Нийгмийн халамж үйлчилгээ Олон нийтийн оролцоонд чиглэсэн халамжийн үйлчилгээ

Олон нийтийн оролцоонд чиглэсэн халамжийн үйлчилгээ гэж иргэн, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагын оролцоотойгоор өрх, иргэнд дэмжлэг туслалцаа, үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг хэлнэ. Нэг талаас хувь хүнийг хамт олон хүлээн авч, ойлгох, үйл ажиллагаандаа татан оролцуулах, нөгөө талаас хувь хүн өөрийнхөө болон нийгмийн хэрэгцээг хангахад идэвхтэйгээр оролцох үйл явцын харилцан холбоо юм.

Монгол Улсын үндсэн хуулийн 16.5-д зааснаар Монгол Улсын иргэн өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй.

Нийгмийн халамжийн тухай хуулийн 18 дугаар зүйлд олон нийтийн оролцоонд чиглэсэн халамжийн үйлчилгээний төрөл, хамрагдах иргэд, бусад зохицуулалтыг заасан байдаг. Үүнд:

Үйлчилгээний төрөл:

  1. Амьдралын итгэл үнэмшил, бие даан амьдрах чадвар, хөдөлмөрийн дадал олгох, авьяасыг нь дэмжих зорилгоор сургалт зохион байгуулах;
  2. Зөвлөгөө өгөх;
  3. Сэргээн засах үйлчилгээнд хамруулах;
  4. Түр байрлуулан асрамжлах, хүчирхийлэлд өртсөн хүнийг түр хамгаалан байрлуулах;
  5. Өдрийн үйлчилгээнд хамруулах;
  6. Гэрийн асрамж, халамжийн үйлчилгээнд хамруулах;
  7. Иргэн, түүний гэр бүлийн хэрэгцээнд тулгуурласан нийгмийн халамжийн бусад үйлчилгээ үзүүлэх;
  8. Гэр оронгүй иргэн, түүний гэр бүлийн гишүүдийн амьдрах итгэлийг нэмэгдүүлэх, нийгэмшүүлэх, бичиг баримтжуулах, түр хоноглох байранд байрлуулах;
  9. Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай энэ хуулийн 3.1.2, 18.2-т заасан өрх, иргэнийг нийгэмшүүлэх, хамт олны бүлэг бүрдүүлэх, орлогын эх үүсвэртэй болгох төсөл хэрэгжүүлэх, амьдрах ухаанд сургах.
  10. Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг түр хамгаалан байрлуулах үйлчилгээнд хамруулах.

Хамрагдах иргэн:

  1. Ахмад настан;
  2. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн;  
  3. Эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд
  4. Хорих ангиас суллагдсан иргэн;
  5. Хүчирхийлэлд өртсөн иргэн
  6. Согтуурах, мансуурах донтох өвчтэй иргэн;
  7. Эдгэшгүй хүнд өвчтэй хүн;
  8. Гэр оронгүй тэнэмэл амьдралтай өрх, иргэн;
  9. Шилжин суурьшсан энэ хуулийн 3.1.2-т заасан өрхийн гишүүн-иргэн, иргэн;
  10. Өрх толгойлсон эх /эцэг/;
  11. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй өрх;
  12. Гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцгийн хүүхэд.

Мөн энэхүү үйлчилгээг Аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага нь иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж болно.

Иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагыг сонгон шалгаруулах ажлыг аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага гүйцэтгэнэ.

 Таны судалсан байвал зохих хууль болон бусад эрх зүйн актууд:

  • Монгол Улсын Үндсэн хууль (1992 он) ЭНД дарж үзнэ үү
  • Нийгмийн халамжийн тухай хууль (2012 он) ЭНД дарж үзнэ үү
  • Ахмад настны тухай хууль (2017 он) ЭНД дарж үзнэ үү.
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль (2016 он) ЭНД дарж үзнэ үү.
  • Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хууль (2017 он) ЭНД дарж үзнэ үү.
  • Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ үзүүлэх иргэн, аж ахуй нэгж, төрийн бус байгууллагыг магадлан итгэмжлэх журам (2019 он) ЭНД дарж үзнэ үү

Нийгмийн халамжийн байгууллагын тогтолцоо нь нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага, сум, хорооны нийгмийн ажилтнаас бүрдэнэ.

