ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй Аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зохион байгуулалт

Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна.

Асуулт 1: Байгууллага хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтнаар ямар шаардлага хангасан хүнийг ажиллуулах ёстой вэ?

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтнаар инженер, техникийн болон эрүүл ахуйн боловсролтой, мэргэшсэн хүнийг ажиллуулна.

Асуулт 2: Аж ахуй нэгж, байгууллага заавал хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтан ажиллуулах шаардлагатай юу?

Үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж буй аж ахуйн нэгж, байгууллага 50-иас 100 хүртэл ажилтантай тохиолдолд нэг ба түүнээс дээш орон тооны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтантай, 100-аас дээш ажилтантай тохиолдолд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэцтэй байна. Харин ажлын байрны эрсдэлийн түвшин ихтэй уул уурхай, эрчим хүч, зам, барилгын салбар болон үйлдвэрлэлийн аюултай, хортой хүчин зүйлс бүхий аж ахуйн нэгж, байгууллагад ажилтны тооноос хамаарахгүйгээр нэг ба түүнээс дээш орон тооны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан ажиллуулна.

Асуулт 3: Байгууллагын ажилтны тоо хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан ажиллуулах орон тоонд хүрэхгүй тохиолдолд яах вэ?

Хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн, иргэд хоорондын гэрээгээр ажиллагчид, хоршоо, нөхөрлөлийн гишүүд, аж ахуйн нэгж, байгууллага, ажил олгогч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан ажиллуулах орон тоонд хүрээгүй тохиолдолд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг мэргэшсэн байгууллага, ажилтнаар гэрээгээр гүйцэтгүүлж болно

Асуулт 4: Аж ахуйн нэгж, байгууллагын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөл ямар зорилгоор ажилладаг вэ?

Аж ахуйн нэгж, байгууллагын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орон тооны бус зөвлөлийн зорилго нь тухайн байгууллагын түвшинд ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, эрүүл аюулгүй ажлын байрыг бий болгох, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, хууль тогтоомжийг хэрэгжилтийг хангуулах үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, дэмжлэг үзүүлэхэд чиглэгдэнэ.

Асуулт 5: Аж ахуйн нэгж, байгууллагын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийн бүрэлдэхүүн хэдэн гишүүнтэй байдаг вэ?

Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан буүртгэх орон тооны бус байнгын комиссыг ажил олгогчийн болон ажилтны төлөөлөл бүхий 3-аас доошгүй гишүүнтэйгээр тухайн байгууллага, ажил олгогчийн шийдвэрээр байгуулна. Тухайн байгууллагын ажилтны тооноос хамаарч бүрэлдэхүүний тоог тогтоох ба бүрэлдэхүүнд байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан, эрүүл ахуйч, эмч, хүний нөөцийн ажилтан зэрэг шаардлагатай ажил мэргэжлийн төлөөллийг оруулна.

 

 

 

 


http://e-khutuch.mn/guide/print/61/481/faq