ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Гэр бүлийн харилцаа Тэжээн тэтгэх, тэтгүүлэх

Тэжээн тэтгэх, тэтгүүлэх

Асуулт 1. Би 2 хүүхэдтэй нөхөртэйгөө хамтран амьдардаг байсан. Одоо нөхрөөсөө салаад 3 жил болж байна. Гэрлэлтээ бүртгүүлж байгаагүй ч 2 хүүхэддээ тэтгэлэг тогтоолгох, өнгөрсөн 3 жилийн хугацааныхаа хүүхдүүдийнхээ тэтгэлгийг нөхөн гаргуулах боломж байгаа болов уу?

Та шүүхэд тэтгэлэг тогтоолгохоор нэхэмжлэл гаргах эрх нээлттэй ба харин өмнөх 3 жилийнхээ тэтгэлгийг нөхөн гаргуулах боломжгүй. Учир нь та шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон хугацаанаас  эхлэн хүүхдийн тэтгэлгийг шаардах эрх үүсдэг.

Асуулт 2. Нөхрөөсөө салаад 3 жил болж байна. Салахдаа хүүхдийн тэтгэлэг тогтоолгосон боловч сүүлийн 2 жил өгсөнгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар явсан боловч ямар ч нэмэр гарсангүй. Одоо хаана хандах вэ?

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага тэтгэлэг төлөгчийн мөнгөн хадгаламж болон бусад эд хөрөнгөөс тэтгэлэг гаргуулах тэтгэлгийг гаргуулах боломжтой ба тэтгэлэг төлөгч нь өөрийн нэр дээрээ бүртгэлтэй хөрөнгөгүй болон ажил эрхэлдэггүй бол тухайн тэтгэлэг төлөгчөөс тэтгэлэг гаргуулах боломжгүй байдаг. Харин та эрүүгийн хэргийн шүүхэд хандах боломж нь нээлттэй.

Асуулт 3. Амьжиргааны доод түвшин, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэсэн ойлголт ялгаатай юу?

Хүн амын амьжиргааны доод түвшинг тодорхойлох тухай хуулийн  3 дугаар зүйлд зааснаар амьжиргааны доод түвшин гэж хэрэглээний доод хэмжээг мөнгөн хэлбэрээр илэрхийлснийг  /хэрэглээний доод хэмжээ гэж хүний нэн тэргүүний зайлшгүй хэрэгцээг хангах хүнсний болон хүнсний бус хэрэглээний сагсаар тодорхойлсон бараа, үйлчилгээний шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоосон тоо, хэмжээг/ хэлнэ.

2018 онд мөрдөх хүн амын амьжиргааны доод түвшин нь

  • Баруун бүсэд 178000 төгрөг
  • Хангайн бүсэд 182600 төгрөг
  • Улаанбаатарт 198600 төгрөг
  • Төвийн бүсэд175600 төгрөг
  • Зүүн бүсэд 174000

Харин тодорхой боловсрол, тусгай мэргэжил үл шаардах энгийн ажилд хөдөлмөрийн гэрээ болон хөлсөөр ажиллах гэрээ, тэдгээртэй адилтгах бусад гэрээгээр ажиллаж байгаа ажилтан болон ажиллагч /цаашид “ажилтан” гэх/-ийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор эрх бүхий этгээдээс тогтоосон цагийн үндсэн цалин /хөлс/-гийн нийтээр дагаж мөрдвөл зохих хамгийн доод хязгаарыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэнэ./ Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай 3 дугаар зүйлийн 3.1дэх хэсэг/

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай 2016 оны 4 дүгээр сарын 20 -ны өдрийн Хөдөлмөр, нийгмийн зөвлөлийн гурван талт Үндэсний хорооны дугаар 04 тогтоолоор 2017 оны 01 дүгээр сарын 01- нй өдрөөс эхлэн нэг цагт 1428 төгрөг 60 мөнгө буюу 240000 /хоёр зуун дөчин мянга/-н төгрөг байхаар шинэчлэн тогтоосон.

Асуулт 4. Би хүүгийн хамт хотод амьдардаг ба хүүдээ тэтгэлэг тогтоолгосон юм. Аав нь орон нутагт амьдардаг ба өөрийн амьдардаг газрынхаа амьжиргааны түвшнээрээ тэтгэлэг төлдөг. Ингэж төлөх нь зөв үү?

Тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулдаг. Ийм та Улаанбаатар хотын амьжиргааны доод түвшнээр буюу 198600 төгрөгөөр тооцож тэтгэлэг гаргуулна. 

 


http://e-khutuch.mn/guide/print/7/214/faq