Тэтгэвэр, тэтгэмж олгох, нийгмийн халамжийн болон нийгмийн хөгжлийн үйлчилгээ үзүүлэх ажлыг аймаг, нийслэл, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, сум, хорооны нийгмийн ажилтан зохион байгуулна.

Аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага нь олон нийтийн оролцоонд чиглэсэн халамжийн үйлчилгээг иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж болно.

Иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагыг сонгон шалгаруулах ажлыг аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага гүйцэтгэнэ. Сонгон шалгаруулалтаар шалгарсан байгууллага нь уг үйлчилгээг гэрээний дагуу үзүүлнэ.

Сум хорооны нийгмийн ажилтан нь тухайн үйлчилгээг зарласан хугацаанд зорилтот бүлгийн иргэдээс тухайн үйлчилгээнд хамрагдах эсэхийг асууж, бүртгэл хийсний дараа тухайн сум, хорооны Амжиргааг дэмжих зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж хамрагдах иргэдийг квотод багтаан шийдвэрлэнэ.

Амжиргааг дэмжих зөвлөл:  нь зорилтот бүлгийн иргэнийг нийгмийн халамжийн үйл ажиллагаанд хамруулах эсэх талаар шийдвэр гаргах, халамжийн үйл ажиллагаатай холбогдсон гомдлыг хүлээн авч шийдвэрлэх үүрэг бүхий Амьжиргааг дэмжих орон тооны бус зөвлөл сум, хороонд ажиллана.

Зөвлөл нь 7 хүний бүрэлдэхүүнтэй

  • Нийгмийн ажилтан - 1 хүн
  • Төрийн байгууллагын төлөөлөл - 2 хүн;
  • Иргэний төлөөлөл - 2 хүн;
  • Төрийн бус байгууллагын төлөөлөл - 2 хүн.

Нийгмийн ажилтан дор дурдсан эрх эдэлнэ:

  • Нийгмийн халамжийн болон нийгмийн хөгжлийн үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг гэрээгээр гүйцэтгэх байгууллага, иргэнийг сонгоход оролцох, үйлчилгээнийх нь чанарт хяналт тавих, үнэлгээ хийх;
  • Шаардлагатай мэдээ, судалгаа болон холбогдох баримт бичгийг тухайн байгууллагаас үнэ төлбөргүй гаргуулан авах;
  • Халамжийн сангийн хөрөнгийн зарцуулалт, санхүүгийн бусад баримттай холбогдсон тайлбар, лавлагаа гаргуулж авах;
  • Мэргэжлийн ёс зүй, эрх, үүрэгт нь болон үйлчлүүлэгчид харш үйлдэл гүйцэтгэхээс татгалзах;
  • Нийгмийн халамжийн болон нийгмийн хөгжлийн үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаанд орон нутгийн байгууллага, иргэнийг татан оролцуулах
  • Ажлын онцлогоос шалтгаалан тусгай өрөө, эсхүл тусгаарлалт бүхий ажлын байр болон шаардлагатай техник, тоног төхөөрөмжөөр хангагдах.

Нийгмийн ажилтан дор дурдсан үүрэг хүлээнэ:

