ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Нууцын тухай Төрийн болон албаны нууц

Төрийн нууц” гэж Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу төрийн нууцад хамааруулсан, задруулах, үрэгдүүлэх тохиолдолд үндэсний аюулгүй байдал, үндэсний ашиг сонирхолд аюул, занал, хохирол учруулах төрийн хамгаалалтад байх мэдээллийг хэлнэ. “Албаны нууц” гэж задруулах, үрэгдүүлэх тохиолдолд салбарын болон төрийн байгууллага, бусад хуулийн этгээдийн ашиг сонирхолд хохирол учруулах төрийн хамгаалалтад байх мэдээллийг хэлнэ.

Хуулийн зохицуулалт

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 17 дахь хэсэгт зааснаар "Монгол Улсын иргэн төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй. Хүний эрх, нэр төр, алдар хүнд, улсыг батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хангах зорилгоор задруулж үл болох төр, байгууллага, хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална".

Төрийн болон албаны нууцын тухай хууль 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр батлагдсан бөгөөд тус хуулиар Төрийн болон албаны нууцыг хамгаалах тогтолцоо, эрх зүйн үндсийг тодорхойлж, мэдээллийг нууцлах, хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулдаг.

Тус хуулийн 3 дугаар зүйлд зааснаар Төрийн болон албаны нууцын тухай хуулийг Монгол Улсын байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэн дагаж мөрдөнө. Монгол Улсын төрийн болон албаны нууцтай танилцсан гадаад улсын иргэн, харьяалалгүй хүн энэ хуулийг биелүүлэх үүрэг хүлээнэ. Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол гадаад улс, олон улсын байгууллагаас шилжүүлэн өгсөн төрийн болон албаны нууцад хамаарах мэдээллийг хамгаалахад энэ хуульд заасан журам нэгэн адил үйлчилнэ.

 

Таны судалсан байвал зохих хууль болон бусад эрх зүйн актууд:

  • Монгол Улсын Үндсэн хууль /1992 он/ ЭНД дарж үзнэ үү.
  • Төрийн болон албаны нууцын тухай хууль /2016 он/ ЭНД дарж үзнэ үү.
  • Засгийн газрын 2017 оны 247 дугаар тогтоолын хавсралт “Монгол Улсын төрийн нууцад хамаарах мэдээллийн жагсаалт” ЭНД дарж үзнэ үү.
  • Засгийн газрын 2017 оны 246 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт “Монгол улсын төрийн болон албаны нууцыг хамгаалах нийтлэг журам” ЭНД дарж үзнэ үү.
  • Засгийн газрын 2017 оны 246 дугаар тогтоолын 3 дугаар хавсралт “Төрийн болон албаны нууцын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан байгуулах, ашиглах журам” ЭНД дарж үзнэ үү.
  • Засгийн газрын 2017 оны 246 дугаар тогтоолын 5 дугаар хавсралт “Төрийн болон албаны нууцыг хамгаалахад туслалцаа, дэмжлэг үзүүлсэн иргэн, хуулийн этгээдийг урамшуулах журам” ЭНД дарж үзнэ үү.
Асуудлыг шийдвэрлэх байгууллага

Тагнуулын байгууллага улсын хэмжээнд өмчийн хэлбэр, харьяалал харгалзахгүйгээр төрийн байгууллага, бусад хуулийн этгээдийн төрийн болон албаны нууцын хамгаалалтыг хянан шалгана. 

Асуудлыг шийдвэрлэх дараалал

Төрийн нууцад дараах мэдээллийг хамааруулна:

Төрийн бодлогын хүрээнд:

  • Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын үзэл баримтлал, номлолын нууцалбал зохих хэсэг;
  • Улсын Их Хурлын чуулган, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн төрийн болон албаны нууцын тухай хуулиар төрийн нууцад хамааруулсан мэдээлэл;
  • аливаа улстай харилцах Монгол Улсын чиг бодлого, байр суурийг нарийвчлан илэрхийлсэн мэдээлэл, гадаад орнуудаас итгэмжлэгдсэн байдлаар авсан мэдээлэл;
  • Засгийн газар, Төв банкнаас гадаад улс, олон улсын байгууллагатай санхүүгийн салбарт хамтран ажиллах болон өр, зээл, тусламжтай холбоотой гэрээ хэлэлцээрийн төсөл, тэдгээрийн боловсруулалтын шатанд хамаарах мэдээлэл;
  • төрийн дээд, өндөр хэмжээний харилцан айлчлал, хоёр болон олон талын яриа, хэлэлцээрийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл;
  • төрийн болон албаны нууцын тухай  хуулиар төрийн нууцад хамааруулсан асуудлаар гадаад улсын Засгийн газар, байгууллагатай байгуулсан олон улсын гэрээ, хэлэлцээр, протокол, тэдгээрийн төсөл, хэрэгжилтийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл;
  • хилийн чанадад ажиллаж байгаа дипломат төлөөлөгчийн газрын онцгой нөхцөл байдал үүссэн үед ажиллах төлөвлөгөө, ажлын удирдамж;
  • төрийн болон албаны нууцын тухай хуулиар төрийн нууцад хамааруулсан асуудлаар олон улсын хурал зөвлөгөөн, чуулганд оролцох төлөөлөгчдийн ажлын чиглэл, удирдамж.
  • улсын батлан хамгаалах, эдийн засагт чухал ач холбогдол бүхий үйлдвэр, онц чухал объектод гарсан гэмт халдлага, осол, сүйрэл, онцгой нөхцөл байдлын үед эрх бүхий байгууллагаас авч хэрэгжүүлж байгаа ажил, арга хэмжээ, түүнтэй холбоотой мэдээллийн нууцалбал зохих хэсэг.

