ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Гэр бүлийн харилцаа Гэрлэлт бүртгэх

Гэрлэлт бүртгэх

Хуулийн зохицуулалт

Монгол Улсын Үндсэн Хуулийн 16 дугаар зүйлийн 11 дэх хэсэгт зааснаар улс төр, эдийн засаг, нийгэм соёлын амьдрал, гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй тэгш эрхтэй.

“Гэр бүл” гэж гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг хэлнэ. /Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт/

Гэрлэлт нь тэгш эрх, сайн дурын харилцаанд үндэслэгдэж, гэрлэхэд нь  үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, шашин шүтлэгээр ялгаварлан гадуурхахыг хориглоно. /Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйл/

Гэрлэхийг хүсэгчид дараах нөхцөлд гэрлэж болно. Үүнд:

  • 18 насанд хүрсэн Монгол Улсын иргэн эрэгтэй, эмэгтэй хоёр буюу Монгол Улсын иргэн нь гадаадын иргэн, харьяалалгүй хүнтэй харилцан зөвшөөрөлцсөнөөр Монгол Улсад гэрлэж болно.
  • Эрэгтэй хүн нэг эхнэр, эмэгтэй хүн нэг нөхөртэй байна.
  • Монгол Улсад байнга оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй хүний гэрлэх асуудлыг шийдвэрлэхэд Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол Гэр бүлийн тухай хуулийг баримтална.
  • Монгол Улсын иргэд хоорондоо, эсхүл Монгол Улсын иргэн нь гадаадын иргэн буюу харьяалалгүй хүнтэй гадаад улсад тухайн улсын хуулийн дагуу гэрлэсэн нь гэрлэхэд харшлахгүй бол Монгол Улсад хүчинтэйд тооцогдоно.
  • Монгол Улсын иргэн нь гадаадын иргэн, харьяалалгүй хүнтэй гадаад улсад гэрлэсэн бол тэдгээрийн эрх, үүргийг гэрлэгчдийн сонгосон улсын хуулиар, сонгоогүй бол энэ хуулиар тодорхойлно. /“энэ хуулиар тодорхойлно” гэж гэрлэгчдийн байнга оршин суугаа улсын хуулиар тодорхойлохыг хэлнэ/. /Гэр бүлийн тухай хуулийн  6 дугаар зүйл/

Харин бусдад учруулсан материалын хохирлыг нөхөн төлөхөөс зайлсхийх зорилгоор, эсхүл хууль бус үйлдлээ халхавчлах үүднээс гэрлэлтээ хуурамчаар цуцлуулсан нь тогтоогдсон тохиолдолд гэрлэлт цуцлалтыг хүчин төгөлдөр бус гэж тооцдог. /Гэр бүлийн тухай хуулийн 18 дугаар зүйл/

Таны судалсан байвал зохих хууль бусад эрх зүйн акт

  • Монгол Улсын Үндсэн хууль (1992 он) ЭНД дарж үзнэ үү.
  • Гэр бүлийн тухай хууль(1999 он) ЭНД дарж үзнэ үү.
  • Иргэний хууль (2002 он) ЭНД дарж үзнэ үү.
  • Улсын бүртгэлийн ерөнхий хууль (2018 он) ЭНД дарж үзнэ үү.
  • Иргэний Улсын бүртгэлийн тухай хууль (2018 он) ЭНД дарж үзнэ үү.
  • Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль (2002 он) ЭНД дарж үзнэ үү.
  • Зөрчлийн хууль (2017 он) ЭНД дарж үзнэ үү.
  • Улсын тэмдэгтийн тухай хууль (2010 он) ЭНД дарж үзнэ үү.
  • Засгийн Газрын 2010 оны 237 дугаар тогтоол ЭНД дарж үзнэ үү.
Асуудлыг шийдвэрлэх байгууллага

Гэрлэхийг болон гэрлэлтээ сэргээхийг хүсэгчдийг улсын бүртгэгч улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлт, нотлох баримтыг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргана. /Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн  19.4.2 дахь хэсэг/ Улсын бүртгэлийг засаг захиргааны нэгжийн харьяалал харгалзахгүй бүртгэнэ. Харин хилийн чандад гэрлэлтээ бүртгүүлэх болон сэргээлгэх гэж байгаа  бол Дипломат төлөөлөгчийн газрын бүртгэлийн ажилтанд хандана. /Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5, 5.6 дахь хэсэг/