  • Тухайн сум, хорооны нийгмийн халамжид хамрагдах өрх, иргэний тоо болон хэрэгцээний судалгаа гаргах, мэдээллийн сан бүрдүүлэх;
  • Нийгмийн халамжид хамрагдах өрх, иргэний нөхцөл байдлыг үнэлж, хөгжлийн төлөвлөгөөг тухайн өрх, иргэнтэй хамтран хийж, хэрэгжүүлэх;
  • Тэтгэвэр, тэтгэмж авах, нийгмийн халамжийн болон нийгмийн хөгжлийн үйлчилгээнд хамрагдах өрх, иргэнийг тодорхойлж, шийдвэрлүүлэх;
  • Өрх, иргэдийг хүсэл, зорилго, хэрэгцээгээрээ бүлэг болгон зохион байгуулагдахад нь мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх;
  • Өрх, иргэдийг амьжиргаагаа дээшлүүлэх чадавхтай болоход нь туслах зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулах;
  • Орон нутгийн иргэн, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагыг мэдээллээр хангах, мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлж, хамтран ажиллах;
  • Нийгмийн ажилтны мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг чандлан сахих
  • Нийгмийн ажилтанд хандсан хувь хүний /хууль зөрчсөн үйлдлийг мэдээлэхээс бусад тохиолдолд/ нууцыг чандлан хадгалах;
  • нийгмийн халамжийн тухай хууль тогтоомж, журам, зааврыг хэрэгжүүлэх;
  • Хүн ам, гэр бүлийн хөгжлийг дэмжих чиглэлээр батлагдсан үндэсний хөтөлбөр, арга хэмжээг орон нутагтаа хэрэгжүүлэх ажлыг эрүүл мэндийн, боловсролын болон бусад нийгмийн ажилтантай хамтран зохион байгуулах.
  • Иргэнд нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, үйлчилгээний талаар бүрэн мэдээлэл өгөх;
  • Өрх, иргэнийг нийгмийн халамжийн үйлчилгээнд үр дүнтэй хамруулах зорилгоор эрүүл мэнд, боловсролыг дэмжих зэрэг нийгмийн хөгжлийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагатай зуучилж өгөх.

Олон нийтийн оролцоонд чиглэсэн халамжийн үйлчилгээнд хамрагдах хүсэлтэй өрх, иргэн та холбогдох материалыг сум, хорооны нийгмийн ажилтанд өгнө.

Сум, хорооны нийгмийн ажилтан иргэний мэдээллийг бүртгэж амжиргаа дэмжих зөвлөлийн хурлаар оруулж, тухайн үйлчилгээнд хамруулах эсэх шийдвэр гаргана.

Амжиргааг дэмжих зөвлөлийн шийдвэрийг холбогдох материалын хамт аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст хүргүүлж, шийдвэрлүүлнэ.

Тухайн үйлчилгээг үзүүлэх байгууллага, хугацааны мэдээллийг иргэнд утсаар мэдэгдсэний дагуу иргэн та очиж үйлчилгээндээ хамрагдана.

1.Сэргээн засах үйлчилгээ:

Сэргээн засах үйлчилгээ нь хүний алдагдсан эрүүл мэнд, хөдөлмөрлөж аж төрөх чадварыг сэргээж, нийгмийн болон хувийн амьдралд нь идэвхтэй оролцох боломж нөхцлийг нь бүрдүүлэхэд нийгэм анагаах ухаан, хөдөлмөр сургалт сэтгэл зүйн цогц үйлчилгээ юм. Сэргээн засах үйлчилгээ нь уламжлалт аргаар үзүүлэх, орчин үеийн тоног төхөөрөмжөөр үзүүлэх, уламжлалт болон орчин үеийн аппарат тоног төхөөрөмж хосолсон гэсэн төрөлтэй. Уг үйлчилгээг ажлын 10 хоног хүртэлх хугацаагаар үзүүлнэ.

Бүрдүүлэх материал:

  • Өргөдөл /маягтын дагуу/
  • Иргэний үнэмлэх хуулбарын хамт
  • Сэргээн засах үйлчилгээ шаардлагатайг тодорхойлсон эмчийн буюу эмнэлэгийн байгууллагын бичиг

2.Өдрийн үйлчилгээ

Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, амьдралын чанарыг дээшлүүлэх, хүнд нөхцөлд байгаа хүүхдүүдийн эрхийг хамгаалах, нийгэмшүүлэх, амьдрах ухаанд сургах үйлчилгээ. /ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн ба хүүхэд, хүнд нөхцөлд байгаа хүүхэд/

Бүрдүүлэх материал:

  • Өргөдөл /маягтын дагуу/
  • Иргэний үнэмлэх хуулбарын хамт /16 насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээ/
  • Сум хорооны хүн амын хөгжлийн асуудал хариуцсан нийгмийн ажилтны тодорхойлолт

