Эрүүл мэндийн үйлчилгээ Товлолын дархлаажуулалт

Товлолын дархлаажуулалт

Заавал хийх дархлаажуулалт

  1. Заавал хийх дархлаажуулалтад сүрьеэ, халдварт саа /полиомиелит/, В вируст гепатит, сахуу, хөхүүл ханиад, татран, улаанбурхан, В хэв шинжийн хемофилюс инфлюенза нянгийн халдвар, гахай хавдар, улаануудын эсрэг сэргийлэх тарилга орно.
  2. Заавал хийх дархлаажуулалтыг Засгийн газраас баталсан үндэсний товлолын дагуу хэрэгжүүлнэ.
  3. Эрүүл мэндийн холбогдох байгууллага нь сүрьеэ, халдварт саа /полиомиелит/, В вируст гепатитын эсрэг дархлаажуулах бэлдмэлийг хүүхдийг төрсний дараа 24 цагийн дотор хийж, сэргийлэх тарилгын гэрчилгээ олгоно.
  4. Үндэсний товлолын сэргийлэх тарилгаас эмнэлгийн заалтаар түр чөлөөлөгдсөн хүүхдийг тогтоосон журмын дагуу нөхөн дархлаажуулалтад хамруулна.

Тархвар судлалын заалтаар хийх сэргийлэх тарилга

  1. Халдварт өвчин гарч болзошгүй нөхцөлд тархвар судлалын заалтаар иргэдэд нэмэлт дархлаажуулалт хийнэ.
  2. Тархвар судлалын заалтаар сэргийлэх тарилга хийх хугацаа, журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

Сайн дурын дархлаажуулалт

Халдварт өвчний эрсдэл ихтэй орон нутаг, улс оронд зорчих иргэн, ажил үйлчилгээний онцлогоос шалтгаалан тухайн ажил эрхэлж байгаа хүн холбогдох журмын дагуу дархлаажуулах бэлдмэлийг сайн дурын үндсэн дээр хийлгэж, хэрэглэж болно. Энэ тохиолдолд сэргийлэх тарилгын төлбөрийг тухайн иргэн хариуцна.

 

  1. Заавал хийх дархлаажуулалтад хамрагдах сэргийлэх тарилгын нэр төрөлд хийх өөрчлөлтийг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал тогтооно.
  2. Нөхөн дархлаажуулалт хийх журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
  3. Тархвар судлалын заалтаар сэргийлэх тарилга хийх хугацаа, журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
  4. Сэргийлэх тарилгад хамрагдах шаардлагатай ажил, үйлчилгээний жагсаалтыг Засгийн газар батална.

Эрүүл мэндийн даатгалын дэвтэртэй өөрийн харьяа эрүүл мэндийн байгууллага дээр очин дархлаажуулалтын вакцинд хамрагдана.

Дархлаажуулалтын үндэсний товлолын дагуу хүүхдүүд 15 хүртэлх насандаа 6 төрлийн вакцины нийт 17 удаагийн тунг хийлгэж, 7 өвчнөөс сэргийлэгдэх учиртай.

Сэргийлэх тарилгад хамрагдах шаардлагатай ажил, үйлчилгээний жагсаалт, тарилгын товлолын дагуу тодорхой мэргэжлийн ажилтан нь вакцинд хамрагдах шаардлагатай.

Сэргийлэх тарилгад хамрагдах шаардлагатай ажил, үйлчилгээний жагсаалт, тарилгын товлол:

Вакцин

Мэргэжил

Вакцины товлол

Тарваган тахлын вакцин

  • Байгалийн голомтот халдварт өвчнийг эсэргүүцэн судлах байгууллагын бүх ажиллагчид;

  • Тарваган тахлын байгалийн идэвхтэй голомтот нутгийн эрүүл мэндийн байгууллагын ажиллагчид;

  • Тарваган тахлын байгалийн идэвхтэй голомтот нутгийн анчин, тууварчин, жолооч.

