ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Иргэдийн эдийн болон эдийн бус баялагтай холбогдох харилцаа Хөөн хэлэлцэх хугацаа

Хөөн хэлэлцэх хугацаа

Хуулийн зохицуулалт

Хөөн хэлэлцэх хугацааны ойлголтыг Иргэний хуулийн 74 дүгээр зүйлд заасны дагуу хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна.

Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх хугацаа эдийн бус хөрөнгөд хамаарахгүй. Хуульд тусгайлан заасан бол эд хөрөнгийн зарим эрхэд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй.

Хөөн хэлэлцэх ерөнхий болон тусгай хугацаа

Иргэний хуулийн 75 дугаар зүйлд заасны дагуу хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна.

Дараах тохиолдолд хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчилнэ. Үүнд:

  • гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил;
  • үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил;
  • тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил;
  • бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа таван жил;

Талуудын хүсэлтээр шүүх хөөн хэлэлцэх хугацаа, түүнийг тоолох журмыг өөрчилж болно.

Хөөн хэлэлцэх хугацааг тоолох

Иргэний хуулийн 76 дугаар зүйлд заасны дагуу хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно.

Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ.

Тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүрэгтэй холбогдсон шаардлагад хөөн хэлэлцэх хугацааг уг шаардлага зөрчигдсөн үеэс эхлэн тоолно.

Шаардах эрх нь нэхэмжлэгчийн үйлдлээс шалтгаалах бол хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч уг үйлдлийг хийх ёстой байсан үеэс эхлэн тоолно.

Сөрөг үүргийн хөөн хэлэлцэх хугацааг үндсэн үүргийг гүйцэтгэсэн үеэс эхлэн тоолно.

Нэмэгдэл үүргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болох

Иргэний хуулийн 77 дугаар зүйлд заасны дагуу үндсэн үүргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар нэмэгдэл үүрэг /анз, барьцаа, дэнчин, батлан даалт, баталгаа зэрэг/-ийн хөөн хэлэлцэх хугацаа нэгэн зэрэг дуусна.

Хөөн хэлэлцэх хугацаа түр зогсох

Иргэний хуулийн 78 дугаар зүйлд заасны дагуу дараах тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаа түр зогсоно:

  • үүргийн гүйцэтгэлийг хойшлуулсан бол ийнхүү хойшлуулсан хугацаанд;
  • үүрэг гүйцэтгэгч үүргийг гүйцэтгэхээс татгалзсаныг үүрэг гүйцэтгүүлэгч хүлээн зөвшөөрсөн хугацаанд;
  • хөөн хэлэлцэх хугацаа дуусахын өмнөх зургаан сарын дотор гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас эрх бүхий этгээд шүүхэд хандах боломжгүй байсан, эсхүл шүүх үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй болсон бол энэхүү нөхцөл байдал арилах хүртэл хугацаанд;
  • гэрлэгчдийн хоорондын шаардлага нь гэрлэлт хүчин төгөлдөр байх хугацаанд;
  • эцэг, эх, хүүхдийн хоорондын шаардлагын тухайд хүүхдийн насанд хүрэх хүртэл;
  • асран хамгаалагч, харгалзан дэмжигч, түүний асрамжинд байгаа хүмүүсийн хоорондын шаардлага нь асран хамгаалалт, харгалзан дэмжилт хүчин төгөлдөр байгаа хугацаанд;
  • тухайн харилцааг зохицуулж байгаа эрх зүйн актын үйлчлэлийг түдгэлзүүлсэн хугацаанд;

Иргэний хуулийн 209 дүгээр зүйл нь үүрэг гүйцэтгэгч үүргийг гүйцэтгэхээс татгалзсаныг үүрэг гүйцэтгүүлэгч хүлээн зөвшөөрсөнд хамаарахгүй.

Хөөн хэлэлцэх хугацааг түр зогсоох нөхцөл байдал арилсан үеэс эхлэн хугацааг үргэлжлүүлэн тоолно. Хэрэв үлдсэн хугацаа гурван сараас бага бол гурван сар хүртэл, хөөн хэлэлцэх хугацаа нь зургаан сараас бага бол үлдсэн хөөн хэлэлцэх хугацаагаар тус тус сунгана.