3.Гэрийн асрамж, халамжийн үйлчилгээ

Төрөлжсөн асрамжийн үйлчилгээнд хамрагдаагүй, бусдын туслалцаагүйгээр өдөр тутмын үйлдлээ бие даан гүйцэтгэх чадваргүй, оюуны хөгжлийн бэрхшээлтэй, сэтгэцийн хүнд хэлбэрийн эмгэгтэй байнгын асаргаа шаардлагатай иргэнд гэрт нь асрамж, халамж үзүүлэх зорилгоор иргэн, ААН, ТББ халамжийн үйлчилгээний байгууллага гэрээ байгуулан төлбөртэй болон төлбөргүйгээр үзүүлдэг үйлчилгээ. /Байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хамад настан, хүнд нөхцөлд байгаа хүүхэд/

Бүрдүүлэх материал:

  • Өргөдөл /маягтын дагуу/
  • Иргэний үнэмлэх хуулбарын хамт /16 насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээ/
  • Байнгын асаргаа шаардлагатай иргэний тодорхойлолтыг суманд эрүүл мэндийн төвийн эрхлэгч их эмч, аймгийн төвийн сум, дүүрэгт аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэгийн нарийн мэргэжлийн эмч нарын хяналтын комисс
  • Төрөлхийн оюуны хөгжлийн бэрхшээлтэй, сэтгэцийн хүнд хэлбэрийн эмгэгтэй иргэний тодорхойлолтыг аймагт нэгдсэн эмнэлэгийн нарийн мэргэжлийн эмч нарын хяналтын комисс, нийслэлд сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв тус тус эрүүл мэндийн болон нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хамтран баталсан маягтын дагуу гаргана

4.Түр байрлуулан асрамжлах үйлчилгээ

Түр байрлуулан асрамжлах үйлчилгээ нь хохирогчийг хүлээн авснаас эхлэн 1 долоо хоногоос 3 сар хүртэлх хугацаанд тусламж үйлчилгээ үзүүлнэ. Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эсхүл хүчирхийлэлд өртөх магадлалтай хохирогч, түүний бага насны хүүхдийг тодорхой хугацаагаар байрлуулж хохирогчид хэрэгцээтэй мэдээлэл, эрх зүйн болон бусад зөвлөгөө өгөх, сэтгэхүй нь түр хямарсан үед эмчилгээ хийх сэргээн засах зэрэг үйлчилгээ үзүүлнэ. Энэ үйлчилгээнд иргэнийг 1-90 хүртэл хоног хамруулна.

Бүрдүүлэх материал:

  • Тухайн иргэний гэр оронгүй тэнэмэл амьдралтайг судлан тогтоосон мэргэжлийн нийгмийн ажилтны нөхцөл байдлын үнэлгээ, тодорхойлолт,
  • Хүчирхийллийн улмаас хамгаалалт шаардлагатай болсон бол энэ тухай цагдаагийн байгууллагын тодорхойлолт

5.Гэр оронгүй иргэн, түүний гэр бүлийн гишүүдийн амьдрах итгэлийг нэмэгдүүлэх, нийгэмшүүлэх, бичиг баримтжуулах, түр хоноглох байранд байрлуулах үйлчилгээ

Шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын хугацаа дууссан, өршөөл уучлал үзүүлсэн шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгосон, ялын хугацаанаас өмнө ялаас чөлөөлөх, хорих ялыг өөр төрлийн хөнгөн ялаар солих тухай шүүхийн тогтоол гарсан болон хуульд заасан бусад үндэслэлээр хорих ангиас суллагдсан насанд хүрээгүй хүүхэд, насанд хүрсэн иргэн болон өөрийн хөрөнгөөр худалдаж авсан, барьж байгуулсан гэр оронгүй, орон гэргүйгээс бусдын гэр, байшинг хамтран ашигладаг, түр хоноглох байр, зориулалтын бус сууцанд сүүлийн 6 сарын хугацаанд амьдарч байгаа иргэнд үзүүлнэ. 