Асуудлыг шийдвэрлэх дараалал

Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар гэрлэгчид гэрлэлтээ бүртгүүлэхдээ өөрийн биеэр ирж дараах баримт бичгийг бүрдүүлнэ. Үүнд:

  • Тус тусдаа гаргасан өргөдөл;
  • Гэрлэхийг хүсэгчдийн иргэний үнэмлэх, эсхүл гадаадын иргэн, харьяалалгүй хүн бол паспорт, эсхүл паспортыг орлох баримт бичиг;
  • Эрүүл мэндийн тодорхойлолт /өөрсдийн оршин суугаа газрын эмнэлгийн байгууллагаар шинжилгээ хийлгэсэн байна/.
  • Иргэний хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийн хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүх 16-аас 18 хүртэлх насны иргэнийг, түүний хүсэлт, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн зөвшөөрлөөр иргэний эрх зүйн бүрэн чадамжтай гэж тооцож болно гэж заасны дагуу насанд хүрээгүй хүнийг эрх зүйн бүрэн чадамжтай гэж зарласан нөхцөлд шүүхийн шийдвэрийн хуулбар.
  • Монгол Улсын иргэн гадаадын иргэнтэй, эсхүл Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин суугаа гадаадын иргэд тус улсын нутаг дэвсгэр дээр гэрлэсний бүртгэлд бүртгүүлэх бол тухайн гадаадын иргэний харьяалсан улсын эрх бүхий байгууллага, эсхүл тухайн улсыг төлөөлөн ажиллаж байгаа Дипломат төлөөлөгчийн газраас олгосон гэрлэлтийн байдлыг тусгасан баримт бичгийг хавсаргана.
  • баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор гэрлэсний бүртгэлийг хөтөлнө.
  • Гэрлэсний бүртгэлийг хөтлөхдөө гэрлэхийг хүсэгчдийг гэрчийн хамт байлцуулах бөгөөд гэрчээр 18 нас хүрсэн хүнийг оролцуулна.

Гэрлэгчид гэрлэлтээ сэргээхдээ дараах баримт бичгийг бүрдүүлж, өөрийн биеэр бүртгүүлнэ. Үүнд:

  • тус тусдаа гаргасан өргөдөл;
  • иргэний үнэмлэх, эсхүл гадаадын иргэн, харьяалалгүй хүн бол паспорт, эсхүл паспортыг орлох баримт бичиг.
  • Иргэнийг сураггүй алга болсонд тооцсон, нас барсан гэж зарласан шүүхийн шийдвэр хүчингүй болсон бол тухайн шийдвэрийг хавсаргана.
  • Шүүхээс гэрлэлт цуцлалтыг хүчин төгөлдөр бус гэж тооцсон бол тухайн шийдвэрийг хавсаргана. /Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйл/
Асуудлыг шийдвэрлэх хугацаа

Гэрлэхийг хүсэгчид болон гэрлэлтээ сэргээхийг хүсэгчид бүрдүүлсэн баримт бичгийг улсын бүртгэгч, /Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, түүний орон нутаг дахь улсын бүртгэлийн газар, хэлтэс, тасгийн улсын бүртгэгч/ бүртгэлийн ажилтан / хилийн чанадад ажиллаж байгаа Дипломат төлөөлөгчийн газрын иргэний улсын бүртгэл хариуцсан ажилтан /хүлээн авч хойш ажлын 5 өдрийн дотор гэрлэсний бүртгэлийг хөтөлнө. /Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5 дэх хэсэг/

Асуудлыг шийдвэрлээгүй тохиолдолд гомдол гаргах

Гэрлэлтийг бүртгүүлэх нь гэр бүлд, мөн гэр бүлийн гишүүдэд тодорхой үүргийг хүлээлгэхээс гадна хамгаалалт, дэмжлэгийг албан ёсоор бий болгодог.

