ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөр

Нийгмийн даатгалын тухай хуульд заасны дагуу үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулагчид нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж тогтоож олгох, төлбөр өгөх үйл ажиллагаа

Тахир дутуугийн тэтгэвэрийг дараах тохиолдолд авах эрх үүснэ.

  • ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үед;
  • ажил олгогч болон эрх бүхий бусад байгууллагаас гаргасан шийдвэрийн дагуу албан томилолтоор буюу дайчилгаагаар ажил, үүргээ гүйцэтгэж байх үед;
  • ажлын байр, нэгж, хэсэг, салбарын хооронд байнга явж ажил, үүрэг гүйцэтгэдэг ажилтан ажлын цагаар бүх төрлийн тээврийн хэрэгсэл, ердийн хөсгөөр буюу явган явж байх үед;
  • ажилтан ажил эхлэхийн өмнө болон дууссаны дараа ажлын байрандаа амрах, багаж хэрэгслээ эмхэлж цэгцлэх, хувцсаа солих, усанд орох, ажил хүлээлцэх үед; 
  • ажилтан ажилдаа ирэх, буцах зам (ажлын байр болон ажилтай холбоотой сургалтад оролцож байгаа, түр болон байнга оршин суудаг газар, голлон хооллодог, цалингаа авдаг газрын хооронд)-даа бүх төрлийн тээврийн хэрэгсэл, ердийн хөсгөөр буюу явган явж байх үед;
  • ажил, үүргээ гүйцэтгэх үед байгаль, цаг уур, гал, усны гэнэтийн аюул, цацраг идэвхт болон химийн бодисын нөлөөлөл, биологийн гаралтай гоц халдварт өвчин үүсгэгч, хөнөөх хэрэгсэл, сүйрэл, дэлбэрэлт зэрэг гамшгийн үед.

Бүрдүүлэх бичиг баримт:

  • Нийгмийн даатгалын дэвтэр
  • 1995 оноос өмнө ажиллаж байсан даатгуулагч хөдөлмөрийн дэвтэр
  • Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын акт
  • Үйлдвэрлэлийн ослын акт
  • Даатгуулагчийн иргэний үнэмлэх
  • 2 хувь цээж зураг /3x4/
  • Өргөдөл
  • үйлдвэрлэлийн ослын акт буюу мэргэжлээс шалтгаалсан өвчний тодорхойлолт

Тахир дутуугийн тэтгэврийг даатгуулагчийн сарын дундаж хөдөлмөрийн хөлс, орлогоос үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 10 хүртэл хувиар алдсан бол 10 хувиар, 10-аас дээш хувиар алдсан бол хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээгээр тогтооно.

  1. Эмнэлэг хөдөлмөрийн магадалгааг хүндэтгэн үзэх шалтгаанаар тогтоолгож чадаагүй байсан даатгуулагчийн тахир дутуу болсныг нөхөн тогтоосон бол 6 сараас илүүгүй хугацааны тэтгэврийг нөхөн олгоно.
  2. Даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар нь нөхөн сэргээгдэхгүйгээр тогтоогдсон бол тухайн хугацааны тэтгэврийг бүрэн нөхөж олгоно.

Жишээ нь: Даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн сарын орлого 700000 төгрөг.

а/ Хөдөлмөрийн чадвараа 75 хувиар алдсан бол: Тахир дутуугийн тэтгэвэр: 700000 х 75% = 525000

б/ Хөдөлмөрийн чадвараа 55 хувиар алдсан бол: Тахир дутуугийн тэтгэвэр: 700000 х 55% = 385000

Хөдөлмөрийн чадвараа 75 хувиар алдсан бол 525000 төгрөг, 55 хувиар алдсан бол 385000 төгрөг сар бүр авна.

Тэжээгчээ алдсаны тэтгэвэр: Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас даатгуулагч нас барсан бол түүний асрамжид байсан гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй.

Бүрдүүлэх бичиг баримт:

  • Нийгмийн даатгалын дэвтэр
  • Хөдөлмөрийн дэвтэр
  • Хугацаат цэргийн албыг байлдагч, түрүүчээр хаасан бол цэргийн батлах, эсхүл архивын лавлагаа
  • 1995 оноос өмнөх 5 жилийн цалин хөлсийг сонгосон тохиолдолд цалин хөлсний тодорхойлолт эсхүл архивын лавлагаа
  • Гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүдийн төрсний гэрчилгээ, ам бүлийн тодорхойлолт
  • Гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүн нь төрөлхийн буюу 16 нас хүрээгүй байхдаа тахир дутуу болсон бол хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон тухай Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын акт
  • Гэрлэлтийн баталгаа, түүний хуулбар, эсхүл хамтын амьдралтай байсан эсэхийг тогтоосон шүүхийн шийдвэр
  • Тэжээгчийн нас барсан тухай гэрчилгээ
  • Үйлдвэрлэлийн ослын акт буюу мэргэжлээс шалтгаалсан өвчний тодорхойлолт
  • Тэтгэвэр тогтоолгохыг хүссэн өргөдөл
  • Иргэний үнэмлэх
  • 2 хувь цээж зураг /3x4/

Тэжээгчээ алдсаны тэтгэврийг нас барсан даатгуулагчийн авч байсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос дор дурдсан хувь хэмжээгээр тогтооно.   

Гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүдийн тоо

Тэтгэвэр бодох хувь хэмжээ

3, түүнээс дээш

100

2

75

1

50

Жишээ нь: Даатгуулагчийн шимтгэл төлсөн орлого 700000 төгрөг.

а/ Ар гэрт нь хөдөлмөрийн чадваргүй 3 хүн үлдсэн тохиолдолд: 700000 х 100% = 700000 төгрөг

а/ Ар гэрт нь хөдөлмөрийн чадваргүй 2 хүн үлдсэн тохиолдолд: 700000х 75% = 525000 төгрөг

а/ Ар гэрт нь хөдөлмөрийн чадваргүй 1 хүн үлдсэн тохиолдолд: 700000 х 50% = 350000 төгрөг


Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж: Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдсан даатгуулагч хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авах эрхтэй.

Бүрдүүлэх бичиг баримт:

  • Нийгмийн даатгалын дэвтэр
  • Эмнэлгийн хуудас
  • Үйлдвэрлэлийн ослын акт буюу мэргэжлээс шалтгаалсан өвчний тодорхойлолт

Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдсан даатгуулагчид хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг шимтгэл төлж ажилласан хугацааг үл харгалзан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 100 хувиар бодож олгоно.

Жишээ нь: Үйлдвэрлэлийн осол эсвэл мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас 10 хоног эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, эмнэлгийн хуудас бичүүлэн авсан бол даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмжийг дараах байдлаар тооцож олгоно. Шимтгэл төлсөн сарын орлого 700000 төгрөг гэвэл:

1  өдөрт ногдох цалин хөлс 700000/ 21.2 = 33018

1  өдөрт ногдох тэтгэмж 33018 х 100 = 33018

8  хоногийн тэтгэмж 33018 х 8 хоног = 264144 төгрөг

Даатгуулагч 10 хоногт эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, ажиллаагүй  хугацаандаа ажлын 8  хоногт ногдох 264144 төгрөгийн тэтгэмж авна

Хөдөлмөрийн чадвар нөхөн сэргээхтэй холбогдсон төлбөр: Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 30 ба түүнээс дээш хувиар алдсан даатгуулагч хиймэл эрхтэн, засал эмчилгээ /протез, ортопед/ хийлгэх, тэтгэврийн даатгалын шимтгэл төлөх рашаан сувилалд эмчлүүлэхэд үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас хөдөлмөрийн чадвар нөхөн сэргээхтэй холбогдсон төлбөр авах эрхтэй.

Бүрдүүлэх бичиг баримт:

  • Нийгмийн даатгалын дэвтэр
  • Үйлдвэрлэлийн ослын акт
  • Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон тухай Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын акт
  • Протез, ортопед хийх талаар мэргэжлийн эмнэлгийн гаргасан дүгнэлт
  • Протез, ортопед хийх байгууллагаас ирүүлсэн нэхэмжлэх

Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан даатгуулагчид хиймэл эрхтэн, засал эмчилгээ хийлгэсний үнийг эхний удаа 100 хувь, 2 дахь удаагийн үнийн 50 хувийг олгоно. Мөн зайлшгүй шаардлагаар мэргэжлийн (гэмтлийн) эмнэлгийн байгууллагын дүгнэлтийн дагуу засал эмчилгээ (протез, ортопед)-г гадаад оронд хийлгэхэд түүний нэг удаагийн үнийг олгоно.

Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 30 ба түүнээс дээш хувиар алдсан даатгуулагч улсын хэмжээний үйлчилгээтэй Хужирт, Өвөржанчивлан, Аржанчивлан, Аварга тосон, Гурван нуур, Оргил, Шаргалжуут, Отгонтэнгэр, Халзан-Уулын сувиллууд, түүнчлэн мэргэжлээс шалтгаалсан өвчний сувилалд сувилуулсан бол сувиллын зардал, ирэх, очих унааны зардлыг олгоно. Уг сангаас олгох сувиллын болон унааны зардлын хэмжээг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл тогтооно.


http://e-khutuch.mn/guide/print/61/483/advice