Азийн эрх зүйн мэдээллийн сүлжээний 19 дэх олон улсын эрдэм шинжилгээний хурал “Ази дахь аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх бодлого, эрх зүйн орчин” сэдвээр зохион байгуулагдлаа

2023 оны 09 сарын 28

Азийн эрх зүйн мэдээллийн нэгдсэн сүлжээний 19 дэх олон улсын эрдэм шинжилгээний хурал 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Тайваний Үндэсний Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн танхимд амжилттай зохион байгуулагдлаа. Хууль зүйн үндэсний хүрээлэн нь Азийн эрх зүйн мэдээллийн сүлжээ 2005 онд үүсгэн байгуулагдсан цагаас гишүүнээр элсэж, жил бүр зохион байгуулагддаг олон улсын эрдэм шинжилгээний хуралд тогтмол оролцож ирсэн.

“Ази дахь аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх бодлого, эрх зүйн орчин” сэдвээр зохион байгуулсан энэ удаагийн хуралд Хууль зүйн үндэсний хүрээлэнг төлөөлж тус хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Э.Анударь “Монгол Улс дахь аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого, эрх зүйн шинэчлэл” сэдвээр илтгэл хэлэлцүүлэв.

2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй арга хэмжээ, Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсан үйл явдлыг илтгэлдээ онцолсон юм.

Уг хуралд оролцсон 20 улсын судалгааны хүрээлэн, хууль зүйн их сургуулиудын эрдэмтэн судлаачид өөрийн улс дахь цар тахлын үеийн аялал жуулчлалын салбарын хямрал, түүнийг даван туулсан туршлагаас хуваалцаж, ирээдүйд Азийн аялал жуулчлалын салбарыг хурдацтай цэцэглүүлэн хөгжүүлэх боломжийн талаар санал солилцсон байна.

Мэдээ мэдээлэл