Эдийн засаг, шинжлэх ухаан, техник технологийн хүрээнд:

  • эдийн засгийн аюулгүй байдлыг хангах бодлого, үйл ажиллагаатай холбоотой мэдээллийн нууцалбал зохих хэсэг;
  • улсын эрдэнэсийн сан, мөнгөн тэмдэгтийн нөөцийн тухай болон нөөцийн сангийн байршил, тэдгээрийн хамгаалалтын тухай мэдээлэл;
  • үндэсний аюулгүй байдлыг хангахад ач холбогдолтой шинжлэх ухаан, технологийн ололт, эрдэм шинжилгээ, судалгааны ажил, судалгааны туршилт, угсралт, төслийн ажил, технологийн тухай мэдээлэл;
  • мөнгөн тэмдэгтийн эх загвар бүтээх, үйлдвэрлэх, устгах, мөнгөн тэмдэгтийн нийлүүлэлт, солилцоо, гүйлгээнээс гаргах тухай мэдээлэл.

Батлан хамгаалах хүрээнд:

  • батлан хамгаалах бодлого, төрийн цэргийн номлолын нууцалбал зохих мэдээлэл;
  • зэвсэгт хүчний тайван цагийн болон дайны байдлын үеийн зохион байгуулалтын бүдүүвч, төрийн цэргийн байгууллагын нэгтгэл, ангийн байлдааны цагийн орон тоо, жинхэнэ нэр, зохион байгуулалт, бүтэц, тэдгээрийн байлдах чадвар, байлдааны бэлэн байдлыг тодорхойлсон нэгдсэн үзүүлэлт, мэдээлэл;
  • төрийн цэргийн байгууллагын стратегийн удирдамж, бэлэн байдлын төлөвлөгөө, тэдгээрийн биелэлт, тооцоо, зэвсэгт хүчнийг бэхжүүлэх, хэрэглэх болон стратегийн төлөвлөлтийн баримт бичиг, бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх, байлдаанд бэлтгэх, шилжүүлэн байрлуулах төлөвлөгөө, зэвсэгт халдлага, түрэмгийллээс хамгаалах арга ажиллагааны тактикийн тухай мэдээлэл;
  • байлдааны болон хил хамгаалалтын бэлэн байдлын мэдээ, байлдааны тушаал, захирамж, байлдааны ажиллагааны газар, орныг төхөөрөмжлөхтэй холбогдсон мэдээлэл;
  • батлан хамгаалах болон улсын хил хамгаалах зориулалттай болон төрийн болон албаны нууцын тухай хуулиар төрийн нууцад хамааруулсан мэдээлэл агуулсан байр зүйн зураг;
  • улсын болон цэргийн дайчилгааны даалгавар, төлөвлөгөө, нөөц, нөхөн хангах тооцоо, төрийн цэргийн байгууллагын байлдааны техник зэвсэглэл, материал, галт хэрэглэлийн хангалт, захиалга, нөөцийн талаархи мэдээлэл;
  • төрийн цэргийн байгууллагын бие бүрэлдэхүүний тоо бүртгэл, бэлтгэл үүрэгтэн, цэрэгт татах болон цэргээс халагдах хүмүүсийн нэгдсэн мэдээлэл, цэргийн мэргэжлийн ангилал, оногдуулан данслагдсан хүн, техникийн нэгдсэн дүн, тооцоо /улсын болон нийслэл, аймгийн хэмжээнд/;
  • төрийн цэргийн байгууллагын автоматжуулсан болон далдуур /удирдлага холбооны/ удирдлагын системийн бүтэц, зохион байгуулалт, хангалтын тухай мэдээлэл;
  • төрийн цэргийн байгууллагын удирдлагын байрны байршил, мэдээлэл, холбооны сүлжээ, радио долгионы давтамжийн хуваарилалтын тухай мэдээлэл;
  • улсын болон цэргийн дайчилгааны зорилго, цар хүрээ, хэрэгжүүлэх арга хэмжээний төрөл, багтаамж, арга хэлбэр, улсын дайчилгааны нэгдсэн төлөвлөгөө, төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэлийн дайчилгааны даалгавар, төлөвлөгөөний тухай мэдээлэл;
  • улсын хил хамгаалалт, шалган нэвтрүүлэх албаны арга ажиллагаа, хангалтыг зохион байгуулахтай холбоотой мэдээлэл;
  • улсын болон батлан хамгаалах нөөцийн бодит хэмжээ, байршил, тайлан, санхүүжилтийн тухай мэдээлэл;
  • улсын болон батлан хамгаалах нөөцийн жилийн болон дунд, урт хугацааны үндсэн чиглэлийн төслийн тооцоо, үндэслэл, түүнийг хэрэгжүүлэх талаар төрийн эрх бүхий байгууллагаас гаргасан баримт бичиг;
  • улс орныг дайны байдалд шилжүүлэх төлөвлөгөө, дайны болон дайн бүхий байдлын үед төрийн байгууллагын ажиллах төлөвлөгөө, түүнд холбогдох мэдээлэл;
  • онцгой байдлын үеийн арга хэмжээний төлөвлөгөө, холбоо, зарлан мэдээллийн үйл ажиллагааны зохион байгуулалт, энэ зорилгоор дэд бүтцийг ашиглах тухай мэдээлэл, удирдлагын хоргодох байр, төсөв, байршил, хүчин чадлын тухай мэдээлэл.

