Гэр бүлийн харилцаа Үрчлэлт

Үрчлэлт

Хүүхэд үрчлэлт гэдэг хүүхдийг өргөж авах хэлбэрээр хуульд заасан үндэслэл журмын дагуу үрчлэгч үрчлүүлэгчийн хооронд төрсөн эцэг эх, хүүхдийн нэгэн адил эрх үүргийг үүсгэж буй хууль ёсны ажиллагаа юм.

Үрчлэн авагч нь насанд хүрсэн, иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжтай, хүүхдийг тэжээн тэтгэж, өсгөн хүмүүжүүлэх зохих боломжтой хүн байна. Харин ганц бие, бусдын асрамжид байгаа 60-аас дээш настай төрөл, садан бус Монгол Улсын иргэн, 60-аас дээш настай гадаадын иргэн, эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан, хасуулсан буюу хязгаарлуулж, хасуулж байсан, урьд нь үрчлэн авсан хүүхдээ өөрийн буруугаас буцаан өгсөн, ашиг хонжоо олох зорилготой, шүүхийн шийдвэрээр иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй буюу хязгаарлагдмал чадамжтай гэж тооцогдсон, сүрьеэ, сэтгэцийн өвчтэй, согтууруулах ундаа, мансууруулах бодис байнга хэрэглэдэг, эрүүгийн хэрэгт удаа дараа шийтгүүлсэн болон хорих ял эдэлж байгаа хүнд хүүхэд үрчлүүлэхийг хориглоно. / Гэр бүлийн тухай хуулийн 57 дугаар зүйл /

Бүтэн өнчин хүүхдийг төрөл, садангийн хүн нь үрчлэн авахад дээрх заасан насны хязгаарлалт үл хамаарна.

Гэр бүлийн тухай хуулийн 54.1-т зааснаар хүүхдийг тэдний ашиг сонирхлын үүднээс үрчлүүлнэ.

Үрчлэлтийн үйл явц :

  1. Үрчлэх хүүхдээ сонгох
  2. Бичиг баримтаа бүрдүүлэн хүлээлгэн өгөх
  3. Бичиг баримтыг хянах
  4. Шийдвэр гаргах
  5. Бүртгэх гэсэн үе шаттайгаар явагдана.

Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлд зааснаар үрчлэгч нь эцэг, эх байх эрхээ урвуулан ашигласан, хүүхэдтэй хэрцгий харьцсан, хуурамч бичиг баримт бүрдүүлэн үрчлэн авах шийдвэр гаргуулсан нь илэрсэн тохиолдолд төрүүлсэн эцэг, эх, сонирхогч бусад этгээд, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага, 14 нас хүрсэн хүүхдийн өөрийн нэхэмжлэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцно. Түүнчлэн шаардлагатай гэж үзвэл бусад үндэслэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцож болно.

Үрчлэлтийг хүчингүйд тооцсоноор:

  • Үрчлэлтийг хүчингүйд тооцсон тохиолдолд хүүхдийг төрүүлсэн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид нь буцаах асуудлыг шүүх шийдвэрлэнэ.
  • Хүүхдийг эцэг, эхэд нь буцааж өгөх нь хүүхдийн эрх, ашиг сонирхолд хохиролтой нь тогтоогдсон, эсхүл хууль ёсны өөр төлөөлөгч байхгүй бол түүнийг хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллагад шилжүүлэх асуудлыг шүүх шийдвэрлэнэ.
  • Хүүхдийг хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллагад шилжүүлэхтэй холбогдсон зардлыг үрчлэгчээс гаргуулж, учирсан гэм хорыг нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах үр дагаврууд үүсдэг.

Та хүүхэд үрчлэн авах гэж байгаа бол үрчлэн авах хүүхдийн оршин суугаа газрын Засаг даргад хүсэлт гаргана. Харин үрчлэлтийг хүчингүйд тооцуулах бол хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах тухай хүсэлтийг хүүхдийн оршин суугаа газрын шүүхэд гаргана. /Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.1/

Та хүүхэд үрчлэн авах гэж байгаа бол хүүхдээ үрчлүүлэх тухай эцэг, эхийн зөвшөөрөл болон хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтийг бичгээр гаргаж, нотариатаар, гэрчлүүлсэн байна.

