ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Гэр бүлийн харилцаа Гэрлэлт бүртгэх

Гэрлэлт бүртгэх

Асуулт 1. Гэрлэхэд харшлах шалтгаанууд ямар шалтгаанууд байдаг вэ?

Гэрлэхийг хүсэгчид Гэр бүлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд зааснаар дараах харшлах шалтгаануудтай бол гэрлэхийг хориглоно. Үүнд:

  1. Хэрэв таны өмнөх гэрлэлт хүчинтэй байгаа бол;
  2. Гэрлэгчид хоёулаа, эсхүл хэн нэг нь 18 насанд хүрээгүй бол;
  3. Төрөл, садангийн хүмүүс хоорондоо гэрлэх;
  4. Харгалзан дэмжигч, дэмжүүлэгч хоёр гэрлэх;
  5. Үрчлэгч, үрчлүүлэгч хоёр гэрлэх;
  6. Гэрлэгчдийн хэн нэг нь, эсхүл хоёулаа удамших хандлагатай сэтгэцийн архаг өвчтэй бол.

Асуулт 2. Би Сонгинохайрхан дүүрэгт, манай найз охин Баянгол дүүрэгт оршин суудаг. Гэрлэлтээ батлуулахдаа бид 2 заавал нэг хаяганд оршин суудаг байх шаардлагатай юу?

Заавал нэг хаяганд оршин суудаг байх шаардлагагүй. 2018 оны 11 дүгээр сарын 01-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөгдөж байгаа Иргэний Улсын бүртгэлийн тухай хуулиар иргэний улсын бүртгэлийг засаг захиргааны нэгжийн харьяалал харгалзахгүй бүртгэдэг болсон.

Асуулт 3. Манай нөхөр Англи улсын иргэн. Бид гэрлэлтээ Англи улсад 2005 онд бүртгүүлж тэнд одоог хүртэл амьдарч байна. Эх орондоо очвол миний гэрлэлт хүчинтэй болов уу?

Монгол Улсын гэр бүлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан харшлах шалтгаангүй бол гадаад улсад гэр бүл болсон ч гэсэн эх оронд тань таны бүртгэл хүчинтэйд тооцогдоно.

Асуулт 4. Гэрлэлтээ бүртгүүлэхдээ заавал гэрч байлцуулах ёстой юм уу? Мөн гэрч нь төрсөн ах дүү, хамаатан садан нь байх уу?

Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.6 дах хэсэгт “Гэрлэсний бүртгэлийг хөтлөхдөө гэрлэхийг хүсэгчдийг гэрчийн хамт байлцуулах бөгөөд гэрчээр 18 нас хүрсэн хүнийг оролцуулна” гэж зааснаар заавал гэрч байлцуулах ба гэр нь төрөл садангийн хүн байх шаардлагагүй.

Асуулт 5.  Би одоо 5 сартай жирэмсэн. Хүүхдийн аав нь 16 настай. Бид гэрлэлтээ бүртгүүлэх хүсэлтэй байгаа боловч хүмүүс 18 насанд хүрээгүй бол гэрлэлтээ бүртгүүлэх боломжгүй гэх юм. Бид гэрлэлтээ бүртгүүлэх боломжтой болов уу?

Гэрлэхэд харшлах шалтгаангүй бол 18 насанд хүрсэн Монгол Улсын иргэн эрэгтэй, эмэгтэй хоёр буюу Монгол Улсын иргэн нь гадаадын иргэн, харьяалалгүй хүнтэй харилцан зөвшөөрөлцсөнөөр Монгол Улсад гэрлээр заасан байдаг. Дээрх тохиолдолд насанд хүрээгүй байгаа тул 16-аас 18 хүртэлх насны иргэнийг, түүний хүсэлт, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн зөвшөөрлөөр иргэний эрх зүйн бүрэн чадамжтай гэж шүүхээр тооцуулан, уг шийдвэрээ гэрлэлтээ бүртгүүлэхдээ баримт бичигтээ хавсаргаснаар гэрлэлтээ  бүртгүүлэх боломжтой болно.

