ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Гэр бүлийн харилцаа Гэр бүлийн гишүүдийн хөрөнгийн эрх

Гэр бүлийн гишүүдийн хөрөнгийн эрх

Асуулт 1. Нөхөртэйгөө гэр бүл болсноос хойш ахуйн ажил хийж, хүүхдүүдээ асран гэртээ байж орлого олоогүй бол гэрлэснээс хойш бий болсон дундын хөрөнгөө хамтран өмчлөх эрхтэй юу?

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар гэрлэснээс хойш гэр ахуйн ажил эрхэлсэн, хүүхэд асарсан, өвчтэй байсан болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар орлого олоогүй байсан эхнэр, нөхөр гэр бүлийн бусад гишүүн хөрөнгөө хамтран өмчлөх эрх эдэлнэ.

Асуулт 2. Нөхөр бид хоёр гэрлэлтээ 2007 онд батлуулан хамтран амьдарч байгаад 2010 оноос хойш тусдаа амьдарч байсан. Би 2013 онд өөрийн мөнгөөрөө хоёр өрөө байр зээлээр авсан ба одоо зээлийнхээ 87 хувийн төлж барагдуулсан. Гэвч одоо нөхөр маань гэрлэлтээ цуцлуулах нэхэмжлэлдээ миний авсан байрыг дундын өмч гээд хуваарьт хөрөнгөө гаргуулж авахаар тусгасан байх юм. Ийм нөхцөлд шүүх яаж шийдвэр гаргах вэ?

Гэр бүлийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-т зааснаар гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн гэж үздэг. Энэ заалт нь гэрлэлтээ бүртгүүлж хамтран амьдарсан байхыг шаарддаг ба таны нөхцөлд тусдаа амьдарч байх хугацаандаа та өөрийн хөрөнгөөр тус байрыг авсан нь та хоёрын хамтран өмчлөх дундын өмч гэж үзэх үндэслэлгүй юм.

Асуулт 3. Миний дагавар охин одоо 15 настай.Эхнэртэйгээ гэрлээд 9 жил болж байна. Дагавар охин минь дундаа хамтран өмчлөх эрх эдлэх үү?

Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т "Гэр бүлийн гишүүн" гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг” хамруулахаар заасан. Тийм болохоор таны дагавар охин таны нэгэн адил хамтран өмчлөгч байна.


http://e-khutuch.mn/guide/print/7/212/faq