ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Гэр бүлийн харилцаа Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх

“Гэр бүлийн хүчирхийлэл” гэж - эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа; - тусдаа амьдарч байгаа төрүүлсэн, үрчлэн авсан хүүхэд, төрсөн, үрчлэн авсан эцэг, эх, ах, эгч, дүү; - гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй этгээдүүдэд сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно.

Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулиар хүчирхийлэл үйлдэгдэж буйг үзсэн, харсан, сонссон хүн хууль хяналтын байгууллагад тэр дор нь мэдээлэх үүрэг давхар хүлээж байгаа юм. Хэрэв мэдээлэх үүргээ биелүүлээгүй бол тухайн иргэн өөрөө хариуцлага хүлээх зохицуулалт тусгасан байгаа гэдгийг битгий мартаарай.  Тэгэхгүй бол хартай нөхөр, хамтран амьдрагчийн хар, харгис зодуур дунд эмэгтэйчүүд тарчилж, энхрий үрс хохироод байна.

Сэтгэл заслын, эрх зүйн туслалцаа болон мэдээллийн дагуу нийгмийн хамгааллын үйлчилгээ үзүүлэх, холбон зуучлах, амь нас, эрүүл мэндэд ноцтой асуудал үүссэн тохиолдолд тусламж үйлчилгээнд зуучилдаг байгууллага:

Гэр бүл хүүхдийн эсрэг хүчирхийллийн талаар мэдээллийг таны утас нэгжгүй байсан ч өгөх боломжтой.

Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн хамгаалах байр:  9649-0505

  • Цагдаагийн шуурхай дуудлага /мэдээлэл хүлээн авах/: 102
  • Цагдаагийн гэр бүлийн хүчирхийллийн мэдээллийн утас /мэдээлэл авна, зөвлөгөө өгнө/:  107
  • Хүүхдийн тусламж  мэдээллийн утас /мэдээлэл хүлээн авна, зөвлөгөө өгнө/: 108

Гэр бүл болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүдэд нийгмийн хамгаалал, халамжийг, эрүүл мэндийн, сэтгэл зүйн болон хууль эрх зүйн үйлчилгээ үзүүлдэг байгууллага:

  • Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн нэг цэгийн үйлчилгээ: 7018-0139
  • Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн - нэг цэгийн үйлчилгээ: 7011-3408

Хүчирхийллийн эсрэг үндэсний төв: Манай төв хүчирхийлэлд өртсөн иргэдэд сэтгэл зүйн болон хуулийн зөвлөгөө өгдөг. Мөн эрх зүйн туслалцаа үзүүлж байна. Улмаар  хууль  ёсны  эрх,  ашиг  сонирхлыг  нь  хамгаалах  чиг  үүрэг  бүхий байгууллагуудтай  нь  холбон зуучилдаг. Амь нас, эрүүл мэндийг нь хамгаалах шаардлагатай  тохиолдолд хамгаалах байрандаа 7 хоногоос 3 сар хүртэл байрлуулдаг.

Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх түр хамгаалах байр: Гэр бүлийн хүчирхийлэлд өртөж эрүүл мэнд, амь насанд нь аюул учирч болзошгүй, бие махбодод хохирол учруулсан, байнгын дарамтад байлгасан, айлган сүрдүүлж, дарамталсан, дагаж мөшгөсөн, хүчирхийллийн түвшин өндөр, дунд байгаа иргэдийг хүлээн авдаг. Энэхүү түр хамгаалах байранд тусгай дугаарын 107 дугаарын утас 24 цагаар ажилладаг.


http://e-khutuch.mn/guide/print/7/217/advice