Гэрлэлтээ бүртгүүлсэнээр гэр бүлийн гишүүд дараах нийтлэг давуу боломжийг эдлэх эрхтэй болдог. Үүнд:

  • Хуулийн дагуу өөрт оногдсон эрхээ эдлэх, хүлээсэн үүргээ биелүүлэхийг бусдаас шаардах, өөрийн үүргээ биелүүлэх боломж, нөхцөлөөр хангуулах, Тухайлбал гэр бүлийн гишүүдийн хамгийн гол зорилго нь бие биенээ хайрлан хүндлэх, харилцан туслалцах, ирээдүйгээ хамтран бүтээхэд чиглэгддэг.
  • Гэр бүлийн гишүүнийхээ хувьд хамгаалагдах, нийгмийн зүгээс дэмжлэг туслалцаа хүртэх эрхтэй болдог.

Иргэн та гэрлэлтээ бүртгүүлэх болон гэрлэлтээ сэргээх гэж байгаа бол Засгийн газрын 2010 оны 9-р дүгээр сарын 15-ны өдрийн 237 дугаар тогтоолын Улсын бүртгэлийн үйлчилгээ хөлсний хэмжээ хавсралтын 1 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар бүртгэл хийлгэхэд 2500 төгрөг төлнө.

Асуулт 1. Гэрлэхэд харшлах шалтгаанууд ямар шалтгаанууд байдаг вэ?

Гэрлэхийг хүсэгчид Гэр бүлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд зааснаар дараах харшлах шалтгаануудтай бол гэрлэхийг хориглоно. Үүнд:

  1. Хэрэв таны өмнөх гэрлэлт хүчинтэй байгаа бол;
  2. Гэрлэгчид хоёулаа, эсхүл хэн нэг нь 18 насанд хүрээгүй бол;
  3. Төрөл, садангийн хүмүүс хоорондоо гэрлэх;
  4. Харгалзан дэмжигч, дэмжүүлэгч хоёр гэрлэх;
  5. Үрчлэгч, үрчлүүлэгч хоёр гэрлэх;
  6. Гэрлэгчдийн хэн нэг нь, эсхүл хоёулаа удамших хандлагатай сэтгэцийн архаг өвчтэй бол.

Асуулт 2. Би Сонгинохайрхан дүүрэгт, манай найз охин Баянгол дүүрэгт оршин суудаг. Гэрлэлтээ батлуулахдаа бид 2 заавал нэг хаяганд оршин суудаг байх шаардлагатай юу?

Заавал нэг хаяганд оршин суудаг байх шаардлагагүй. 2018 оны 11 дүгээр сарын 01-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөгдөж байгаа Иргэний Улсын бүртгэлийн тухай хуулиар иргэний улсын бүртгэлийг засаг захиргааны нэгжийн харьяалал харгалзахгүй бүртгэдэг болсон.

Асуулт 3. Манай нөхөр Англи улсын иргэн. Бид гэрлэлтээ Англи улсад 2005 онд бүртгүүлж тэнд одоог хүртэл амьдарч байна. Эх орондоо очвол миний гэрлэлт хүчинтэй болов уу?

Монгол Улсын гэр бүлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан харшлах шалтгаангүй бол гадаад улсад гэр бүл болсон ч гэсэн эх оронд тань таны бүртгэл хүчинтэйд тооцогдоно.

Асуулт 4. Гэрлэлтээ бүртгүүлэхдээ заавал гэрч байлцуулах ёстой юм уу? Мөн гэрч нь төрсөн ах дүү, хамаатан садан нь байх уу?

Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.6 дах хэсэгт “Гэрлэсний бүртгэлийг хөтлөхдөө гэрлэхийг хүсэгчдийг гэрчийн хамт байлцуулах бөгөөд гэрчээр 18 нас хүрсэн хүнийг оролцуулна” гэж зааснаар заавал гэрч байлцуулах ба гэр нь төрөл садангийн хүн байх шаардлагагүй.

Асуулт 5.  Би одоо 5 сартай жирэмсэн. Хүүхдийн аав нь 16 настай. Бид гэрлэлтээ бүртгүүлэх хүсэлтэй байгаа боловч хүмүүс 18 насанд хүрээгүй бол гэрлэлтээ бүртгүүлэх боломжгүй гэх юм. Бид гэрлэлтээ бүртгүүлэх боломжтой болов уу?

