ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Иргэдийн эдийн болон эдийн бус баялагтай холбогдох харилцаа Иргэний эрх зүйн харилцаанд оролцогчид

Иргэний эрх зүйн оролцогч гэж иргэний эрх зүйн харилцаанд харилцан эрх тэгш оролцож буй иргэн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллагыг ойлгоно.

Хуулийн зохицуулалт

Монгол Улсын Үндсэн хуулийн хоёрдугаар бүлэг "Хүний эрх, эрх чөлөө", Иргэний хуулийн 7 дугаар зүйл "Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч", Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн гуравдугаар бүлэг "Иргэний хэргийн оролцогчид" гэсэн хэсгүүдэд Иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын тухай зохицуулсан байдаг.  

  • Монгол Улсын Үндсэн хууль ЭНД дарж үзнэ үү.
  • Иргэний хууль ЭНД дарж үзнэ үү.
  • Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль ЭНД дарж үзнэ үү.
Асуудлыг шийдвэрлэх байгууллага
Асуудлыг шийдвэрлэх дараалал

Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч

Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч нь иргэн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага байна. Төр, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж болох аймаг, нийслэл, сум, дүүрэг нь иргэний эрх зүйн харилцаанд хуулийн этгээдийн нэгэн адил оролцоно.

Иргэний тухай ойлголт

Иргэн гэж иргэний эрх зүйн харилцаанд оролцогч Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг ойлгоно.

Монгол улсын иргэн гэдэг нь монгол улсын иргэний бүртгэлд өөрийн овог нэрээр бүртгэгдсэн төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх бүхий бичиг баримттай хүнийг Монгол Улсын иргэн гэнэ.

Гадаадын иргэн гэдэгт Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөгч, Монгол Улсад албан болон хувийн хэргээр  түр эсвэл байнга оршин суугаа Монгол Улсын харьяалалгүй, гадаад улсын харьяалалтай хүнийг хэлнэ. Харьяалалгүй хүн гэдэгт аль ч улсын харьяат бус хүнийг ойлгоно.

Иргэний эрх зүйн чадвар чадамжийн тухай

Иргэний эрх зүйн чадвар нь иргэнийг төрсөн үеэс эхэлж нас барснаар дуусгавар болно. Харин иргэний эрх зүйн чадварыг хязгаарлахыг хуулиар хориглосон байдаг.

Иргэний эрх зүйн бүрэн чадамж

Иргэний эрх зүйн бүрэн чадамжтай хүн гэдэг нь өөрийн үйлдэл, эс үйлдлээр өөртөө эрх олж авах, үүрэг бий болгох чадвар эзэмшсэн, түүнийг ухамсарлах насанд хүрсэн буюу 18 нас хүрсэн эрүүл саруул хүнийг ойлгоно. Иргэний хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүх 16-аас 18 хүртэлх насны иргэнийг, түүний хүсэлт, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн зөвшөөрлөөр иргэний эрх зүйн бүрэн чадамжтай гэж тооцож болно.

Иргэний эрх зүйн бүрэн бус чадамж

Насанд хүрээгүй буюу 14-өөс 18 хүртэлх насны этгээд иргэний эрх зүйн бүрэн бус чадамжтай байна. Насанд хүрээгүй иргэн хуулиар зөвшөөрснөөс бусад хэлцлийг хууль ёсны төлөөлөгч эцэг, эх, харгалзан дэмжигчийн бичгээр олгосон зөвшөөрлийн үндсэн дээр хийж болно.

Насанд хүрээгүй иргэн хууль ёсны төлөөлөгчийн зөвшөөрөлгүйгээр дараах эрхээ бие даан хэрэгжүүлж болно:

  • өөрийн хөдөлмөрийн хөлс, оюутны тэтгэлэг, тэдгээртэй адилтгах бусад орлого, тэдэнд өөрийн үзэмжээр захиран зарцуулахад нь зориулж шилжүүлсэн эд хөрөнгийг захиран зарцуулах;
  • өөртөө хохиролгүй бөгөөд хиймэгц биелэх ахуйн чанартай хэлцэл хийх;
  • иргэний хуулийн 16.3.1-д заасан орлогыг банк, зээлийн байгууллагад хадгалуулах.
  • 16-аас 18 хүртэлх насны иргэн хоршооны гишүүн байж болно.

Иргэний эрх зүйн зарим чадамж

7-гоос 14 хүртэлх насны этгээд иргэний эрх зүйн зарим чадамжтай байна. 7-гоос 14 хүртэлх насны этгээдийн хийсэн өөртөө хохиролгүй бөгөөд хиймэгц биелэх, ахуйн чанартай жижиг хэлцэл хийж болно. 

Иргэний эрх зүйн чадамжгүй иргэн

7 хүртэлх насны этгээд иргэний эрх зүйн чадамжгүй байна. Мөн сэтгэцийн өвчний улмаас өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгохгүй, өөрийгөө зөв удирдаж чадахгүй болсон этгээдийг эрх зүйн чадамжгүй иргэн үзнэ.

Иргэний эрх зүйн чадамжийг хязгаарлах

Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис, согтууруулах ундаа байнга хэрэглэж, гэр бүлээ эдийн засгийн талаар хүнд байдалд оруулсан насанд хүрсэн этгээдийн иргэний эрх зүйн чадамжийг гуравдагч этгээдийн хүсэлтээр эрх зүйн чадамжийг хязгаарлаж, шүүх хуулиар тогтоосон журмаар шийдвэрийн дагуу харгалзан дэмжигч томилж болно.

Иргэний эрх зүйн чадамжийг хязгаарлах үндэслэл болсон нөхцөл байдал үгүй болсон бол тухайн этгээдэд тогтоосон хязгаарлалтыг шүүх хүчингүй болгож, харгалзан дэмжигчийг үүргээс нь чөлөөлнө.

Асуудлыг шийдвэрлэх хугацаа
Асуудлыг шийдвэрлээгүй тохиолдолд гомдол гаргах

http://e-khutuch.mn/guide/print/6/116/all