ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Бизнес эрхлэх, бизнесийн үйл ажиллагаа Компани, түүний хоёр хэлбэр

Компани гэж хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь тодорхой тооны хувьцаанд хуваагддаг, өөрийн тусгайлсан эд хөрөнгөтэй, үндсэн зорилго нь ашгийн төлөө хуулийн этгээдийг ойлгоно.

Хуулийн зохицуулалт

Компани нь хязгаарлагдмал хариуцлагатай болон хувьцаат компани гэсэн хэлбэртэй байна.

1. Хязгаарлагдмал хариуцлагатай компани гэж хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь хувьцаанд хуваагдаж, түүнийг захиран зарцуулах эрх нь хууль болон компанийн дүрмээр хязгаарлагддаг компанийг хэлнэ.

2. Хувьцаат компани нь нээлттэй болон хаалттай гэсэн төрөлтэй байна.

а. Нээлттэй хувьцаат компани гэж хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь хувьцаанд хуваагдаж, хувьцаа нь үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагад бүртгэгдэж, нийтэд чөлөөтэй арилжаалагддаг компанийг;

б. Хаалттай хувьцаат компани гэж хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь хувьцаанд хуваагдаж, хувьцаа нь үнэт цаасны хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх байгууллагад бүртгэгдэж, үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагаас гадуур зах зээлд хаалттай хүрээнд арилжаалагддаг компанийг ойлгоно. /Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйл/

Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигч нь бусад хувьцаа эзэмшигчийн саналыг харгалзахгүйгээр өөрийн эзэмшиж байгаа хувьцаагаа чөлөөтэй захиран зарцуулах эрх эдэлнэ.

Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигч нь хувьцаагаа үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагаар дамжуулан худалдахаас бусад хэлбэрээр шилжүүлсэн бол хувьцаа эзэмшигчийн бүртгэл хөтлөх этгээдэд бүртгүүлэх үүрэгтэй.

Компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол нээлттэй хувьцаат компани нь нээлттэй буюу хаалттай захиалгын үндсэн дээр хувьцаа болон бусад үнэт цаас гаргаж болно.

Нээлттэй хувьцаат компанийн хаалттай захиалгын үндсэн дээр нэмж гаргасан хувьцааг худалдан авагч нь түүнийг чөлөөтэй захиран зарцуулах эрх эдэлнэ.

Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчид тохиролцсоны үндсэн дээр хувьцаагаа захиран зарцуулах эрхээ харилцан хязгаарласан гэрээ байгуулж болно.

Компани байгуулах

Компанийг шинээр, эсхүл хуулийн этгээдийг өөрчлөн байгуулах /нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх/ замаар байгуулж болно. /Компанийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэг/

Компанийн үүсгэн байгуулагч

1.Компанийн үүсгэн байгуулагч нь Монгол Улсын иргэн, хуулийн этгээд, хуульд заасан бол гадаад улсын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүн байж болно.

2.Компаниас гаргасан хувьцааг Монгол Улсын болон гадаад улсын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүн эзэмшиж болно.

3.Компани нэг үүсгэн байгуулагчтай байж болно.

4.Компанийн үүсгэн байгуулагч нь тухайн компанийн хувьцааг эзэмшихгүй байж болно.

5.Төр, түүний байгууллага нь дараах тохиолдолд компанийн үүсгэн байгуулагч болон түүний хувьцаа эзэмшигч байж болно:

а. төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газрыг хувьчилснаар шинээр бий болсон компанийн;

б. төрийн өмчит үйлдвэрийн газрыг компанийн хэлбэрт оруулан өөрчлөн байгуулах замаар үүссэн төрийн өмчит компанийн;

в. хууль тогтоомжид заасан журмын дагуу дампуурч байгаа компанийн төрд төлөх өрийг хувьцаагаар нь сольж авсан компанийн (Энэ тохиолдолд төр тухайн хувьцааг гурван жилийн дотор бусад этгээдэд худалдах үүрэгтэй);

г. гадаад улсын хуулийн этгээдтэй хамтран байгуулсан компанийн;

д. бусад.

6.Компанийг үүсгэн байгуулах, улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбогдсон зардлыг компанийн үүсгэн байгуулагчид хамтран хариуцна.