Хамрагдах өрх, иргэний бүрдүүлэх материал:

  • Өргөдөл
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Ял шийтгэл эдэлж байгаад суллагдсан тухай холбогдох байгууллагын тодорхойлолт
  • Орон гэргүй тэнэмэл амьдралтайг тогтоосон хорооны засаг даргын тодорхойлолт
  • Орон гэргүй, тэнэмэл амьдралтайг тогтоосон мэргэжлийн нийгмийн ажилтны нөхцөл байдлын үнэлгээ

6.Амьдралын итгэл үнэмшил, бие даан амьдрах чадвар, хөдөлмөрийн дадал олгох, авьяасыг нь дэмжих зорилгоор сургалт зохион байгуулах үйлчилгээ

Зорилтот бүлгийн иргэдэд өөрийгөө үнэлэх үнэлэмж, өөртөө итгэх итгэл бий болгох, гэр бүл найз нөхөдтэйгээ эерэг дэмжсэн харилцаа, уур амьсгал бий болгох эрүүл мэнд, өдөр тутмын амьдралын стрэссийг даван туулах, бэрхшээл эрсдэлээс зайлсхийх урьдчилан сэргийлэх зэрэг чадвар олгоно.

Хамрагдах өрх, иргэний бүрдүүлэх материал:

  • Өргөдөл /маягтын дагуу/
  • Иргэний үнэмлэхний хуулбар

7.Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай энэ хуулийн 3.1.2, 18.2-т заасан өрх, иргэнийг нийгэмшүүлэх, хамт олны бүлэг бүрдүүлэх, орлогын эх үүсвэртэй болгох төсөл хэрэгжүүлэх, хөдөлмөр эрхлэх, амьдрах ухаанд сургах үйлчилгээ

Нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа шаардлагатай 2 ба түүнээс дээш өрх, иргэд өөрсдийн санаачлагаар нэгдэн бүлэг болж орлогоо нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлүүлэх зорилгоор төсөл боловсруулан хэрэгжүүлэх нь олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний нэг төрөлд хамрагдана. Иргэдийн ирүүлсэн төслийг амьжиргааг дэмжих зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлнэ. АДЗ-өөр дэмжигдсэн төслийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс хянаж үзээд хэрэгжих магадлалтай бол 1,5 сая хүртэлх төгрөгөөр санхүүжүүлнэ. 

Хамрагдах иргэний бүрдүүлэх материал:

  • Өргөдөл
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Орлогын эх үүсвэртэй болгох төсөл хэргэжүүлэх өрх иргэний зохих шаардлагын дагуу боловсруулсан төсөл

8.Иргэн, түүний гэр бүлийн хэрэгцээнд тулгуурласан нийгмийн халамжийн бусад үйлчилгээ

Өөрсдөө бие даан хөгжих боломж нөхцөл хязгаарлагдмал, нийгмийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн нөхцөл байдлыг судлан үнэлэх, нөөц боломж, чадавхи, хэрэгцээг өрхийн гишүүдийн оролцоотой тодорхойлж, өрхийн гишүүдийг сэтгэл зүйн хувьд сэргээн засах, нийгмийн халамжийн болон хөгжлийн үйлчилгээг үзүүлнэ. 

Бүрдүүлэх материал

  • Өргөдөл /маягтын дагуу/
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Шилжин суурьшсан болон амьжиргааны түвшин нь тухайн үеийн ядуурлын шугамнаас доогуур тухай өрх, иргэний сум хорооны Засаг даргын тодорхойлолт

9.Зөвлөгөө өгөх үйлчилгээ

Амьдралын асуудлаа өөрсдөө шийдвэрлэхэд туслах, тулгарч буй сэтгэлзүйн асуудал, бэрхшээлтэй нөхцөл байдлыг тогтоох, шийдвэрлэхэд нь мэргэжлийн тусламж, дэмжлэг үзүүлэх юм. Насанд хүрсэн хүнтэй 50 минутаас 1 цаг, 5-7 насны хүүхэдтэй 20 минут, 8-12 насны хүүхэдтэй 30 минут, 12-оос дээш насны хүүхэдтэй 1 цаг хүртэл хугацаагаар ярилцаж  зөвлөгөө өгнө. Зөвлөгөөний эхэнд уулзах давтамжаа тогтооно.

Сум, хорооны нийгмийн ажилтанд үйлчилгээнд хамрагдах хүсэлт гарган бүрдүүлэх материалын хамт өгснөөр нийгмийн ажилтан тухайн иргэний амьдралын нөхцөлийг судлан үзэж, саналаа ажлын 10 хоногт багтаан сум, хорооны Амжиргааг дэмжих зөвлөлөөр хэлэлцүүлж шийдвэрлүүлнэ.

