ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Нууцын тухай Байгууллагын нууц

"Байгууллагын нууц" гэж хүний эрх, нэр төр, алдар хүнд тухайн байгууллагын хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор холбогдох хуулиар нууц гэж тогтоосон мэдээ, баримт бичиг, биет зүйлийг хэлнэ.

Асуулт 1: Байгууллагын нууц гэж юу вэ? ямар ямар мэдээллүүд нууцад хамаардаг вэ?

Байгууллагын нууц гэж хүний эрх, нэр төр, алдар хүнд тухайн байгууллагын хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор холбогдох хуулиар нууц гэж тогтоосон мэдээ, баримт бичиг, биет зүйлийг хэлнэ. Хуульд өөрөөр заагаагүй бол байгууллагын албан үйл ажиллагааны онцлогтой холбоотой, эсхүл шударга өрсөлдөөнд зах зээл, давуу талаа хамгаалах зорилгоор байгууллага өөрөө нууцалж хамгаалалтдаа авсан, задруулбал хууль ёсны ашиг сонирхолд нь хор уршиг учруулж болох нууц мэдээ, технологийн шийдэл, төсөл, судалгаа-шинжилгээний баримт бичиг, шаардлагатай техник, тоног төхөөрөмжийг байгууллагын нууцад хамааруулж болох бөгөөд байгууллага өөрөө нууц гэж тогтоож болно.

Асуулт 2: Нууцад хамааруулж болохгүй мэдээлэл гэж байдаг уу?

Байна. Байгууллагын нууцын тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар Байгууллага дор дурдсан мэдээллийг нууцалж болохгүй. Үүнд:

1/тухайн байгууллагын явуулж буй үйл ажиллагаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, ашиглаж буй техник, технологийн хүн амын эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд үзүүлэх буюу үзүүлж байгаа нөлөөллийг илтгэн харуулах мэдээлэл;

2/тухайн байгууллагын мэдэлд байгаа бөгөөд хадгалалт, хамгаалалтын горим нь зөрчигдсөн тохиолдолд хүн амын эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд аюул учруулж болзошгүй бүх төрлийн хорт, цацраг идэвхт бодисын хор хөнөөлийг тодорхойлсон мэдээлэл;

3/гэмт хэргийн тухай болон нийтэд мэдээлэхээр хуульд заасан бусад мэдээлэл.

Асуулт 3: Байгууллагын нууцтай ямар эрх бүхий этгээд танилцах эрхтэй байдаг вэ?

Байгууллагын нууцын тухай хуульд зааснаар Хуулиар тусгайлан эрх олгогдсон байгууллага, тэдгээрийн ажилтан нь хянан шалгах бүрэн эрх, чиг үүргийнхээ дагуу байгууллагын нууцтай танилцана. Байгууллагын нууцтай албан үүргийнхээ дагуу танилцсан, эсхүл олж мэдсэн этгээд уул нууцыг зөвхөн хууль тогтоомжид заасан үндэслэл, журамд нийцүүлэн ашиглах бөгөөд бусдад задруулахыг хориглоно. Эрх бүхий байгууллага, албан тушаалтан бүрэн эрхийнхээ дагуу хэрэгжүүлж байгаа хяналт шалгалтын явцад хууль тогтоомж зөрчиж нууцалсан байгууллагын нууцыг ил болгох эрхтэй бөгөөд тухайн шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдалтай холбогдолтой байгууллагын нууцад хамаарах зарим тодорхой мэдээллийг бусдын хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулахгүй тохиолдолд нийтэд мэдээлж болно.

Асуулт 4. Байгууллагын нууцыг нийтэд мэдээлэх үндэслэл байдаг уу?

Байгууллагын нууцын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Эрх бүхий байгууллага, албан тушаалтан бүрэн эрхийнхээ дагуу хэрэгжүүлж байгаа хяналт шалгалтын явцад хууль тогтоомж зөрчиж нууцалсан байгууллагын нууцыг ил болгох эрхтэй бөгөөд тухайн шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдалтай холбогдолтой байгууллагын нууцад хамаарах зарим тодорхой мэдээллийг бусдын хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулахгүй тохиолдолд нийтэд мэдээлж болно”.

Асуулт 5. Байгууллагын нууцыг задруулсан тухай гомдлыг ямар байгууллага хянан шийдвэрлэдэг вэ?

Байгууллага хуулиар тогтоосон нууцыг нь бусдад задруулсан гэж үзвэл байгууллага энэ тухай гомдлоо шүүхэд гаргах эрхтэй. Хөдөлмөрийн гэрээ болон контракт гэрээ, нууцын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу байгууллагын нууцыг бусдад задруулсан бол Иргэний хэргийн анхан шатны шүүхэд /Хэрвээ гэрээнд арбитрын шүүхээр маргааныг хянан шийдвэрлэхээр зохицуулсан тохиолдолд арбитрын шүүхэд/ хандана.

Байгууллагын цахим мэдээлэлд хууль бусаар халдсан, олж авсан мэдээллийг бусдад тараасан бол Цагдаагийн байгууллагад хандана.

 

 


http://e-khutuch.mn/guide/print/62/485/faq