7.Компани үүсгэн байгуулах хурлын буюу төлөөлөн удирдах зөвлөл /хэрэв нэг үүсгэн байгуулагчтай бол үүсгэн байгуулагч/-ийн шийдвэрээр компанийг үүсгэн байгуулах, улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбогдсон зардлыг компани хариуцаж болно.

8. Дээрх зардлыг компанийг үүсгэн байгуулахтай холбогдсон зардлыг төлсөн этгээд нь бусад үүсгэн байгуулагч, түүний эзэмшиж байгаа болон эзэмшихээр захиалсан хувьцааны тоотой нь хувь тэнцүүлэн уг зардлыг нэхэмжлэн авах, эсхүл гаргасан зардлынхаа хэмжээнд хувьцаа эзэмших эрхтэй.

9.Компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нь бусад компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч байж болно. /Компанийн тухай хуулийн 12 дугаар зүйл/

Компани үүсгэн байгуулах хурал

1.Компани үүсгэн байгуулах хурлыг үүсгэн байгуулагчид зарлан хуралдуулна.

2.Компани үүсгэн байгуулагчид санал нэгтэйгээр өөрөөр шийдвэрлээгүй бол үүсгэн байгуулагч бүр компани үүсгэн байгуулах хуралд саналын тэнцүү эрхтэй оролцоно.

3.Компани үүсгэн байгуулах хурлаар дараах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ:

а.компани байгуулах тухай;

б.компанийн дүрэм;

в.зарласан болон гаргах хувьцаа, тэдгээрээс үүсгэн байгуулагчдын худалдан авах үнэ;

г.төлөөлөн удирдах зөвлөлтэй байхаар шийдвэрлэсэн бол түүний гишүүдийг сонгох, тэдгээрийн цалин, урамшууллын хэмжээг тогтоох;

д.компани үүсгэн байгуулахад гаргасан зардлыг нөхөн олгох журам;

е.компанид хувь нийлүүлэх хөрөнгийг бүрэн оруулж дуусах хугацаа.

4.Үүсгэн байгуулагчдын хооронд байгуулсан гэрээнд өөрөөр заагаагүй бол бүх үүсгэн байгуулагч оролцсоноор компани үүсгэн байгуулах хурал хүчин төгөлдөр болох бөгөөд уг хуралд оролцогчдын дийлэнх олонхийн саналаар шийдвэр гаргана.

5.Компани үүсгэн байгуулах хурлын даргыг үүсгэн байгуулагчдаас сонгоно.

6.Үүсгэн байгуулагчид мөнгөн бус хэлбэрээр төлбөр хийх тохиолдолд санал болгож байгаа эд хөрөнгийн үнийн талаар шаардлагатай гэж үзвэл үнэлгээний байгууллага болон холбогдох мэргэжлийн шинжээчийн дүгнэлт гаргуулан санал боловсруулж, компани үүсгэн байгуулах хуралд оруулна.

7.Үүсгэн байгуулагчид мөнгөн бус хэлбэрээр төлбөр хийх тохиолдолд эд хөрөнгийн үнийг компани үүсгэн байгуулах хуралд оролцогчид санал нэгтэй шийдвэрлэнэ. /Компанийн тухай хуулийн 14 дүгээр зүйл/

Компанийн дүрэмд заавал тусгах зүйлс:

1.компанийн бүрэн болон товчилсон оноосон нэр, түүний хэлбэрийг тодорхойлсон товчилсон ялгах тэмдэглэгээ;

2.компанийн зарласан болон гаргасан хувьцааны тоо, тэдгээрийн төрөл, нэрлэсэн үнэ, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ;

3.компанийн дүрмээр давуу эрхийн хувьцааг зарласан нөхцөлд давуу эрхийн хувьцааны зарласан тоо, түүний эзэмшигчийн эрх;

4.хэрэв төлөөлөн удирдах зөвлөлтэй байхаар шийдвэрлэсэн бол төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн тоо;

5.хувьцаа эзэмшигчдийн хурал, төлөөлөн удирдах зөвлөлийн энэ хуулиар тодорхойлсноос бусад бүрэн эрх;

6.компанийн үйл ажиллагааны чиглэл;

7.компанийн дүрэмд тусгахаар заасан бусад зүйл.


http://e-khutuch.mn/guide/print/8/141/law