Амжиргааг дэмжих зөвлөлийн гаргасан шийдвэрийг холбогдох баримт бичгийн хамт ажлын 5 хоногт аймаг, дүүргийн хөдөлмөр, халамжийн хэлтэст хүргүүлнэ.

Аймаг, дүүргийн хөдөлмөр, халамжийн хэлтэс нь тухайн баримт бичиг, хүсэлтийг хүлээн авч ажлын 5 хоногт багтаан хянан үзэж, үйлчилгээнд хамрагдах иргэнд хувийн хэрэг нээн баталгаажуулж, сум хорооны нийгмийн ажилтанд хүргүүлнэ.

Иргэн та халамжийн үйл ажиллагаатай холбогдсон гомдлоо тухайн сум, хорооны Амьжиргааг дэмжих орон тооны бус зөвлөлд гаргана. Мөн тухайн шатны халамжийн байгууллагын үйлчилгээ, ажилтны шийдвэрт гомдол гаргахаар бол дээд шатны байгууллагад гомдол гаргана. Гомдлыг 30 хоногийн дотор хянан, шийдвэрлэнэ.

Зөвлөгөө үзүүлэх аж ахуйн нэгж, ТББ-ын нэрс

  1. Кентата ХХК: Хаяг Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Чингис өргөн чөлөө 50А тоот, Хангай дээд сургуулийн байр, утас 99197074 /сэргээн засах үйлчилгээ/
  2. Эрүүл аз жаргалтай гэр бүлийн төлөө ТББ: Хан-Уул дүүрэг, 4-р хороо, Ханбогд хороолол 204-р байр 1тоот, утас 99062391 /сургалт зохион байгуулах, зөвлөгөө өгөх үйлчилгээ/
  3. Озон сервис ХХЗ: Сүхбаатар дүүрэг, 7-р хороо, 11-р хороолол Астра буйлдинг 303 тоот, утас  91909075 /сэргээн заса үйлчилгээ/
  4. Чинсэргэг ХХК: Баянзүрх дүүрэг 18-р хороо, 13-р хороолол 39Б-18тоот, утас 88752888 /сэргээн засах, өдрийн үйлчилгээ/
  5. Насжилт судлал, настны эмгэг судлалын нийгэмлэг ТББ: Хаяг Сүхбаатар дүүрэг, 10-р хороо, утас 350804, 350802 /сургалт зохион байгуулах/
  6. Аз жаргалын элчис ТББ: Хаяг Сонгинохайрхан дүүрэг 18-р хороо, 54-13 тоот, утас 99034397 /зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулах/
  7. Авидын орон ТББ: Хаяг Баянзүрх дүүрэг, 13-р хороо, Алтан тэвш-АОС-34-С13тоот, утас 99197378 /өдрийн үйлчилгээ/
  8. Монголын мэдрэлийн ЭНМА ТББ: Хаяг Баянзүрх дүүрэг, 15-р хороо, Диамонд оффис 602 тоот, утас 95958420 /зөвлөлгөө өгөх, сургалт зохион байгуулах/
  9. Ачлалт хүүхдүүд ТББ: Сонгинохайрхан дүүрэг, 28-р хороо, хөтөл 1-5, утас 88190108 /өдрийн үйлчилгээ/
  10. Монголын мэдрэлийн сэргээн засахын үндэсний нийгэмлэг ТББ: Хаяг Баянгол дүүрэг 14-р хороо, утас 99108420 /гэрийн асрамж халамжийн үйлчилгээ/
  11. Хангайн хаш чулуу ТББ: Хаяг Багахангай дүүрэг /түр байрлуулан асрамжлах үйлчилгээ/
  12. Өөрчлөлтийн хөтөч донолтоос эдгээх сургалт зөвлөгөөний институт ТББ: Хаяг Баянзүрх дүүрэг, 3-р хороо, 12-р хороолол,  50-р байр, утас 95902121 /сургалт зохион байгуулах, зөвлөгөө өгөх үйлчилгээ/
  13. Төгс Арвин гүүр ТББ: Хаяг Баянзүрх дүүрэг, 26-р хороо, Sunrise  town 408-10 тоот, утас 99077064, 80110214 / өдрийн үйлчилгээ/
  14. Түгээмэл хөгжил төв ТББ: Хаяг Баянгол дүүрэг, 2-р хороо, 58-р байр 0 тоот, утас 99856665, 76015800 /зөвлөгөө өгөх/
  15. Нийгмийн даатгалын мэдээллийн холбоо ТББ: Хаяг Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, 19-р байр, Астра 407, утас 88074493 /сургалт зохион байгуулах, зөвлөгөө өгөх/
  16. Монголын харааны бэрхшээлтэй хүүхэд, залуучуудын холбоо ТББ: Хаяг Баянгол дүүрэг 18-р хороо 83А байр 00 тоот, утас 70141050, 94743838 /сургалт зохион байгуулах/