Хэрэв иргэний эрх зүйн чадамжгүй буюу бүрэн бус чадамжтай этгээдэд хууль ёсны төлөөлөгч байхгүй бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа нь тэдгээрийн хууль ёсны ашиг сонирхолд харшлахаар бол тухайн этгээд иргэний эрх зүйн чадамжтай болсон, эсхүл хууль ёсны төлөөлөгч томилогдсоноос хойш зургаан сарын дотор хөөн хэлэлцэх хугацааг тоолохгүй.

Хөөн хэлэлцэх хугацаа тасалдах

Иргэний хуулийн 79 дүгээр зүйлд заасны дагуу тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана.

Шүүхэд нэхэмжлэл гаргасан бол хөөн хэлэлцэх хугацааны тасалдал нь шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох, эсхүл хэрэг шийдвэрлэх ажиллагаа бусад хэлбэрээр дуусгавар болох хүртэл үргэлжилнэ.

Талууд эвлэрсэн, эсхүл хэрэг шийдвэрлэх ажиллагааг цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсон бол талууд болон шүүхээс явуулсан сүүлийн ажиллагаа дуусгавар болсноор хөөн хэлэлцэх хугацааны тасалдал зогсоно. Энэ тохиолдолд хөөн хэлэлцэх хугацааг шинээр эхлэн тоолох боловч талуудын аль нэг нь хэрэг шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэхээр бол шаардлага гаргасны нэгэн адил үзэж хөөн хэлэлцэх хугацаа дахин тасалдана.

Эрх бүхий этгээд гаргасан шаардлагаасаа татгалзсан буюу шүүхийн шийдвэрээр шаардлагыг хэрэгсэхгүй болгосон бол хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж үзэхгүй.

Эрх бүхий этгээд зургаан сарын дотор шинэ нэхэмжлэл гаргавал анхны шаардлага гаргасан өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тасалдсанд тооцно.

Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно.

Хуулийн хүчин төгөлдөр шаардлагын хөөн хэлэлцэх хугацаа

Иргэний хуулийн 80 дугаар зүйлд заасны дагуу тухайн шаардлагад хөөн хэлэлцэх богиносгосон хугацаа тогтоосон байсан ч шүүхийн шийдвэрийн үндсэн дээр уг шаардлага хуулийн хүчин төгөлдөр бол түүний хөөн хэлэлцэх хугацаа арван жил байна.

Хуулийн хүчин төгөлдөр шаардлага нь дахин давтагдах, ирээдүйд хийгдэх үүрэгт хамааралтай бол тухайн үүрэгт тогтоогдсон хөөн хэлэлцэх богиносгосон хугацаа хуулийн хүчин төгөлдөр байна.

Эрх залгамжлал дахь хөөн хэлэлцэх хугацаа

Иргэний хуулийн 81 дүгээр зүйлд заасны дагуу нэхэмжлэгдвэл зохих эд хөрөнгө нь эрх залгамжлалын журмаар гуравдагч этгээдэд шилжсэн бол өмнөх эзэмшигчийн эзэмшилд байх үеэс хөөн хэлэлцэх хугацааг үргэлжлүүлэн тоолно.

Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсний үр дагавар

Иргэний хуулийн 82 дугаар зүйлд заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй.

Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг үүрэг гүйцэтгэгч мэдээгүй байхдаа үүргийн гүйцэтгэлийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд үүргийн гүйцэтгэлээс татгалзах эрхгүй.

Үүрэг гүйцэтгэгч нь хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн болохыг мэдээгүй байхдаа үүргээ гүйцэтгэсэн бол гүйцэтгэсэн үүргээ буцааж шаардах эрхгүй.

Шүүх, арбитр хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзвэл уг хугацааг сэргээж, зөрчигдсөн эрхийг хамгаалж болно.


http://e-khutuch.mn/guide/print/6/326/law