ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх

Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх үйл ажиллагаа

Хуулийн зохицуулалт

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3.1.10-т зааснаар ”хурц хордлого” гэж цацраг болон биологийн идэвхт бодис, химийн хорт бодисын нөлөөгөөр хурц, цочмог хэлбэрээр богино хугацаанд хордохыг хэлнэ. 

Мөн хуулийн 3.1.20-т зааснаар “үйлдвэрлэлийн осол” гэж хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг хэлнэ.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29-31 дүгээр зүйлд Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчин, хурц хордлого, тэдгээрийг судлан бүртгэх талаар зохицуулсан байдаг.

Таны судалсан байвал зохих хууль бусад эрх зүйн акт:

  • Монгол Улсын Үндсэн хууль /1992 он/ ЭНД дарж үзнэ үү.
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль /2008 он/ ЭНД   дарж үзнэ үү.
  • Хөдөлмөрийн сайдын 2015 оны 06 дугаар сарын 22 -ны өдрийн  дугаар А/114 дүгээр тушаалын хавсралт “Аж ахуйн нэгж, байгууллагын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийн ажиллах үлгэрчилсэн журам” ЭНД дарж үзнэ үү.
  • Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолын хавсралт ”Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм” ЭНД  дарж үзнэ үү.
  • Хөдөлмөрийн сайдын 2015 оны А/223  дугаар тушаалын хавсралт “Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх журам” ЭНД дарж үзнэ үү.
Асуудлыг шийдвэрлэх байгууллага

Аж ахуйн нэгж байгууллагын Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын шалтгааныг тогтоох акт, дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус комисс ажиллуулна. Тус комиссын гаргасан үйлдвэрлэлийн ослын актыг хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч, хурц хордлогын дүгнэлтийг хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч тус тус хянана. 

Асуудлыг шийдвэрлэх дараалал

Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын үед авах арга хэмжээ:

Ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн иргэн, ажилтныг өөрийн зардлаар эмнэлэгт хүргэх, шаардлагатай үзлэг шинжилгээний зардлыг хариуцах, осол, хурц хордлогын хор уршгийг арилгах арга хэмжээг 24 цагийн дотор авна.

Ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарах бүрд Засгийн газраас тогтоосон журмын дагуу осол, хурц хордлогыг тогтоох, судлан бүртгэх үүрэгтэй бөгөөд осол, хурц хордлогын шалтгааныг тогтоох акт, дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус байнгын комиссыг байгуулж ажиллуулна.

Тус үйлдвэрлэлийн ослын актыг хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч, хурц хордлогын дүгнэлтийг хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч тус тус хянана.

Ослын акт, хурц хордлогын дүгнэлтийг хянасан улсын байцаагч дараах шийдвэрийн аль нэгийг гаргана:

  • ослын акт, хурц хордлогын дүгнэлтийг зөвшөөрч баталгаажуулах;
  • ослын акт, хурц хордлогын дүгнэлтийг зөвшөөрөөгүй бол дүгнэлт гаргах.

Ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын шалтгааныг тогтоох акт, дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус байнгын комиссыг байгуулж ажиллуулах үүргээ биелүүлээгүй, эсхүл үйлдвэрлэлийн осол гарсан, хурц хордлогод өртсөн дүгнэлтийг иргэн, ажилтан зөвшөөрөхгүй бол гомдлоо хөдөлмөрийн мэргэжлийн хяналтын байгууллага болон шүүхэд гаргаж холбогдох хуулийн дагуу шийдвэрлүүлнэ.

Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судалж бүртгэх зардлыг осол гарсан аж ахуйн нэгж, байгууллага хариуцна.

Ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, хурц хордлогын тухай мэдээг тогтоосон журмын дагуу аймаг, нийслэл, сум, дүүргийн статистикийн байгууллагад мэдээлнэ.

Ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг нуун дарагдуулахыг хориглоно.

Мэргэжлээс шалтгаалах өвчин, түүнтэй холбогдсон хөдөлмөр зохицуулалт:

Мэргэжлээс шалтгаалах өвчний жагсаалтыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална. ЭНД  дарж үзнэ үү.

Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас бий болсон хөдөлмөрийн чадвар алдалт, түүний хувь хэмжээ, хугацааг Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс шийдвэрлэнэ.

Мэргэжлээс шалтгаалсан өвчнийг бүртгэх, мэдээлэх журмыг эрүүл мэндийн болон хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална. ЭНД дарж үзнэ үү.

Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ:

 Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг стандартын асуудал эрхэлсэн байгууллагын итгэмжлэл бүхий мэргэжлийн байгууллага батлагдсан журмын дагуу хийнэ.

Ажил олгогч нь ажлын байр шинээр бий болгох болон тухайн ажлын байрны үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэл, нөхцөл өөрчлөгдөх бүрт нь, химийн хорт болон аюултай бодис агуулсан түүхий эд, материал ашиглан үйл ажиллагаа явуулж байгаа бол жилд нэгээс доошгүй удаа ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг тус тус хийлгэнэ.

Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх журмыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална. “Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх журам” ЭНД  дарж үзнэ үү/.

Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх:

Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийг Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа ажил олгогч, иргэд, хуульд өөрөөр заагаагүй бол гадаадын иргэн, харьяалалгүй хүн, гадаадын болон гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд нэгэн адил мөрдөнө.

Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн ажилтан, иргэн (цаашид "осолдогч" гэх)-д анхан шатны тусламж үзүүлэх, эмнэлэгт хүргэх, эрүүл мэндийн яаралтай шинжилгээ хийлгэх болон осол, хордлогын улмаас бий болсон аюултай нөхцөл байдлыг шуурхай арилган, судлан бүртгэхэд шаардагдах зардлыг ажил олгогч бүрэн хариуцна.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29.2-т заасны дагуу ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын шалтгааныг судлан бүртгэсэн акт, дүгнэлт гаргах эрх, үүрэг бүхий орон тооны бус байнгын комиссыг байгуулж ажиллуулна.

Иргэн, хуулийн этгээд нь гэрээгээр ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх, машин механизм, тоног төхөөрөмж түрээслэх буюу бусад хэлбэрээр ашиглах үед гарсан үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг хэрхэн судлан бүртгэх талаар холбогдох гэрээнд тодорхой тусгасан байна. Энэ талаар гэрээнд тусгаагүй бол ажил гүйцэтгүүлэгч нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарсан тохиолдолд түүнийг судлан бүртгэнэ.

Батлан хамгаалах, цагдаа, онцгой байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх болон тахарын албанд гарсан үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг энэхүү дүрмийн дагуу судлан бүртгэнэ.

Осолдогч ажил, үүргээ гүйцэтгэж байх үедээ зам тээврийн осолд орсон тохиолдолд ослыг замын цагдаагийн байгууллагын дүгнэлтийн дагуу хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч судалж баталгаажуулна.

Гадаадад ажиллах хүч, мэргэжилтэн гаргах эрх бүхий байгууллага, аж ахуйн нэгжээр зуучлуулан гадаадад ажиллаж байгаа иргэн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн тохиолдолд хуульд өөрөөр заагаагүй бол тухайн улсын хууль тогтоомжийн дагуу үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэнэ.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 4.1-д заасан хөдөлмөр эрхлэгч иргэн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод дараах тохиолдолд өртсөний улмаас гэмтсэн, өвчилсөн, эсхүл амь насаа алдсан бол акт тогтооно:

  • ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үед;
  • ажил олгогч болон эрх бүхий бусад байгууллагаас гаргасан шийдвэрийн дагуу албан томилолтоор буюу дайчилгаагаар ажил, үүргээ гүйцэтгэж байх үед;
  • ажлын байр, нэгж, хэсэг, салбарын хооронд байнга явж ажил, үүрэг гүйцэтгэдэг ажилтан ажлын цагаар бүх төрлийн тээврийн хэрэгсэл, ердийн хөсгөөр буюу явган явж байх үед;
  • ажилтан ажил эхлэхийн өмнө болон дууссаны дараа ажлын байрандаа амрах, багаж хэрэгслээ эмхэлж цэгцлэх, хувцсаа солих, усанд орох, ажил хүлээлцэх үед; 
  • ажилтан ажилдаа ирэх, буцах зам (ажлын байр болон ажилтай холбоотой сургалтад оролцож байгаа, түр болон байнга оршин суудаг газар, голлон хооллодог, цалингаа авдаг газрын хооронд)-даа бүх төрлийн тээврийн хэрэгсэл, ердийн хөсгөөр буюу явган явж байх үед /Энэ ослыг судлан бүртгэхдээ дурдсан нөхцөл байдлын  чиглэл, маршрут, цаг хугацаа зэргийг үндэс болгоно./
  • ажил, үүргээ гүйцэтгэх үед байгаль, цаг уур, гал, усны гэнэтийн аюул, цацраг идэвхит болон химийн бодисын нөлөөлөл, биологийн гаралтай гоц халдварт өвчин үүсгэгч, хөнөөх хэрэгсэл, сүйрэл, дэлбэрэлт зэрэг гамшгийн үед.

Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны горимыг санаатай зөрчсөн болон согтууруулах ундаа мансууруулах бодис хэрэглэсний улмаас осолд өртсөн, гэмт хэрэг үйлдэх үед өөрийн биед гэмтэл учруулсан нь нотлогдсон тохиолдолд орон тооны бус байнгын комисс нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн актад энэ тухай тусгайлан тэмдэглэнэ.

Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх орон тооны бус байнгын комисс, түүний ажиллах журам:

Ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх орон тооны бус байнгын комиссыг ажил олгогчийн болон ажилтны төлөөлөл бүхий 3-аас доошгүй гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж ажиллуулна.  Комиссын даргыг ажил олгогч томилно.

Хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээгээр ажил, үүрэг гүйцэтгэгч,  жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч болон хувиараа хөдөлмөр эрхлэгч, хоршоо, нөхөрлөлийн гишүүн хөдөлмөр эрхлэх явцад үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн тохиолдолд тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын захирамжаар байгуулсан (Засаг даргын Тамгын газраас нэг, ажил олгогч болон ажилтны төлөөллөөс тус бүр хоёр хүний бүрэлдэхүүнтэй) комисс тухайн гарсан осол, хордлогыг судлан бүртгэж, акт тогтооно.

Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын онцлог, бий болсон нөхцөлөөс хамааран дээр заасан комиссын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж болно.

Томилолтоор буюу гэрээгээр, эсхүл дайчилгаагаар ажил, үүрэг гүйцэтгэж байгаа иргэн (ажилтан, шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба болон цагдаагийн байгууллагын ажилтан, цэргийн жинхэнэ алба хаагч, цэргийн сургуулийн сонсогч, хоригдол), дадлага хийж байгаа суралцагч үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн тохиолдолд осол гарсан байгууллагын ажил олгогч үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх бөгөөд комиссын бүрэлдэхүүнд харьяалах байгууллагын төлөөллийг оролцуулна.

Ажил олгогч Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого судлан бүртгэх орон тооны бус байнгын комиссын гишүүдэд урамшуулал олгоно.

Комисс нь осолдогчийг нийгмийн даатгалд хамрагдсан эсэхийг үл харгалзан мөн дүрмийн 1 дүгээр хавсралтаар баталсан "Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт")-ын дагуу судлан бүртгэнэ.

Комисс нь шаардлагатай тохиолдолд үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын шалтгаан, хүчин зүйлийн талаар тухайн чиглэлээр төрөлжсөн мэргэжлийн хяналтын байцаагч болон ажил олгогчоос хараат бус мэргэжилтэн, шинжээч, мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулж болно.

Комисс нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарснаас хойш 48 цагийн дотор судлан бүртгэх бөгөөд акт үйлдэн комиссын дарга, гишүүд гарын үсэг зурж, байгууллагын тамга, тэмдэг дарсан байна.

Ажил олгогч үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан  бүртгэж дууссанаас хойш ажлын 3 өдөрт багтаан холбогдох актыг хөдөлмөрийн болон хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагчид хүргүүлнэ.

Үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэсэн актыг хөдөлмөрийн хяналтын, хурц хордлогыг судлан бүртгэсэн актыг хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч ажлын 5 хоногт багтаан тус тус хянан баталгаажуулна.

Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын улмаас хүний амь нас хохирсон тохиолдолд хөдөлмөрийн болон хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч тусгайлан дүгнэлт гаргана.

Хөдөлмөрийн болон хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч ослыг судлан бүртгэхэд шаардагдах зардал (тээвэр, холбоо гэх мэт)-ыг ажил олгогч хариуцна.

Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судалж бүртгэсэн акт, дүгнэлтийг 4 хувь үйлдэж, харьяа нийгмийн даатгалын хэлтэс, орон нутгийн хөдөлмөрийн болон хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагчид хүргүүлэх бөгөөд осолдогч буюу түүний гэр бүлд үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судалж бүртгэсэн актыг өгнө.

Комисс нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судалж бүртгэсэн акт, дүгнэлтийн хувийг архивын нэгж болгон хадгална.

Ноцтой хор аюул, хохирол ихтэй үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарсан тохиолдолд тухай бүр Засгийн газраас томилсон комисс судлан бүртгэнэ.

Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын улмаас ажилтны эрүүл мэндэд хүнд гэмтэл, бэртэл учирсан, нас барсны улмаас мэргэжлийн байгууллагын шинжилгээ, магадлагаа шаардлагатай бол ажлын 21 хоногийн дотор судлан бүртгэнэ.

Комиссын эрх, үүрэг: Комисс нь дараах эрхтэй байна:

  • үйлдвэрлэл, үйлчилгээний талбай болон ажлын байранд нэвтрэн орж, үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын нөхцөл байдалтай биечлэн танилцах;
  • мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө, тусламж авах зорилгоор шаардлагатай тохиолдолд үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх ажиллагаанд мэргэжилтэн, шинжээч оролцуулах, ослын талаар техникийн тооцоо, лабораторийн шинжилгээ, туршилт хийлгүүлэх, осол гарсан ажлын байрны эрсдэлийн үнэлгээг дахин хийлгэж, дүгнэлт гаргуулах;
  • осолдогч болон осол, хурц хордлого гарах үед байсан гэрч, бусад этгээдээс тайлбар, мэдээлэл, ярилцлага авах, холбогдох бичиг баримттай танилцах;
  • үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх явцад шаардлагатай ажлын байр, техник хэрэгсэл, унаагаар хангуулах.

Комисс нь дараах үүргийг гүйцэтгэнэ:

  • нөхцөл байдалтай газар дээр нь танилцан, судалж бүртгэх үйл ажиллагааг эхлүүлэх;
  • үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарахад хүргэж болзошгүй бөгөөд бусдын амь нас, эрүүл мэндэд аюултай, ажлын байрны хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан, орчны аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх хүчин зүйлийг арилгах арга хэмжээг шуурхай зохион байгуулах талаар ажил олгогчид шаардлага тавих, зөвлөмж өгөх;
  • үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх явцад гарсан иргэдийн гомдол, санал, хүсэлтийг хүлээн авч, ажлын 3 хоногийн дотор магадлан шалгаж шийдвэрлэх;
  • үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын шалтгаан, хүчин зүйлийг судлан бүртгэсэн акт, дүгнэлтийг үндэслэн нийт ажилтнуудад осол, хурц хордлого гарсан шалтгаан, нөхцөл болон цаашид үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар мэдээлэл өгч, сэрэмжлүүлэх арга хэмжээг нэн даруй авах, ажил олгогчид шаардлага, зөвлөмж хүргүүлэх.

Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэхэд бүрдүүлэх бичиг баримт:

Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэхэд дараах бичиг баримтыг бүрдүүлнэ:

