ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Татварын харилцаа Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар

Монгол Улсын Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-т заасан газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд албан татвар ногдуулна.

Хуулийн зохицуулалт

Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар

Монгол Улсын Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-т заасан газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд албан татвар ногдуулна.

Монгол Улсын нутаг дэвсгэрт үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгч:

  1. өмчийн бүх төрөлд хамаарагдах компани, хоршоо, нөхөрлөл, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, байгууллага, тэдгээрийн төлөөлөгчийн газар;
  2. төрийн бус байгууллага, сан, шашны байгууллага;
  3. төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд;
  4. Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн;
  5. Монгол Улсад оршин суугч бус этгээд.

Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулах үнэлгээ

Газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулах үнэлгээг уул хөрөнгийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдээгүй бол хөрөнгийн даатгалд даатгуулсан үнийн дүнгээр, хөрөнгийн даатгалд даатгуулаагүй бол данс бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр тус тус тодорхойлно.

Иргэнд өмчлүүлэх газарт үл хөдлөх эд хөрөнгийн татвар ногдуулах үнэлгээг Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан /гэр бүлийн хэрэгцээний болон аж ахуйн зориулалтаар иргэнд өмчлүүлэх газрын үнийг газрын суурь үнэ, газрын үнэлгээний аргачлалыг үндэслэн сум, дүүргийн Засаг дарга тогтоох ба өмчилж авсан газрын үнийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхийн өмнө сум, дүүргийн төсөвт төлсөн байна/-ыг үндэслэн тогтооно. /Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйл/

Дээрх заасан албан татвар ногдуулах үнэлгээнээс аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн хөрөнгийн байршил, зориулалт, хэмжээ, зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн байдлыг харгалзан 0.6-1.0 хувиар тооцож албан татварын хувь, хэмжээг ногдуулна. /Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйл/

Үл хөдлөх эд хөрөнгийг албан татвараас чөлөөлөх:

  1. улсын болон орон нутгийн төсвөөс санхүүждэг хуулийн этгээдийн үл хөдлөх эд хөрөнгө;
  2. орон сууц;
  3. нийтийн эзэмшлийн барилга байгууламж.
  4. үйлдвэрлэл, технологийн паркийн удирдлага, нэгжийн үйлдвэрлэл, технологийн парк доторх барилга байгууламж, бусад үл хөдлөх эд хөрөнгө.
  5. чөлөөт бүсэд баригдаж бүртгэгдсэн барилга байгууламж.

Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хөнгөлөлт:

а. гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд өмчлүүлсэн газар:

  1. нийслэлд 95 хувиар;
  2. аймгийн төвд 97 хувиар;
  3. сумын төв, тосгонд 98 хувиар.

б. газар тариалангийнхаас бусад аж ахуйн зориулалтаар иргэнд өмчлүүлсэн газар:

  1. нийслэлд 30 хувиар;
  2. аймгийн төвд 70 хувиар;
  3. сумын төв, тосгонд 85 хувиар.

в. газар тариалангийн зориулалтаар иргэнд өмчлүүлсэн газрыг 95 хувиар. /Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйл/

Асуудлыг шийдвэрлэх байгууллага

Энэ хуулийн 46.1-д заасны дагуу татвар төлөгчийн гаргасан гомдлыг харьяаллын дагуу татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, аймаг, нийслэл, улсын зэрэглэлтэй хотын Татварын албаны дэргэдэх Маргаан таслах зөвлөл тус тус шийдвэрлэнэ.

/Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/ 46 дугаар зүйл ЭНД дарж үзнэ үү/

Асуудлыг шийдвэрлэх дараалал

Албан татвар ногдуулах, төсөвт төлөх

  1. Татвар төлөгч нь үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг жил бүрийн 1 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар байгаа үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээгээр тооцно.
  2. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч хуулийн этгээд нь үл хөдлөх эд хөрөнгийн жилийн албан татварыг улирал бүрийн сүүлийн сарын 15-ны дотор тэнцүү хэмжээгээр тооцож төлнө.
  3. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор нэг удаа төлнө.
  4. Газраас авах үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага ногдуулж, татварын байцаагч хурааж, орон нутгийн төсөвт оруулна. /Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйл/

Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тайланг тушаах хугацаа

  1. Албан татвар төлөгч нь үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тайланг дараа оны 2 дугаар сарын 10-ны дотор харьяалагдах татварын албанд тушаана.
  2. Албан татварын тайланг татварын албад нэгтгэн гаргаж, 2 дугаар сарын 20-ны дотор татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ.
  3. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тайлангийн татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга батална.
  4. Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага /албан тушаалтан/ газраас авах үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тайланг нэгтгэж, нэг хувийг харьяалах татварын албанд дараа оны 2 дугаар сарын 15-ны дотор тушаана.
Асуудлыг шийдвэрлэх хугацаа

Хуулийн этгээд, иргэн таны гомдлыг Татварын албаны дарга хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ. Мөн саналын шинжтэй өргөдлийн хариуг 90 хоногт багтаан өгнө. /Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйл/

Асуудлыг шийдвэрлээгүй тохиолдолд гомдол гаргах

Татвар төлөгч та татварын алба болон татварын улсын байцаагчийн зөрчил шалган шийдвэрлэхээс бусад асуудлаар гаргасан шийдвэрийн талаар татвар төлөгч нь захиргааны журмаар дараах харьяаллаар гомдол гаргах эрхтэй:

  • Татварын улсын байцаагчийн шийдвэртэй холбоотой гомдлыг тухайн байцаагчийг шууд харьяалах татварын албаны даргад 
  • Татварын албаны шийдвэрийн талаарх гомдлыг түүний дээд шатны татварын албаны даргад

Татварын улсын байцаагчийн шийдвэртэй холбоотой гомдлыг тухайн байцаагчийн шууд харьяалах татварын албаны дэргэдэх Маргаан таслах зөвлөлд

  • Маргаан таслах зөвлөлийн шийдвэртэй холбоотой маргааныг дээд шатны татварын албаны дэргэдэх Маргаан таслах зөвлөлд
  • Гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл татвар төлөгч нь захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргах эрхтэй. /Татварын ерөнхий хууль 72 дугаар зүйл/

Асуулт 1. Үл хөдлөх хөрөнгийн албан татварт тухайн хөрөнгийн элэгдлийг хасаж тооцох уу?

Үл хөдлөх хөрөнгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлд  "үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулах үнэлгээг хөрөнгийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдээгүй бол хөрөнгийн даатгалд даатгуулсан үнийн дүнгээр, хөрөнгийн даатгалд даатгуулаагүй бол данс бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр тус тус тодорхойлно." гэж заасан тул тухайн хөрөнгийн элэгдлийг хасаж тооцох боломжгүй юм.

Асуулт 2. Үл хөдлөх хөрөнгийн албан татварт хураан авсан татвар юунд зарцуулагддаг вэ?

Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас үл хөдлөх хөрөнгийн төлсөн албан татвар нь Үл хөдлөх хөрөнгийн албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт "Газраас авах үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага ногдуулж, татварын байцаагч хурааж, орон нутгийн төсөвт оруулна." гэж заасан.

Асуулт 3. Иргэний нэр дээр худалдан авсан худалдаа үйлчилгээний талбайгаас үл хөдлөх хөрөнгийн албан татвар төлдөг юм уу?

Иргэн та Үл хөдлөх хөрөнгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх хэсэгт "Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн  үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгч байна." гэж зааснаар үл хөдлөх хөрөнгийн албан татвар төлөх үүрэг хүлээнэ.

Асуулт 4. Ямар төрлийн үл хөдлөх хөрөнгийн албан татвараас чөлөөлөгдөх боломжтой вэ?

Үл хөдлөх хөрөнгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар дараах үл хөдлөх эд хөрөнгийг албан татвараас чөлөөлнө:

  • Улсын болон орон нутгийн төсвөөс санхүүждэг хуулийн этгээдийн үл хөдлөх эд хөрөнгө;
  • Орон сууц;
  • Нийтийн эзэмшлийн барилга байгууламж.
  • Үйлдвэрлэл, технологийн паркийн удирдлага, нэгжийн үйлдвэрлэл, технологийн парк доторх барилга байгууламж, бусад үл хөдлөх эд хөрөнгө.
  • Чөлөөт бүсэд баригдаж бүртгэгдсэн барилга байгууламж.

http://e-khutuch.mn/guide/print/9/258/all