ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Иргэдийн эдийн болон эдийн бус баялагтай холбогдох харилцаа Өмчлөх эрх үүсэх, дуусгавар болох

Өмчлөх эрх үүсэх, дуусгавар болох

Хуулийн зохицуулалт

Монгол улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлд “Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална. Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно” гэж заасан.

Мөн Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-т “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө” гэж иргэний өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.

Ийнхүү дээр дурдсаны дагуу өмч, өмчлөл, өмчлөх эрхийн ерөнхий ойлгол, зарчмуудыг Монгол Улсын Иргэний хуульд нарийвчлан тодорхойлсон байдаг. Тухайлбал, Иргэний хуулийн 99 дүгээр зүйлд өмчийн төрөл, хэлбэрийг заасан бөгөөд уг зүйлд заасны дагуу өмч нь нийтийн болон хувийн гэсэн үндсэн 2 төрөлд хуваагдана. Нийтийн өмч нь төрийн, орон нутгийн, шашны, олон нийтийн гэсэн хэлбэртэй, харин хувийн өмч нь иргэний болон дундын гэсэн хэлбэртэй байна. Нийтийн болон хувийн өмч холимог хэлбэрээр байж болно.

Иргэний хуулийн 100 дугаар зүйлд заасны дагуу төр, аймаг, нийслэл, сум, дүүрэг, иргэн болон хуулийн этгээд нь  өмчлөгч байна.

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлд заасны дагуу Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж заасан нь өмчлөх эрхийн мөн чанар болдог.

Дундын өмч:

Иргэний хуулийн 108 дугаар зүйлд заасны дагуу хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно. Энэ заалтын дагуу дундын өмч нь дундаа хэсгээр өмчлөх, хамтран өмчлөх гэсэн хоёр төрөлтэй байна.

Дундаа өмчлөгч нар дараах хэлбэрээр ялгаатай эрх эдэлнэ.  Үүнд:

  1. Дундаа өмчлөгч тус бүр бусад өмчлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд харшлахгүйгээр гуравдагч этгээдийн эзэмшлээс өмчлөлийн зүйлээ бүхэлд нь шаардах эрхтэй.
  2. Дундаа хэсгээр өмчлөгч бүр ногдох хэсгээ бусдын өмчлөлд шилжүүлэх буюу өөр байдлаар захиран зарцуулах эрхтэй бөгөөд ийнхүү захиран зарцуулахдаа хэсгээр өмчлөгч бусад өмчлөгчдөд мэдэгдэх үүрэгтэй.
  3. Дундаа хамтран өмчлөгч нь өмчлөлийн зүйлээ бусад бүх этгээдийн зөвшөөрөлтэйгээр тэдгээрийн хэн нэгний эрх, хууль ёсны ашиг сонирхлын үүднээс бусдад шилжүүлэх буюу өөр хэлбэрээр захиран зарцуулж болно.
  4. Дундаа хэсгээр өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн тодорхой хэсгийг тэргүүн ээлжинд худалдан авах давуу эрхтэй байна.
  5. Дундаа хэсгээр өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн өөрт ногдох хэсгээ худалдах болон үнийн тухай бусад өмчлөгчдөд мэдэгдсэнээс хойш 1 сарын дотор тэдгээр нь хариу өгөөгүй бол өөрт ногдох хэсгээ бусад өмчлөгчдөд санал болгосноос багагүй үнээр гуравдагч этгээдэд худалдах эрхтэй.
  6. Дундаа хэсгээр өмчлөгч дундын өмчлөлийн зүйлээс өөрт ногдох хэсгээ салгаж авах, ийнхүү салгахад уг өмчлөлийн зүйлийн зориулалт, иж бүрдэл, бусад чанар алдагдахаар бол ногдох хэсгийнхээ үнийг гаргуулахаар шаардах эрхтэй.

Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол дундын өмчлөлийн зүйлийг арчлан хамгаалах, хадгалахтай холбогдсон зардал, татвар, хураамж, бусад үүргийг дундаа хэсгээр өмчлөгчид нь өөрт ногдох хэсгээр хувь тэнцүүлэн, дундаа хамтран өмчлөгчид нь тэнцүү хэмжээгээр хариуцах дундын өмчлөлийн зүйлийг ашигласнаас олсон үр шимийг дээр дурдсан хувь хэмжээгээр хуваана.

Өмчлөх эрх үүсэх, дуусгавар болох:

Эд хөрөнгийн төрлүүдээс хамаарч өмчлөх эрх үүсэх, дуусгавар болох харилцаа тус бүр ялгаатай байдаг. Тухайлбал, Иргэний хуулийн 84 дүгээр зүйлд заасны дагуу эд хөрөнгө нь үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө байна. Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарах ба үүнээс бусад эд юмс хөдлөх эд хөрөнгөд хамаарна.

