ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Гэр бүлийн харилцаа Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх

“Гэр бүлийн хүчирхийлэл” гэж - эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа; - тусдаа амьдарч байгаа төрүүлсэн, үрчлэн авсан хүүхэд, төрсөн, үрчлэн авсан эцэг, эх, ах, эгч, дүү; - гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй этгээдүүдэд сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно.

Асуулт 1. Хүчирхийллийн эсрэг үндэсний төвөөс хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдэд ямар тусламж үзүүлдэг вэ?

Тус төвөөс гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуульд заасан эрхийн хүрээнд шууд үйлчилгээ буюу хуулийн зөвлөгөө өгч, шаардлагатай тохиолдолд өмгөөлөгчөөр хангаж, хэргийг дуустал итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцдог. Мөн сэтгэл зүйн анхан шатны зөвлөгөө өгч, түр хамгаалах байранд байрлуулдаг. Түүнчлэн нийгмийн үйлчилгээ үзүүлж, эрүүл мэндийн үйлчилгээ авахад нь зуучлах арга хэмжээ авдаг. Үүнээс гадна хүүхэд хамгаалах үйлчилгээ үзүүлдэг.

Асуулт 2. Манай нөхөр байнга архи ууж 2 хүүхдээ болон намайг зодох юм. Би болон хүүхдүүд маань өдөр бүр түгшүүртэй амьдрах боллоо. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хүнд ямар хариуцлага ногдуулдаг юм бол?

Эрүүгийн хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар

1.Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга:

1.1.зодсон;

1.2.харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан; 

1.3.хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг:

2.1.хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдсэн;

2.2.асрамжийн үйлчилгээ үзүүлэх байгууллагын ажилтан үйлдсэн;

2.3.таслан зогсоох гэсэн хүнийг эсэргүүцэж үйлдсэн бол зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Асуулт 3. Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага аваад ирсэн цагдаа ямар үүрэг хүлээх вэ?

Дуудлага хүлээн авсан цагдаагийн албан хаагч гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох зорилгоор  бусдын олон байранд нэвтрэн орж

  • хохирогч, түүний гэр бүлийн гишүүдийн аюулгүй байдлыг шалгах, хуульд заасан журмын дагуу аюулын зэргийн үнэлгээ хийж, түүнийг үндэслэн хохирогчийг нэг цэгийн үйлчилгээний төв, түр хамгаалах байранд хүргэх, боломжтой бол төрөл, садан, ойр дотны хүний түр хамгаалалтад өгөх;
  • хүчирхийлэл үйлдэгчид хүчирхийлэл үйлдэх, согтууруулах ундаа хэрэглэхийг зогсоохыг шаардах;
  • аюулын зэрэг өндөртэй, эсхүл хүүхэд хүчирхийлэлд өртсөн бол хохирогч зөвшөөрөл өгсөн эсэхийг үл харгалзан сум, баг, хорооны нийгмийн ажилтанд мэдэгдэх;
  • хохирогчид хуульд заасан эрх, үүргийг нь тайлбарлаж, түүнд үзүүлэх үйлчилгээний талаархи мэдээллийг бичгээр өгөх;
  • хохирогчийн эрхийг хангах арга хэмжээ авах;
  • шаардлагатай бол хүчирхийлэл үйлдэгчийг баривчлах;
  • галт зэвсэг, хүчирхийлэл үйлдэхэд ашигласан зэвсэг, зэвсгийн чанартай зүйлийг хураан авах.
  • Цагдаагийн алба хаагч шаардлагатай бол гэрч, хохирогч, мэдээлэл өгсөн этгээд, тэдгээрийн гэр бүлийн бусад гишүүн, хохирогчид туслалцаа үзүүлсэн хүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах;
  • Цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг хүчирхийлэл үйлдэгч биелүүлэхээс татгалзсан, эсхүл эсэргүүцсэн бол албадлага хэрэглэх
  • хохирогчид орон байрнаасаа хувцас, эм, эмнэлгийн хэрэгсэл, баримт бичиг, хүүхдийн сургалтын хэрэгсэл, шаардлагатай хэрэглээний эд зүйлээ авахад нь туслалцаа үзүүлж, хүчирхийлэл үйлдэгчээс шаардан гаргуулах зэрэг ажиллагааг явуулна.

Цагдаагийн алба хаагч аюулын үнэлгээ хийж, хохирогчийг хамгаалалтанд авах арга хэмжээ авахаас гадна хохирогчдод хэрэгтэй гэсэн тусламжийн хуудас өгдөг. Үүнд хохирогчийн эрх үүрэг юу юм, ийм тохиолдолд яах ёстой, хаана хандах ёстой талаар дэлгэрэнгүй тайлбарлаж өгдөг. Нөхцөл байдал дээр очиход хүчирхийлэлд өртсөн хүүхэд байх юм бол шууд авч явах үүрэг хүлээсэн байгаа. Ямар тохиолдолд гэвэл, амь насанд нь аюултай байдал үүссэн, үүсч болзошгүй үед, тухайн хүчирхийлэгч согтууруулах болон мансууруулах бодис хэрэглэсэн байгаа орчноос хүүхдийг шууд авч яваад хамтарсан багт нь хүлээлгэж өгөх. /Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 25 дугаар зүйл/


http://e-khutuch.mn/guide/print/7/217/faq