ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Иргэдийн эдийн болон эдийн бус баялагтай холбогдох харилцаа Өв залгамжлал

Өв залгамжлал

Хуулийн зохицуулалт

Иргэний хуулийн 515 дугаар зүйлд заасны дагуу Өвлүүлэгчийн эд хөрөнгө болон эрх өвлөгдөх бөгөөд өвлөгч нь өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээнэ.

Өвийг хуульд зааснаар болон гэрээслэлээр өвлөж болно. Хуульд заасан өв залгамжлалыг гагцхүү өвлүүлэгч гэрээслэлээр өөрчлөх эрхтэй. Хууль ёсны буюу гэрээслэлээр өвлөх эрхээ алдсан бол нас барагчийн өвлөгдвөл зохих эд хөрөнгө эзэнгүй эд хөрөнгийн нэгэн адил төрийн өмчлөлд шилжинэ.

Өвлүүлэгчийн эд хөрөнгийн зарим хэсэг нь гэрээслэгдсэн бөгөөд үлдсэн хэсгийг өвлөх хууль ёсны өвлөгч байхгүй бол түүнийг төрийн өмчлөлд эзэнгүй эд хөрөнгийн нэгэн адил шилжүүлнэ.

Оюуны үнэт зүйлийг өвлөх

Иргэний хуулийн 516 дугаар зүйлд заасны дагуу Оюуны үнэт зүйлийг өвлөх эрх гагцхүү эд хөрөнгийн эрхэд хамаарна. Оюуны үнэт зүйлийг өвлөх эрхийг хуульд зааснаар буюу гэрээслэлээр олж авч болно. Оюуны үнэт зүйлийг өвлөх эрх 50 жилийн хугацаанд хадгалагдана.

Өвлөх эрхээ алдах

Иргэний хуулийн 517 дугаар зүйлд заасны дагуу өвлүүлэгчийг, эсхүл хууль ёсны буюу гэрээслэлээр өвлөгчийг санаатайгаар алсан, түүнчлэн тэдгээрийн аль нэгний нас барах шалтгаан болсон бусад гэмт хэргийг санаатайгаар үйлдсэн нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол уг гэм буруутай этгээд хуульд зааснаар болон гэрээслэлээр өвлөх эрхээ алдана.

Өвлүүлэгчийг, эсхүл хууль ёсны буюу гэрээслэлээр өвлөгчийг санаатайгаар алсан, түүнчлэн тэдгээрийн аль нэгний нас барах шалтгаан болсон бусад гэмт хэргийн учир шалгагдаж байгаа этгээдэд шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох, эсхүл хэргийг хэрэгсэхгүй болгох хүртэл эд хөрөнгийг өвлүүлж болохгүй бөгөөд өвлөгдөх эд хөрөнгөөс түүнд оногдох хэсгийг хамгаалах арга хэмжээ авна.

Өв нээгдэх үе

Иргэний хуулийн 518 дугаар зүйлд заасны дагуу Өвлүүлэгч нас барсан өдрөөс, түүнчлэн иргэнийг нас барсан гэж зарласан бол энэ хуулийн 24 дүгээр зүйлд заасан өдрөөс өв нээгдэнэ.

Өв нээгдэх газар

Иргэний хуулийн 519 дүгээр зүйлд заасны дагуу Өвлүүлэгчийн сүүлчийн оршин сууж байсан газар, тэр нь мэдэгдэхгүй бол өвлөгдөх эд хөрөнгө буюу түүний гол хэсэг нь байгаа газар нь өв нээгдсэн газар байна.