  17. Ирмүүн төгс ХХК: Хаяг Хан-Уул дүүрэг 2-р хороо, Арвист хангай бүрэн дунд сургуулийн 303 тоот, утас 99120917 /сургалт зохион байгуулах/
  18. Хөгжлийн хэлхээ ТББ: Хаяг Баянзүрх дүүрэг 19-р хороо, утас 91193364 /зөвлөгөө өгөх, нийгэмшүүлэх, бичиг баримтжуулах/
  19. Өүлэн эхийн ачлал ТББ: Хаяг Баянгол дүүрэг, 12-р хороо, 3-р хороолол, 18б-5 тоот, утас 99889201 /сургалт зохион байгуулах, зөвлөгөө өгөх/
  20. Эндээ хөгжил ТББ: Хаяг Сонгинохайрхан дүүрэг, 13-р хороо, утас 95950924, 88929957 /сургалт зохион байгуулах/
  21. Амар тал ТББ: Хаяг Баянзүрх дүүрэг 25-р хороо, Хүслийн өргөө хотхон 100/1байр 12 тоот /сургалт зохион байгуулах, зөвлөгөө өгөх/
  22. Үндэсний дархлаа үр сад ТББ: Хаяг Сүхбаатар дүүрэг, 18-р хороо, Бэлхийн 48-260 тоот, утас 91144948 /өдрийн үйлчилгээ/
  23. Бат-Өөдөө ХХК: Хаяг Баянзүрх дүүрэг, 2-р хороо, Дарь-Эх 3-338 тоот, утас 99013720, 99023516 /сургалт зохион байгуулах/
  24. Амьдрах увидас ХХК: Хаяг Баянзүрх дүүрэг, 1-р хороо, утас 88100358, 88050358 /сэргээн засах өдрийн үйлчилгээ/
  25. Сайжав оюу ХХК: Хаяг сүхбаатар дүүрэг, 3-р хороо, 5-р хороолол, 14а-42 тоот, утас 96635778 /сэргээн засах өдрийн үйлчилгээ/
  26. Тулгат МТМ ХХК: Хаяг Баянзүрх дүүрэг 12-р хороо, 99182367, 91153434 /сэргээн засах өдрийн үйлчилгээ/
  27. Эй Ви ЖИ ХХК: Хаяг Баянгол дүүрэг, 6-р хороо, 10-р хороолол, 64-р байр, утас 99438838, 88608838 /сэргээн засах өдрийн үйлчилгээ/
  28. Ачит арвис ХХК: Хаяг Баянгол дүүрэг, 7-р хороо, 4-р хороолол, утас 99100009 /сэргээн засах/
  29. Амьдралын гэгээ ХХК: Хаяг Сүхбаатар дүүрэг, 7-р хороо, 11-р хороолол 10-184 тоот, утас 99203933, 99141602 /өдрийн үйлчилгээ/
  30. Сэтгэлзүйн сургалт хөдөлгөөн дасгалын төв ТББ: Хаяг Баянзүрх дүүрэг 1-р хороо 12-р хороолол, 22-4-52, утас 91914375 /зөвлөгөө өгөх, өдрийн үйлчилгээ/
  31. Монголын хараагүйчүүдийн холбоо ТББ: Хан-Уул дүүрэг, 3-р хороо, в корпус, утас 70044179, 99450485 /өдрийн үйлчилгээ/
  32. Наян зургаа дөрвөн зуу ТББ: Баянзүрх дүүрэг, 4-р хороо, 15-р хороолол, ИЗИС-ийн байр 301 тоот, утас 95731260 /өдрийн үйлчилгээ/
  33. Уран энэрэл ТББ: Чингэлтэй дүүрэг, 2-р хороо, 2-р 40 мянгат 28-58 тоот, утас 96688786 /өдрийн үйлчилгээ/
  34. Батануган СТ ХХК: Хан-уул дүүрэг, 2-р хороо, үйлдвэр-2 102-89 тоот, утас 99283639, 89154709 /сэргээн засах, өдрийн үйлчилгээ/
  35. Ахмадын мишээл ТББ: Хаяг Хан-Уул дүүрэг, 11-р хороо, 7-р хэсэг, стадион оргил 48а-03, утас 99132907 /сэргээн засах, өдрийн үйлчилгээ/
  36. Шинэ хөгжлийн түлхүүр ТББ: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, DHL оффисийн байр, 503 тоот /зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулах/
  37. Хас цэгц ХХК: Сонгинохайрхан дүүрэг, 10-р хороо, өрнөл трейд ХХК-ны байр, утас 99004881, 91713139 /сэргээн засах үйлчилгээ/
  38. Дэвжихсайхан ТББ: Сонгинохайрхан дүүрэг, 17-р хороо, 1-р хороолол, 33-327 тоот, утас 99072837 /өдрийн үйлчилгээ/
  39. Мөнхмарал тулга ТББ: Чингэлтэй дүүрэг, 17-р хороо, утас 95845116 /өдрийн үйлчилгээ/
  40. Шинэ үе ТББ: Сонгинохайрхан дүүрэг, 5-р хороо, шинэ-үе мсүт-ийн байр, утас 88115763, 88090563 /сургалт зохион байгуулах/