  • осолдогч тус бүрээр гаргасан үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын акт;
  • осолдогчоос авсан тайлбар, ярилцлагын тэмдэглэл, осолдогч нас барсан тохиолдолд гэрчийн тодорхойлолт, түүний ярилцлагын тэмдэглэл;
  • үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарсан ажлын байр, тоног төхөөрөмж, техник, багаж хэрэгслийн гэрэл зураг болон бүдүүвч зураг, схем, дүрс бичлэг;
  • үйлдвэрлэлийн осол, хурц хордлоготой холбоотой асуудлаар холбогдох хүмүүсээс авсан мэдээлэл, ярилцлагын тэмдэглэл;
  • осолдогчийн ажилд орсон тухай шийдвэр, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, аюулгүй ажиллагааны зааварчилгаа авч байсан бүртгэл, сургалтад хамрагдсаныг гэрчлэх болон бусад шаардлагатай баримтын хуулбар;
  • осолдогчид олгосон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийн баримтын хуулбар;
  • аюулгүй ажиллагааны дүрэм, журам, заавар, тушаал, хууль тогтоомжийн холбогдох хэсгийн  хуулбар;
  • тухайн ажлын байранд хийсэн эрсдэлийн үнэлгээний хуулбар;
  • үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын талаар яаралтай мэдэгдэх хуудас.

Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын улмаас ажилтны эрүүл мэндэд хүнд гэмтэл, бэртэл учирсан, нас барсны улмаас мэргэжлийн байгууллагын шинжилгээ, магадлагаа шаардлагатай бол ажлын 21 хоногийн дотор судлан бүртгэх тохиолдлыг судлан бүртгэхэд дараах бичиг баримтыг актад хавсаргана:

  • үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын улмаас учирсан гэмтлийн зэрэг, эмнэлгийн болон мэргэжлийн байгууллагын шинжээчийн дүгнэлт, лабораторийн шинжилгээ, туршилтын дүн;
  • хөдөлмөрийн болон хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт (дүгнэлт гарсан тохиолдолд);
  • холбогдох хяналтын улсын байцаагч, мэргэжилтэн, шинжээч болон мэргэжлийн байгууллагын дүгнэлт (дүгнэлт гарсан тохиолдолд);
  • осолдогч нас барсан тохиолдолд цогцост задлан шинжилгээ хийсэн тухай шүүх эмнэлгийн дүгнэлт;
  • хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоосон акт.


Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарсан тухай мэдээлэх, тайлан гаргах:

Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарсан талаар осолдогч өөрөө, эсхүл осол, хордлогыг анх харсан этгээд ажил олгогчид нэн даруй мэдээлнэ.
Ажил олгогч (комисс) нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын талаар дараах байгууллагад энэхүү дүрмийн 2 дугаар хавсралтаар баталсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын тухай яаралтай мэдэгдэх хуудас”-ын дагуу бичгээр болон утсаар мэдэгдэнэ:

  • осолдогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын хэмжээнээс үл хамааран орон нутгийн мэргэжлийн хяналтын байгууллагад;
  • үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын улмаас хүний амь нас хохирсон тохиолдолд цагдаагийн байгууллагад.

Ажил олгогч (комисс) нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын талаарх мэдээллийг хүлээн авмагц осолдогчид анхан шатны тусламж үзүүлж, эмнэлэгт хүргүүлнэ.

Ажил олгогч нь цагдаа, хөдөлмөрийн болон хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын байцаагч, комисс судалгаа, шинжилгээ хийх хүртэлх хугацаанд үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарсан ажлын байрыг хамгаалалтад авна.

Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарсан ажлын байрыг хамгаалалтад авах нь ажлын байрны хэвийн үйл ажиллагааг алдагдуулах, эсхүл бусад ажилтны эрүүл мэнд, орчны аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхөөр бол ажил олгогч нөхцөл байдлыг дүрс бичлэг, гэрэл зураг болон бүдүүвч зургаар баримтжуулсан байна.

Ажил олгогч, комисс нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын талаарх мэдээг Үндэсний статистикийн хорооноос баталсан маягтын дагуу тухайн орон нутгийн мэргэжлийн хяналтын байгууллагад ажлын 3 хоногийн дотор хүргүүлнэ.

Ажил олгогч (комисс)-оос ирүүлсэн мэдээг хөдөлмөрийн болон хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч батлагдсан маягтын дагуу сар бүр нэгтгэн гаргаж, дараа сарын 2-ны дотор Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт тус тус хүргүүлнэ.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар нь дээрх мэдээг нэгтгэн тайлан бэлтгэж, хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Үндэсний статистикийн хороонд дараа сарын 05-ны дотор хүргүүлнэ.