Тагнуул, сөрөх тагнуул, хууль сахиулах ажлын хүрээнд:

  • тагнуул, сөрөх тагнуул, гүйцэтгэх ажлын мэдээллийн эх сурвалж, тэдгээрийг халхавчлахтай холбоотой мэдээлэл;
  • гүйцэтгэх ажлын нэгдсэн тоо бүртгэлийн болон тусгай сангийн мэдээлэл;
  • гүйцэтгэх ажлын мэдээллийн болон тусгай техник хэрэгслийн тоо бүртгэлийн сан, түүнд ашиглагдаж байгаа тусгай зориулалтын техник технологи, программ хангамж, нууцлах код, түлхүүр, өгөгдөл, нууц тээгчид байгаа мэдээлэл;
  • бие бүрэлдэхүүнийг нь нууцалбал зохих тагнуул, сөрөх тагнуул, гүйцэтгэх ажил явуулах эрх бүхий байгууллагын салбар нэгж, тэдгээрийн барилга байгууламж, байршил, тээврийн хэрэгслийн улсын дугаар, гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгслийн тухай мэдээлэл;
  • гүйцэтгэх ажлын шугамаар шалгасан болон шалгаж байгаа хэргийн материал, баримт сэлт, мэдээлэл;
  • эрх бүхий байгууллагын удирдлагаас гүйцэтгэх ажлыг хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудлаар гаргасан шийдвэр, заавар, журам, бусад баримт бичиг;
  • гүйцэтгэх ажилтны үйл ажиллагааны үндсэн төлөвлөгөө, тайлан, ажлын байрны тодорхойлолтын мэдээлэл;
  • тагнуул, сөрөх тагнуул, эрх бүхий бусад байгууллагын гүйцэтгэх ажил эрхлэх нэгжийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны тухай мэдээлэл;
  • тагнуулын байгууллагын төсөв, гүйцэтгэх ажил явуулах эрх бүхий бусад байгууллагын гүйцэтгэх ажлын зардал, тэдгээрийн гүйцэтгэлийн тайлангийн мэдээлэл;
  • гүйцэтгэх ажилтан, нууц гүйцэтгэх ажилтны хувийн хэргийн болон тэдний албан ажилтай холбоотой мэдээлэл;
  • тагнуулын байгууллагаас үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудлаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд илгээсэн мэдээлэл;
  • гүйцэтгэх ажил явуулах эрх бүхий байгууллагын тусгай архивын данс, бүртгэл, эд зүйл;
  • гүйцэтгэх ажил явуулах эрх бүхий байгууллагыг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэх төлөвлөгөө, террор, хорлон сүйтгэх ажиллагаа, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх ажиллагааны төлөвлөгөө, удирдамж, хэрэглэх дохио;
  • Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах зорилгоор тагнуулын байгууллагаас хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа;
  • тагнуул, сөрөх тагнуул, гүйцэтгэх ажил явуулах эрх бүхий байгууллагын өөрийн аюулгүй байдлыг хангах ажлын зохион байгуулалт, арга, тактик, хүч, хэрэгсэл, төлөвлөгөөний мэдээлэл;
  • тагнуул, сөрөх тагнуул, гүйцэтгэх ажил явуулах эрх бүхий байгууллагын гүйцэтгэх ажлын зориулалттай зэвсэг, тусгай хэрэгсэл, материал техникийн хангалт, нөөцийн мэдээлэл;
  • тагнуулын байгууллагаас гадаад улсын тусгай албатай тогтоосон хамтын ажиллагааны тухай мэдээлэл;
  • Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд заасан нүүлгэн шилжүүлэх, баримт бичгийг солих, гадаад төрхийг өөрчлөх арга хэмжээг хэрэглэх журам, арга хэмжээний явц, уг арга хэмжээгээр хамгаалагдсан этгээдийн нууцалбал зохих мэдээлэл.

Мэдээллийн аюулгүй байдлын болон бусад хүрээнд:

  • төрийн тусгай хэрэглээний мэдээлэл, холбооны сүлжээний бүтэц, зохион байгуулалт, программ хангамж, мэдээлэл нууцлагч техник хэрэгсэл, тэдгээрийн ажиллагааны зарчим, радио долгионы давтамжийн хуваарилалтын мэдээлэл;
  • төрийн мэдээллийн сүлжээний удирдлагын төвийн тусгай зориулалтын техник, программ хангамж;
  • төрийн шифр харилцааны бодлого, төрийн тусгай хэрэглээний мэдээлэл, холбооны болон шифрийн криптографийн боловсруулалт, сан, нөөц, шифрийн арга ажиллагаа, аргачлал, тэдгээрийг ашиглах заавар, код, түлхүүр, түүнтэй холбоотой мэдээлэл;
  • төрийн шифр мэдээ, шифрийн харилцааны дүрэм, заавар, шифрийн материалын бүртгэл;
  • төрийн нууц тээгчийг хүлээлцсэн, шилжүүлсэн, шалгасан тухай мэдээлэл;
  • төрийн нууцад хамаарах мэдээлэл, нууц тээгчийг ашиглан бэлтгэсэн ном, сурах бичиг, бүтээл, эрдэм шинжилгээ, судалгааны ажил, тайлан, илтгэл, мэдээлэл, дүгнэлт, хурал, зөвлөгөөн, лекц, гүйцэтгэх ажлын сургалтын хөтөлбөр, хичээлийн тэмдэглэл;
  • төрийн болон албаны нууцын тухай хуулиар төрийн нууцад хамааруулсан асуудлыг шалгасан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны нууцалбал зохих баримт бичиг, мэдээлэл;
  • хуулиар төрийн тусгай хамгаалалтын нэгдүгээр зэрэглэлээр хамгаалуулж байгаа албан тушаалтны эрүүл мэндийн байдлын тухай мэдээлэл;
  • улсын онц чухал болон тусгай объектын байршил, олгосон газрын нэр, зураг, хамгаалалтын зохион байгуулалт, хүч хэрэгслийн тухай мэдээлэл;
  • цэвэр ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламжийн байршлын зураг;
  • төрийн болон албаны нууцын тухай төрийн нууцад хамааруулсан мэдээ, баримт бичиг, эд зүйлийг битүүмжлэн хүргэх төрийн тусгай болон дипломат шуудан, битүүмжлэхээс хэрэглэгчид хүртэл үйл ажиллагаа;
  • төрийн болон албаны нууцын тухай төрийн нууцад хамааруулсан асуудал хэлэлцсэн хаалттай хуралдааны тэмдэглэл, баримт бичиг;
  • .хуулиар төрийн тусгай хамгаалалтад байх албан тушаалтан, иргэн болон хурал, чуулган, арга хэмжээ, тээврийн хэрэгсэл, бусад зүйлийн байнгын болон цаг үеийн хамгаалалтын зохион байгуулалт, хүч, хэрэгслийн тухай мэдээлэл;
  • улсын онц чухал болон тусгай объект, үйл ажиллагааг халхлах журам.

