ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Гэр бүлийн харилцаа Гэр бүлийн гишүүдийн эрх, үүрэг

Гэр бүлийн гишүүдийн эрх, үүрэг

Хуулийн зохицуулалт

Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т зааснаар “Гэр бүлийн гишүүн” гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг хэлнэ.

  • Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд
  • Хүүхдийг үрчлэн авснаар эцэг, эх, хүүхдийн хооронд
  • Дагавар хүүхэд хойд эцэг, хойд эхийн хооронд эцэг, эх, хүүхдийн хооронд
  • Хүүхдийн эцэг, эх нь гэрлэлтээ бүртгүүлсэн бол гэрлэлтийн гэрчилгээг, гэрлэлтээ бүртгүүлээгүй бол хуульд заасны дагуу захиргааны буюу шүүхийн журмаар эцэг, эхийг тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэн тогтоогдоно.
  • Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ. /Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйл/

Хүүхдээ хүмүүжүүлэх эрх, үүрэг:

Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д “хүүхэд төрүүлэх, асрах эрхтэй” гэж заасан бол мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт “үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь иргэн бүрийн журамт үүрэг мөн” гэж заасан. Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ.

Эцэг, эх дараах үүрэг хүлээнэ:

  • Хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх;
  • Хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх;
  • Хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох
  • Хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах
  • Эцэг, эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхэддээ хэрцгий хандах, эцэг, эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглоно.
  • Эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд тэдгээрийн үүрэг хэвээр үлдэнэ.
  • Эцэг, эх үүргээ хэрэгжүүлэх журмыг тусгайлан тохиролцоогүй бол түүнийг шүүх тогтооно.
  • Хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно.
  • Хүүхдийн эцэг, эх нь эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан, хасуулсан нь үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.
  • Эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, эсхүл хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар хүүхдээсээ тусдаа амьдарч байгаа нөхцөлд үүргээ хэрэгжүүлж байгаад нь харьяалах сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага хяналт тавина.
  • Хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хохироосон эцэг, эх хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээж, эцэг, эх байх эрхээ урвуулан ашигласан үйлдлийг хийж, хүүхэдтэйгээ удаа дараа хэрцгий харьцсан, бэлгийн харьцаанд оруулахаар завдсан, оруулсан, сэтгэл санааны хүнд дарамтад байлгасан, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүргээс санаатайгаар зайлсхийсэн, согтууруулах ундаа, мансууруулах бодис байнга хэрэглэдэг хүний эцэг, эх байх эрхийг шүүхээр хасуулсан бол хүүхдээ бага наснаас нь өсгөн хүмүүжүүлээгүй нь тогтоогдсон бол тухайн хүүхдийн эцэг, эхийн хувьд эдлэх эрхээ алдана.

Гэр бүлийн тухай хуулийн 27 дугаар зүйлд зааснаар дараах 2 тохиолдолд эцэг, эх байх эрхийг нь хязгаарлана. Үүнд:

  1. Хүүхдийг орон сууц, хувцас, хоол ундаар байнга санаатай гачигдуулсан, хөдөлмөрийг нь зүй бусаар ашигласан, гуйлгачлуулсан, орон гэрээсээ дайжуулсан, гадуурхсан хүний эцэг, эх байх эрхийг зургаан сар хүртэл хугацаагаар шүүх хязгаарлаж болно.
  2. Эцэг, эх байх эрхийг хязгаарлах тухай нэхэмжлэлийг эцэг буюу эх нь, эсхүл төрөл, садангийн хүн, бусад иргэн, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага шүүхэд гаргах эрхтэй.

Дээр дурдсан эцэг, эх байх эрхийг нь хязгаарласан нөхцөл арилаагүй, эсхүл эцэг, эх нь хүүхдийнхээ эрх, ашиг сонирхлыг хохироож байгаа нь тогтоогдсон бол эцэг, эх байх эрхийг хязгаарласан тухай шүүхийн шийдвэр гарснаас хойш зургаан сарын дараа сум, дүүргийн Засаг дарга болон эцэг, эх нь, эсхүл төрөл, садангийн хүн, бусад иргэн, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага тухайн хүний эцэг, эх байх эрхийг хасуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж болно.

Эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан хүний хүүхдийн эрх, ашиг сонирхол хөндөгдөхгүй хэвээр үлдэнэ.

Эцэг, эх байх эрх хязгаарласныг хүчингүй болсонд тооцох:

  • Эцэг эх байх эрхийг нь хязгаарласан нөхцөл арилсан нь тогтоогдсон бол эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан хүний хүсэлтийг шүүх хянан үзэж, хүүхдийг эцэг, эхэд нь буцааж өгөх тухай шийдвэр гаргаж болно.
  • Хүүхдийг эцэг, эхэд нь буцааж өгөх нь түүний эрх, ашиг сонирхолд харшлахаар байгаа бол шүүх хүсэлтийг хэрэгсэхгүй болгож болно. Хэрэв хүүхэд долоон нас хүрсэн бол түүний саналыг харгалзан үзнэ.

Эцэг, эх байх эрх хасах үндэслэл

  • Эцэг, эх байх эрхээ урвуулан ашигласан /хүүхдээ хаях, санаатай төөрүүлэх, тарчлаан зовоох, худалдах, барьцаалах, биеийг нь үнэлэх, шунахай зорилгоор ашиглах, эрх зүйн зөрчилд татан оруулах зэргээр/, хүүхэдтэйгээ удаа дараа хэрцгий харьцсан, бэлгийн харьцаанд оруулахаар завдсан, оруулсан, сэтгэл санааны хүнд дарамтад байлгасан, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүргээс санаатайгаар зайлсхийсэн, согтууруулах ундаа, мансууруулах бодис байнга хэрэглэдэг хүний эцэг, эх байх эрхийг шүүх хасаж болно.
  • Эцэг, эх байх эрх хасуулах тухай нэхэмжлэлийг эцэг буюу эх нь, эсхүл асран хамгаалагч, харгалзан дэмжигч болон бусад иргэн, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах

Эцэг, эх байх эрхийг сэргээх

  • Эцэг, эх байх эрхээ хасуулсан хүний эцэг, эх байх эрхээ сэргээх тухай хүсэлтийг шүүх хянан үзэж, эцэг, эх байх эрхийг хүүхдийн эрх, ашиг сонирхлын үүднээс сэргээж болно.
  • Хүүхэд үрчлэгдсэн бол эцэг, эх байх эрхийг сэргээхгүй.
  • Эцэг, эх байх эрх сэргээх нь хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшилж байгаа нь тогтоогдсон бол эцэг, эх байх эрхээ хасуулсан хүний эцэг, эх байх эрхийг шүүх нь долоон нас хүрсэн хүүхдийн саналыг харгалзан сэргээхгүй байж болно.

Гэрлэгчдийн эрх үүрэг

  • Гэрлэгчид нь гэр бүлийн дотор тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ.
  • Гэрлэгчид нь гэр бүлээ төлөвлөх, оршин суух газар, эрхлэх ажил, мэргэжлээ чөлөөтэй сонгох, хуваарьт эд хөрөнгөтэй байх, дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах, материалын болон сэтгэл санааны хохирлоо буруутай этгээдээс гаргуулах тэгш эрхтэй.
  • Гэрлэгчид нь бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх, угийн бичиг хөтлөх үүргийг адил хүлээнэ.

http://e-khutuch.mn/guide/print/7/132/law