ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Нууцын тухай Байгууллагын нууц

"Байгууллагын нууц" гэж хүний эрх, нэр төр, алдар хүнд тухайн байгууллагын хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор холбогдох хуулиар нууц гэж тогтоосон мэдээ, баримт бичиг, биет зүйлийг хэлнэ.

Асуудлыг шийдвэрлэх дараалал

"Байгууллага" гэж тодорхой чиг үүрэг, бүрэн эрх бүхий хуулиар хүлээн зөвшөөрөгдсөн хуулийн этгээдийг хэлнэ;

“Байгууллагын нууц" гэж хүний эрх, нэр төр, алдар хүнд тухайн байгууллагын хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор холбогдох хуулиар нууц гэж тогтоосон мэдээ, баримт бичиг, биет зүйлийг хэлнэ.

Хуульд өөрөөр заагаагүй бол байгууллагын албан үйл ажиллагааны онцлогтой холбоотой, эсхүл шударга өрсөлдөөнд зах зээл, давуу талаа хамгаалах зорилгоор байгууллага өөрөө нууцалж хамгаалалтдаа авсан, задруулбал хууль ёсны ашиг сонирхолд нь хор уршиг учруулж болох нууц мэдээ, технологийн шийдэл, төсөл, судалгаа-шинжилгээний баримт бичиг, шаардлагатай техник, тоног төхөөрөмжийг байгууллагын нууцад хамааруулж болно. Уг хамаарах нууцыг байгууллага өөрөө тогтооно.

Байгууллагын нууц нь эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрх, чиг үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахаар байж болохгүй.

Байгууллагын нууцыг хамгаалах: Байгууллагын нууц нь тухайн байгууллагын хамгаалалтад байна. Байгууллага нь нууцаа хамгаалах журмыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн өөрөө тогтоож мөрдөнө.

Байгууллагын нууцыг хариуцаж байгаа, эсхүл түүнтэй албан үүрэг, мэргэжлийн үйл ажиллагааны дагуу танилцсан, олж мэдсэн этгээд уул нууцыг чанд хадгалах үүрэгтэй.

Байгууллага нь эрхэлж буй үйл ажиллагааныхаа дагуу олж мэдсэн хувь хүний нууцыг байгууллагын нууцын нэг адил хамгаална.

Нууцлахыг хориглох мэдээллийн хүрээ: Байгууллага дор дурдсан мэдээллийг нууцалж болохгүй:
 

  • тухайн байгууллагын явуулж буй үйл ажиллагаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, ашиглаж буй техник, технологийн хүн амын эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд үзүүлэх буюу үзүүлж байгаа нөлөөллийг илтгэн харуулах мэдээлэл;
  • тухайн байгууллагын мэдэлд байгаа бөгөөд хадгалалт, хамгаалалтын горим нь зөрчигдсөн тохиолдолд хүн амын эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд аюул учруулж болзошгүй бүх төрлийн хорт, цацраг идэвхт бодисын хор хөнөөлийг тодорхойлсон мэдээлэл;
  • гэмт хэргийн тухай болон нийтэд мэдээлэхээр хуульд заасан бусад мэдээлэл.

Байгууллагын нууцтай танилцах: Хуулиар тусгайлан эрх олгогдсон байгууллага, тэдгээрийн ажилтан нь хянан шалгах бүрэн эрх, чиг үүргийнхээ дагуу байгууллагын нууцтай танилцана.

Байгууллагын нууцтай албан үүргийнхээ дагуу танилцсан, эсхүл олж мэдсэн этгээд уул нууцыг зөвхөн хууль тогтоомжид заасан үндэслэл, журамд нийцүүлэн ашиглах бөгөөд бусдад задруулахыг хориглоно.

Эрх бүхий байгууллага, албан тушаалтан бүрэн эрхийнхээ дагуу хэрэгжүүлж байгаа хяналт шалгалтын явцад хууль тогтоомж зөрчиж нууцалсан байгууллагын нууцыг ил болгох эрхтэй бөгөөд тухайн шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдалтай холбогдолтой байгууллагын нууцад хамаарах зарим тодорхой мэдээллийг бусдын хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулахгүй тохиолдолд нийтэд мэдээлж болно.
 


http://e-khutuch.mn/guide/print/62/485/decide_order