 

Төрийн байгууллага, бусад хуулийн этгээд нь дээрх заасан жагсаалтын хүрээнд салбар, байгууллагын хэмжээнд нууцлах төрийн нууцад хамаарах мэдээллийн жагсаалтыг боловсруулж, тагнуулын байгууллагын саналыг авч Засгийн газраар батлуулна.  /Засгийн газрын 2017 оны 247 дугаар тогтоолын хавсралт “Монгол Улсын төрийн нууцад хамаарах мэдээллийн жагсаалт” ЭНД дарж үзнэ үү./

Салбарын болон байгууллагын хэмжээнд нууцлах мэдээллийн жагсаалтад тухайн мэдээллийг нууцлах хугацаа, нууцын зэрэглэлийг тусгасан байна.

Албаны нууцад хамаарах мэдээлэл:  Албаны нууцад хамаарах мэдээллийн жагсаалтыг тухайн хариуцсан байгууллага боловсруулж, асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, байгууллагын даргын шийдвэрээр батална. Жагсаалтыг батлахад Тагнуулын байгууллагын саналыг авна.

Задруулах, үрэгдүүлэх тохиолдолд Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, ашиг сонирхол, байгууллага, иргэнд учруулах аюул, занал, хохирлын хэмжээнээс хамаарч төрийн болон албаны нууцад хамаарах мэдээлэл дараахь зэрэглэлтэй байна:

  • онц чухал нууц;
  • маш нууц;
  • нууц.

Төрийн нууцад хамаарах мэдээлэл “онц чухал нууц”, “маш нууц”, албаны нууцад хамаарах мэдээлэл “нууц” зэрэглэлтэй байна.

Задруулах, үрэгдүүлэх тохиолдолд Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд аюул, занал учруулах, үндэсний ашиг сонирхолд онц хүнд үр дагавар бий болгох, хүний амь биед аюул учруулах мэдээллийг “онц чухал нууц” зэрэглэлд хамааруулна.

Задруулах, үрэгдүүлэх тохиолдолд Монгол Улсын үндэсний ашиг сонирхолд хүнд үр дагавар бий болгох, батлан хамгаалах хүчин чадлыг сулруулах мэдээллийг “маш нууц” зэрэглэлд хамааруулна.

Задруулах, үрэгдүүлэх тохиолдолд салбарын болон төрийн байгууллага бусад хуулийн этгээдийн ашиг сонирхол, үйл ажиллагаанд хохирол учруулах, эсхүл төрийн нууцад хамаарах мэдээллийг задруулах нөхцөл бий болгох мэдээллийг “нууц” зэрэглэлд хамааруулна.

 Мэдээллийг нууцлах хугацаа: Төрийн болон албаны нууцыг дараах хугацаагаар нууцална:

  • “онц чухал нууц” зэрэглэлд хамаарах мэдээлэл - 30 жил;
  • “маш нууц” зэрэглэлд хамаарах мэдээлэл - 20 жил;
  • “нууц” зэрэглэлд хамаарах мэдээлэл - 10 жил.

Мэдээллийг нууцлах хугацаа нь түүнд нууцын зэрэглэлийн дардас, бусад тэмдэглэгээ тавьж бэхжүүлсэн өдрөөс эхлэн тооцогдоно.

Төрийн нууцын зэрэглэлийг өөрчилсөн тохиолдолд тухайн өөрчилсөн зэрэглэлийн хугацаагаар тооцно.

Тагнуул, сөрөх тагнуул, гүйцэтгэх ажил явуулах эрх бүхий байгууллагын нууц гүйцэтгэх ажилтан, эдгээр байгууллагатай нууцаар хамтран ажиллаж байсан болон нууцаар хамтран ажиллаж байгаа хүн, Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн дагуу хамгаалалтад авсан хүний талаар нууцалбал зохих мэдээллийг байнга нууцална.

Төрийн болон албаны нууцад хамаарах мэдээлэлд хугацаа тогтоох боломжгүй бөгөөд тодорхой үйлдэл хийснээр, эсхүл үйл явдал болсноор ил болох бол тухайн нөхцөлийн дагуу нууцлах хугацааг тооцно.

