Банк, банк бус санхүүгийн үйл ажиллагаа Хадгаламжаас зарлагын гүйлгээ хийх

Хадгаламжаас зарлагын гүйлгээ хийх

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн

 

  • 12.4.Хугацаатай хадгаламжийн гэрээг тохиролцсон хугацаанаас өмнө хадгалуулагчийн хүсэлтээр цуцлах, эсхүл зарлагын гүйлгээ хийх тохиолдолд хадгалуулсан хугацаанаас нь хамааруулан хадгаламжийн хүүг гэрээнд заасан хэмжээгээр бууруулна.
  • 12.5.Хадгалагч хугацаагүй хадгаламжийн гэрээг зөвхөн иргэнтэй байгуулна.
  • 12.6.Хадгаламжийн гэрээнд өөрөөр заагаагүй бол хугацаатай хадгаламжийн гэрээний хугацаа дууссан боловч хадгалуулагч хадгалуулсан мөнгөө буцаан авах тухай, эсхүл гэрээг дахин сунгуулах хүсэлт тавиагүй бол хадгалагч дараах арга хэмжээг авна:

12.6.1.иргэний хадгаламжийг хугацаагүй хадгаламжид тооцож, хүүг хугацаагүй хадгаламжийн адил хэмжээгээр бодох;

12.6.2.хуулийн этгээд болон Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу эрх зүйн байдал нь тодорхойлогдсон этгээдийн хадгаламжийн дансыг гэрээнд заасан харилцах дансанд шилжүүлэх.

Эрх, үүрэг / Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 14 дүгээр зүйл/

Мөнгөө хадгалуулж буй иргэн, хуулийн этгээд дараах эрхтэй.

Мөнгийг хадгалагч /Банк/ дараах үүрэгтэй.

  • хадгалуулсан мөнгөө захиран зарцуулах хэлбэрийг сонгох;
  • хадгалуулагчийн тавьсан анхны шаардлагаар хадгаламжийн гэрээнд заасан нөхцөлийн дагуу түүний хадгалуулсан мөнгийг буцаан өгч, хадгаламжийн хүү төлөх
  • хадгалагчаас үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс учирсан хохирлыг арилгуулахаар эрх бүхий байгууллагад хандах, шүүхэд нэхэмжлэл гаргах
  • хадгалуулагчийн нэр дээр данс нээж хадгаламжийн дэвтэр, эсхүл хадгаламжийн сертификат олгох
  • хадгаламжийн гүйлгээ, үлдэгдлийг дансны хуулга болон холбогдох бусад баримттай тулган шалгах;
  • мэдээллийн аюулгүй байдлыг хангах

 

Банк, Хадгалуулагч иргэн, хуулийн этгээд

Хадгаламжийн данснаас мөнгө гаргах, хадгаламжин дахь мөнгөө буцаан авах

  1. Банкны дурын салбарт өөрийн иргэний үнэмлэх, гадаад паспорттойгоо ирж зарлагын гүйлгээ хийнэ.
  2. Өөрийн биеэр ирэх боломжгүй тохиолдолд итгэмжлэл олгож эсхүл төлбөрийн даалгавар бичиж зарлагын гүйлгээ гаргах боломжтой.
  3. Хугацаатай хадгаламжийн данснаас хугацаа дуусаагүй байхад зарлагын гүйлгээ гаргахгүй. Зайлшгүй тохиолдолд зарлага гаргах тохиолдолд хадгаламжийг цуцалж, мөнгийг олгоно.

Хугацаагүй хадгаламж – Хадгалуулагчийн хүссэн үед

Хугацаатай хадгаламж – Хадгаламжийн гэрээний хугацаа дууссаны дараа, эсхүл хадгаламжаа цуцалж, зарлага гаргах хүсэлт гаргасан даруй.

Банк

  • хадгаламж эзэмшигчийн хүссэн үед хадгалуулсан мөнгийг буцаан өгөөгүй,
  • хугацаатай хадгаламжийн хугацаа дуусахад мөнгийг Хадгалуулагч анх шаардахад буцаан өгөөгүй,
  • хадгалагчаас үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс учирсан хохирлыг арилгуулахаар эрх бүхий байгууллагад хандах, шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй. /Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 14.1.7/

Мөн банк хадгалуулагчийн зөвшөөрөлгүйгээр гүйлгээ хийсэн бөгөөд үүнээс хохирол учруулсан бол Зөрчлийн тухай хуулийн 11.8 дугаар зүйлийн 1-т зааснаар учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулахаар гомдол гаргаж болох бөгөөд банкыг 4 сая төгрөгөөр торгоно.

Хадгаламжийн данснаас зарлагын гүйлгээ гаргах, хадгаламж барьцаалан зээл авах эрхээ Хадгалуулагч өөр этгээдэд шилжүүлж, итгэмжлэлд олгох тохиолдолд итгэмжлэлд зарлагын гүйлгээ гаргах дансны дугаар, ямар үйлдэл хийх талаар дэлгэрэнгүй бичүүлж авсан байвал зохино. Итгэмжлэлд хийх үйлдлийг тодорхой тусгаагүйгээс тухайн итгэмжлэлээр төлөөлүүлэх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл үүсдэг.

Асуулт 1. Өөрөө биеэр банкин дээр очих боломжгүй /хөдөө орон нутагт, гадаадад, эсхүл эмнэлэгт байгаа/ тохиолдолд хэрхэн хадгаламжаасаа мөнгө гаргах вэ?

Хариулт 2. Иргэний хуулийн 62-р зүйлд зааснаар итгэмжлэлээр зарлагын гүйлгээ гаргах боломжтой.

Асуулт 2. Хадгаламжийн дансыг битүүмжилчихсэн мөнгө гаргахгүй байна. Банк санаачлагаараа дансыг битүүмжилж, зарлага гаргах эрхийг хааж болох уу?

Хариулт 2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44.2.13, Нийгмийн даатгалын тухай хуулийн 25.1.2, Татварын ерөнхий хуулийн 711.2.3-т заасны дагуу шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр, татварын өр, нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд банкин дахь данснуудын хөдөлгөөнийг зогсоох, үл маргах журмаар төлбөрийг төлүүлэх ажиллагааг банкаараа дамжуулан хийдэг. Иймд дээрх хуульд заасан үндэслэлүүдээр дансны хөдөлгөөний хааж болно.

Агуулга анх оруулсан: 2018-06-15 Шинэчилсэн: 2018-06-15

Мэдээ мэдээлэл