Үйлдвэрлэлийн осол, хурц хордлоготой холбогдсон маргааныг шийдвэрлэх:

Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын талаарх акт, дүгнэлтийг ажил олгогч болон осолдогч (осолдогч нас барсан тохиолдолд түүний гэр бүл) зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлоо Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт, эсхүл шүүхэд хандан гаргаж, холбогдох хуулийн дагуу шийдвэрлүүлнэ.

Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарснаас хойш 6 сарын хугацаа өнгөрсөн тохиолдолд акт, дүгнэлт нөхөн гаргахгүй.

Хөдөлмөрийн болон хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч энэхүү дүрмийн 3.1, 3.2-т заасан комиссоос гаргасан үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд дүгнэлтээ тусад нь гаргана. Энэ тохиолдолд комиссоос гаргасан акт, дүгнэлтийн баталгаажуулах хэсэгт “хүлээн зөвшөөрөөгүй” гэсэн тэмдэглэгээ хийж, ургийн овог, эцэг (эх)-ийн болон өөрийн нэрээ бичиж, гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарна.

Асуудлыг шийдвэрлэх хугацаа

Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх орон тооны бус байнгын комисс нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарснаас хойш 48 цагийн дотор судлан бүртгэх бөгөөд акт үйлдэн комиссын дарга, гишүүд гарын үсэг зурж, байгууллагын тамга, тэмдэг дарна.

Ажил олгогч үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан  бүртгэж дууссанаас хойш ажлын 3 өдөрт багтаан холбогдох актыг хөдөлмөрийн болон хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагчид хүргүүлнэ.

Үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэсэн актыг хөдөлмөрийн хяналтын, хурц хордлогыг судлан бүртгэсэн актыг хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч ажлын 5 хоногт багтаан тус тус хянан баталгаажуулна.

Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын улмаас ажилтны эрүүл мэндэд хүнд гэмтэл, бэртэл учирсан, нас барсны улмаас мэргэжлийн байгууллагын шинжилгээ, магадалгаа шаардлагатай бол ажлын 21 хоногийн дотор судлан бүртгэнэ.

Асуудлыг шийдвэрлээгүй тохиолдолд гомдол гаргах

Ажилтан та үйлдвэрлэлийн осол гарсан, хурц хордлогод өртсөн дүгнэлтийг зөвшөөрөхгүй бол гомдлоо Мэргэжлийн хяналтын байгууллага болон шүүхэд гаргаж холбогдох хуулийн дагуу шийдвэрлүүлнэ.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих төрийн захиргааны хяналтыг мэргэжлийн хяналтын улсын ерөнхий байцаагчийн эрх олгосон хөдөлмөрийн болон хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч гүйцэтгэнэ.

Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

  • ажлын байранд ашиглагдаж байгаа машин механизм, тоног төхөөрөмжийн аюулгүй байдал, техникийн паспортын хөтлөлтийн байдалд үзлэг шалгалт хийх;
  • аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан иргэн, ажилтны ажил, үүргийн гүйцэтгэлтэй танилцаж заавар, зөвлөгөө өгөх;
  • өргөх, тээвэрлэх механизм, даралтат сав, шугам хоолойд мэргэжлийн байгууллагаар туршилт, тохируулга, баталгаажуулалт хийлгэсэн эсэхийг шалгах;
  • ажлын тусгай хувцас, нэг бүрийн болон хамтын хамгаалах хэрэгслийн хангалт, хэрэглээний байдалтай танилцах;
  • үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх, ослын шалтгаан, хүчин зүйлийг тогтоосон байдалд хяналт тавих, энэ хуульд заасны дагуу үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын талаар дүгнэлт гаргах;
  • хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажиллуулах ажлын байр нь стандартад нийцэж байгаа эсэхийг шалгах;
  • хуульд заасан бусад бүрэн эрх.

Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

  • аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн эрүүл ахуйн ажлын зохион байгуулалттай танилцах, зөвлөгөө өгөх;
  • ажлын байрны хөдөлмөрийн нөхцөл нь эрүүл ахуйн шаардлага хангаж буй эсэхэд хяналт тавьж, дүгнэлт гаргах;
  • хөдөлмөрийн нөхцөлийн хэмжилт, судалгаанд хяналт тавих;
  • ажлын тусгай хувцас, нэг бүрийн болон хамтын хамгаалах хэрэгсэл нь аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлага хангаж байгаа эсэхэд хяналт тавих;
  • хуульд өөрөөр заагаагүй бол химийн хорт болон аюултай бодис, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, цацраг, биологийн идэвхт бодисын ашиглалт, хадгалалтад хяналт тавих;
  • ажилтанд зориулсан ахуйн байрны хүрэлцээ, эрүүл ахуйн шаардлага хангаж байгаа эсэх, хөдөлмөрлөх орчны сөрөг хүчин зүйлийн нөлөөллөөс хамгаалах арга хэмжээний үр дүнг шалгаж, зөвлөгөө өгөх;
  • эрүүл мэндийн урьдчилсан болон хугацаат үзлэг, мэргэжлээс шалтгаалсан болон ажилтай холбоотой өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг хөдөлмөрийн нөхцөлд хийсэн хэмжилт, шинжилгээний үзүүлэлттэй холбон үнэлэлт өгөх;
  • мэргэжлээс шалтгаалсан болон ажлын байрны нөхцөлтэй холбоотой өвчнийг тогтооход ажлын байрны нөхцөлийн талаар санал, дүгнэлт гаргах;
  • хуульд заасан бусад бүрэн эрх

Хөдөлмөрийн хяналтын болон хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч дараах нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

  • хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, стандартын шаардлагын талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх, хэрэгжилтийг хангуулах;
  • ажилтны эрүүл мэнд, амь насанд нь шууд аюул учруулах нөхцөл үүссэн тохиолдолд ажлаа зогсоох шаардлага тавих;
  • хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх хууль тогтоомжийн талаар илэрсэн зөрчлийг арилгуулах тодорхой хугацаатай шаардлагыг ажил олгогчид өгөх;
  • хөдөлмөрийн болон хамтын гэрээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлаар хүлээсэн үүргийн биелэлтийг аж ахуйн нэгж, байгууллагад шалгах, зөвлөгөө өгөх;
  • үйлдвэрлэлийн барилга байгууламж, машин механизм, тоног төхөөрөмжийг ашиглалтад хүлээн авах, туршилт хийх комиссын бүрэлдэхүүнд оролцох;
  • хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх хууль тогтоомжийг боловсронгуй болгох санал гаргах;
  • хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, хөдөлмөрийн болон хамтын гэрээ, хэлэлцээрт тусгагдсан асуудлаар үүссэн маргааныг хэлэлцэх, шийдвэрлэхэд оролцох;
  • хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах талаар тавьсан шаардлага болон хөдөлмөрийн нөхцөлийг дордуулсан, ажилтны эрүүл мэнд, амь насыг хамгаалах үүргээ биелүүлэхгүй байгаа албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх, шаардлагатай тохиолдолд холбогдох байгууллагад санал оруулах; 
  • хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх хууль тогтоомжийг удаа дараа зөрчсөн ажил олгогчийн тухайн үйлдвэрлэл, үйлчилгээг зогсоох буюу хориглох саналаа холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх;
  • аж ахуйн нэгж, байгууллага, түүний нэгж, хэсгийн болон ажлын байр, тоног төхөөрөмжийн үйл ажиллагаа нь ажилтны эрүүл мэндэд ноцтой хохирол учруулах нь тогтоогдсон тохиолдолд үйл ажиллагааг шууд зогсоох.

Асуулт 1: Үйлдвэрлэлийн осолд орсон ажилтан тухайн акттай санал нийлэхгүй бол холбогдох гомдлыг хаана гаргадаг вэ?

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ажил олгогч энэ зүйлийн 29.1, 29.2-т заасан үүргээ биелүүлээгүй, эсхүл үйлдвэрлэлийн осол гарсан, хурц хордлогод өртсөн дүгнэлтийг иргэн, ажилтан зөвшөөрөхгүй бол гомдлоо хөдөлмөрийн мэргэжлийн хяналтын байгууллага болон шүүхэд гаргаж холбогдох хуулийн дагуу шийдвэрлүүлнэ.