Төрийн болон албаны нууцад хамаарах мэдээллийг үндэсний аюулгүй байдал, үндэсний ашиг сонирхлын үүднээс цаашид үргэлжлүүлэн нууцлах шаардлагатай тохиолдолд тухайн нууцыг хариуцсан байгууллага, албан тушаалтан нь тагнуулын байгууллагын саналыг үндэслэн дээрх хугацаагаар нууцална.

Төрийн болон албаны нууцыг ил болгох үндэслэл, журам: Төрийн болон албаны нууцыг дараах үндэслэлээр ил болгоно:

  • нууцлах хугацаа дуусгавар болсон;
  • нөхцөл байдал өөрчлөгдсөний улмаас төрийн болон албаны нууцад хамааруулсан тодорхой мэдээллийг цаашид нууцлах шаардлагагүй болсон;
  • тухайн мэдээллийг төрийн болон албаны нууцад хамаарахгүй болгосон хууль батлагдаж хүчин төгөлдөр болсон;
  • мэдээллийг үндэслэлгүйгээр нууцалсан нь тогтоогдсон.

Төрийн болон албаны нууцтай танилцах нөхцөл: Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаас бусад төрийн нууцтай танилцах ажил, албан тушаалд аюулгүй байдлын шалгалтын дүнг үндэслэн тодорхой зэрэглэлийн нууцтай танилцах эрх олгосон иргэнийг ажиллуулна.

Хяналт, шалгалтын болон тодорхой ажил, үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор төрийн нууцтай танилцах иргэн, албан тушаалтанд дээрх шаардлага нэгэн адил хамаарна.

Албаны нууцтай танилцах ажил, албан тушаалд төрийн байгууллага, бусад хуулийн этгээдийн удирдлагын шийдвэрээр тухайн нууцтай танилцах эрх олгогдсон албан тушаалтныг ажиллуулах бөгөөд тэдгээр нь сонгогдсон, эсхүл томилогдсон даруй нууцыг задруулахгүй байх баталгаа гаргана.

Төрийн байгууллага, бусад хуулийн этгээдийн удирдлага тухайн байгууллагын хариуцсан төрийн нууцтай танилцах албан тушаалтны жагсаалтыг тагнуулын байгууллагын саналыг авч батална.

Төрийн болон албаны нууцтай танилцах тусгай нөхцөл: Хуулиар хориглоогүй бол Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд төрийн болон албаны нууцтай зэрэглэл харгалзахгүй танилцана.

Хуулиар хориглоогүй бол Улсын Их Хурлын болон Засгийн газрын гишүүн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэх асуудлын хүрээнд төрийн болон албаны нууцтай зэрэглэл харгалзахгүйгээр танилцана.

Төрийн болон албаны нууцад хамаарах асуудлыг хянан шалгах зорилгоор Улсын Их Хурлаас байгуулсан ажлын хэсгийн гишүүн, эсхүл энэ зорилгоор тусгайлан эрх олгогдсон хүн тухайн шалгах асуудлын хүрээнд хуулиар танилцуулахыг хориглосноос бусад төрийн болон албаны нууцтай зэрэглэл харгалзахгүйгээр танилцана.

Гүйцэтгэх ажлын мэдээллийн эх сурвалж болон гүйцэтгэх ажлын нэгдсэн тоо бүртгэлд холбогдох мэдээлэлтэй зөвхөн шалгаж байгаа асуудлын хүрээнд Улсын Их Хурлын зөвшөөрснөөр Улсын Их Хурлын Тусгай хяналтын дэд хорооны дарга, гишүүд танилцах бөгөөд бусад хүн танилцахыг хориглоно.

Үндсэн хуулийн цэцийн гишүүн, шүүгч, прокурор, мөрдөн байцаагч зөвхөн шалгаж шийдвэрлэх тодорхой хэрэг, маргаанд хамаарах төрийн болон албаны нууцтай хуулиар тогтоосон журмын дагуу танилцана.

Дээрх албан тушаалтан, Монголбанкны Ерөнхийлөгч, Улсын Их Хурлаас байгуулагддаг байгууллагын дарга, агентлагийн дарга, бүх шатны Засаг дарга аюулгүй байдлын шалгалтад хамрагдахгүй бөгөөд төрийн болон албаны нууцыг задруулахгүй байх баталгаа гаргана.

Төрийн нууцтай танилцах эрх олгох:

  • Төрийн нууцтай танилцах эрхийг дараахь шаардлагыг хангасан иргэнд олгоно:
  • төрийн нууцтай танилцах эрх олгохтой холбоотойгоор аюулгүй байдлын шалгалт явуулахыг өөрөө бичгээр зөвшөөрсөн;
  • эрх бүхий байгууллагын аюулгүй байдлын шалгалтад хамрагдаж, тэнцсэн;
  • төрийн нууцыг задруулахгүй байх баталгааг бичгээр гаргасан.

Албан тушаалтан, иргэнд төрийн нууцтай танилцах эрх олгохоос татгалзах үндэслэл:

  • Албан тушаалтан, иргэнд дараахь үндэслэлээр төрийн нууцтай танилцах эрх олгохоос татгалзана:
  • төрийн нууцтай танилцах шаардлага, нөхцөлийг хангаагүй;
  • аюулгүй байдлын шалгалтад хамрагдах, төрийн болон албаны нууцыг хамгаалах баталгааг бичгээр гаргаж өгөхөөс татгалзсан;
  • аюулгүй байдлын шалгалтад өөрийн тухай болон холбогдох бусад мэдээллийг танилцуулаагүй, эсхүл худал мэдээлсэн;
  • төрийн болон албаны нууцыг хамгаалах журмыг удаа дараа, эсхүл ноцтой зөрчиж байсан;
  • гэмт хэрэг санаатай үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн, эсхүл эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа;
  • Монгол Улсын харьяатаас гарах хүсэлтээ гаргасан;
  • сэтгэцийн өвчин, эмгэгтэй нь тогтоогдсон;
  • мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис, согтууруулах ундаанаас хамааралтай.

