ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Сонгогч таны эрх зүйн боловсролд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль нь Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, тухайн нутгийн өөрөө удирдах байгууллагыг өөрсдийн төлөөллөөр бүрдүүлэх үндсэн арга юм.

Асуудлыг шийдвэрлэх байгууллага

Сонгуулийн хороо шатлан захирагдах зарчмаар ажиллах бөгөөд сонгуулийн хороодын шийдвэртэй холбогдуулан дээд шатны сонгуулийн хороонд гомдол гаргана. Сонгуулийн хорооны шийдвэрт холбогдох маргааныг Захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэнэ.

Сонгогч сонгогчийн нэрийн жагсаалт дахь өөрийн болон өөрийн гэр бүлийн гишүүний мэдээлэлтэй танилцах эрхтэй бөгөөд сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй, эсхүл буруу бүртгэгдсэн бол гомдлоо итгэмжлэгдсэн ажилтан, эсхүл улсын бүртгэлийн байгууллагад гаргана.

Цахим орчин дахь сонгуулийн сурталчилгаатай холбоотой өргөдөл, гомдлыг Цагдаагийн байгууллага, Шударга өрсөлдөөний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гаргана. Сонгуулийн сурталчилгаатай холбоотой өргөдөл, гомдлыг хүлээн авч холбогдох хууль тогтоомжийн дагуу хянан үзээд санал, дүгнэлтийг Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлнэ.

  • Радио, телевиз мэдээллийн хөтөлбөрөөрөө нам, эвсэл, нэр дэвшигчийн талаарх сонгуулийн үйл явцын мэдээллийг хүргэхдээ бодит, тэнцвэртэй, нэг талыг барихгүй, хараат бус байх зарчмыг баримтлаагүй
  • Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин, мессеж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт, санал асуулга зохион байгуулсан, нийтлэсэн
  • Аливаа хэвлэл мэдээллийн байгууллага сонгуулийн сурталчилгааны үеэр аль нэг нам, эвсэл, нэр дэвшигчийн талаарх мэдээ, мэдээллийг дагнан гаргах, эсхүл гаргахгүй байхаар амлалт авах болон гэрээ байгуулсан талаарх гомдлыг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт хандан гаргана.

Сонгогчид бэлэн мөнгө, эд зүйл тараасныг сонгогч баримттайгаар Цагдаагийн байгууллагад мэдэгдэх боломжтой.


http://e-khutuch.mn/guide/print/60/479/decide_org