Эзэмшигч этгээддээ ашиг өгөх, эсхүл бусдаас шаардах эрх олгох эрх буюу шаардлага, оюуны үнэт зүйл нь эдийн бус хөрөнгөд хамаарна.

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх үүсэх, дуусгавар болох:

Иргэний хуулийн 109 дүгээр зүйлд заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсч, улсын бүртгэлд бүртгүүлснээр дуусгавар болно. Энэ нь хэн нэгэн өмчлөгч өөр нэг этгээдэд өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлж буй гэрээг тухайн үл хөдлөх эд хөрөнгийн оршин байгаа газрын нотариатаар гэрчлүүлж, гэрээнд холбогдох материалыг хавсарган улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлснээр хуучин өмчлөлийн хувьд өмчлөх эрх нь дуусгавар болж шинэ өмчлөгчийн хувьд өмчлөх эрх нь үүснэ.

Хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх үүсэх, дуусгавар болох:

Иргэний хуулийн 111 дүгээр зүйлд заасны дагуу өмчлөгч этгээд өөрийн өмчлөлийн хөдлөх эд хөрөнгийг өөр нэг этгээдэд хууль буюу гэрээний дагуу тохиролцсон нөхцөлөөр шилжүүлснээр өмнөх өмчлөгчийн хувьд өмчлөх эрх дуусгавар болж, шилжүүлэн авч буй этгээдийн өмчлөх эрх үүснэ. Дараах тохиолдолд эд хөрөнгийг шилжүүлсэн гэж үзнэ. Үүнд:

  • өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн эзэмшилд шилжүүлснээр;
  • өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн эзэмшилд тухайн эд хөрөнгө байгаа бол өмчлөх эрх шилжүүлэх тухай гэрээ байгуулснаар;
  • эд хөрөнгө нь гуравдагч этгээдийн эзэмшилд байвал өмчлөгч шаардах эрхээ өмчлөх эрхийг олж авч байгаа этгээдэд шилжүүлсэн гэрээ байгуулснаар;

Өмчлөх эрхийг шударгаар олж авах:

Иргэний хуулийн 114 дүгээр зүйлд заасны дагуу эд хөрөнгийн өмчлөх эрхийг өөртөө шилжүүлэн авч байгаа этгээд нь тухайн хөрөнгийг шилжүүлж буй этгээдийг хууль ёсны өмчлөгч биш гэдгийг мэдээгүй бол тухайн хөрөнгийн өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзнэ. Өмчлөх эрхийг шударгаар олж авах нь ихэвчлэн хөдлөх эд хөрөнгийн хувьд боломжтой байдаг. Учир нь үл хөдлөх эд хөрөнгийн хувьд өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэдэг тул өмчлөгчийг мэдэх боломжгүй байх тохиолдол ховор юм.

Эзэнгүй эд юмсыг олж авах, өмчлөх эрх үүсэх:

Иргэний хуулийн 115 дугаар зүйлд заасны дагуу Өмчлөгчгүй, эсхүл өмчлөгч нь өмчлөх эрхээ дуусгавар болгох зорилгоор эзэмшлээсээ татгалзсан эд хөрөнгийг эзэнгүй эд юмс гэж үзнэ. Эзэнгүй эд юмсыг хуулиар хориглоогүй аргаар олж авсан, эсхүл тухайн эд юмсыг олж авахдаа эрх бүхий этгээдийн эрхийг зөрчөөгүй бол эзэнгүй эд юмсыг олж авсан этгээд ийнхүү олж авснаас хойш хөдлөх хөрөнгийг 5 жил тасралтгүй илээр эзэмшсэн бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхтэй болно. Харин үл хөдлөх эд хөрөнгийн хувьд хуульд өөрөөр заагаагүй бол уг эд хөрөнгийн өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлснээс хойш 15 жилийн хугацаанд уг эд хөрөнгийг өмчлөгчийн адил эзэмшиж байсан бол өмчлөх эрхтэй болно.

Хуульд өөрөөр заагаагүй бол алдуул мал, тэжээвэр болон бусад амьтдыг олж авах, эзэмших, өмчлөхөд дээрх зарчмыг баримтална.

Гээгдэл эд хөрөнгө:

Иргэний хуулийн 116 дугаар зүйлд заасны дагуу гээгдэл эд хөрөнгө олсон этгээд тухайн эд хөрөнгийн өмчлөгч буюу шаардах эрх бүхий этгээдэд нэн даруй мэдэгдэж, хүлээлгэн өгөх үүрэгтэй. Хэрэв тийм этгээд байхгүй бол орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж, тухайн эд хөрөнгийг хадгалж хамгаалах, эсхүл тэдгээр байгууллагад шилжүүлэх үүрэгтэй. Эрх бүхий байгууллагад мэдэгдсэнээс хойш нэг жилийн дотор өмчлөгч буюу эрх бүхий этгээд нь тогтоогдоогүй бол тухайн эд хөрөнгийг олсон этгээд өмчлөх эрхтэй.

