 14 дүгээр зүйл 14.1 дэх хэсэгт “Төрийн бус байгууллага хүнсний аюулгүй байдлыг хангахад дараах чиглэлээр оролцоно” гэсэн байдаг. Үүнд:

  • хүнсний тухай хууль тогтоомжийн биелэлтэд олон нийтийн хяналт тавих, илэрсэн зөрчлийг арилгахыг шаардах, уг асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх;
  • хэрэглэгч болон хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийн эрхийг хамгаалах асуудлаар саналаа төрийн болон нутгийн захиргааны байгууллагад уламжлах;
  • хүнсний аюулгүй байдлыг хангах, зохистой хооллолтыг төлөвшүүлэхэд чиглэсэн сургалт, сурталчилгааг холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран зохион байгуулах;
  • хүнсний аюулгүй байдлыг хангахтай холбогдох судалгаа хийх, төсөл хэрэгжүүлэх.
Асуудлыг шийдвэрлэх дараалал

Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 18 дугаар зүйлд зааснаар Мэргэжлийн хяналтын байгууллага хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдалд дараах байдлаар хяналт тавиж ажиллахаар заасан байдаг.Үүнд: 

  • Хүнсний сүлжээний үе шат болон үйл ажиллагааны явцад эрсдэлийн үнэлгээ хийж, эрсдэлийн шалтгааныг тогтоох, таслан зогсоох, нийтэд шуурхай мэдээлэх, эрсдэлийг бууруулах чиглэлээр зөвлөгөө өгөх, хяналт шалгалтыг төлөвлөх, хэрэгжүүлэх;
  • Хүнсний сүлжээнд ашиглах болон хэрэглэх эд зүйлс, барилга байгууламж, ажлын байр нь эрүүл ахуйн болон ариун цэврийн шаардлага хангаж байгаа эсэхэд үзлэг шалгалт хийх;
  • Импортын болон дотоодод үйлдвэрлэсэн хүнс холбогдох техникийн нөхцөл, эрүүл ахуй, ариун цэврийн бусад шаардлагыг хангаж байгаа эсэхийг тогтоох, эрсдэлд суурилсан тандалтыг зохион байгуулах;
  • Зохистой дадлыг нэвтрүүлэх болон хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлд хяналт тавих;
  • Хүнсний аюулгүй байдлын асуудлаар шийдвэр гаргахдаа багийн гаргасан эрсдэлийн үнэлгээ, техникийн зөвлөмжид тулгуурлах;
  • Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийн бүртгэлийн нэгдсэн санг бүрдүүлж, зохих өөрчлөлт, хөдөлгөөн хийх, төрийн, төрийн бус байгууллага болон хэрэглэгчид шаардлагатай мэдээ, мэдээлэл өгөх.
  • Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 54.3-т заасан эрсдэлд суурилсан хяналт шалгалтын давтамж тухайн үйлдвэрлэлийн онцлог, үйл ажиллагааны чиглэл, эрсдэлийн ангилалтай уялдсан байна.
  • Хяналтын байгууллага хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлын хяналтын нэгжтэй байна.
Асуудлыг шийдвэрлэх хугацаа

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт “Бараа, ажил, үйлчилгээний талаар гомдлын шаардлага гаргасан тохиолдолд доголдлыг дараахь хугацаанд арилгана” гэж заасан байдаг.Үүнд:

  • хүнс болон ахуйн хэрэглээний барааны эдэлгээний хугацаа буруу тогтоогдсоноос үүсэх гэм хорыг худалдагч нэн даруй арилгах;
  • бараа, ажил, үйлчилгээний доголдлын талаар гарсан гомдлыг барагдуулах үед хүндэтгэн үзэх шалтгаан гарсан /нийтийг хамарсан хорио цээр/, худалдагч /үйлдвэрлэгч, гүйцэтгэгч/ өвдсөн, нас барсан, дампуурсан, татан буугдсан, тодорхой шалтгааны улмаас түүний үйл ажиллагаа түр болон бүрмөсөн зогссон тохиолдолд доголдлыг арилгах хугацааг хойшлуулахаар хэрэглэгчтэй тохиролцох.

Мөн “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр доголдлыг арилгах хугацаа хэтэрвэл хугацаа хэтэрсэн хоног тутам бараа, ажил, үйлчилгээний үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг худалдагч /үйлдвэрлэгч, гүйцэтгэгч/ хэрэглэгчид төлнө” гэсэн байдаг.

Асуудлыг шийдвэрлээгүй тохиолдолд гомдол гаргах

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн буруугаас хэрэглэгчид учирсан гэм хорыг арилгах, хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан хэрэглэгчийн шаардлагыг үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгч биелүүлэхээс татгалзсан тохиолдолд энэ талаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй” гэж заасан байдаг.

“ЭРҮҮЛ ХҮНС – ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН ТУХАЙ

Хүнсний аюулгүй байдлыг хангаж Монгол хүн эрүүл байх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Засгийн газрын 2019 оны 52 дугаар тогтоолоор “Эрүүл хүнс – Эрүүл Монгол хүн” үндэсний хөтөлбөрийг баталсан хэрэгжүүлж эхэлсэн.

