ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Гэр бүлийн харилцаа Гэр бүлийн гишүүдийн эрх, үүрэг

Гэр бүлийн гишүүдийн эрх, үүрэг

Гэр бүлийн тухай хуулийн 27 дугаар зүйлд зааснаар дараах 2 тохиолдолд  эцэг, эх байх эрхийг нь хязгаарлана. Үүнд:

  1. Хүүхдийг орон сууц, хувцас, хоол ундаар байнга санаатай гачигдуулсан, хөдөлмөрийг нь зүй бусаар ашигласан, гуйлгачлуулсан, орон гэрээсээ дайжуулсан, гадуурхсан хүний эцэг, эх байх эрхийг зургаан сар хүртэл хугацаагаар шүүх хязгаарлаж болно.
  2. Эцэг, эх байх эрхийг хязгаарлах тухай нэхэмжлэлийг эцэг буюу эх нь, эсхүл төрөл, садангийн хүн, бусад иргэн, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага шүүхэд гаргах эрхтэй./Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйл /

Эцэг, эх байх эрх хязгаарласнаас үүсэх үр дагавар хувьд:

  1. Эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан хүн уг хүүхдийг биечлэн өсгөн хүмүүжүүлэх, төлөөлөх, хүүхэдтэй холбогдуулан хууль тогтоомжоор олгосон эрхээ алдана.
  2. Шүүх нь эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан хүнээс хүүхдийг тэжээн тэтгэхэд шаардагдах тэтгэлгийг гаргуулах асуудлыг шийдвэрлэнэ.
  3. Эцэг, эх нь хоёулаа эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан бол хүүхдийг хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллагад шилжүүлнэ.
  4. Асран хүмүүжүүлэх байгууллагад шилжсэн тохиолдолд түүнтэй холбогдсон зардлыг тухайн эцэг, эхээс гаргуулах ба эцэг, эх нь төлбөрийн чадваргүй бол түүний оршин суугаа газрын сум, дүүргийн Засаг дарга хариуцаж болно.
  5. Сум, дүүргийн Засаг дарга хохирлоо буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаж болно.

Дээр дурдсан эцэг, эх байх эрхийг нь хязгаарласан нөхцөл арилаагүй, эсхүл эцэг, эх нь хүүхдийнхээ эрх, ашиг сонирхлыг хохироож байгаа нь тогтоогдсон бол эцэг, эх байх эрхийг хязгаарласан тухай шүүхийн шийдвэр гарснаас хойш зургаан сарын дараа сум, дүүргийн Засаг дарга болон эцэг буюу эх нь, эсхүл төрөл, садангийн хүн, бусад иргэн, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага тухайн хүний эцэг, эх байх эрхийг хасуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж болно.

Эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан хүний хүүхдийн эрх, ашиг сонирхол хөндөгдөхгүй хэвээр үлдэнэ.

Эцэг, эх байх эрх хязгаарласныг хүчингүй болсонд тооцох:

  • Эцэг эх байх эрхийг нь хязгаарласан нөхцөл арилсан нь тогтоогдсон бол эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан хүний хүсэлтийг шүүх хянан үзэж, хүүхдийг эцэг, эхэд нь буцааж өгөх тухай шийдвэр гаргаж болно.
  • Хүүхдийг эцэг, эхэд нь буцааж өгөх нь түүний эрх, ашиг сонирхолд харшлахаар байгаа бол шүүх хүсэлтийг хэрэгсэхгүй болгож болно. Хэрэв хүүхэд долоон нас хүрсэн бол түүний саналыг харгалзан үзнэ.

Эцэг, эх байх эрх хасах үндэслэл

  • Эцэг, эх байх эрхээ урвуулан ашигласан /хүүхдээ хаях, санаатай төөрүүлэх, тарчлаан зовоох, худалдах, барьцаалах, биеийг нь үнэлэх, шунахай зорилгоор ашиглах, эрх зүйн зөрчилд татан оруулах зэргээр/, хүүхэдтэйгээ удаа дараа хэрцгий харьцсан, бэлгийн харьцаанд оруулахаар завдсан, оруулсан, сэтгэл санааны хүнд дарамтад байлгасан, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүргээс санаатайгаар зайлсхийсэн, согтууруулах ундаа, мансууруулах бодис байнга хэрэглэдэг хүний эцэг, эх байх эрхийг шүүх хасаж болно.
  • Эцэг, эх байх эрх хасуулах тухай нэхэмжлэлийг эцэг буюу эх нь, эсхүл асран хамгаалагч, харгалзан дэмжигч болон бусад иргэн, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага тухайн эцэг, эхийн оршин суугаа газрын шүүхэд гаргах эрхтэй.
  • Эцэг, эх байх эрх хассан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын гурван өдрийн дотор шүүх иргэний гэр бүлийн бүртгэлийн төв байгууллагад явуулна.

Эцэг, эх байх эрх хассанаас дараах үр дагавар үүснэ. Үүнд:

  • Эцэг, эх байх эрхээ хасуулсан хүн уг хүүхдийн эцэг, эхийн хувьд эдлэх эрхээ алдана.
  • Шүүх нь эцэг, эх байх эрхээ хасуулсан хүнээс хүүхдийн тэтгэлэг гаргуулах асуудлыг шийдвэрлэнэ.
  • Эцэг, эх нь хоёулаа эцэг, эх байх эрхээ хасуулсан бол уг хүүхдэд асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох буюу, эсхүл түүнийг хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллагад шилжүүлнэ.
  • Эцэг, эх байх эрхээ хасуулсан хүний хүүхдийн эрх, ашиг сонирхол хөндөгдөхгүй хэвээр үлдэнэ.

Эцэг, эх байх эрхийг сэргээх

  • Эцэг, эх байх эрхээ хасуулсан хүний эцэг, эх байх эрхээ сэргээх тухай хүсэлтийг шүүх хянан үзэж, эцэг, эх байх эрхийг хүүхдийн эрх, ашиг сонирхлын үүднээс сэргээж болно.
  • Хүүхэд үрчлэгдсэн бол эцэг, эх байх эрхийг сэргээхгүй.
  • Эцэг, эх байх эрх сэргээх нь хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшилж байгаа нь тогтоогдсон бол эцэг, эх байх эрхээ хасуулсан хүний эцэг, эх байх эрхийг шүүх нь долоон нас хүрсэн хүүхдийн саналыг харгалзан сэргээхгүй байж болно.

http://e-khutuch.mn/guide/print/7/132/advice