ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт

“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй” гэж хөдөлмөрлөх явцад хүний ажиллах чадвар, эрүүл мэндийг хэвээр хадгалах, эрүүл, аюулгүй нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн нийгэм, эдийн засаг, зохион байгуулалт, техник, технологи, ариун цэвэр, эрүүл ахуйн арга хэмжээ авах, эмчлэх, сувилах, нөхөн сэргээх, эрсдэлээс хамгаалах үйл ажиллагааг хэлнэ.

Асуулт 1: Үйлдвэрлэлийн барилга байгууламжийг 2 байгууллага хамтран ашиглахад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ямар шаардлага тавигддаг вэ?

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Үйлдвэрлэлийн барилга байгууламжийг болон үндсэн, суурин тоног төхөөрөмж, хэрэгслийг хоёр буюу түүнээс дээш ажил олгогч хамтран эзэмших, эсхүл ашиглаж байгаа бол эзэмшигч, ашиглагч дараах шаардлагыг хангах үүрэгтэй. Үүнд:

  • эзэмшигч, ашиглагч нь үйлдвэрлэлийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангаж ажиллах талаар журам тогтоон мөрдөж ажиллах; 
  • үйлдвэрлэлийн явцад химийн хорт ба аюултай бодис, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, цацраг, биологийн идэвхт бодисыг хэрэглэж буй эзэмшигч, ашиглагч нь энэ тухай харилцан бие биедээ мэдээлж, аюулгүй байдлыг хангах нэгдсэн арга хэмжээ авах;
  • мэдээлээгүйн улмаас учирсан хохирлыг буруутай тал нь хариуцна.

Дээрх шаардлагыг хангаагүй тохиолдолд үйлдвэрлэлийн барилга байгууламжийг хамтран эзэмшихийг хориглоно.

Асуулт 2: Галын аюулгүй байдлыг талаар байгууллага ямар үүрэг хүлээх вэ?

Дараах этгээд галын аюулаас урьдчилан сэргийлэх болон гал унтраах дүрэм, журам, стандартыг хангаж ажиллах үүрэг хүлээнэ.

  • Хөдөлмөрийн тухай хуулийн 3.1.1, 3.1.2-т заасан ажил олгогч, ажилтан;
  • хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн;
  • иргэд хоорондын гэрээгээр ажиллагчид;
  • аж ахуйн нэгж, байгууллагад үйлдвэрлэлийн дадлага хийж байгаа их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн суралцагч, цэргийн сургуулийн сонсогч;
  • хугацаат ба цэргийн гэрээт алба хаагч, дайчилгааны сургууль, цугларалтад оролцож байгаа цэргийн үүрэгтэн;
  • хоршоо, нөхөрлөлийн гишүүд;
  • ял эдэлж байгаа хоригдол;
  • Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын аж ахуйн нэгж, байгууллагад ажилладаг Монгол Улсын иргэн, гадаадын болон харьяалалгүй иргэн.
  • хамтран ажиллах, ажил гүйцэтгэх гэрээний үндсэн дээр болон бусад хэлбэрээр ажил, хөдөлмөр эрхэлж буй Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй иргэн.

Галын дохиолол болон гал унтраах тусгай тоноглол, гарц, орцын зураглалыг гал гарч болзошгүй ажлын байр бүрт байрлуулан, тэдгээрийг тогтмол ажиллагаатай байлгаж, ажилтныг уг тоноглолыг ашиглаж сургасан байна.

Асуулт 3: Аж ахуй нэгж байгууллага хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангаж ажиллаагүй тохиолдолд ямар хариуцлага хүлээх вэ?

Үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай барилга байгууламж барих, машин механизм, тоног төхөөрөмжийг суурилуулах, тэдгээрийг шинэчлэх, өргөтгөх, ашиглалтад өгөх, зуух, даралтат сав, шугам хоолой, өргөх зөөх механизмд тавигдах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангаж ажиллаагүй бол хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Асуулт 4: Аж ахуй нэгж байгууллага ажилтныг эрүүл мэндийн үзлэгт хамруулаагүй тохиолдолд ямар хариуцлага хүлээдэг вэ?

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэги зааснаар Ажил олгогч нь эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон журмын дагуу үйлдвэрлэл, ажил, үйлчилгээтэй холбоотой, зайлшгүй шаардлагатай эрүүл мэндийн урьдчилсан ба хугацаат үзлэгт ажилтныг хамруулна. Эрүүл мэндийн үзлэг хийлгэхэд шаардагдах зардлыг ажил олгогч хариуцна.

Зөрчлийн тухай хуулийн 10.15.5-т зааснаар ажилтныг эрүүл мэндийн урьдчилсан ба хугацаат үзлэгт оруулаагүй бол хүнийг далан таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг долоон зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

 


http://e-khutuch.mn/guide/print/61/480/faq