ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Иргэдийн эдийн болон эдийн бус баялагтай холбогдох харилцаа Хөршийн эрх

Хөршийн эрх

Хуулийн зохицуулалт

Иргэний хуулийн 134 дүгээр зүйлд заасны дагуу хоёр талаасаа харилцан нөлөөлж болох хил залгаа эзэмшил газар болон бусад үл хөдлөх эд хөрөнгийг хөрш залгаа эд хөрөнгө гэж үзнэ. Хөрш залгаа эд хөрөнгө өмчлөгч буюу эзэмшигч нь хуулиар тогтоосон эрх, үүргээ хэрэгжүүлэхээс бусад тохиолдолд нөгөө талынхаа эрхийг харилцан хүндэтгэх үүрэгтэй.

Хөршийн харилцан гаргах шаардлагууд:

Иргэний хуулийн 135 дугаар зүйлд заасны дагуу хөршүүд дараах шаардлагыг харилцан бие биедээ гаргах эрхтэй. Үүнд:

  • Хөрш залгаа газрыг эзэмшигч нь өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой хохироож болох барилга байгууламжийг газар дээр буюу доор барих, ашиглахыг хориглон нөгөө талын өмчлөгч буюу эзэмшигчээс эрх зөрчсөн үйлдлээ зогсоохыг шаардах;
  • Хөрш залгаа газрыг эзэмшигч нь өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой хохироож болох барилга, байгууламж нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу хөрш залгаа газрын тогтоосон хил хязгаараас гадагш баригдсан боловч нөгөө талын өмчлөгч буюу эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илтэд харшилж байвал түүнийг буулгах буюу зайлуулахыг шаардах;
  • Хөрш залгаа газар дээрх барилга байгууламж нурж нөгөө талын эзэмшил газарт унах аюул тулгарвал уг аюулыг зайлуулах бүхий л арга хэмжээ авахыг хөрш нь уг барилга байгууламжийн өмчлөгч буюу эзэмшигчээс шаардах;

Хөршийн хил зөрчсөн үйлдлийг хүлээн зөвшөөрөх:

Иргэний хуулийн 137 дугаар зүйлд заасны дагуу газар эзэмшигч нь хөршийн зөвшөөрөлгүйгээр хил зөрчин барилга байгууламж барьсан бөгөөд хөрш нь ийнхүү хил зөрчихөөс өмнө буюу хил зөрчсөн үйлдэл эхэлсэн даруй тухайн эзэмшигчид уг үйлдлээ зогсоох шаардлага гаргаагүй бол зөрчлийг хүлээн зөвшөөрөх үүрэгтэй. Ийнхүү хөршийн эрх зөрчсөн тал нь хөршид жил бүр мөнгөн хэлбэрээр нөхөн төлбөр төлөх бөгөөд тухайн жилийн төлбөрийг өмнөх жилд багтаан урьдчилан төлөх үүрэгтэй.

Хөршийн газраар дамжин өнгөрөх зам, шугам хоолой барьж байгуулах:

Иргэний хуулийн 138 дугаар зүйлд заасны дагуу эзэмшил газар нь бусдын газраар хүрээлэгдсэн, нийтийн ашиглалтын замд хүрэх гарцгүй буюу цахилгаан, хий, усан хангамжийн нийтийн шугам ашиглах боломжгүй бол газар эзэмшигч нь хөршийн газраар дамжин өнгөрөх дээрх цэгүүдтэй холбогдох зам, шугам хоолойг тавих, байрлуулж болно. Энэ тохиолдолд хөрш нь зохих зөвшөөрөл олгох, зам, шугам, хоолой барьж байгуулж байгаа тал нь хөршийн шаардсанаар түүнтэй хэлэлцэн тохиролцож нэг удаагийн нөхөн төлбөр төлөх бөгөөд түүний хэмжээг талууд тохиролцон тогтоож чадахгүй бол шүүх шийдвэрлэнэ.

Өмнө нь ашиглагдаж байсан зам, шугам, хоолойг хөршийн зөвшөөрөлгүйгээр өөрчилсөн, эсхүл ашиглалтгүй болгосон газар эзэмшигч дээрх эрхүүдийг эдлэхгүй.

Эзэмшигч өөрийн эзэмшил газрын нийтийн ашиглалтын зам, шугам, хоолойтой холбогдсон хэсгийг өөр этгээдийн эзэмшилд шилжүүлсэн бөгөөд эзэмшил газрын үлдсэн хэсэг нь нийтийн ашиглалтын зам, шугам, хоолойд холбогдох шаардлагатай бол шинэ эзэмшигч нь өөрийн газар дээгүүр дамжин өнгөрөх зам, шугам хоолой тавих, байрлуулах зөвшөөрөл олгох үүрэгтэй.

Хөршийн хилийн зааг тогтоох:

Иргэний хуулийн 139 дүгээр зүйлд заасны дагуу газар эзэмшигч нь хөрш залгаа газрын хилийн зааг тогтоосон байгууламжийг барих, эсхүл өмнө баригдсан байгууламжийг сэргээх, засварлахад оролцохыг хөрш газар эзэмшигчээс шаардах эрхтэй бөгөөд талууд өөрөөр тохиролцоогүй бол холбогдох зардлыг тэнцүү хэмжээгээр хариуцна. Хилийн заагийг нарийн тогтоох боломжгүй бол хөршүүдийн эзэмшилд бодитой байгаа талбайн хэмжээг харгалзан үзэх бөгөөд хэрэв уг хэмжээг тогтоох боломжгүй бол маргаантай байгаа хэсгийг талууд тэнцүү хувааж эзэмших буюу тохиролцож чадахгүй бол маргааныг шүүх шийдвэрлэнэ.

Иргэний хуулийн 140 дүгээр зүйлд заасны дагуу хөрш залгаа эзэмшил газрын хилийн зааг болон хоёр талаасаа нэгэн зэрэг ашиглагдаж байгаа хашаа буюу бусад байгууламжийг хөршүүд тэгш эрхтэй ашиглах бөгөөд энэ эрхээ хэрэгжүүлэхдээ нөгөө талынхаа газар ашиглах эрхэд саад болохгүй байх үүрэгтэй. Хашаа, бусад байгууламжийг ашиглаж арчлан хамгаалахтай холбогдсон зардлыг талууд тэнцүү хэмжээгээр хариуцна.

Хилийн заагийг тодорхойлсон байгууламжийг нэг хөрш нь нөгөө хөршийнхөө зөвшөөрөлгүйгээр буулгах буюу өөрчилж болохгүй.

Хөршийн эрхэд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй байх:

Иргэний хуулийн 135.3-135.5, 138.1, 138.4, 139.1, 139.2-т заасан шаардлагуудад хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй.


http://e-khutuch.mn/guide/print/6/285/law