ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Нууцын тухай Хувь хүний нууц

"Хувь хүний нууц" гэж Монгол Улсын болон гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн нууцалсан бөгөөд задруулбал тухайн хүний хууль ёсны ашиг сонирхол, нэр төр, алдар хүндэд илтэд хохирол учруулж болзошгүй мэдээ, баримт бичиг, биет зүйлийг хэлнэ.

Эрүүгийн хуулийн 13 дугаар зүйлийн 13.10 -т Хувь хүний нууцад халдсан тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг заасан байдаг. Үүнд:

1.Хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг хууль бусаар олж авсан, бусдад дамжуулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг:

         2.1.харилцаа холбоо, цахим хэрэгсэл ашиглаж;

       2.2.эрх бүхий албан тушаалтан хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж үйлдсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Тус хуулийн 13.11-т Хувь хүний нууцыг задруулах тохиолдолд хүлээлгах хариуцлагыг заасан. Үүнд:

1.Хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг олж мэдсэн хүн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр задруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

2.Албан үүргээ гүйцэтгэх явцад олж мэдсэн хувь хүний нууцыг задруулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

 

Хувийн нууцыг хэрхэн хамгаалах нийтлэг арга замын талаар:

Монгол Улсын Хувь хүний нууцын тухай хуульд зааснаар хувь хүн нууцаа өөрөө хамгаална. Харин цахим орчинд хүн бүр хувийн нууцаа хамгаалж чадаж байна уу гэдэг нь эргэлзээтэй. Цахим орчинд түгсэн хамгийн түгээмэл хувийн мэдээлэл бол бүтэн нэр, хаяг, утасны дугаар, сургууль, ажлын мэдээлэл, төрсөн өдөр, мэйл хаяг, цахим хаяг, банкны мэдээлэл юм. Иймд цахим орчинд хувийн нууцыг хамгаалах дараах нийтлэг арга замыг өөртөө болон ойр дотнынхондоо хэвшүүлээрэй.

 - Санхүүгийн мэдээллээ зөвхөн хамгаалалттай вэб сайтад өгч болно. Үүний тулд тухайн вэб сайтын хаягийн эхэнд https:// гэж буй эсэх, цоожны зураг бий эсэхийг нягтлан шалгаарай.

 - Банк, санхүүгийн байгууллагын хувьд мэйлээр хэрэглэгчийн нэр, нууц үгийг огт асуухгүй. Хэрэв ийм мэйл хүлээн авбал, энэ талаар тухайн банканд мэдэгдэж, өөрийн мэдээллээ өгч болохгүй. Мөн тэрхүү мэйлд хариу өгөх шаардлагагүй бөгөөд ямар нэг холбоос дээр дарж болохгүй.

 - Тухайн вэб сайт, онлайн үйлчилгээний нууцлалын журам болон хэрэглэгчтэй хийх гэрээний нөхцөлтэй сайтар танилцаарай. Ингэхдээ таны мэдээллийг тухайн вэб сайт, онлайн үйлчилгээнээс бусдад, маркетингийн компанид зарах, дамжуулах нөхцөлд зөвшөөрөл авах гэж буй эсэхийг шалгах хэрэгтэй. Таны мэдээлэл бусдын гарт орсноор наад зах нь спам мэйл тасралтгүй ирэх болно.

 - Спам ирэхийг багасгах. Үүний тулд мэйл хаяг, утасны дугаараа ил байлгахгүй байх буюу хязгаарлагдмал хүрээнд ил болгох; спамын шүүлтүүр програм хангамж ашиглах; онлайнаар бүтээгдэхүүн худалдаж авах, үйлчилгээнд бүртгүүлэх, цахим сонин захиалахдаа үйлчилгээний нөхцөлийг шалгах; таны холбоо барих хаягийг маркетингийн зорилгоор ашиглахыг зөвшөөрөхгүй байх; онлайн аюулгүй байдлаа сайжруулах.

 - Нэгэнт онлайнд бусдад хуваалцсан мэдээлэл устаж үгүй болохгүй, таны хяналтаас гарна гэдгийг ойлгох хэрэгтэй.

 - Нэвтрэх үг буюу нууцаа бусдад мэдэгдэхгүй байх. Мөн таах, олж мэдэхэд амаргүй байдлаар нууц үгээ сонгох хэрэгтэй.

 


http://e-khutuch.mn/guide/print/62/486/advice