ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Хүнсний аюулгүй байдал Хүнсний аюулгүй байдал

Хүнсний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт зааснаар “хүнсний аюулгүй байдал” гэж хүн ам амьдралынхаа туршид чанартай, шим тэжээллэг, аюулгүй хүнсийг улсын эдийн засаг, нийгмийн нөхцөл байдал, газар зүйн байршлаас үл хамааран тогтвортой, хүртээмжтэй сонгон хэрэглэх боломж бүрдсэн байхыг хэлдэг.

Асуудлыг шийдвэрлэх байгууллага

Хүнсний тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт “Монгол Улсад хүнсний аюулгүй байдлыг хангах ажлыг уялдуулан зохицуулах чиг үүрэг бүхий төр, хувийн хэвшлийн төлөөллөөс бүрдсэн орон тооны бус Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөл Засгийн газрын дэргэд ажиллах бөгөөд Үндэсний зөвлөлийн дарга Монгол Улсын Ерөнхий сайд байна” гэж заасан байна.

Үндэсний зөвлөл дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

  • Хүнсний аюулгүй байдлын талаар төрөөс баримтлах бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, боловсронгуй болгох санал, зөвлөмж гаргаж, тэдгээрийг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх;
  • Хүнсний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон салбар хоорондын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах;
  • Хүнсний аюулгүй байдлын талаар цаашид авах арга хэмжээг тодорхойлж, чиглэл өгөх;
  • Хүн амын хүнсний бодит хэрэглээ, хангамжийн болон чанар, эрүүл ахуйн төлөв байдал, хүнсний нэр төрөл, найрлага, шим тэжээлийн зохистой харьцаа, цаашид авах арга хэмжээний талаар жил бүр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулах;
  • Хүнсний аюулгүй байдлын төлөв байдлын талаарх тайланг жил бүр Улсын Их Хуралд танилцуулах.

Хүнсний тухай хуулийн 14 дүгээр зүйл 14.1 дэх хэсэгт “Төрийн бус байгууллага хүнсний аюулгүй байдлыг хангахад дараах чиглэлээр оролцоно” гэсэн байдаг. Үүнд:

  • хүнсний тухай хууль тогтоомжийн биелэлтэд олон нийтийн хяналт тавих, илэрсэн зөрчлийг арилгахыг шаардах, уг асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх;
  • хэрэглэгч болон хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийн эрхийг хамгаалах асуудлаар саналаа төрийн болон нутгийн захиргааны байгууллагад уламжлах;
  • хүнсний аюулгүй байдлыг хангах, зохистой хооллолтыг төлөвшүүлэхэд чиглэсэн сургалт, сурталчилгааг холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран зохион байгуулах;
  • хүнсний аюулгүй байдлыг хангахтай холбогдох судалгаа хийх, төсөл хэрэгжүүлэх.

http://e-khutuch.mn/guide/print/58/473/decide_org