ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Иргэдийн эдийн болон эдийн бус баялагтай холбогдох харилцаа Иргэний эрх зүйн харилцаа үүсэх

Иргэний эрх зүйн харилцаа үүсэх

Хуулийн зохицуулалт

Монгол улсад иргэний эрх зүйн харилцааг 2002 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр батлагдсан Иргэний хуулиар зохицуулж байна. Тус хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу иргэний эрх зүйн харилцаа дараах үндэслэлээр үүснэ. Үүнд:

  • хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцэл хийснээр;
  • иргэний эрх зүйн харилцаа үүсгэхэд чиглэсэн шүүхийн шийдвэрээр;
  • хуульд заасан бол иргэний эрх зүйн харилцаа үүсгэхэд чиглэсэн захиргааны шийдвэрээр;
  • оюуны үнэт зүйл бүтээснээр;
  • гэм хор учруулснаар;
  • үндэслэлгүйгээр эд юмс олж авах, эзэмшсэнээр;
  • иргэний эрх зүйн харилцааг үүсгэсэн хууль зүйн үйл явдал бий болсноор;
  • иргэний эрх зүйн харилцаа үүсгэхээр хуульд заасан бусад үндэслэлээр;

Хэрэв танд дээрх үндэслэлүүдийн аль нэг тохиолдсон бол та иргэний эрх зүйн харилцааны оролцогч болсон гэж өөрийгөө ойлгох хэрэгтэй.

Асуудлыг шийдвэрлэх байгууллага

Иргэний эрх зүйн харилцаа үүссэн болохыг Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-т заасны дагуу иргэн, хуулийн этгээдийн хүсэлтээр иргэний хэргийн шүүх шийдвэрлэнэ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133, 135, 136 дугаар зүйлд заасны дагуу иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэж үздэг бөгөөд хэрэв та иргэний эрх зүйн харилцаа үүссэн болохыг тогтоолгох гэж байгаа бол өөрийн оршин суугаа газрын иргэний хэргийн шүүхэд хүсэлт гаргана.

Хорих ял эдэлж байгаа хүн эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ ял эдэлж байгаа газрын нутаг дэвсгэрийн харьяалах шүүхэд гаргана.

Хүсэлтэд уг үйл явдлыг тогтоолгох гэж байгаа зорилгыг зааж уг үйл явдлыг тогтооход ач холбогдол бүхий баримт бичгийг олж авах буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсныг нотлох баримтыг хавсаргах бөгөөд эдгээр шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд шүүх хүсэлтийг хүлээн авахаас татгалзана.

Асуудлыг шийдвэрлэх дараалал

Иргэний эрх зүйн харилцаа үүссэн болохыг тогтоолгох хүсэлт нь зөвхөн таны хүсэлт (нэхэмжлэл)-д үндэслэх тул шүүгч нотлох баримт хангалттай бүрдсэн гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 134.1-т заасны дагуу шүүх хуралдааныг зарлаж таны хүсэлтийг шийдвэрлэнэ.

Асуудлыг шийдвэрлэх хугацаа

Иргэний хэргийн анхан шатны шүүх нь иргэний эрх зүйн харилцаа үүссэн эсэхийг тогтоолгох нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71-р зүйлд заасны дагуу таны хүсэлтийг хүсэлт гаргаснаас хойш нийт 67 хоног, шаардлагатай бол хугацааг сунгаж 97 хоногийн хугацаанд бүрэн шийдвэрлэнэ.

Асуудлыг шийдвэрлээгүй тохиолдолд гомдол гаргах

Хэрэв таны иргэний хэргийн харилцаа үүссэн болохыг тогтоолгох нэхэмжлэлийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт та гомдолтой байгаа тохиолдолд шүүхийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлд жагсаасан байдаг бөгөөд хэрэв та нэхэмжлэлээ ямар хэлбэрээр гаргах талаар мэдээлэл байхгүй бол оршин суугаа газрынхаа иргэний хэргийн шүүхийн мэдээлэл, лавлагааны ажилтанд хандаж нэхэмжлэл хэрхэн бичих загвар, улсын тэмдэгтийн хураамж төлөх зэрэг асуудлуудаар зөвлөгөө авах боломжтой.

Асуулт 1. Шүүхэд хүсэлтийг заавал өөрийн биеэр гаргах уу?

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлд заасны дагуу иргэн өөрийн нэрийн өмнөөс тухайн хүсэлтийг гаргах, шийдвэрлүүлэхээр эрх зүйн бүрэн чадамжтай хүнээр төлөөлүүлэх боломжтой. Итгэмжлэлийг дурын нотариат дээр төлөөлүүлж буй хүн болон төлөөлөх хүн нь өөрийн биеэр иргэний үнэмлэхээ авч очиж гэрчлүүлнэ. Итгэмжлэлийг хүсэлтэд хавсаргана. Энэ итгэмжлэл байхгүй бол төлөөлж хүсэлт гаргах боломжгүй бөгөөд шүүх хүсэлтийг хүлээн авахаас татгалзана.


http://e-khutuch.mn/guide/print/6/322/all