ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй Аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зохион байгуулалт

Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна.

Асуудлыг шийдвэрлэх дараалал

Аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц, зохион байгуулалт: Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна.

Ажил олгогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний онцлог, ажлын байрны эрсдэлийн түвшин, ажилтны тоог харгалзан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан, зөвлөл ажиллуулна.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан, зөвлөл дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

  • аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бодлого, төлөвлөгөөг боловсруулж, шаардлагатай дүрэм, журмыг шинэчлэн баталж хэрэгжүүлэх;
  • хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх, хэрэгжилт, үр дүнд хяналт тавих;
  • хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн шаардлага, стандарт, салбарын болон аж ахуйн нэгж, байгууллагын мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журмын хэрэгжилтийн байдалд үзлэг, шалгалт хийлгэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах;
  • хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын хэрэгцээг тодорхойлох, төлөвлөх, хөтөлбөр боловсруулах, сургалт зохион байгуулах, үр дүнг тооцох, тайлагнах;
  • ажлын нөхцөл, мэргэжлийн онцлогт тохирсон тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг ажилтанд олгох, норм, чанар, зохистой хэрэглээнд хяналт тавих;
  • хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн шаардлага, стандарт, дүрэм, журмыг зөрчсөн албан тушаалтан, ажилтанд хариуцлага хүлээлгэх саналаа ажил олгогчид гаргах;
  • хууль тогтоомжид заасан бусад чиг үүрэг.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтнаар инженер, техникийн болон эрүүл ахуйн боловсролтой, мэргэшсэн хүнийг ажиллуулна.

Аж ахуйн нэгж, байгууллагын хэлтэс, албаны дарга, нэгж, тасгийн ахлагч, тэдгээртэй адилтгах албан тушаалтны ажлын байрны тодорхойлолтод хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар дараах чиг үүргийг тусгана:

  • хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, стандартыг хэрэгжүүлэх, өөрийн харьяалах ажлын байр болон үйлдвэрлэлийн орчинд тохирсон дүрэм, журмыг боловсруулахад оролцох;
  • хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх, зохион байгуулах, хяналт тавих, үр дүнг тооцох, удирдлагын тогтолцоог нэвтрүүлэхэд ажилтнаа манлайлан ажиллах;
  • осолд дөхсөн тохиолдлыг бүртгэх болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, үйлдвэрлэлийн орчинд учирч болох аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах талаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтанд мэдээлэх, хамтран ажиллах;
  • энэ хуулийн 27.3, 28 дугаар зүйлд заасан чиг үүргийг хэрэгжүүлэхэд ажил олгогч болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтантай хамтран ажиллах.

            Аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтцийн жишиг, ажилтны орон тооны норматив, зөвлөлийн ажиллах үлгэрчилсэн журмыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална. /Хөдөлмөрийн сайдын 2015 оны 06 дугаар сарын 22 -ны өдрийн  дугаар А/114 дүгээр тушаалын хавсралт “Аж ахуйн нэгж, байгууллагын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийн ажиллах үлгэрчилсэн журам” ЭНД  дарж үзнэ үү./

Үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж буй аж ахуйн нэгж, байгууллага 50-иас 100 хүртэл ажилтантай тохиолдолд нэг ба түүнээс дээш орон тооны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтантай, 100-аас дээш ажилтантай тохиолдолд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэцтэй байна.

Ажлын байрны эрсдэлийн түвшин ихтэй уул уурхай, эрчим хүч, зам, барилгын салбар болон үйлдвэрлэлийн аюултай, хортой хүчин зүйлс бүхий аж ахуйн нэгж, байгууллагад ажилтны тооноос хамаарахгүйгээр нэг ба түүнээс дээш орон тооны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан ажиллуулна.

Төрийн болон төрийн үйлчилгээний төсвийн байгууллага ажилтны тооноос хамаарахгүйгээр Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг аль нэг ажилтанд хавсран хариуцуулна. Хавсран ажиллуулсан тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлд заасны дагуу үндсэн ажлын цалингийн 40 хүртэлх хувийн нэмэгдэл хөлс олгоно.

Хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн, иргэд хоорондын гэрээгээр ажиллагчид, хоршоо, нөхөрлөлийн гишүүд, аж ахуйн нэгж, байгууллага, ажил олгогч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан ажиллуулах орон тоонд хүрээгүй тохиолдолд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг мэргэшсэн байгууллага, ажилтнаар гэрээгээр гүйцэтгүүлж болно.

Аж ахуйн нэгж, байгууллагын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийн ажиллах үлгэрчилсэн журам:

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийг /орон тооны бус/ 20-иос дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага бүр байгуулж, ажиллуулна.