Гэрлэхэд харшлах шалтгаангүй бол 18 насанд хүрсэн Монгол Улсын иргэн эрэгтэй, эмэгтэй хоёр буюу Монгол Улсын иргэн нь гадаадын иргэн, харьяалалгүй хүнтэй харилцан зөвшөөрөлцсөнөөр Монгол Улсад гэрлээр заасан байдаг. Дээрх тохиолдолд насанд хүрээгүй байгаа тул 16-аас 18 хүртэлх насны иргэнийг, түүний хүсэлт, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн зөвшөөрлөөр иргэний эрх зүйн бүрэн чадамжтай гэж шүүхээр тооцуулан, уг шийдвэрээ гэрлэлтээ бүртгүүлэхдээ баримт бичигтээ хавсаргаснаар гэрлэлтээ  бүртгүүлэх боломжтой болно.

Асуулт 6. Манай найз залуу бид 2 хотод амьдардаг боловч орон нутгийн харьяалалтай. Бид заавал орон нутаг руугаа очиж гэрлэлтээ бүртгүүлэх үү? Гэрлэлтээ хотод бүртгүүлэх боломжтой болов уу?

2018 оны 11 дүгээр сарын 01-ны өдрөөс дагаж мөрдөгдөж байгаа Ирэний улсын бүртгэлийн хуулиар гэрлэлтээ иргэний улсын бүртгэлийг засаг захиргааны нэгжийн харьяалал харгалзахгүй бүртгүүлэх боломжтой болсон. Ийм та 2 гэрлэлтээ Улаанбаатар хотод бүртгүүлэх боломжтой.

Асуулт 7. Би эхнэрээсээ салаад 3 жил болсон ба одоо буцаж нийлэх бодолтой байгаа. Энэ тохиолдолд гэрлэлтээ дахин бүртгүүлэх үү?

Гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрснээ илэрхийлж өөр хүнтэй гэрлээгүй бол гэрлэлтийг сэргээнэ. Гэрлэлтээ сэргээхдээ баримт бичгийг бүрдүүлж, өөрийн биеэр бүртгүүлнэ:

  1. тус тусдаа гаргасан өргөдөл;
  2. иргэний үнэмлэх, эсхүл гадаадын иргэн, харьяалалгүй хүн бол паспорт, эсхүл паспортыг орлох баримт бичиг.

Хавсаргах баримт бичиг:

  1. Иргэнийг сураггүй алга болсонд тооцсон, нас барсан гэж зарласан шүүхийн шийдвэр хүчингүй болсон бол тухайн шийдвэр
  2. Шүүхээс гэрлэлт цуцлалтыг хүчин төгөлдөр бус гэж тооцсон бол тухайн шийдвэр

Асуулт 8. Ямар тохиолдолд гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцдог вэ?

Бусдад учруулсан материалын хохирлыг нөхөн төлөхөөс зайлсхийх зорилгоор, эсхүл хууль бус үйлдлээ халхавчлах үүднээс гэрлэлтээ хуурамчаар цуцлуулсан нь тогтоогдсон тохиолдолд гэрлэлт цуцлалтыг хүчин төгөлдөр бус гэж тооцдог. 

Асуулт 9. Сайн байна уу? Гэрлэлт бүртгэлийг зохицуулсан ямар эрх зүйн актууд байдаг вэ?

Гэр бүлийн тухай хууль (1999 он)

Иргэний улсын бүртгэлийн тухай хууль (2018 он)

Иргэний улсын бүртгэл хөтлөх журам (2018 он)

Улсын бүртгэлийн үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох тухай Засгийн газрын тогтоол (2010 он)

Асуулт 10. Гэрлэлтээ бүртгүүлэхдээ ямар баримт бичиг бүрдүүлэх шаардлагатай вэ?

Гэрлэхийг хүсэгчид засаг захиргааны нэгж харгалзахгүй доорх баримт бичгийг бүрдүүлнэ. Үүнд:

  •  тус тусдаа гаргасан өргөдөл;
  • иргэний үнэмлэх, эсхүл гадаадын иргэн, харьяалалгүй хүн бол паспорт, эсхүл паспортыг орлох баримт бичиг.
  • Иргэнийг сураггүй алга болсонд тооцсон, нас барсан гэж зарласан шүүхийн шийдвэр хүчингүй болсон бол тухайн шийдвэрийг хавсаргана.
  • Шүүхээс гэрлэлт цуцлалтыг хүчин төгөлдөр бус гэж тооцсон бол тухайн шийдвэрийг хавсаргана.

http://e-khutuch.mn/guide/print/7/211/all