ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөр

Нийгмийн даатгалын тухай хуульд заасны дагуу үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулагчид нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж тогтоож олгох, төлбөр өгөх үйл ажиллагаа

Асуулт 1. Ямар нөхцөлд гарсан осолд даатгуулагч өртсөн тохиолдолд тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгох вэ?

Дараахь нөхцөл байдалд гарсан үйлдвэрлэлийн осолд даатгуулагч өртсөн тохиолдолд тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгоно. Үүнд:

  • Ажлын байрандаа болон бусад газарт ажил үүргээ гүйцэтгэх явцад
  • Ажил эхлэхийн өмнө ажилд бэлтгэх буюу дууссаны дараа ажлын байр, багаж хэрэгслээ эмхэлж цэгцлэх үед
  • Ажилдаа ирэх, буцах замд 

Асуулт 2. Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулсан даатгуулагч ямар тэтгэвэр, тэтгэмж, төлбөр авах эрхтэй вэ?

Энэ даатгалд даатгуулсан даатгуулагч нь

  • Тахир дутуугийн тэтгэвэр
  • Тэжээгчээ алдсаны тэтгэвэр
  • Хөдөлмөрийн чадвар тур алдсаны тэтгэмж
  • Хөдөлмөрийн чадвар нөхөн сэргээхтэй холбогдсон төлбөр зэргийг авах эрхтэй

Асуулт 3. Хэдэн жил шимтгэл төлсөн даатгуулагч үйлдвэрлэлийн осолд өртвөл тэтгэвэр, тэтгэмж авах эрх үүсэх вэ?

Даатгуулагч үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа байнга буюу удаан хугацаагаар алдвал түүнд энэ даатгалд шимтгэл төлж ажилласан хугацааг үл харгалзан тэтгэвэр, тэтгэмж олгоно.


Асуулт 4. Даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг хаана тогтоох вэ?
Даатгуулагчийн мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдсан шалтгаан, хувь, хэмжээ, хугацааг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн дэргэдэх Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комисс тогтооно.


Асуулт 5. Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвар түр алдахад даатгуулагчид ямар хэмжээний тэтгэмж олгодог вэ?

Үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмжийг шимтгэл төлж ажилласан хугацааг үл харгалзан даатгуулагчийн сарын дундаж хөдөлмөрийн хөлс, орлогын 100 хувиар тооцож олгоно.
Хөдөлмөрийн чадвар тур алдсаны тэтгэмжийг ажлын өдрөөр тооцож олгоно

           

 

 


http://e-khutuch.mn/guide/print/61/483/faq