Төрийн болон албаны нууцтай танилцах эрхийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох: Гэмт хэрэгт сэжигтэн, яллагдагчаар татагдсан, эсхүл төрийн болон албаны нууцыг хамгаалах журам зөрчсөн үйлдэлд шалгагдаж байгаа бол шүүхийн шийдвэр гарч хүчин төгөлдөр болох, эсхүл албаны шалгалтын дүн гарах хүртэл албан тушаалтан, иргэний төрийн болон албаны нууцтай танилцах эрхийг тагнуулын байгууллага түдгэлзүүлж болно.

Албан тушаалтан, иргэний төрийн болон албаны нууцтай танилцах эрхийг ажил, албан тушаалаас чөлөөлөгдсөн, халагдсан, энэ хуулийн 24 дүгээр зүйлд заасан нөхцөл байдал илэрсэн, ажил гүйцэтгэх гэрээ дуусгавар болсон, төрийн болон албаны нууцыг хамгаалах талаар тогтоосон журам, үүргээ удаа дараа болон ноцтой зөрчсөн тохиолдолд тагнуулын байгууллага хүчингүй болгоно.

Аюулгүй байдлын шалгалт явуулах: Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 21.6, 26.3-т зааснаас бусад төрийн байгууллага, хуулийн этгээдийн төрийн нууцтай танилцах албан тушаалтан, иргэнд аюулгүй байдлын шалгалтыг тагнуулын байгууллага явуулна.

Аюулгүй байдлын шалгалт явуулах журмыг тагнуулын байгууллагын дарга батална. /Тагнуулын ерөнхий газрын даргын 2017 оны А/69 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Аюулгүй байдлын шалгалт явуулах журам” /2017 он/ ЭНД  дарж үзнэ үү.

Гүйцэтгэх ажил явуулах эрх бүхий байгууллагын ажилтны албан тушаалд сонгон шалгаруулах иргэнийг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу судалж, шалгана.

Байгууллага нь төрийн болон албаны нууцын тухай хууль тогтоомж болон Монгол улсын төрийн болон албаны нууцыг хамгаалах нийтлэг журамд нийцүүлэн өөрийн үйл ажиллагааны онцлогийг харгалзан нууц хамгаалах журмыг баталж мөрдөнө.

Тагнуулын байгууллагын саналыг авсны үндсэн дээр байгууллага өөрийн бүтцэд нууц хамгаалах нэгж байгуулах, өөрчлөх, татан буулгах, эсхүл орон тооны ажилтан томилох шийдвэрийг гаргана.

Байгууллага өөрийн үйл ажиллагааны онцлогтой уялдуулан нууц хамгаалах зохион байгуулалтын бүтцийг тогтооно.

Төрийн нууц хамгаалах ажилтан нь төрийн албанд гурав болон түүнээс дээш жил ажилласан, төрийн нууцтай танилцах эрх олгогдсон Монгол Улсын иргэн байна.

Албаны нууц хамгаалах орон тооны ажилтан тухайн байгууллагад байхгүй тохиолдолд байгууллагын удирдлагын шийдвэрээр аль нэг ажилтанд нууц хамгаалах чиг үүргийг давхар хариуцуулна.

Нууц хамгаалах ажилтны чиг үүрэг, хариуцлагыг ажлын байрны тодорхойлолтод нарийвчлан тусгаж, байгууллагын удирдлага батална.

Нууцыг задрах, үрэгдэхээс урьдчилан сэргийлсэн, нууц хамгаалалтад бодитой хувь нэмэр оруулсан, хууль бус үйл ажиллагааны талаар үнэн зөв мэдээлэл өгсөн буюу бусад хэлбэрээр тагнуул, хууль сахиулах байгууллагад туслалцаа, дэмжлэг үзүүлсэн иргэн, хуулийн этгээдийг урамшуулна.  

Иргэн, хуулийн этгээдийг урамшуулах үндэслэл, хэлбэр, үнэлгээ: Дараах тохиолдолд иргэн, хуулийн этгээдийг төрийн болон албаны нууцыг хамгаалахад туслалцаа, дэмжлэг үзүүлсэн иргэн, хуулийн этгээдийг урамшуулах журамд заасны дагуу урамшуулж болно:

  • нууц задарч, үрэгдэж болзошгүй нөхцөл байдал бий болсон, задруулсан, үрэгдүүлсэн тухай мэдээлэл ирүүлсэн;
  • нууц задрах, үрэгдэхээс урьдчилан сэргийлж, хамгаалалтад авсан;
  • тагнуулын байгууллагаас нууцыг хамгаалах арга хэмжээ авч хэрэгжүүлэхэд туслалцаа үзүүлсэн;
  • нууц хамгаалахад шаардлагатай шинжлэх ухаан, орчин үеийн техник, технологийн ололт, дэвшлийг ашигласан бүтээл, судалгаа, шинжилгээний ажил гүйцэтгэж, практикт нэвтрүүлсэн.