Уг сэргийлэх тарилгыг  жил бүрийн  5-6 дугаар  сард 1 удаа хийлгэнэ.

"В" гепатитын вакцин

  • Мэс засал, эх барих, эмэгтэйчүүдийн эмч, сувилагч;

  • Шүдний их эмч, сувилагч, техникч;

  • Лабораторийн эмч, лаборант

Уг сэргийлэх тарилгыг нэг удаа, 2  тунг  нэг сарын зайтай хийлгэнэ.

Балнадын вакцин

  • Халдвартын эмнэлэг, тасгийн гэдэсний халдвартай өвчтөнтэй ажиллах хэсгийн эмч, сувилагч;

  • Бохир ус цэвэрлэх байгууламжийн слесарь, механик;

  • Орон сууц болон албан байгууллага, аж ахуйн нэгжийн цэвэр, бохир усны слесарь, үйлчлэгч

Уг сэргийлэх тарилгыг хоёр жилд 1 удаа, 4-5 дугаар сард 10 хоногийн зайтай  2 удаа хийлгэнэ

Боомын вакцин

  • Малын их, бага эмч, амьтан маллагч;

  • Мал, амьтны гаралтай түүхий  эд /арьс, шир, ноос, ноолуур/ хүлээн авагч, бэлтгэгч, ийм чиглэлийн  боловсруулах үйлдвэрийн хүлээн авах, анхан шатны боловсруулалт хийх  дамжлагын   ажилчин

Уг сэргийлэх тарилгыг жил бүрийн 4 дүгээр сард 1 удаа хийлгэнэ.

Шар чичрэгийн вакцин

Шар чичрэг өвчний голомт бүхий улсад ажиллах дипломат ажилтан, түүнтэй хамт амьдрах гэр бүлийн гишүүд

Уг сэргийлэх тарилгыг тухайн улсад нэвтрэхээс 10 хоногийн өмнө 10 жилд 1 удаа хийлгэнэ.

Урвах тахлын вакцин

Урвах тахал өвчний голомт бүхий улсад ажиллах дипломат ажилтан, түүнтэй хамт амьдрах гэр бүлийн гишүүд

Анхны сэргийлэх тарилгыг тухайн улсад нэвтрэхээс  1 сарын өмнө, цаашид  жил тутам 1 удаа хийлгэнэ.

 

Хүүхдийн вакцин хийлгэх хугацаа:

Вакцин

Тайлбар

Хийх арга

Вакцины товлол

БЦЖ-ийн эсрэг вакцин

Энэ вакцин нь сүрьеэ өвчнөөс сэргийлнэ.

зүүн бугалганы арьсан дотор хийнэ.

Төрсний дараа 24 цагийн дотор

Халдварт саагийн эсрэг вакцин

Энэ вакцин нь халдварт саа өвчнөөс сэргийлнэ.

2 дуслаар уулгана.

1-р тун төрсний дараа 24 цагийн дотор

2-р тун 2 сартайд

3-р тун 3 сартайд

4-р тун 4 сартайд

Вируст гепатит В-ийн эсрэг вакцин

Энэ вакцин нь вируст гепатит В өвчнөөс сэргийлнэ.

Гуяны булчинд тарина.

1-р тун төрсний дараа 24 цагийн дотор

2-р тун 2 сартайд

3-р тун 8-11 сартайд

Сахуу татрангийн эсрэг вакцин

Энэ вакцин нь сахуу, татран өвчнөөс урьдчилан сэргийлнэ.

бугалганы булчинд тарина.

1-р тун 7 настайд

2-р тун 15 настайд

Улаан бурхны эсрэг вакцин

Энэ нь улаан бурхан өвчнөөс урьдилан сэргийлнэ.

Вакциныг тусгай уусгагч шингэнээр найруулж бугалганы булчинд тарина.