Хуульд зааснаар өвлөх

Иргэний хуулийн 520 дугаар зүйлд заасны дагуу дор дурдсан этгээдийг хууль ёсны өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй бөгөөд эхний зөв бичих өвлөгч байхгүй эсхүл тэдгээр нь өвлөхөөс татгалзсан буюу өвлөх эрхээ алдсан бол дараагийнх гэх зарчмаар өвлөнө. Үүнд:

  • нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх;
  • нас барагчийн өвөг эцэг, эмэг эх, ах, эгч, дүү, ач, зээ;
  • өвлүүлэгчийн ачинцар, зээнцэр нь эцэг, эхдээ хуульд зааснаар өвлөгдвөл зохих байсан эд хөрөнгийн хэсгийг хуваан өвлөнө

Гурав дахь ээлжинд дурдсан иргэнээс гадна өвлүүлэгч нас барахаас өмнө нэгээс доошгүй жилийн хугацаанд түүний асрамжинд байсан хөдөлмөрийн чадваргүй иргэн хууль ёсны өвлөгчид тооцогдох бөгөөд өөр өвлөгч байвал энэхүү асрамжинд байсан этгээд нь тэдгээртэй адил хэмжээгээр өвлөнө.

Гэрийн эд хогшил нь ээлж дараалал, эд хөрөнгийн өвлөгдөх хэсгийн шинж байдлаас үл шалтгаалан өвлүүлэгчийг нас барах үед түүнтэй хамт амьдарч байсан хууль ёсны өвлөгчид шилжинэ.

Гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийн гишүүнд оногдох хэсгийг гагцхүү нэгдүгээр ээлжинд заасан этгээд биет байдлаар буюу мөнгөн хэлбэрээр өвлөх эрхтэй.

Гэрээслээгүй үлдээсэн эд хөрөнгийг өвлөх

Иргэний хуулийн 521 дүгээр зүйлд заасны дагуу эд хөрөнгийн зарим хэсэг нь гэрээслэлээр өвлөгчид шилжсэн бол үлдэх хэсэг нь хууль ёсны өвлөгчид шилжинэ.

Гэрээслэлээр өвлөх

Иргэний хуулийн 522 дугаар зүйлд заасны дагуу иргэн нь хуульд зааснаар өвлөх эрхтэй, эсхүл эрхгүй нэг, эсхүл хэд хэдэн иргэн, түүнчлэн төр болон хуулийн этгээдэд өөрийн эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг нь үзэмжээрээ хуваарилан гэрээсэлж болно.

Төр болон хуулийн этгээдэд эд хөрөнгө гэрээслэгч нь түүний зориулалтыг зааж болно.

Гэрээслэгч бүх эд хөрөнгөө хууль ёсны өмчлөгч бус этгээдэд гэрээслэх тохиолдолд өвлүүлэгчийн насанд хүрээгүй буюу хөдөлмөрийн чадваргүй, түүнчлэн түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, түүний асрамжинд байсан хөдөлмөрийн чадваргүй нөхөр /эхнэр/, төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх, хууль ёсны бусад өвлөгчдөд хуульд зааснаар өвлүүлбэл зохих хөрөнгийн хоёрны нэгээс багагүй хэсгийг заавал өвлүүлнэ. Ийнхүү заавал өвлүүлэх хэсгийн хэмжээг тодорхойлохдоо хуваарьт болон дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийн өвлүүлэгчид оногдох хэсгийг оролцуулан тооцно.

Өв нээгдэхээс өмнө гэрээслэлд заасан өв залгамжлагч нас барсан буюу өвийг хүлээн авахаас татгалзсан бол гэрээслэгч нь өөр өв залгамжлагчийг томилж болно.

Гэрээслэлийн хэлбэр, гэрээслэлийг гэрчлүүлэх

Иргэний хуулийн 523 дугаар зүйлд заасны дагуу гэрээслэлийг бичгээр хийж, үйлдсэн газар, он, сар, өдрийг зааж, нотариатаар, гэрээслэл хийсэн газар нотариат байхгүй бол баг, сумын Засаг даргаар гэрчлүүлнэ.

Дараах тохиолдолд нотариатаар гэрчлүүлсний нэг адил үзнэ. Үүнд:

  • цэргийн алба хаагчийн гэрээслэлийг түүний алба хааж байгаа цэргийн ангийн удирдлага гэрчилсэн;
  • хорих газар хоригдож байгаа болон ажиллаж байгаа иргэний гэрээслэлийг хорих ангийн дарга гэрчилсэн;
  • хөлөг онгоцонд зорчиж яваа иргэн болон багийн гишүүдийн гэрээслэлийг онгоцны ахмад гэрчилсэн.

