Цахим гадаад паспортыг өнөөдрөөс олгож эхэллээ

2023 оны 03 сарын 15

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Монгол Улс Олон Улсын Иргэний Нисэхийн Байгууллага буюу ICAO-ын нийтийн түлхүүрийн санд нэгдсэн 82 дахь гишүүн орон болж, цахим гадаад паспортыг иргэддээ олгож эхлээд байна. Мөн цахим гадаад паспорт авснаар иргэд Монгол Улстай харилцан визгүй зорчих орнуудын E-Gate төхөөрөмж дээр цахим паспортоо уншуулан, дараалалд зогсохгүй нэвтрэх боломжтой. 2023 оны зургадугаар сарын 1-нээс нисэх онгоцны буудлууд дээр цахим гадаад паспорт унших төхөөрөмжүүд нэвтрүүлнэ. Иргэд гадаадад зорчих болон гадаадаас ирэхдээ Монгол Улсын хил дээр хүнтэй харьцахгүйгээр цахим паспортоо тусгай төхөөрөмжид уншуулаад хилийн шалганаар шууд нэвтрэх боломжтой” гэв. 

Цахим гадаад паспорт нь нийтдээ 48 хуудастай, хуудас бүр тусгай нууцлалын тохиргоотой, Монгол Улсын төрийн тахилгат хайрхнуудын зураг, улаан номонд орсон ан амьтдын зураг, түүхий гол өвийг цахим паспортын хуудасны хавтаст зураглан оруулсан онцлогтой. Түүнчлэн олон улсын дүрэм журмын дагуу нууцлалын бүх элементүүдийг оруулж өгсөн бөгөөд тоон гарын үсэг бүхий нууцлалын асуудлыг шийдсэн. Өнөөдрөөс Улсын бүртгэлийн ерөнхий газар болон харьяа дүүргийн бүртгэлийн газрууд цахим гадаад паспортыг олгож эхэлнэ. Иргэдэд сануулахад, одоогийн ашиглаж байгаа энгийн гадаад паспортны хугацаа дуустал хүчинтэй бөгөөд цаашид энгийн болон цахим гадаад паспортыг өөрийн сонголтоор захиалан авах боломжтой. Энгийн гадаад паспорт нь 40.000, цахим гадаад паспорт 82.500 төгрөгийн үнэтэй байна.

Мэдээ мэдээлэл