1-р тун 9 сартайд

2-р тун 2 настайд

Тавт (сахуу, хөхүүл ханиад, татран, гепатит В, хемофилюс инфюленза В–гийн эсрэг ) вакцин

Энэ нь сахуу, хөхүүл ханиад, татран, гепатит В, хемофилюс инфюленза В нянгаар үүссэн өвчнөөс сэргийлнэ.

 

1-р тун 2 сартайд

2-р тун 3 сартайд

3-р тун 4 сартайд

Таны хүүхэд вакцин хийлгэх хугацаа нь болоод хоцорсон бол оршин суугаа газартаа бүртгэлгүй ч гэсэн дархлаажуулалтанд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой.

Тухайн анхан шатны эрүүл мэндийн газарт хандана.

Дархлаажуулалтын өмнө эцэг, эх таны анхаарах зүйл:

  • Хүүхдээ өрхийн эмчдээ үзүүлж, эрүүл мэндийн дэвтэртээ тэмдэглүүлсэн байх /хүүхдээ үзүүлсэн өдрөө вакциныг хийлгээрэй/

  • Хүүхдээ цадтал хөхүүлж, хооллосон байх

  • Хүүхдээ дулаан хувцасласан, өлгийдсэн байх

  • Хүүхдээ усанд оруулсан байх

Дархлаажуулалтын дараа эцэг, эх таны анхаарах зүйл:

  • Хүүхдээ 30 минут эмч сувилагчийн хяналтанд байлгаж ажиглаарай

  • Вакцин тарьсан газрыг хөндөхгүй, оролдохгүй байлгаарай

  • Дархлаажуулалтын дараа бага зэрэг халуурах, тарьсан газар хавдах, өвдөх, уйлагнах зэрэг хариу урвал илэрч болно. Хэрэв хүүхэд тань 38,5 хэмээс дээш халуурах, тасралтгүй чангаар уйлах болон бусад шинж тэмдэг илэрвэл өрхийн эмчдээ хандаарай.

Асуулт 1. Иргэн та дархлаажуулалтын талаар ямар эрх эдлэх вэ?

  • Сэргийлэх тарилгын ач холбогдол, түүнээс татгалзсан тохиолдолд гарах хор уршиг, эмнэлгийн харшлах заалт, тарилгын дараа үүсэж болох хүндрэлийн тухай бүрэн бодит мэдээллийг эрүүл мэндийн байгууллага, мэргэжилтнээс шаардаж авах

  • Сэргийлэх тарилгыг хийлгэхдээ төрийн болон холимог, хувийн өмчлөлийн аль ч хэлбэрийн эрүүл мэндийн байгууллагыг сонгох

  • Сэргийлэх тарилгын үндэсний товлолд орсон болон тархвар судлалын заалтаар хийх сэргийлэх тарилгыг төлбөргүй хийлгэх

  • Тарилгын дараах хүндрэлийн үед төв, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагад төлбөргүй эмчлүүлэх

  • Эмчийн заалтаар сэргийлэх тарилгаас татгалзах

Асуулт 2. Иргэн та дархлаажуулалтын талаар ямар үүрэг хүлээдэг вэ?

  • Эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж, шаардлагын дагуу сэргийлэх тарилга хийлгэх

  • Сэргийлэх тарилгаас татгалзсан бол түүнийгээ бичгээр баталгаажуулах

  • Сэргийлэх тарилгад хамрагдах хугацааг эрүүл мэндийн байгууллагаас албан ёсоор мэдэгдсэн тохиолдолд сэргийлэх тарилгаас хоцрохгүй байх

  • Олон улсын эрүүл мэндийн дүрэм болон Монгол улсын олон улсын гэрээний дагуу тодорхой нэрийн сэргийлэх тарилга хийгдэх ёстой улс оронд зорчих тохиолдолд шаардагдах тарилгыг хийлгэх

Агуулга анх оруулсан: 2020-01-03 Шинэчилсэн: 2022-09-06

Мэдээ мэдээлэл