Аж ахуйн нэгж, байгууллагын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орон тооны бус зөвлөлийн зорилго нь тухайн байгууллагын түвшинд ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, эрүүл аюулгүй ажлын байрыг бий болгох, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, хууль тогтоомжийг хэрэгжилтийг хангуулах үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, дэмжлэг үзүүлэхэд чиглэгдэнэ.

Зөвлөлийн үйл ажиллагааны зардлыг ажил олгогч хариуцна.

Зөвлөлийг аймаг, нийслэл, дүүргийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөл мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, хамтран ажиллана.

Зөвлөл нь үйл ажиллагааныхаа талаар захиргаа, ажилтны хамт олны өмнө жил бүр тайлагнана.

Зөвлөл нь үйл ажиллагааны жилийн тайлан, мэдээг аймаг, дүүргийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлд жил бүрийн 12 дугаар сарын 15- ны дотор багтаан хүргүүлнэ.

Зөвлөлийн удирдлага, бүрэлдэхүүн:

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орон тооны бус зөвлөлийг тухайн байгууллагын ажил олгогчийн шийдвэрээр байгуулж ажиллуулна.

Зөвлөлийг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтцийн нэгжийн дарга эсвэл ажилтан ахална.

Зөвлөл нь тухайн байгууллагын ажилтны тооноос хамааран ажил олгогчийн болон ажилтны төлөөллийн 3-9 хүний бүрэлдэхүүнтэй байна.

Энэхүү үлгэрчилсэн журмыг жишиг болгон зөвлөлийн ажиллах журам боловсруулж, зөвлөлийн хурлаар батлан мөрдөнө.

Зөвлөлийн ажлын чиглэл:

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн хэрэгжилтийг байгууллагын түвшинд зохион байгуулахад оролцох;

Аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хөтөлбөр төлөвлөгөө, төсөвт тусгах асуудлыг боловсруулах, шаардлагатай дүрэм, журмыг баталж, мөрдүүлэхэд санал өгөх, хамтран ажиллах;

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн болон үйлдвэрийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний шалтгаан нөхцөлийн талаар хэлэлцэх, санал, зөвлөмж гаргах;

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлаар зөвлөгөөн, сургалт, семинар зохион байгуулах ажпыг ажил олгогчтой хамтран хийх;

Ажлын байрны эрсдэлийн үнэлгээ хийж, осолд дөхсөн тохиолдлыг илрүүлэхэд оролцох, бүртгэл судалгаатай танилцах, ажил олгогчоос шаардлагатай мэдээлэл гаргуулж авах;

Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлд үзлэг шалгалт хийх, дүнг ажил олгогч, ажилтнуудад мэдээлэх;

Ажпын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийн хангалт, хэрэглээ, ахуйн байрны орчин нөхцөл, ажилтан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт, эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан байдал, түүний мөрөөр хийгдсэн эмчилгээ, сувилгаатай танилцах, хоолны чанарт хяналт тавих, үр дүнг мэдээлэх;

Аж ахуйн нэгж, байгууллагын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөл, Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх орон тооны бус комиссын гишүүдийг чадавхижуулах арга хэмжээг ажил ологчтой хамтран зохион байгуулах;

Аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийг хэрэгжүүлж байгаа талаар ажил олгогчийн тайлан мэдээллийг зөвлөлийн хурлаар хэлэлцэх, зөвлөмж, шийдвэр гаргах;

Хууль тогтоомжид заасан бусад асуудал;

Зөвлөлийн хурал:

Зөвлөл нь аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлаар хэлэлцүүлэг хийх, зөвлөлдөх, зөвлөмж, санал гаргах, шаардлага өгөх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулахад оролцох чиглэлээр ажил олгогч, ажилтны төлөөлөлтэй хамтран ажиллах хэлбэрээр үйл ажиллагаа явуулна.

Зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хурал байна.

Зөвлөлийн хурлыг нийт гишүүдийн 50-иас дээш хувийн ирцтэй хийнэ.

Зөвлөлийн хурлыг зөвлөлийн дарга зарлан хуралдуулна.

Зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан тухайн байгууллагын холбогдох ажилтныг хуралд оролцуулж болно.

Зөвлөлийн хурлаас шаардлага, зөвлөмж гаргана. Асуудлыг олонхийн саналаар шийдвэрлэж, тэмдэглэл хөтөлнө.

Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх орон тооны бус байнгын комиссын ажиллах заавар:

Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх орон тооны бус байнгын комиссыг ажил олгогчийн болон ажилтны төлөөлөл бүхий 3-аас доошгүй гишүүнтэйгээр тухайн байгууллага, ажил олгогчийн шийдвэрээр байгуулна. Тухайн байгууллагын ажилтны тооноос хамаарч бүрэлдэхүүний тоог тогтоох ба бүрэлдэхүүнд байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан, эрүүл ахуйч, эмч, хүний нөөцийн ажилтан зэрэг шаардлагатай ажил мэргэжлийн төлөөллийг оруулна.

