ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Иргэдийн эдийн болон эдийн бус баялагтай холбогдох харилцаа Төлөөлөл

Төлөөлөл

Хуулийн зохицуулалт

Иргэний хуулийн 62 дугаар зүйлд заасны дагуу хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж болно.

Хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийхийг хуулиар хориглосон, эсхүл хэлцлийн шинж чанараас шалтгаалан хэлцэл хийгч заавал биечлэн хийвэл зохих хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж болохгүй. Төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ. Төлөөлөгч итгэмжлэлээр эрх олгосон үйл ажиллагааг биечлэн гүйцэтгэх үүрэгтэй.

Итгэмжлэлд уг үйл ажиллагааг бусдаар гүйцэтгүүлж болохоор заасан, эсхүл итгэмжлэгчийн ашиг сонирхлын үүднээс зайлшгүй шаардлагатай байвал итгэмжлэлийг шилжүүлж болно.

Шилжүүлсэн итгэмжлэлийн хугацаа үндсэн итгэмжлэлийн хугацаанаас их байж болохгүй. Үндсэн итгэмжлэл дуусгавар болсноор шилжүүлсэн итгэмжлэл нэг адил дуусгавар болно.

Төлөөлөгч эрхээ бусдад шилжүүлсэн тухай болон итгэмжлэлийг шилжүүлэн авсан этгээдийн талаар төлөөлүүлэгчид мэдэгдэх үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээгүй бол эрх шилжүүлэн авсан этгээдийн үйл ажиллагаанаас бий болох үр дагаврыг төлөөлөгч хариуцна.

Иргэний хуулийн 63 дугаар зүйлд заасны дагуу итгэмжлэлээр төлөөлөхөд төлөөлөгч нь иргэний эрх зүйн бүрэн, бүрэн бус, эсхүл хязгаарлагдмал чадамжтай иргэн болон хуулийн этгээд байж болно.

Төлөөлөгч төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрхийн хүрээнд, түүний нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй хэлцэл хийх бөгөөд уг хэлцлээс үүсэх эрх, үүрэг нь гагцхүү төлөөлүүлэгчид бий болно.

Төлөөлөгч нь бүрэн эрхээ шударгаар, төлөөлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцүүлэн хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүйгээс төлөөлүүлэгчид учирсан гэм хорыг төлөөлөгч хариуцан арилгана.

Хууль ёсны төлөөлөгчийнх нь зөвшөөрлийг авалгүйгээр иргэний эрх зүйн бүрэн бус буюу хязгаарлагдмал чадамжтай иргэнээр төлөөлүүлсэн этгээд нь ийнхүү төлөөлүүлснээс бусдад учруулсан гэм хорыг өөрөө хариуцна.


http://e-khutuch.mn/guide/print/6/325/law