Гэрээслэлээр өвлөгчид даалгах үүрэг

Иргэний хуулийн 524 дүгээр зүйлд заасны дагуу Гэрээслэгч нь хууль ёсны өвлөгч болон өөр этгээд, эсхүл нийтийн тусын тулд гэрээслэлээр өвлөгчид аливаа үүрэг хүлээлгэх эрхтэй. Гэрээслэлээр өвлөгч нь гагцхүү түүнд өвлүүлсэн эд хөрөнгийн хэмжээнд даалгасан үүргийг гүйцэтгэнэ. Гэрээслэлээр өвлөгч нас барсан эсхүл өвлөхөөс татгалзсан бол түүнд даалгасан үүрэг уг өвийг хүлээн авсан бусад өвлөгчдөд шилжинэ.

Гэрээслэлийг өөрчлөх, цуцлах

Иргэний хуулийн 525 дугаар зүйлд заасны дагуу Гэрээслэгч хэдийд ч гэрээслэлээ өөрчлөх буюу цуцлах эрхтэй.

Шинэ гэрээслэл хийсэн эсхүл түрүүчийн гэрээслэлийг цуцалсан тухай зохих баримт бичиг гаргаснаар гэрээслэл өөрчлөгдсөн, эсхүл цуцлагдсанд тооцогдоно. Ийнхүү шинээр хийсэн гэрээслэл болон гэрээслэлээ цуцалсан тухай баримт бичгийг бичгээр хийж, үйлдсэн газар, он, сар, өдрийг зааж, нотариатаар, гэрээслэл хийсэн газар нотариат байхгүй бол баг, сумын Засаг даргаар гэрчлүүлнэ.

Өв хүлээн авах

Иргэний хуулийн 527 дугаар зүйлд заасны дагуу өвлөгдөх эд хөрөнгийг өвлөгч хүлээн авснаар өв залгамжлалыг гүйцэтгэсэнд тооцно. Өвлөгч ямар нэг нөхцөл заах болон болзол тавьж өвлөгдөх эд хөрөнгийг түр хүлээн авах эрхгүй. Өвлөгчийн хүлээн авсан эд хөрөнгийг, өв нээгдсэн өдрөөс эхлэн өвлөгчид шилжсэн гэж үзнэ.

Өв хүлээн авах, хүлээн авахаас татгалзах журам

Иргэний хуулийн 528 дугаар зүйлд заасны дагуу өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзнэ.

Дээр дурдснаас бусад өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ.

Өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор, бусад өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй бол түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ.

Хүндэтгэн үзэх шалтгаан байвал өв хүлээн авах хугацааг шүүх сунгаж болно. Хугацаа сунгасан бол хугацаа хожимдуулсан өвлөгч нь бусад өвлөгчид буюу төрийн өмчлөлд шилжсэн эд хөрөнгөөс өөрт оногдох бэлэн байгаа эд хөрөнгө, эсхүл түүнийг борлуулсан үнийн зохих хэсгийг шаардан авах эрхтэй.

Өвлөгч өвлөх эрхээ өвлөвөл зохих бусад этгээдэд шилжүүлэхээр зааж, өв хүлээн авахаас татгалзах эрхтэй.

Өвлөх эрхийн гэрчилгээ олгох

Иргэний хуулийн 531 дүгээр зүйлд заасны дагуу хууль ёсны буюу гэрээслэлээр өвлөгч нь өвлөх эрхийн гэрчилгээ олгох хүсэлтийг өв нээгдсэн газрын нотариат, нотариатгүй газар баг, сумын Засаг даргад гаргана.

Хууль ёсны өвлөгчид өвлөх эрхийн гэрчилгээг өв нээгдсэнээс хойш нэг жил өнгөрсний дараа олгоно.

Гэрчилгээ олгох тухай хүсэлт гаргасан буюу өвлөгдсөн эд хөрөнгийг авсан этгээдээс өөр өвлөгч байхгүй нь лавтай баримтаар нотлогдвол гэрчилгээг өв нээгдсэнээс хойш нэг жилийн хугацаанаас өмнө олгож болно.