Эрх бүхий байгууллага, албан тушаалтан энэ зүйлийн дээрх мэдээллийг шалгаж, үнэн бодитой, үндэслэлтэй болох нь тогтоогдсоны дараа урамшуулна. Иргэн, хуулийн этгээдийг дараах хэлбэрээр урамшуулна:

  • мөнгөн урамшуулал олгох;
  • байгууллагын шагналаар шагнах;
  • бусад хэлбэрээр урамшуулах.

Иргэн, хуулийн этгээдэд олгох мөнгөн урамшууллын хэмжээг дараах байдлаар тогтооно:

  • ”Онц чухал нууц” зэрэглэлд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөг;
  • “Маш нууц” зэрэглэлд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 21-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөг;
  • ”Нууц” зэрэглэлд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1-20 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөг.

Иргэн, хуулийн этгээдээс үзүүлсэн туслалцаа, дэмжлэгийг нууцын зэрэглэл, ач холбогдлоор нь шалгуур болгож үнэлнэ.

Төрийн нууцад хамаарах мэдээллийг хамгаалахад туслалцаа, дэмжлэг үзүүлсэн бол тагнуулын байгууллагын даргын тушаалаар, албаны нууцад хамаарах мэдээллийг хамгаалахад туслалцаа, дэмжлэг үзүүлсэн бол хууль сахиулах байгууллагын даргын тушаалаар урамшуулна.

Байгууллага нь иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн мэдээллийн нууцыг чанд хадгалж, шаардлагатай бол мэдээлэл өгсөн иргэний аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авна.

Иргэн, хуулийн этгээдийг урамшуулахад шаардагдах мөнгөн урамшууллыг Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 8.1.2, 11.1.3-т заасны дагуу төрийн байгууллага жил бүрийн төсөвтөө тусгаж санхүүжүүлнэ.

Асуудлыг шийдвэрлэх хугацаа

Төрийн болон албаны нууцын тухай хууль тогтоомж зөрчсөн албан тушаалтны үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Тагнуулын байгууллагаас хариуцлага хүлээлгүүлэхээр харьяалах дээд шатны байгууллага, албан тушаалтанд санал тавьж шийдвэрлүүлнэ.  Харьяалах дээд шатны байгууллага, албан тушаалтан нь холбогдох албан тушаалтандаа  хуульд заасан хариуцлага хүлээлгэж, энэ талаар 14 хоногийн дотор тагнуулын байгууллагад хариу мэдэгдэнэ.

Асуудлыг шийдвэрлээгүй тохиолдолд гомдол гаргах

Төрийн болон албаны нууцын тухай хууль зөрчсөн этгээдэд харьяалах дээд шатны байгууллага, албан тушаалтан нь хуульд заасан хариуцлага хүлээлгэхээс үндэслэлгүйгээр татгалзсан бол тухайн албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх саналыг Тагнуулын байгууллагаас түүнийг томилох, чөлөөлөх эрх бүхий байгууллага, албан тушаалтанд тавьж шийдвэрлүүлнэ.

Төрийн болон албаны нууцыг хамгаалах нийтлэг үүрэг: Төрийн байгууллага, албан тушаалтан нь төрийн болон албаны нууцыг хамгаалах үүрэгтэй.

  • Төрийн болон албаны нууцтай танилцсан Монгол Улсын төрийн байгууллага, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага, бусад хуулийн этгээд /цаашид “төрийн байгууллага, бусад хуулийн этгээд” гэх/, улс төрийн нам, хөдөлгөөн, төрийн бус байгууллага, албан тушаалтан, албан хаагч, Монгол Улсын иргэн, гадаад улсын иргэн, харьяалалгүй хүн тэдгээрийг задруулахгүй байх үүрэг хүлээнэ.
  • Төрийн байгууллага нь төрийн болон албаны нууцын хадгалалт, хамгаалалтын чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын талаарх мэдээллийг жил бүрийн 01 дүгээр сард багтаан тагнуулын байгууллагад ирүүлнэ.
  • Төрийн болон албаны нууц задарсан, үрэгдсэн байж болзошгүй тухай мэдсэн, түүнчлэн гээгдсэн, алдагдсан нууц тээгчийг олсон аливаа албан тушаалтан, иргэн энэ талаар тагнуулын байгууллагад нэн даруй мэдэгдэх үүрэгтэй.
  • Төрийн болон албаны нууцыг задрах, үрэгдэхээс урьдчилан сэргийлсэн, нууц хамгаалалтад бодитой хувь нэмэр оруулсан, хууль бус үйл ажиллагааны талаар мэдээлэл өгсөн буюу бусад хэлбэрээр тагнуул, хууль сахиулах байгууллагад туслалцаа, дэмжлэг үзүүлсэн хуулийн этгээд, иргэнийг урамшуулах журмыг Засгийн газар тогтооно.