  • Үрчлэн авагч, хүүхэд үрчлэн авах тухай өргөдлөө /өргөдөлд хүүхдийн овог, эцгийн нэр, нэр, төрсөн он, сар, өдөр, төрсөн эцэг, эх, эсхүл асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн болон үрчлэн авагчийн овог, эцгийн нэр, нэр, оршин суугаа газрын хаяг, шаардлагатай бол аль улсын харьяат болохыг дурдсан байна/ хүүхдийн оршин сууж байгаа буюу урьд оршин сууж байсан газрын сум, дүүргийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан нэгж, ажилтанд гаргах бөгөөд өргөдөлд дараах баримт бичгийг хавсаргана:
  • Гэр бүлтэй бол гэрлэлтийн гэрчилгээ
  • Хүүхдийн төрсний гэрчилгээ
  • Үрчлэн авагч болон үрчлүүлж байгаа эцэг, эх, эсхүл асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн иргэний үнэмлэх
  • Асран хүмүүжүүлэх байгууллагад байгаа хүүхэд бол тухайн байгууллагын зөвшөөрөл
  • Гадаадын иргэн Монгол Улсын харьяат болон тус улсын нутаг дэвсгэр дээр оршин суугаа харьяалалгүй хүүхдийг үрчлэн авах тухай нотариатаар гэрчлүүлсэн хүсэлтээ нийслэлд иргэний бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад, орон нутагт аймгийн иргэний бүртгэлийн асуудал эрхэлсэн албанд тус тус бичгээр гаргана.
  • Гадаад улсад оршин суугаа Монгол Улсын харьяат хүүхдийг үрчлэн авах тухай гадаадын иргэнээс гаргасан хүсэлтийг хилийн чанад дахь Монгол Улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар энэ хуульд заасны дагуу шийдвэрлэнэ.
  • Монгол Улсын харьяат болон тус улсын нутаг дэвсгэр дээр оршин суугаа харьяалалгүй хүүхдийг үрчлэн авах журам болон гадаадын иргэнээс бүрдүүлэх баримт бичгийн жагсаалтыг улсын бүртгэлийн болон эрүүл мэнд, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.
  • Иргэний бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, аймгийн иргэний бүртгэлийн асуудал эрхэлсэн алба, сум, дүүргийн Засаг даргын тамгын газар, дипломат төлөөлөгчийн болон консулын газар дээрх заасан баримт бичгийг хүлээн авч хүүхэд үрчилсэн тухай бүртгэж, төрсний гэрчилгээг шинээр бичиж, үрчлэн авсан эцэг, эхэд олгоно. Хүүхдээ үрчлүүлсэн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид хүүхэд үрчлүүлсний гэрчилгээ олгоно.

Хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтээ үрчлэн авах гэж байгаа хүүхдийн оршин суугаа газрын Засаг дарга 20 хоногийн дотор багтаан хянан шийдвэрлэнэ. /Гэр бүлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэг/

Үрчлэн авах хүүхдийн оршин суугаа газрын Иргэний хэргийн шүүх нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор хэрэг үүсгэх тухай захирамж гаргах ба хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоногийн дотор хэргийг хянан шийдвэрлэнэ. Хэргийг тухайн шүүнийн зөвлөгөөнөөс нэг удаа 30 хүртэл хоногоор дахин сунгаж болно.

Иргэн та хүүхэд үрчлэн авах гэж байгаа бол хэзээ, хаанаас, хэдэн настай, ямар хүйсийн хүүхэд үрчлэн авах талаар сайтар төлөвлөх хэрэгтэй. Учир нь Гэр бүлийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2 дахь хэсэгт зааснаар үрчлэн авсан эцэг, эх нь төрсөн эцэг, эхийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ.

Асуулт 1. Эхнэр бид хоёр 7 настай эрэгтэй хүүхэд үрчилж аваад 8 сар болж байна. Гэвч хүү маань бидний үгэнд орохгүй, гэрээсээ мөнгө хулгай хийгээд хэцүү юм. Тэгээд үзэж хардаг хүнд үзүүлсэн чинь удам муутай хэл ам ихтэй заргач айлын удам байна, та хоёрыг их л зовоох хүүхэд байна гэсэн. Бид үрчилсэн хүүхдээ буцаах боломжтой болов уу?

Гэр бүлийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар үрчлэн авсан эцэг, эх нь төрсөн эцэг, эхийн адил эрх эдэлж, үүрэг хүлээхээр зааснаар үрчилж авсан хүүхдээсээ татгалзах боломжгүй юм.

 

Агуулга анх оруулсан: 2018-06-18 Шинэчилсэн: 2023-05-12

Мэдээ мэдээлэл