Тус хөтөлбөрийг 2019-2023 онд хэрэгжүүлснээр Монгол Улсын хүнсний гол нэрийн 16 бүтээгдэхүүний хангамжийн тогтвортой байдлыг 70 хувьд хүргэж дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, хүнсний хангамжийн тэнцвэртэй байдлыг 30 хувьд хүргэж импортын хамаарлыг үе шаттай бууруулах нөхцөл боломж бүрдэх юм.  

Мөн хүн амын хүнсний хүртээмжийг 80 хувь, хүнснээс авах илчлэгийг 2400 ккал хүргэх, хүнснээс авах шим тэжээллэг чанарыг норм хэмжээнд хадгалах, хоол хүнсээр дамжих өвчний дэгдэлтийг тогтвортой бууруулах, хүнсний салбарын нийт стандартын 50-иас доошгүй хувийг олон улс, бүс нутаг, гадаад орны дэвшилтэт стандартын түвшинд хүргэх, хүнсний аюулгүй байдлын бүртгэл мэдээллийн нэгдсэн цахим сан байгуулах, хүнсний аюулгүй байдлыг хангах бүтэц, зохион байгуулалтын оновчтой тогтолцоо бүрдүүлэх зэрэг олон эерэг үр дүнг авч ирнэ. Эрүүл хүнс - Эрүүл монгол хүн" үндэсний хөтөлбөрийн тухай  ЭНД ДАРЖ үзнэ үү 

 

 

 

Асуулт 1. Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг хэрхэн дахин боловсруулах вэ?

Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг татан авах, устгах, дахин боловсруулах журмын 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Татан авсан хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн нь ямар нэгэн аюултай үр дагавар үүсэхгүй нь батлагдсан тохиолдолд шинж чанар, зориулалтыг өөрчлөн, мал, амьтны тэжээл, ургамлын бордооны зориулалтаар дахин боловсруулалт хийж хоёрдогч түүхий эд байдлаар хэрэглэж болно” гэж заасан байдаг.

Асуулт 2. Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг хэрхэн устгах үйл ажиллагаа явуулдаг вэ?

Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг татан авах, устгах, дахин боловсруулах журмын 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг устгах ажлыг улсын байцаагч, шаардлагатай тохиолдолд хөндлөнгийн хоёр гэрчийг байлцуулан зориулалтын шаардлага хангасан газарт зохион байгуулан устгана. Энэ тухай оролцогч талууд хамтарч акт үйлдэнэ” гэсэн байдаг.

Асуулт 3. Нялх, балчир хүүхдийн хүнсний сав, баглаа, боодол ямар стандарттай байх вэ?

Нялх, балчир хүүхдийн хүнсний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Зориулалтын бүтээгдэхүүний сав, баглаа боодол, шошго нь Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 12.4, 12.5-д зааснаас гадна дараахь мэдээллийг агуулсан байна.”Үүнд:

  • бүтээгдэхүүнийг зөв бэлтгэх заавар;
  • хооллох хэрэгслийн ариутгал, цэвэрлэгээг хийх арга;
  • бүтээгдэхүүний орц, найрлага, агууламжийг тайлбарласан бичвэр;
  • үйлдвэрлэх, түгээх, борлуулах чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч /цаашид “хуулийн этгээд” гэх/-ийн шаардлагатай мэдээлэл;
  • бүтээгдэхүүний сав, баглаа боодлыг нээхийн өмнө болон нээсний дараа хадгалах заавар.

Асуулт 4. Хувиргасан амьд организмаас гаралтай хүнс гэж юу вэ?

Хүнсний тухай хуулий 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Удамшлын мэдээллийн шинэ хослол бүхий аливаа амьд организмаас гарган авсан хүнсийг хувиргасан амьд организмаас гаралтай хүнс гэнэ” заасан байдаг.

Асуулт 5. Мэргэжлийн хяналтын байгууллага ямар үүрэгтэй вэ?

Хүнсний сүлжээний үе шат болон үйл ажиллагааны явцад эрсдэлийн үнэлгээ хийж, эрсдэлийн шалтгааныг тогтоох, таслан зогсоох, нийтэд шуурхай мэдээлэх, эрсдэлийг бууруулах чиглэлээр зөвлөгөө өгөх,

Импортын болон дотоодод үйлдвэрлэсэн хүнс холбогдох техникийн нөхцөл, эрүүл ахуй, ариун цэврийн бусад шаардлагыг хангаж байгаа эсэхийг тогтоох, эрсдэлд суурилсан тандалтыг зохион байгуулах;

Зохистой дадлыг нэвтрүүлэх болон хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлд хяналт тавих;

Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийн бүртгэлийн нэгдсэн санг бүрдүүлж, зохих өөрчлөлт, хөдөлгөөн хийх, төрийн, төрийн бус байгууллага болон хэрэглэгчид шаардлагатай мэдээ, мэдээлэл өгөх,

Асуулт: Хугацаа хэтэрсэн, дууссан бараа бүтээгдэхүүн авсан бол яах бэ.?

Зөрчлийн тухай хуулийн 6.12 дугаар зүйлд зааснаар найрлага, сав баглаа боодол, шошгод тавих ерөнхий болон тусгай шаардлагыг хангаагүй, стандартыг мөрдөөгүй, эсхүл битүүмжлэл алдагдсан, импортлох, худалдахыг хориглосон, зориулалтын бүтээгдэхүүнийг хүнсний сүлжээнд оруулсан, эсхүл хуулиар хориглосон үйл ажиллагаа, сурталчилгаа явуулсан бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулана.


http://e-khutuch.mn/guide/print/58/473/all