Төрийн болон албаны нууцыг хамгаалах ажилтны үүрэг: Төрийн болон албаны нууцыг хамгаалах ажилтан нь дээрх заасан нийтлэг үүргээс гадна дараахь үүрэг хүлээнэ:

  • төрийн болон албаны нууцыг хамгаалах хууль тогтоомжийн биелэлтийг хангах, нууц албан хэрэг хөтлөлтийг зохион байгуулж, хэрэгжүүлэх;
  • албан тушаалтан, албан хаагчид төрийн болон албаны нууцыг ашиглах, хамгаалахад мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх;
  • салбар, харьяа байгууллагын хэмжээнд төрийн болон албаны нууцын хадгалалт, хамгаалалтад хяналт тавьж, үзлэг, тооллого зохион байгуулах;
  • төрийн болон албаны нууцтай танилцах эрх олгосон албан тушаалтан, иргэнээс нууц хамгаалах баталгаа гаргуулан авах;
  • гадаад улсын иргэн, байгууллагатай албан бус харилцаа тогтоосон бол энэ тухай Тагнуулын байгууллагад мэдэгдэх;
  • төрийн нууцтай танилцах эрх бүхий албан тушаалтны шилжилт хөдөлгөөний талаар Тагнуулын байгууллагад мэдэгдэх;
  • төрийн болон албаны нууцыг хамгаалах журам зөрчигдсөн тохиолдолд албаны шалгалт явуулж дүнг байгууллагын удирдлагад, шаардлагатай бол тагнуулын байгууллагад танилцуулах, зөрчил, дутагдлыг арилгах арга хэмжээг даруй авч хэрэгжүүлэх;
  • төрийн болон албаны нууц задарсан, үрэгдсэн бол нэн даруй байгууллагын удирдлага болон Тагнуулын байгууллагад мэдэгдэх.

Асуулт 1. Төрийн нууцад ямар мэдээллийг хамааруулдаг вэ?

Төрийн нууц гэдэг нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу төрийн нууцад хамааруулсан, задруулах, үрэгдүүлэх тохиолдолд үндэсний аюулгүй байдал, үндэсний ашиг сонирхолд аюул, занал, хохирол учруулах төрийн хамгаалалтад байх мэдээллийг хэлнэ. Монгол Улсын хэмжээнд төрийн нууцад хамаарах мэдээллийг Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 13 дугаар зүйл, болон “Жагсаалт батлах тухай” Засгийн газрын 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 247 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын төрийн нууцад хамаарах мэдээллийн жагсаалт”-аар тус тус тогтоосон байдаг. 

Асуулт 2. Төрийн нууцтай хэрхэн танилцах вэ?

2016 онд батлагдсан Төрийн болон албаны нууцын тухай хуулиар албан тушаалтан эрхлэх ажил үүргийн дагуу төрийн нууцтай танилцахын зэрэгцээ холбогдох хууль тогтоомжид заасан тодорхой нөхцөл, шаардлагыг хангаж буй Монгол Улсын иргэн төрийн нууцтай танилцах боломжтой болсон.  

Өөрөөр хэлбэл албан тушаалтан, иргэн төрийн нууцтай танилцахын тулд Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан аюулгүй байдлын шалгалтад хамрагдахыг өөрөө бичгээр зөвшөөрсөн, тагнуулын байгууллагаас хийх аюулгүй байдлын шалгалтад хамрагдаж тэнцсэн, нууц задруулахгүй байх батлагааг бичгээр гаргасан байна.

Тагнуулын байгууллагаас зохих хариу өгөөгүй байхад албан тушаалтан, иргэнд төрийн нууцтай танилцах эрх олгохыг хориглоно.

Асуулт 3. Аюулгүй байдлын шалгалтад хамрагдах албан тушаалтан, иргэн ямар материал бүрдүүлэх шаардлагатай вэ?

Төрийн байгууллага, бусад хуулийн этгээдийн төрийн нууцтай танилцах эрх бүхий албан тушаалтны жагсаалтад дурдсан албан тушаалд томилох хүнийг аюулгүй байдлын шалгалтад хамруулахдаа тухайн байгууллага дараах баримтыг бүрдүүлнэ:

  • Албан тушаалтныг аюулгүй байдлын шалгалтад хамруулах тухай албан бичиг;
  • Нэр дэвшигч аюулгүй байдлын шалгалтад хамрагдахыг өөрөө зөвшөөрсөн хуудас;
  • Нууц хамгаалах болон төрийн нууцтай танилцах эрх бүхий албан тушаалд нэр дэвшигчийн анкет.

Асуулт 4. Нууцтай танилцах эрхийг хэрхэн түдгэлзүүлэх вэ?

Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д нууцтай танилцах эрх олгогдсон албан тушаалтан, иргэн гэмт хэрэгт сэжигтэн, яллагдагчаар татагдсан, эсхүл төрийн болон албаны нууцыг хамгаалах журам зөрчсөн үйлдэлд шалгагдаж байгаа бол шүүхийн шийдвэр гарч хүчин төгөлдөр болох, эсхүл албаны шалгалтын дүн гарах хүртэл албан тушаалтан, иргэний төрийн болон албаны нууцтай танилцах эрхийг тагнуулын байгууллага түдгэлзүүлнэ.

Асуулт 5. Төрийн болон албаны нууцын талаар болон нууцад хамаарах баримт бичиг, биет зүйл алдагдаж, үрэгдэж байж болзошгүй талаар хаана мэдэгдэх вэ?

Төрийн болон албаны нууцын талаар эсхүл нууцад хамаарах баримт бичиг, биет зүйлийг олсон мөн алдагдаж, үрэгдэж байж болзошгүй талаар ТЕГ-т биечлэн мэдэгдэх болон 51-263017 дугаартай утас руу залгаж хандаж болно.

“Төрийн болон албаны нууцыг хамгаалахад туслалцаа, дэмжлэг үзүүлсэн иргэн, хуулийн этгээдийг урамшуулах журам”-д заасны дагуу нууцыг хамгаалах чиглэлээр туслалцаа, дэмжлэг үзүүлсэн иргэн, хуулийн этгээдэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1-100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн болон бусад хэлбэрийн урамшуулал олгох зохицуулалт байдаг. 

 


http://e-khutuch.mn/guide/print/62/484/all