Комиссын үйл ажиллагааны чиглэл:

Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарсан шалтгаан, нөхцөл, цаашид анхаарах, сэрэмжлүүлэх талаар мэдээлэл, сурталчилгаа хийж, урьдчилан сэргийлэх ажлыг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөл, нэгж, ажил олгогчтой хамтран зохион байгуулах

Ажилтны эрүүл мэндэд аюул эрсдэл учруулах, ажлын байрны хэвийн үйл ажиллагааг алдагдуулах хүчин зүйл, нөхцөл байдлыг арилгах талаар ажил олгогч, ажилтнуудад санал, зөвлөмж өгөх

Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэж акт тогтоох

Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын үед комиссын ажиллах чиглэлийн талаар:

Осолдогчид эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх арга хэмжээг зохион байгуулна.

Осол, хурц хордлого гарсан орчныг хамгаалалтад авч, аюултай нөхцөл байдлыг арилгах ажлыг холбогдох алба, хэлтэс, ажилтанд мэдэгдэж, арга хэмжээ авна. Осол, хурц хордлого гарах үеийн нөхцөл байдлын талаар фото зураг авч, бичлэг хийнэ.

Осол, хурц хордлого гарахад хамт байсан болон гэрчийг тогтоон гэрчүүдтэй уулзаж  тайлбар, ярилцлага хийж, тэмдэглэл хөтөлнө.

Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэхэд анхаарах асуудлын талаар:

Буруутанг эрж хайхдаа гол нь биш, осол, хурц хордлогын шалтгааныг зөв олж тогтооход комиссын ажил чиглэгдэнэ.

Осол, хурц хордлогыг судлан бүртгэхийн өмнө комисс хуралдаж, комиссын гишүүд болон комисст оролцон ажиллаж байгаа хүмүүст ажлын чиглэл өгч, мэдээлэл, баримт цуглуулах, ярилцлага хийх, ослын акт үйлдэх, тэмдэглэл хөтлөх зэрэг ажлыг хариуцах төлөвлөгөө гарган ажиллана.

Осолдогч ажлын байрандаа шаардлагатай ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгсэлтэй байсан эсэх, түүнийг заавар журмын дагуу хэрэглэж байсан эсэхийг судалж, актад тусгана.

Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарсан ажлын байранд хөдөлмөрийн нөхцөлийн болон эрсдлийн үнэлгээг өмнө нь хийж байсан эсэх талаар судалж тогтооно. /Хөдөлмөрийн сайдын 2015 оны А/223  дугаар тушаалын хавсралт “Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх журам” ЭНД дарж үзнэ үү.

/Хөдөлмөрийн сайдын 2015 оны А/295  дугаар тушаалын хавсралт “Ажлын байрны эрсдэлийн үнэлгээ хийх аргачилсан зөвлөмж” ЭНД дарж үзнэ үү.

Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг бүртгэх, судлан тогтооход шууд хамаарах тасаг, цех, бригад, нэгжийн ахлагч, инженер техникийн ажилтан, ажилтны болон Үйлдвэрчний эвлэлийн төлөөллийг комисст нэмж оролцуулж болно.

Осолдогчийн зан төлөв, ажлын туршлага, нас, хүйс, мэргэжил, боловсрол, төгссөн сургууль, ажилласан жил, амьдрал ахуйн талаар тодорхой мэдээлэл цуглуулна.

Осол, хурц хордлого гарсан ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн талаар тухайлбал, гэрэл шуугиан, доргион, тоос, халуун, хүйтэн, дотор, гадна, өндөрт ажиллаж байсан зэрэг мэдээлэл, баримтыг цуглуулж судална.

Техник тоног, төхөөрөмжийн бүрэн бүтэн байдалд үзлэг хийнэ. Техник ашиглалтын паспорт хөтлөлт, урсгал болон хугацаат засвар үйлчилгээ хийгдэж байсныг үзэж, тогтооно.

Тухайн, аж ахуйн нэгж байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бүтэц, тогтолцоо, дотоод хяналт, удирдах ажилтны талаас осолд нөлөөлсөн хүчин зүйл байсан эсэхийг судална.

Комисс нь зайлшгүй шаардлагатай бол ажил олгогчид мэдэгдэж мэргэжлийн хяналт, эрүүл мэнд, хууль, хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар зөвлөх үйлчилгээ үзүүлдэг мэргэжлийн байгууллагын дэмжлэг тусламж, үйлчилгээ авч болно.


http://e-khutuch.mn/guide/print/61/481/decide_order