ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Гэр бүлийн харилцаа Хүүхэд төрснийг бүртгэх

Шинээр төрсөн хүүхдийг 30 хоногийн дотор Иргэний улсын бүртгэлийн байгууллагын улсын бүртгэгчид хандан бүртгүүлнэ.

Асуулт 1. Шинээр төрсөн хүүхдийнхээ төрсний гэрчилгээг хугацаанд нь авч чадаагүй юмаа. Хугацаа хожимдуулсны торгууль гэж төлөх үү? Хэдэн төгрөг төлөх вэ?

Иргэний  улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан эцэг, эх, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, эсхүл эрх бүхий байгууллагын төлөөлөгч хүүхэд төрсөн өдрөөс хойш 30 хоногийн дотор бүртгүүлнэ. Дурдсан хугацаанд иргэний улсын бүртгэлд бүртгүүлээгүй бол Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 15.24.1 дэх заалтад зааснаар  хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /1нэгж =1000 төгрөг/

Асуулт 2. Би гэр бүлийнхээ хүнтэй хамтран амьдраад 3 жил болж болж байна. Саяхан төрөөд хүү маань одоо 10 хоногтой. Хүүгээ эцгээр нь овоглож болох болов уу?

Гэрлэлтээ батлуулаагүй тохиолдолд дараах баримт бичгийг бүрдүүлэн засаг захиргааны нэгжийн харьяалал харгалзахгүй бүртгэж  гэрчилгээ олгоно.

  • Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эх хүүхдээ эцгийн овог, нэрээр бүртгүүлэх хүсэлтэй бол тус тусдаа өргөдөл гаргана. Эцэг, эхийн хэн нэг нь ирэх боломжгүй бол өргөдлөө нотариатаар гэрчлүүлнэ.
  • Хүүхэд төрсөн тухай эмнэлгийн магадлагаа, эрүүл мэндийн дэвтэр, эсхүл хүндэтгэн үзэх шалтгааны улмаас эмнэлгийн магадлагаа авах боломжгүй нөхцөлд төрсөн бол хөндлөнгийн гэрчийн тодорхойлолт;
  • Эцэг, эхийн иргэний үнэмлэх;

Асуулт 3. Нөхөртэйгөө хамтран амьдраад 5 жил болж байна. Нөхөр маань өмнөх эхнэрээсээ гэрлэлтээ цуцлуулаагүй юм. Би одоо 6 сартай жирэмсэн.  Хүүхдээ төрөхөөр ааваар нь овоглох боломжгүй байдаг юм уу?

Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.14 дэх хэсэгт зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эх хүүхдээ эцгийн овог, нэрээр бүртгүүлэх өргөдөл тус тусдаа гаргаагүй, эцэг тогтоосон тухай эрх бүхий байгууллагын шийдвэр байхгүй, эсхүл эцэг, эхийн хэн нэгний өмнөх гэрлэлт дуусгавар болоогүй бол хүүхдийн эхийн овог, нэрээр төрсний бүртгэдэг. Таны тохиолдолд хамтран амьдрагч тань өмнөх гэрлэлтээ дуусгавар болгоогүй байгаа тул хүүхэд эцгээрээ овоглогдох боломжгүй юм.

Асуулт 4. Төрөөд 20 хонож байна. Хүүхдэдээ хэдий хугацаанд төрсний бүртгэлд хамруулж гэрчилгээ авах ёстой байдаг билээ?

Иргэний бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар эцэг, эх, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, эсхүл эрх бүхий байгууллагын төлөөлөгч хүүхэд төрсөн өдрөөс хойш 30 хоногийн дотор засаг захиргааны нэгжийн харьяалал харгалзахгүй төрсний бүртгэлд бүртгүүлнэ.

Асуулт 5. Хүүхдээ төрснийг бүртгүүлэхийн тулд эцэг, эх хоёр нь заавал нэг хаяг дээр оршин суудаг байх ёстой байдаг уу? Ямар баримт бичиг бүрдүүлдэг вэ?

Нэг хаяг дээр оршин суудаг байхыг шаарддаггүй ба дараах баримт бичгийг бүрдүүлнэ. Үүнд:

  1. эцэг, эхийн иргэний үнэмлэх, эсхүл эцэг, эхийн хэн нэг нь гадаадын иргэн, харьяалалгүй хүн бол паспорт, эсхүл паспортыг орлох баримт бичиг;
  2. хүүхэд төрсөн тухай эмнэлгийн байгууллагын магадлагаа;
  3. эцэг, эхийн гэрлэлтийн гэрчилгээ.

Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эх хүүхдээ эцгийн овог, нэрээр бүртгүүлэх хүсэлтэй бол тус тусдаа өргөдөл гаргана. Эцэг, эхийн хэн нэг нь ирэх боломжгүй бол өргөдлөө нотариатаар гэрчлүүлнэ.

Асуулт 6. Хүүхдээ ааваар нь овоглохын тулд заавал гэрлэлтийн баталгаатай байх ёстой байдаг юм уу?

Хүүхдээ ааваар нь овоглохын тулд заавал гэрлэлтийн баталгаа шаардахгүй. Харин гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эх хүүхдээ эцгийн овог, нэрээр бүртгүүлэх хүсэлтэй бол тус тусдаа өргөдөл гаргана. Эцэг, эхийн хэн нэг нь ирэх боломжгүй бол өргөдлөө нотариатаар гэрчлүүлнэ.

Асуулт 7. Би Улаанбаатар хотын иргэн. Төрөөд 10 хоноод хөдөө аав ээж дээрээ ирсэн юмаа. Хүүхдийнхээ төрсний гэрчилгээг авч амжаагүй байгаа юмаа. Хүүхдийнхээ төрсний гэрчилгээг авахын тулд заавал харьяа оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ иргэний бүртгэлийн ажилтанд бүртгүүлэх үү?

Иргэний Улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 5 дугаар зүйлд зааснаар үрчилсний, овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний, хүйс өөрчлөгдсөний, шилжилт хөдөлгөөний, Монгол Улсын харьяат болсон, харьяатаас гарсан, иргэний харьяаллаа сэргээн тогтоосны бүртгэлээс бусад иргэний улсын бүртгэлийг засаг захиргааны нэгжийн харьяалал харгалзахгүй бүртгэхээр заасан. Иймд таны тохиолдолд хүүхдийнхээ төрсний гэрчилгээг нутаг дэвсгэрийн харьяалал харгалзахгүй байгаа газрынхаа иргэний бүртгэлийн байгууллагын ажилтанд хандан авах боломжтой.

Асуулт 8. Манай нөхөр Япон Улсын иргэн. Бид Монголд амьдардаг ба төрөөд 7 хонож байна. Хүүхдэдээ төрсний гэрчилгээг нь авах гэсэн юм. Ямар нэгэн нэмэлт материал бүрдүүлдэг болов уу?

Эцэг, эхийн хэн нэг нь Монгол Улсын иргэн, нөгөө нь гадаадын иргэн, харьяалалгүй хүн бол тэдний дундаас Монгол Улсын нутаг дэвсгэрт төрсөн хүүхдэд төрсний гэрчилгээ авахаар бол дараах баримт бичгийг бүрдүүлнэ. Үүнд:

  1. эцэг, эхийн иргэний үнэмлэх, эсхүл эцэг, эхийн хэн нэг нь гадаадын иргэн, харьяалалгүй хүн бол паспорт, эсхүл паспортыг орлох баримт бичиг;
  2. хүүхэд төрсөн тухай эмнэлгийн байгууллагын магадлагаа;
  3. эцэг, эхийн гэрлэлтийн гэрчилгээ.
  4. нэмэлтээр эцэг, эхийн тус тусдаа гаргасан өргөдөл

Асуулт 9. Эцэг эх нь Швед Улсын иргэн. Тэр хоёрын дундаас Монгол Улсын нутаг дэвсгэр дээр төрсөн хүүхдэд гэрчилгээ авч болох уу?

Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын иргэн, харьяалалгүй эцэг, эхээс төрсөн хүүхдийн төрсний бүртгэлийг хөтөлж, регистрийн дугааргүй төрсний гэрчилгээ олгож болно.

Асуулт 10. Гэрлэлтээ цуцлуулаад 8 сар болж байгаа. Тухайн үедээ жирэмсэн гэдгээ мэдээгүй байсан. Одоо төрөх хугацаа маань дөхчихсөн. Хүүхдээ ааваар нь овоглуулах боломж байдаг болов уу?

Иргэний Улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9 дэхь хэсэгт зааснаар гэрлэлт цуцлуулсан, эсхүл гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцсоноос хойш 10 сарын дотор төрсөн хүүхдийг эцгийн овог, нэрээр бүртгүүлэх бол эцэг, эхийн иргэний үнэмлэх, эсхүл эцэг, эхийн хэн нэг нь гадаадын иргэн, харьяалалгүй хүн бол паспорт, эсхүл паспортыг орлох баримт бичиг, хүүхэд төрсөн тухай эмнэлгийн байгууллагын магадлагаа, заасан баримт бичигт эцэг, эхийн тус тусдаа гаргасан өргөдөл, эсхүл эцэг тогтоосон тухай шүүхийн шийдвэрийг хавсаргана.


http://e-khutuch.mn/guide/print/7/133/faq