Асуулт 6. Манай найз залуу бид 2 хотод амьдардаг боловч орон нутгийн харьяалалтай. Бид заавал орон нутаг руугаа очиж гэрлэлтээ бүртгүүлэх үү? Гэрлэлтээ хотод бүртгүүлэх боломжтой болов уу?

2018 оны 11 дүгээр сарын 01-ны өдрөөс дагаж мөрдөгдөж байгаа Ирэний улсын бүртгэлийн хуулиар гэрлэлтээ иргэний улсын бүртгэлийг засаг захиргааны нэгжийн харьяалал харгалзахгүй бүртгүүлэх боломжтой болсон. Ийм та 2 гэрлэлтээ Улаанбаатар хотод бүртгүүлэх боломжтой.

Асуулт 7. Би эхнэрээсээ салаад 3 жил болсон ба одоо буцаж нийлэх бодолтой байгаа. Энэ тохиолдолд гэрлэлтээ дахин бүртгүүлэх үү?

Гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрснээ илэрхийлж өөр хүнтэй гэрлээгүй бол гэрлэлтийг сэргээнэ. Гэрлэлтээ сэргээхдээ баримт бичгийг бүрдүүлж, өөрийн биеэр бүртгүүлнэ:

  1. тус тусдаа гаргасан өргөдөл;
  2. иргэний үнэмлэх, эсхүл гадаадын иргэн, харьяалалгүй хүн бол паспорт, эсхүл паспортыг орлох баримт бичиг.

Хавсаргах баримт бичиг:

  1. Иргэнийг сураггүй алга болсонд тооцсон, нас барсан гэж зарласан шүүхийн шийдвэр хүчингүй болсон бол тухайн шийдвэр
  2. Шүүхээс гэрлэлт цуцлалтыг хүчин төгөлдөр бус гэж тооцсон бол тухайн шийдвэр

Асуулт 8. Ямар тохиолдолд гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцдог вэ?

Бусдад учруулсан материалын хохирлыг нөхөн төлөхөөс зайлсхийх зорилгоор, эсхүл хууль бус үйлдлээ халхавчлах үүднээс гэрлэлтээ хуурамчаар цуцлуулсан нь тогтоогдсон тохиолдолд гэрлэлт цуцлалтыг хүчин төгөлдөр бус гэж тооцдог. 

Асуулт 9. Сайн байна уу? Гэрлэлт бүртгэлийг зохицуулсан ямар эрх зүйн актууд байдаг вэ?

Гэр бүлийн тухай хууль (1999 он)

Иргэний улсын бүртгэлийн тухай хууль (2018 он)

Иргэний улсын бүртгэл хөтлөх журам (2018 он)

Улсын бүртгэлийн үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох тухай Засгийн газрын тогтоол (2010 он)

Асуулт 10. Гэрлэлтээ бүртгүүлэхдээ ямар баримт бичиг бүрдүүлэх шаардлагатай вэ?

Гэрлэхийг хүсэгчид засаг захиргааны нэгж харгалзахгүй доорх баримт бичгийг бүрдүүлнэ. Үүнд:

  •  тус тусдаа гаргасан өргөдөл;
  • иргэний үнэмлэх, эсхүл гадаадын иргэн, харьяалалгүй хүн бол паспорт, эсхүл паспортыг орлох баримт бичиг.
  • Иргэнийг сураггүй алга болсонд тооцсон, нас барсан гэж зарласан шүүхийн шийдвэр хүчингүй болсон бол тухайн шийдвэрийг хавсаргана.
  • Шүүхээс гэрлэлт цуцлалтыг хүчин төгөлдөр бус гэж тооцсон бол тухайн шийдвэрийг хавсаргана.

http://e-khutuch.mn/guide/print/7/211/faq