ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Иргэдийн эдийн болон эдийн бус баялагтай холбогдох харилцаа Иргэний эрх зүйн тухай

Иргэний эрх зүй гэдэг нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогч эрх зүйн этгээдийн хооронд үүсэх эдийн болон эдийн бус баялагтай холбоотой харилцааг зохицуулах хэм хэмжээг ойлгоно.

Асуулт 1. “Эс үйлдэхүй” гэдэгт юуг ойлгох вэ?

“Эс үйлдэхүй” гэдэг нь энгийн үгээр тайлбарлавал үүргээ гүйцэтгэхгүй байх, хийх ёстой үйлдлээ хийхгүй байхыг ойлгоно. Жишээ нь: Төрийн албан тушаалтан үүргээ гүйцэхгүй байх, Аюултай нөхцөл байдалд байгаа хүнд тусламж үзүүлэхгүй байх гэх мэт.

Асуулт 2. Иргэний эрх зүйн харилцааны объект гэж юу вэ?

Иргэний эрх зүйн харилцааны объект гэдэг нь иргэний хуульд заасан үндэслэл, журмаар иргэний гүйлгээнээс хасагдаагүй, мөнгөөр үнэлж болох, эдийн болон эдийн бус баялгийг иргэний эрх зүйн харилцааны объект гэж ойлгож болно. Мөн эдийн болон эдийн бус эрх, үйлдэл, эс үйлдэхүй, мэдээлэл иргэний эрх зүйн харилцааны объект байж болно.

Асуулт 3. Өөртөө туслах гэж юу вэ?

Эрх бүхий байгууллагын тусламжийг шуурхай авах боломжгүй байсан болон цаг алдалгүй арга хэмжээ авахгүй бол эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болох буюу эрхээ хэрэгжүүлэхэд ноцтой хүндрэл учрахаар байвал иргэний эрх зүйн харилцаанд оролцогч өөрийнхөө эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, өөртөө туслах зорилгоор эд юмсыг эзэмдэж авах, устгах буюу эвдэх, эсхүл зайлсхийж болзошгүй үүрэг гүйцэтгэгчийг саатуулах, үүрэг бүхий этгээдээс гүйцэтгэвэл зохих үйлдлийн эсрэг үйлдлийг таслан зогсоохоор тухайн нөхцөл байдалд тохируулан хийсэн үйлдлийг хууль бус гэж үзэхгүй. Өөртөө туслах үйлдэл нь тухайн нөхцөл байдалд тохирсон хэр хэмжээнээс хэтэрч болохгүй.

Асуулт 4. Гарцаагүй байдлын улмаас хийсэн үйлдэл гэж юу вэ?

Тухайн нөхцөл байдалд аюулыг өөр арга замаар зайлуулах боломжгүй бол түүнийг таслан зогсоох, сэргийлэх зорилгоор хийсэн үйлдэл /эс үйлдэхүй/-ийг гарцаагүй байдлын улмаас хийсэн үйлдэл гэнэ. Гарцаагүй байдалд учруулсан гэм хор нь учирч болох байсан гэм хороос бага байвал уг үйлдэл хийсэн этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэг хүлээхгүй.


http://e-khutuch.mn/guide/print/6/121/faq