Хууль ёсны өвлөх эрх бүхий этгээд байхгүй тохиолдолд гэрээслэлээр өвлөх эрхийн гэрчилгээг өв нээгдсэн өдрөөс хойш нэг жилийн дотор өвлөгч гэрээслэлээ үзүүлснээр олгоно.

Өвлөгдсөн эд хөрөнгийг хуваарилах

Иргэний хуулийн 532 дугаар зүйлд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг өв залгамжлалд оролцсон бүх өвлөгчид хэлэлцэн зөвшөөрөлцөж, хууль ёсны буюу гэрээслэлээр өвлөгч бүрд оногдвол зохих хэмжээгээр хуваарилах бөгөөд энэ талаар маргаан гарвал шүүх шийдвэрлэнэ.

Өвлүүлэгчийг амьд байхад олдсон бөгөөд төрөөгүй байгаа өвлөгчид оногдох хэсгийг тусгаарлан гаргана. Төрөөгүй өвлөгчийн ашиг сонирхлыг хамгаалахын тулд өвлөгдвөл зохих эд хөрөнгийг хуваарилахдаа асран хамгаалах байгууллагын төлөөлөгчийг оролцуулна.

Асуудлыг шийдвэрлэх байгууллага

Өвлөх харилцаатай холбоотой өвлөгчдийн хооронд гарсан маргааныг иргэний хэргийн шүүх шийдвэрлэнэ.

Асуудлыг шийдвэрлэх дараалал

Өвийн маргааныг шийдвэрлүүлэх нэхэмжлэлийг иргэнд хандан гаргаж байгаа бол түүний оршин суугаа газрын иргэний хэргийн шүүхэд, харин хуулийн этгээдэд хандан иргэнд хандан гаргаж байгаа бол ажил хэргээ байнга явуулдаг эсвэл удирдах байгууллага нь оршиж байгаа газрын шүүхэд зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, хохирлоо барагдуулах нэхэмжлэлийг гаргах боломжтой. /иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14-р зүйл/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлд заасны дагуу Шүүх таны нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэсний дараа нэхэмжлэлийг хариуцагч (эрх зөрчсөн этгээд)-д гардуулан танилцуулж, хариу тайлбарыг нь бичгээр авна. Үүний дараа шүүх нотлох баримт хангалттай бүрдсэн, хэргийг шийдвэрлэх хуульд заасан хугацаа дуусгавар болсон зэрэг үндэслэлээр шүүх хуралдааныг зарлаж таны нэхэмжлэлийг шийдвэрлэнэ. /Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71-р зүйл/

Асуудлыг шийдвэрлэх хугацаа

Иргэний хэргийн анхан шатны шүүх нь өвийн маргааныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71-р зүйлд заасны дагуу таныг нэхэмжлэл гаргаснаас хойш нийт 67 хоног, шаардлагатай бол хугацааг сунгаж 97 хоногийн хугацаанд бүрэн шийдвэрлэнэ.

Асуудлыг шийдвэрлээгүй тохиолдолд гомдол гаргах

Хэрэв та иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт гомдолтой байгаа тохиолдолд шүүхийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

Хууль ёсны өвлөгч нь насанд хүрээгүй хүүхэд байх тохиолдолд асран хамгаалагч нь түүнийг төлөөлөн өв залгамжлах харилцаанд оролцох бөгөөд тухайн насанд хүрээгүй хүүхдийн нэр дээр хөрөнгийг шилжүүлнэ.

Хууль ёсны бусад өвлөгч нар өвлүүлэгчийн эд хөрөнгийг хүлээн авахаас татгалзаж байгааг хэрхэн нотлох вэ?

Өвийг хүлээн авахаас татгалзаж буй бусад өвлөгч өөрийн биеэр нотариат, байхгүй бол  баг, сумын Засаг даргад гараар өргөдлөө бичих замаар нотолно.


http://e-khutuch.mn/guide/print/6/329/all