ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Иргэдийн эдийн болон эдийн бус баялагтай холбогдох харилцаа Иргэний эрх зүйн тухай

Иргэний эрх зүй гэдэг нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогч эрх зүйн этгээдийн хооронд үүсэх эдийн болон эдийн бус баялагтай холбоотой харилцааг зохицуулах хэм хэмжээг ойлгоно.

Асуудлыг шийдвэрлэх дараалал

Иргэний эрх зүй нь Монгол улс дахь эрх зүйн тогтолцооны бие даасан салбар бөгөөд харилцаанд оролцогчдын хооронд үүссэн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой харилцааг талуудын эрх тэгш байдалд үндэслэн тэдгээрийн хүсэл зориг болон эд хөрөнгийн бие даасан байдлыг ханган зохицуулж байгаа хэм хэмжээний системчлэгдсэн нийлбэр цогц юм.

Иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэл

Иргэний эрх зүйн харилцаа дараах үндэслэлээр үүснэ:

  • хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцэл;
  • иргэний эрх зүйн харилцаа үүсгэхэд чиглэсэн шүүхийн шийдвэр;
  • хуульд заасан бол иргэний эрх зүйн харилцаа үүсгэхэд чиглэсэн захиргааны шийдвэр;
  • оюуны үнэт зүйл бүтээх;
  • гэм хор учруулах;
  • үндэслэлгүйгээр эд юмс олж авах, эзэмших;
  • иргэний эрх зүйн харилцааг үүсгэсэн хууль зүйн үйл явдал бий болох;
  • иргэний эрх зүйн харилцаа үүсгэхээр хуульд заасан бусад үндэслэл

Иргэний эрх зүйн зохицуулах зүйл

Иргэний эрх зүйн зохицуулах зүйл гэдэг нь тухайн салбар эрх зүйгээр зохицуулагдаж байгаа нийгмийн тодорхой төрлийн харилцаа юм. Иргэний эрх зүйн зохицуулах зүйл нь эрх зүйн этгээдүүдийн хооронд үүсэх эдийн болон эдийн бус баялагтай холбоотой харилцаа юм.

Эдийн баялагтай (эд хөрөнгийн харилцаа) холбоотой харилцаа нь материаллаг эд юмс, түүнийг олж авах, эзэмших, ашиглах, захиран зарцуулахтай холбоотойгоор иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын хооронд үүсч байгаа харилцаа юм. Уг харилцаа нь ямагт өөртөө эдийн засгийн утгыг агуулж байдгаараа онцлог юм.

Эдийн бус баялагтай холбоотой харилцаа (эд хөрөнгийн бус харилцаа) нь явцуу утгаараа оюуны үнэт зүйлс, эрхтэй холбоотойгоор субьектүүдийн хооронд үүсэх харилцаа юм. Харин өргөн утгаараа ажил үйлчилгээ, оюуны үнэт зүйл, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, амь бие эрүүл мэнд болон эд хөрөнгийн болон бусад эрхтэй холбоотой үүсэх харилцаа юм.


http://e-khutuch.mn/guide/print/6/121/decide_order