ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Иргэдийн эдийн болон эдийн бус баялагтай холбогдох харилцаа Гэр бүлийн хөрөнгө

Гэр бүлийн хөрөнгө

Хуулийн зохицуулалт

Иргэний хуулийн 125 дугаар зүйлд заасны дагуу гэр бүлийн хөрөнгө нь гэрлэгчдийн, гэр бүлийн бусад гишүүдийн хөрөнгөөс бүрдэнэ.

Гэр бүлийн хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болон гэр бүлийн гишүүний хуваарьт эд хөрөнгөд хуваагдана.

Гэр бүлийн тухай хуулийн 3.1.2-т заасны дагуу гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг гэр бүл гэнэ.

Гэр бүлийн тухай хуулийн 3.1.3-т заасны дагуу гэрлэлтээр холбогдсон харилцан тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх нөхөр, эхнэрийг гэрлэгчид гэнэ. 

Гэр бүлийн тухай хуулийн 3.1.4-т заасны дагуу гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг гэр бүлийн гишүүн гэнэ.

Гэр бүлийн тухай хуулийн 3.1.5-д заасны дагуу гэрлэгчийн эцэг, эх, өвөг эцэг, эмэг эх, ач хүү, ач охин, зээ хүү, зээ охин, тэдгээрийн хүүхдийг төрлийн хүн гэнэ.

Гэр бүлийн тухай хуулийн 3.1.6-д заасны дагуу гэрлэгчийн төрсөн ах, эгч, дүү, авга, нагац, тэдгээрийн хүүхдийг садангийн хүн гэнэ.

Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө:

Иргэний хуулийн 126 дугаар зүйлд заасны дагуу гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн. Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид дараах хөрөнгө хамаарна. Үүнд:

  • гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүн болон тэдгээрийн хамтын хөдөлмөр, аж ахуйн үйл ажиллагаанаас олсон болон бусад орлого, мөнгөн хуримтлал, шинээр бий болсон хөрөнгө;
  • гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгийн орлогоор олж авсан үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө;
  • ногдол хувь, үнэт цаас;
  • гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө;
  • гэр бүлийн гишүүн өөрийн хуваарьт хөрөнгөөс дундаа хамтран өмчлөхөд зориулж шилжүүлсэн хөрөнгө, мөнгөн хуримтлал.

Гэр бүлийн гишүүний хуваарьт эд хөрөнгийг гэр бүлийн бусад гишүүд их засвар хийсэн, шинэчилсэн, өөрчлөн тоноглосны улмаас үнэ нь үлэмж нэмэгдсэн, эсхүл анх гэр бүл болоход нь зориулагдсан /орон сууц, гэр, хашаа, байшин зэрэг/ бол хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болгон тогтоож болно.

Гэрлэснээс хойш гэр ахуйн ажил эрхэлсэн, хүүхэд асарсан, өвчтэй байсан болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар орлого олоогүй байсан эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн хөрөнгөө хамтран өмчлөх эрх эдэлнэ.

Гэр бүлийн гишүүний хуваарьт хөрөнгө:

Иргэний хуулийн 127 дугаар зүйлд заасны дагуу гэр бүлийн гишүүний дараах хөрөнгийг хамтран өмчлөх дундын өмчлөлд шилжүүлэхээр тохиролцоогүй бол хуваарьт хөрөнгөд хамаарна. Үүнд:

  • гэрлэхийн өмнө олж авсан эд хөрөнгө, мөнгөн хуримтлал, эд хөрөнгийн эрх;
  • өв, бэлэглэлийн журмаар шилжүүлэн авсан мөнгөн хуримтлал, эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх, тэдгээрийг худалдсан, арилжсаны үр дүнд олж авсан эд хөрөнгө, мөнгө;
  • амин хувийн хэрэгцээг хангахад зориулсан эд хөрөнгө;
  • оюуны өмчлөлийн зүйлийн үнэ буюу зохиогчийн шагнал;
  • хувийн авьяас, чадвар, ололт амжилтыг сайшаан шагнасны орлого;
  • хуваарьт эд хөрөнгөөрөө олж авсан, мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулахад шаардагдах хөрөнгө, мөнгө.

Гэр бүлийн гишүүн хуваарьт эд хөрөнгөө өөрийн үзэмжээр эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхтэй. Гэр бүлийн гишүүд өөрөөр тохиролцоогүй бол тэдгээр нь хувийн үйл ажиллагаатай холбогдсон үүргээ өөрийн хуваарьт эд хөрөнгөөрөө хариуцна.

Гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах:

Иргэний хуулийн 128 дугаар зүйлд заасны дагуу гэр бүлийн гишүүд нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах адил эрх эдэлж, харилцан тохиролцсоны үндсэн дээр эд хөрөнгөө эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулна.

Гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авна. Хуульд өөрөөр заагаагүй бол ийнхүү зөвшөөрөл аваагүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна.

Гэрлэснээс хойш гэр бүлийн гишүүний хэн нэг нь эд хөрөнгөө дур мэдэн бусдад шилжүүлсэн, олсон ашиг, орлогоо санаатайгаар нуун дарагдуулсан нь тогтоогдсон бол эрх нь зөрчигдсөн гэр бүлийн гишүүн зөрчигдсөн эрхээ сэргээлгэх эрхтэй.

Гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс гэр бүлийн гишүүнд ногдох хэсгийг тодорхойлох:

Иргэний хуулийн 129 дүгээр зүйлд заасны дагуу гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс гишүүнд ногдох хэсгийг дараах тохиолдолд тодорхойлно. Үүнд:

  • гэр бүлийн гишүүн гэр бүлийн бүрэлдэхүүнээс гарахад ногдох хэсгийн талаар маргавал;
  • гэрлэгчдээс төлбөр гаргуулахад тэдгээрийн хуваарьт эд хөрөнгө хүрэлцэхгүй бол;
  • гэр бүлийн бусад гишүүнээс төлбөр гаргуулбал;
  • гэр бүлийн гишүүн нас барснаар өв нээгдсэн бол.

Гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэмжээ нь бүх гишүүнийг оролцуулан нийт гишүүдэд адил байна. Харин гэрлэлт цуцалсан буюу гэрлэлтийг хүчингүйд тооцсоноос гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэсгийг тодорхойлохдоо гэрлэгчдийн эрүүл мэндийн байдал, хүүхдийн ашиг сонирхлыг харгалзан шүүх өөрөөр тогтоож болно.

Гэр бүлийн гишүүн нь цэргийн жинхэнэ алба хаах, сургуульд суралцах, удаан хугацаагаар өвчлөх зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хамтран өмчлөх дундын эд хөрөнгө бүрэлдэхэд хөдөлмөрөөр буюу хөрөнгөөрөө оролцож чадаагүйгээс бусад тохиолдолд гэр бүлийн гишүүнд ногдох эд хөрөнгийн хэсгийг тодорхойлохдоо гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө бий болгоход оруулсан түүний хөдөлмөрийн оролцоо, хөрөнгийн хэмжээг харгалзан багасгах, эсхүл олгохгүй байхаар шүүх шийдвэрлэж болно.

Гэр бүлийн гишүүдийн хамтран олсон, эсхүл гэр бүлийн гишүүний хэн нэгний хүлээх үүргийн дагуу олсон ашиг орлогыг гэр бүлийн хэрэгцээнд ашигласан нь нотлогдсон бол гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс төлбөр гаргуулж болох бөгөөд уг эд хөрөнгө хүрэлцэхгүй бол гэр бүлийн гишүүний хуваарьт эд хөрөнгөөс гаргуулна.

Бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөхөөс зайлсхийх зорилгоор, эсхүл хууль бус үйлдлээ халхавчлах үүднээс, олсон ашиг орлогоо гэр бүлийн бусад гишүүдийн хуваарьт эд хөрөнгөд, эсхүл хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд шилжүүлсэн нь нотлогдсон бол тэр хэмжээгээр уг эд хөрөнгөөс төлбөр гаргуулж болно.

Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах:

Иргэний хуулийн 130 дугаар зүйлд заасны дагуу гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг гэрлэгчдийн хэн нэгний буюу гэр бүлийн насанд хүрсэн бусад гишүүний шаардлагаар гэрлэлт хүчин төгөлдөр байх хугацаанд, гэрлэлт цуцалсны дараа, эсхүл гэр бүлийн гишүүн хэн нэгний нь хуваарьт эд хөрөнгө төлбөр гаргуулахад хүрэлцэхгүй бол нэхэмжлэгчийн шаардлагаар хувааж болно.

Гэр бүлийн гишүүд нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө харилцан тохиролцох журмаар хувааж болно.

Гэрлэгчид хөрөнгийн эрхээ гэрээгээр зохицуулах:

Иргэний хуулийн 132, 133 дугаар зүйлд заасны дагуу гэрлэгчид гэрлэгч тус бүрээс өрхийн төсөв, зардлыг хариуцах журам, гэрлэлтийг цуцалсан нөхцөлд ногдох хөрөнгийг тодорхойлох, хөрөнгийн эрхтэй холбогдсон бусад нөхцөлийг Иргэний хуульд нийцүүлэн гэрээ байгуулан зохицуулж болно. Энэ төрлийн гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлэх бөгөөд энэ шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна.

Гэрлэгчид хөрөнгийн эрхтэй холбогдсон гэрээг гэрлэлтээ бүртгүүлэхийн өмнө болон гэрлэсний дараа хэдийд ч байгуулж болно. Гэрлэлтээ бүртгүүлэхийн өмнө байгуулсан гэрээ гэрлэлтийг бүртгүүлсэн өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.

Гэрлэгчид гэрээндээ хөрөнгийн бус харилцаа, гэрлэгчдийн хэн нэгний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илтэд доройтуулсан, эрхийн чадамжийг хязгаарласан нөхцөл тусгахыг хориглоно.

Гэрлэгчдийн тохиролцсоноор, эсхүл эхнэр, нөхрийн аль нэгний шаардсаны дагуу шүүхийн шийдвэрээр гэрээг цуцалж болох бөгөөд гэрээг өөрчлөх, цуцлах тухай тохиролцоог анхны гэрээтэй адил хэлбэрээр хийнэ.


http://e-khutuch.mn/guide/print/6/283/law