Гээгдэл эд хөрөнгийг олсон этгээд өмчлөгч буюу эрх бүхий этгээд, эсхүл орон нутгийн захиргааны зохих байгууллагаас шагнал авах, тухайн эд хөрөнгийг хадгалах, хамгаалах, эзнийг нь олохтой холбогдсон зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно. Шагналын хэмжээг талууд тохиролцож тогтоох бөгөөд хэрэв тохиролцож чадаагүй бол шагналын хэмжээ нь гээгдэл эд хөрөнгийн үнийн дүнгийн арван хувьтай тэнцүү байна.

Гээгдэл эд хөрөнгө нь амархан муудаж болох, эсхүл түүнийг хадгалах, хамгаалахтай холбогдон гарах зардал нь тухайн эд хөрөнгийн үнээс үлэмж илүү байвал түүнийг олсон этгээд нь эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр нийтийн худалдааны цэгээр дамжуулан худалдах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд тухайн эд хөрөнгийг борлуулсны орлогыг гээгдэл эд хөрөнгө гэж тооцно.

Олон нийтийн газар, албан тасалгаа, нийтийн тээврийн хэрэгслээс гээгдэл эд хөрөнгө олсон этгээд түүнийг тухайн байгууллагын захиргаанд хүлээлгэн өгнө. Байгууллагын захиргаа нь гээгдэл эд хөрөнгийн тухай нийтэд мэдээлэх, бүрэн бүтэн байдлыг хангах, эсхүл эрх бүхий байгууллагад шилжүүлэх үүрэгтэй. Энэ тохиолдолд шагналыг гээгдэл эд хөрөнгө олсон этгээд болон олдсон байгууллага тэнцүү хэмжээгээр, холбогдох зардлыг бодит хэмжээгээр тус тус шаардах эрхтэй.

Амархан муудах эд хөрөнгө болон олон нийтийн газар, нийтийн тээврийн хэрэгслээс олсон эд зүйлийн өмчлөгч буюу эзэмшигч нь эрх бүхий байгууллагад мэдэгдсэнээс хойш 1 жилийн хугацаанд тогтоогдоогүй бол гээгдэл эд хөрөнгө олдсон байгууллага нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч болно.

Алдуул мал:

Иргэний хуулийн 117 дугаар зүйлд заасны дагуу Алдуул мал олсон этгээд нь энэ тухай орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж малын эзнийг тогтоох хүртэл өөрийн эзэмшилд байлган маллах буюу орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад шилжүүлэх үүрэгтэй. Алдуул малын талаар нийтэд мэдээлснээс хойш нэг жилийн дотор эзэн нь тогтоогдвол малыг үр төлийн хамт буцааж өгөх бөгөөд эзэн тогтоогдоогүй бол олсон этгээдийн өмчлөлд, уг этгээд татгалзвал орон нутгийн өмчлөлд шилжүүлнэ. Алдуул мал олсон этгээд гээгдэл эд хөрөнгө олсон этгээлийн адил зардал, шагналаа шаардах эрхтэй.

Дарагдмал үнэт зүйл:

Иргэний хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу өмчлөгчийг буюу эрх бүхий этгээдийг тогтоох боломжгүй болтол удаан хугацаагаар газарт булагдсан, эсхүл дарагдаж орхигдсон үнэт зүйл /дарагдмал үнэт зүйл/ олдсон бол түүнийг олсон болон тухайн зүйл олдсон газар буюу эд хөрөнгийн өмчлөгч нар хоорондоо өөрөөр тохиролцоогүй бол тэнцүү хэмжээгээр хувааж өмчлөх эрхтэй.

Дарагдмал үнэт зүйл олдсон газар буюу эд хөрөнгийн өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр, дарагдмал үнэт зүйлийг олох зорилгоор эрэл хайгуул хийж түүнийг олсон бол тухайн үнэт зүйл нь уг үнэт зүйл олдсон газрын буюу эд хөрөнгийн өмчлөгчид бүрэн хэмжээгээр шилжинэ.

Дарагдмал үнэт зүйлс дотор түүх, соёлын дурсгалт зүйл байвал тэдгээрийг төрийн өмчлөлд шилжүүлнэ. Энэ тохиолдолд дарагдмал үнэт зүйл олдсон газрын буюу эд хөрөнгийн өмчлөгч болон эд юмсыг олсон этгээдэд түүний үнийн дүнгийн 50 хувьтай тэнцэх мөнгөн шагналыг тэнцүү хувааж олгоно. 

Хайгуул, малталт хийх албан үүрэг бүхий этгээд уг үүргээ гүйцэтгэх явцдаа илрүүлсэн дарагдмал үнэт зүйлс, археологийн болон палентологийн олдворт дээрх зохицуулалтууд хамаарахгүй.


http://e-khutuch.mn/guide/print/6/284/law