Асуулт 2: Үйлдвэрлэлийн осолд орсон тохиолдолд эмнэлгийн үзлэг, шинжилгээний зардлыг байгууллага хариуцах уу?

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн иргэн, ажилтныг өөрийн зардлаар эмнэлэгт хүргэх, шаардлагатай үзлэг шинжилгээний зардлыг хариуцах, осол, хурц хордлогын хор уршгийг арилгах арга хэмжээг 24 цагийн дотор авна.

Асуулт 3: Ямар ослын тохиолдлыг үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гэж үзэх вэ?  

Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх журмын 2.1. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 4.1-д заасан хөдөлмөр эрхлэгч иргэн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод дараах тохиолдолд өртсөний улмаас гэмтсэн, өвчилсөн, эсхүл амь насаа алдсан бол акт тогтооно:

2.1.1. ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үед;

2.1.2. ажил олгогч болон эрх бүхий бусад байгууллагаас гаргасан шийдвэрийн дагуу албан томилолтоор буюу дайчилгаагаар ажил, үүргээ гүйцэтгэж байх үед;

2.1.3. ажлын байр, нэгж, хэсэг, салбарын хооронд байнга явж ажил, үүрэг гүйцэтгэдэг ажилтан ажлын цагаар бүх төрлийн тээврийн хэрэгсэл, ердийн хөсгөөр буюу явган явж байх үед;

2.1.4. ажилтан ажил эхлэхийн өмнө болон дууссаны дараа ажлын байрандаа амрах, багаж хэрэгслээ эмхэлж цэгцлэх, хувцсаа солих, усанд орох, ажил хүлээлцэх үед; 

2.1.5. ажилтан ажилдаа ирэх, буцах зам (ажлын байр болон ажилтай холбоотой сургалтад оролцож байгаа, түр болон байнга оршин суудаг газар, голлон хооллодог, цалингаа авдаг газрын хооронд)-даа бүх төрлийн тээврийн хэрэгсэл, ердийн хөсгөөр буюу явган явж байх үед;

Тайлбар: Энэ ослыг судлан бүртгэхдээ энэхүү дүрмийн 2.1.5-д дурдсан нөхцөл байдлын  чиглэл, маршрут, цаг хугацаа зэргийг үндэс болгоно.

2.1.6. ажил, үүргээ гүйцэтгэх үед байгаль, цаг уур, гал, усны гэнэтийн аюул, цацраг идэвхит болон химийн бодисын нөлөөлөл, биологийн гаралтай гоц халдварт өвчин үүсгэгч, хөнөөх хэрэгсэл, сүйрэл, дэлбэрэлт зэрэг гамшгийн үед.

2.2. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны горимыг санаатай зөрчсөн болон согтууруулах ундаа мансууруулах бодис хэрэглэсний улмаас осолд өртсөн, гэмт хэрэг үйлдэх үед өөрийн биед гэмтэл учруулсан нь нотлогдсон тохиолдолд орон тооны бус байнгын комисс нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн актад энэ тухай тусгайлан тэмдэглэнэ.

Асуулт 4: Гэрээгээр ажил гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгж үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарсан тохиолдолд судлан бүртгэх үүрэг хүлээх үү?

Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх журмын 1.7-т зааснаар Иргэн, хуулийн этгээд нь гэрээгээр ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх, машин механизм, тоног төхөөрөмж түрээслэх буюу бусад хэлбэрээр ашиглах үед гарсан үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг хэрхэн судлан бүртгэх талаар холбогдох гэрээнд тодорхой тусгасан байна. Энэ талаар гэрээнд тусгаагүй бол ажил гүйцэтгүүлэгч нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарсан тохиолдолд түүнийг судлан бүртгэнэ.

Асуулт 5: Үйлдвэрлэлийн осол гарснаас хойш хэдий хугацаанд акт нөхөн гаргадаг вэ?

Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх журмын 7.2-т зааснаар Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарснаас хойш 6 сарын хугацаа өнгөрсөн тохиолдолд акт, дүгнэлт нөхөн гаргахгүй.


http://e-khutuch.mn/guide/print/61/482/all