ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Сонгогч таны эрх зүйн боловсролд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль нь Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, тухайн нутгийн өөрөө удирдах байгууллагыг өөрсдийн төлөөллөөр бүрдүүлэх үндсэн арга юм.

Асуулт 1: Орон нутгийн сонгуульд иргэний сонгох, сонгогдох эрх хэдэн наснаас үүсдэг вэ?

Хариулт 1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 5.1-т зааснаар  Тухайн засаг захиргааны нэгжид байнга оршин суугчаар бүртгүүлсэн сонгуулийн эрх бүхий Монгол Улсын иргэн /цаашид “иргэн” гэх/ үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор ялгаварлагдахгүйгээр орон нутгийн Хурлын сонгуульд оролцож, тухайн шатны Хурлын Төлөөлөгчийг сонгох эрхтэй.

Мөн хуулийн 5.2-т “18 нас хүрсэн, тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэгт санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө байнга оршин суугчаар бүртгүүлсэн, сонгуулийн эрх бүхий, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан иргэн тухайн шатны Хурлын Төлөөлөгчөөр сонгогдох эрхтэй” гэж заасан байдаг.

Асуулт 2: Төрийн албан хаагч орон нутгийн сонгуульд нэр дэвшиж болох уу?

Хариулт: Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28.4-т зааснаар Нэр дэвшигч нь дараах ажил, албан тушаал эрхэлж байгаа бол ээлжит сонгуулийн тухайд ээлжит сонгуулийн жилийн 08 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө, ээлжит бус, нөхөн, дахин сонгуулийн тухайд энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө эрхэлсэн ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна:

28.4.1.төрийн жинхэнэ албан хаагч;

28.4.2.төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан;    

28.4.3.төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга болон гишүүн;

28.4.4.Засгийн газраас байгуулсан төсөл, хөтөлбөрийн нэгж болон хамтын удирдлагын байгууллагын орон тооны болон орон тооны бус гишүүн.

Тиймээс та хуульд заасан хугацаанд ажил албан тушаалаасаа чөлөөлөгдөж хуульд заасан шаардлагыг хангасан тохиолдолд Орон нутгийн сонгуульд нэр дэвших бүрэн боломжтой юм.

Асуулт 3: Орон нутгийн сонгуультай холбогдуулан иргэний шилжилт хөдөлгөөний асуудлыг хэрхэн зохицуулж байгаа вэ?

Хариулт. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 24 дүгээр зүйлд иргэний шилжилт хөдөлгөөнийг зогсоох, сэргээхтэй холбогдсон харилцааг зохицуулсан байдаг. Үүнд:

24.1.Иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ.

24.2.Энэ хуулийн 24.1-д заасан иргэний шилжин суурьших хөдөлгөөнийг зогсоох, сэргээх тухай шийдвэрийг улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга гаргана.

24.3.Нэмэлт болон дахин санал хураалт явагдах нөхцөл байдал үүссэн тохиолдолд энэ хуулийн 24.1, 24.2-т заасан иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг түр зогсоох хугацааг тухайн нэмэлт болон дахин санал хураалт явагдаж дуустал үргэлжлүүлж, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ.

24.4.Орон нутгийн Хурлын ээлжит бус, нөхөн болон дахин сонгууль явуулахаар товлон зарласан эрх бүхий байгууллага тухайн шийдвэрийг ажлын гурван өдрийн дотор улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

Асуулт 4: Орон нутгийн сонгуульд нэр дэвшигч Сонгуулийн хороонд нэр дэвшигчээр бүртгүүлэхдээ ямар бичиг баримт бүрдүүлдэг вэ?

Хариулт: Нам, эвслээс нэр дэвшигч нь дараах материалыг бүрдүүлнэ.

  • Нэр дэвшүүлсэн тухай хуралдааны шийдвэр, нийт нэр дэвшигчийн нэрийн жагсаалт
  • Нэр дэвшигч бүрийн бичгээр өгсөн зөвшөөрөл
  • Төрийн жинхэнэ албан хаагч, төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал бол ажил, албан тушаалаас чөлөөлөгдсөн шийдвэрийн хуулбар
  • Банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүх болон арбитрын шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа болон батлан даалтын өр төлбөртэй эсэх талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын лавлагаа
  • Нэр дэвшигч өөрөө татварын хугацаа хэтэрсэн өр төлбөртэй эсэх, нэр дэвшигч нь компанийн хувьцааны 51 хувь ба  түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшдэг бол тухайн компани нь татварын хугацаа хэтэрсэн өр төлбөртэй эсэх татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын тодорхойлолт
  • Нэр дэвшигчийн намтар
  • Нэр дэвшигчийн иргэний үнэмлэхний хуулбар
  • Ял эдэлж байгаа эсэх талаарх Цагдаагийн төв байгууллагын мэдээллийн сан хариуцсан нэгжийн лавлагаа
  • Нэр дэвшигчийн хөрөнгө орлогын мэдүүлэг
  •  Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байсан эсэх талаарх холбогдох байгууллагын лавлагаа.

Бие даан нэр дэвшигч дараах материалыг бүрдүүлнэ.

  • нэрээ дэвшүүлснээ илэрхийлсэн мэдэгдэл;
  • сонгогчдын гарын үсэг зуруулсан маягт;
  • Төрийн жинхэнэ албан хаагч, төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал бол ажил, албан тушаалаас чөлөөлөгдсөн шийдвэрийн хуулбар
  • Банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүх болон арбитрын шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа болон батлан даалтын өр төлбөртэй эсэх талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын лавлагаа
  • Нэр дэвшигч өөрөө татварын хугацаа хэтэрсэн өр төлбөртэй эсэх, нэр дэвшигч нь компанийн хувьцааны 51 хувь ба  түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшдэг бол тухайн компани нь татварын хугацаа хэтэрсэн өр төлбөртэй эсэх татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын тодорхойлолт
  • Нэр дэвшигчийн намтар
  • Нэр дэвшигчийн иргэний үнэмлэхний хуулбар
  • бие даан нэр дэвшигчийг төлөөлж сонгуулийн төв байгууллагатай харилцах хоёр хүний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, харилцах утасны дугаар;
  • төрийн аудитын дээд байгууллагаар хянуулсан бие даан нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөр, аудитын дүгнэлт;
  • ял эдэлж байгаа эсэх талаарх цагдаагийн төв байгууллагын мэдээллийн сан хариуцсан нэгжийн лавлагаа;
  • Нэр дэвшигчийн хөрөнгө орлогын мэдүүлэг
  •  Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байсан эсэх талаарх холбогдох байгууллагын лавлагаа.

Асуулт 5: Сонгуулийн сурталчилгаатай холбоотой гомдол, мэдээллийг ямар байгууллагад гаргах вэ?

Хариулт: Гомдол, маргааны онцлог байдлаас шалтгаалан гомдлыг хүлээн авах, хянан шийдвэрлэх байгууллага өөр өөр байдаг. Жишээлбэл:

Цахим орчин болон Радио, телевизээр нэвтрүүлэх Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн сурталчилгаатай холбоотой өргөдөл, гомдлыг зөрчил шалган шийдвэрлэх харьяаллын дагуу Цагдаагийн байгууллага, Тагнуулын ерөнхий газар, Шударга өрсөлдөөний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад тус тус гаргана. Харилцаа холбооны зохицуулах хороо өргөдөл, гомдолтой холбоотой нэвтрүүлгийн бичлэг, холбогдох бүртгэл, мэдээллийг дээрх байгууллагуудад гаргаж өгнө.

 


http://e-khutuch.mn/guide/print/60/479/faq