ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Бизнес эрхлэх, бизнесийн үйл ажиллагаа Хоршоо, түүнийг байгуулах

Хоршоо гэж эдийн засгийн болон нийгэм, соёлын нийтлэг хэрэгцээгээ хангах зорилгоор хэд хэдэн этгээд сайн дураараа нэгдсэн, ардчилсан хамтын, хамтын удирдлага, хяналт бүхий, дундын эд хөрөнгө дээр үндэслэн үйл ажиллагаа явуулахаар хамтран байгуулсан хуулийн этгээдийг; /Хоршооны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэг/

Хуулийн зохицуулалт

Хоршооны үйл ажиллагааны төрөл

  1. түүхий эд боловсруулалтын;
  2. үйлдвэрлэлийн;
  3. хадгаламж, зээлийн;
  4. борлуулалт, хангамж, бэлтгэн нийлүүлэлтийн;
  5. үйлчилгээний;
  6. орон сууц барих зориулалтын;
  7. эд хэрэглэгчдийн;
  8. дүрэмд заасан үйл ажиллагаа.

Хоршоо нь хадгаламж, зээлийн хоршооноос бусад хэд хэдэн үйл ажиллагааг нэгэн зэрэг эрхэлж болно.

Хадгаламж, зээлийн хоршоо эрхлэхийн тулд Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авна. /Хоршооны тухай хуулийн 3 дугаар зүйл/

Хоршоо нь оноосон нэртэй байна. Хоршооны оноосон нэрний ард “Хоршоо” гэсэн ялгах тэмдгийг хэрэглэнэ. Тухайн хоршоогоо аль нэг гишүүнийхээ нэрээр нэрлэж үл болно.

Анхан шатны Хоршоог 9-өөс доошгүй иргэн, дундын хоршоог хоёроос доошгүй хуулийн этгээд байгуулж болно. /Хоршооны тухай хуулийн 6 дугаар зүйл/

а.Хоршооны эд хөрөнгийн эх үүсвэр:

  1. гишүүнээс нийлүүлсэн хувь хөрөнгө;
  2. дүрэмд заасан бол гишүүний элсэлтийн татвар;
  3. хоршооны үйл ажиллагааны орлогоос хоршооны болзошгүй алдагдлын нөөц санд хуваарилсан хөрөнгө;
  4. бэлэглэсэн, хандивласан хөрөнгө;
  5. хоршооны өмчлөл дэх бусад хөрөнгө.

б.Хоршооны эд хөрөнгө нь нягтлан бодох бүртгэлийн хууль тогтоомжид зааснаар зохих бүртгэлтэй байх бөгөөд түүнийг гишүүн тус бүрийн нэр дээр хуваарилан дараах байдлаар давхар бүртгэнэ:

  1. гишүүний нийлүүлсэн хувь хөрөнгийг үнийн дүнгээр болон биет байдлаар;
  2. хоршооны нөөц санд үлдээхээр хуваарилсан хөрөнгийг гишүүдэд орлого хуваарилах журмаар тооцсон үнийн дүнгээр;
  3. бэлэглэсэн, хандивласан хөрөнгийг гишүүдэд тэнцүү хуваасан үнийн дүнгээр. /Хоршооны тухай хуулийн 8 дугаар зүйл/

Хоршооны дүрэм, түүний агуулга

а.Хоршоог үүсгэн байгуулах баримт бичиг нь хоршооны дүрэм байна.

б.Хоршооны дүрмийг бүх гишүүдийн хурлаар батална.

в.Хоршооны дүрэмд дараах асуудлыг тусгана:

  1. хоршооны оноосон нэр, оршин байгаа газрын хаяг;
  2. гишүүдийн овог, нэр, хаяг, паспортын болон регистрийн дугаар;
  3. хоршооны зорилго, үйл ажиллагааны төрөл;
  4. хоршооны үйл ажиллагаа явуулах хугацаа;
  5. гишүүнээс хоршоонд оруулах хөрөнгийн доод хэмжээ, түүнийг бүрдүүлэх хугацаа, хэлбэр;
  6. гишүүдийн заавал оруулах хувиас гадна хоршоонд нийлүүлж болох хувь хөрөнгийн дээд хэмжээ;
  7. гишүүдийн оруулах хувь хөрөнгийг үнэлэх журам;
  8. хоршооны орлого, зарлагыг тооцох, бүртгэх, түүнийг хуваарилах журам;
  9. хоршооны тайлангийн жил;
  10. аж ахуйн үйл ажиллагаандаа тухайн хоршооны гишүүн бус этгээдийг оролцуулах нөхцөл, журам;
  11. хоршооны гишүүнд элсэх, гишүүнээс гарах, хасах нөхцөл, журам, гишүүний эрх, үүрэг, хариуцлага;
  12. гишүүнд үйлчлэх хэлбэр;
  13. хоршооны удирдлагын бүрэлдэхүүн, түүний бүрэн эрх, шийдвэр гаргах журам, хүлээх хариуцлага;
  14. болзошгүй алдагдлыг нөхөх нөөцийн санг бүрдүүлэх арга, хэлбэр нөөцийн санд , хуримтлуулах жилийн орлогын тодорхой хувь хэмжээ түүнд байнга байлгах хөрөнгийн доод хэмжээ;
  15. хоршооны салбар, төлөөлөгчийн газрын ажиллах үндэслэл, журам, түүний эрх, үүрэг, хариуцлага;
  16. хоршооны үйл ажиллагаан дахь дотоодын ба хөндлөнгийн хяналт;
  17. хоршоог өөрчлөн байгуулах, татан буулгах үндэслэл;
  18. хоршоодын холбоонд эвлэлдэн нэгдэх, түүнээс гарах үндэслэл, журам;
  19. бусад зүйл.

http://e-khutuch.mn/guide/print/8/140/law