ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх

Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх үйл ажиллагаа

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих төрийн захиргааны хяналтыг мэргэжлийн хяналтын улсын ерөнхий байцаагчийн эрх олгосон хөдөлмөрийн болон хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч гүйцэтгэнэ.

Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

  • ажлын байранд ашиглагдаж байгаа машин механизм, тоног төхөөрөмжийн аюулгүй байдал, техникийн паспортын хөтлөлтийн байдалд үзлэг шалгалт хийх;
  • аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан иргэн, ажилтны ажил, үүргийн гүйцэтгэлтэй танилцаж заавар, зөвлөгөө өгөх;
  • өргөх, тээвэрлэх механизм, даралтат сав, шугам хоолойд мэргэжлийн байгууллагаар туршилт, тохируулга, баталгаажуулалт хийлгэсэн эсэхийг шалгах;
  • ажлын тусгай хувцас, нэг бүрийн болон хамтын хамгаалах хэрэгслийн хангалт, хэрэглээний байдалтай танилцах;
  • үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх, ослын шалтгаан, хүчин зүйлийг тогтоосон байдалд хяналт тавих, энэ хуульд заасны дагуу үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын талаар дүгнэлт гаргах;
  • хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажиллуулах ажлын байр нь стандартад нийцэж байгаа эсэхийг шалгах;
  • хуульд заасан бусад бүрэн эрх.

Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

  • аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн эрүүл ахуйн ажлын зохион байгуулалттай танилцах, зөвлөгөө өгөх;
  • ажлын байрны хөдөлмөрийн нөхцөл нь эрүүл ахуйн шаардлага хангаж буй эсэхэд хяналт тавьж, дүгнэлт гаргах;
  • хөдөлмөрийн нөхцөлийн хэмжилт, судалгаанд хяналт тавих;
  • ажлын тусгай хувцас, нэг бүрийн болон хамтын хамгаалах хэрэгсэл нь аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлага хангаж байгаа эсэхэд хяналт тавих;
  • хуульд өөрөөр заагаагүй бол химийн хорт болон аюултай бодис, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, цацраг, биологийн идэвхт бодисын ашиглалт, хадгалалтад хяналт тавих;
  • ажилтанд зориулсан ахуйн байрны хүрэлцээ, эрүүл ахуйн шаардлага хангаж байгаа эсэх, хөдөлмөрлөх орчны сөрөг хүчин зүйлийн нөлөөллөөс хамгаалах арга хэмжээний үр дүнг шалгаж, зөвлөгөө өгөх;
  • эрүүл мэндийн урьдчилсан болон хугацаат үзлэг, мэргэжлээс шалтгаалсан болон ажилтай холбоотой өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг хөдөлмөрийн нөхцөлд хийсэн хэмжилт, шинжилгээний үзүүлэлттэй холбон үнэлэлт өгөх;
  • мэргэжлээс шалтгаалсан болон ажлын байрны нөхцөлтэй холбоотой өвчнийг тогтооход ажлын байрны нөхцөлийн талаар санал, дүгнэлт гаргах;
  • хуульд заасан бусад бүрэн эрх

Хөдөлмөрийн хяналтын болон хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч дараах нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

  • хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, стандартын шаардлагын талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх, хэрэгжилтийг хангуулах;
  • ажилтны эрүүл мэнд, амь насанд нь шууд аюул учруулах нөхцөл үүссэн тохиолдолд ажлаа зогсоох шаардлага тавих;
  • хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх хууль тогтоомжийн талаар илэрсэн зөрчлийг арилгуулах тодорхой хугацаатай шаардлагыг ажил олгогчид өгөх;
  • хөдөлмөрийн болон хамтын гэрээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлаар хүлээсэн үүргийн биелэлтийг аж ахуйн нэгж, байгууллагад шалгах, зөвлөгөө өгөх;
  • үйлдвэрлэлийн барилга байгууламж, машин механизм, тоног төхөөрөмжийг ашиглалтад хүлээн авах, туршилт хийх комиссын бүрэлдэхүүнд оролцох;
  • хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх хууль тогтоомжийг боловсронгуй болгох санал гаргах;
  • хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, хөдөлмөрийн болон хамтын гэрээ, хэлэлцээрт тусгагдсан асуудлаар үүссэн маргааныг хэлэлцэх, шийдвэрлэхэд оролцох;
  • хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах талаар тавьсан шаардлага болон хөдөлмөрийн нөхцөлийг дордуулсан, ажилтны эрүүл мэнд, амь насыг хамгаалах үүргээ биелүүлэхгүй байгаа албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх, шаардлагатай тохиолдолд холбогдох байгууллагад санал оруулах; 
  • хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх хууль тогтоомжийг удаа дараа зөрчсөн ажил олгогчийн тухайн үйлдвэрлэл, үйлчилгээг зогсоох буюу хориглох саналаа холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх;
  • аж ахуйн нэгж, байгууллага, түүний нэгж, хэсгийн болон ажлын байр, тоног төхөөрөмжийн үйл ажиллагаа нь ажилтны эрүүл мэндэд ноцтой хохирол учруулах нь тогтоогдсон тохиолдолд үйл ажиллагааг шууд зогсоох.

http://e-khutuch.mn/guide/print/61/482/advice