Асуулт 1. Олон нийтийн оролцоонд түшиглэсэн үйлчилгээнд хамрагдахад ямар материал бүрдүүлдэг вэ?

Өргөдөл, иргэний үнэмлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэн бол эмнэлгийн байгууллагын дүгнэлт, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд бол тухайн сум, хорооны нийгмийн ажилтны тодорхойлолт, хүчирхийлэлд өртсөн иргэн бол цагдаагийн байгууллагын тодорхойлолт, хорих ангиас суллагдсан иргэн бол ял шийтгэл эдэлж байгаад суллагдсан тухай холбогдох байгууллагын тодорхойлолт, хүнд өвчтэй, согтуурах, мансуурах донтох өвчтэй иргэний тухайд холбогдох эмнэлгийн байгууллагын дүгнэлт, гэр оронгүй тэнэмэл амьдралтай иргэн бол мэргэжлийн нийгмийн ажилтны нөхцөл байдлын үнэлгээ, тодорхойлолт, өрх толгойлсон эцэг/эх бол энэ тухай Засаг даргын тодорхойлолт, сэргээн засах үйлчилгээнд хамрагдах тохиолдолд энэ үйлчилгээ шаардлагатайг тодорхойлсон эмнэлгийн байгууллагын тодорхойлолт тус тус шаардлагатай.

Асуулт 2.  Өвчтөй хүн сэргээн засах үйлчилгээнд хамрагдаж болох уу? Ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?

Болно. Өргөдөл /маягтын дагуу/, иргэний үнэмлэх хуулбар, эмнэлэгийн байгууллагын тодорхойлолт, сэргээн засах үйлчилгээ шаардлагатайг тодорхойлсон эмчийн буюу эмнэлэгийн байгууллагын бичиг

Асуулт 3. Халамжийн үйлчилгээнүүд дотор ахмад настай хүний сэтгэл санааг сэргээх, урлаг соёл, биеийн тамир спортын арга хэмжээ явуулдаг үйлчилгээ байдаг уу?

Байдаг. Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний нэг төрөл болох өдрийн үйлчилгээ нь соёл урлаг, биеийн тамир спортын арга хэмжээнд оролцуулах, сэргээн засах, зөвлөгөө өгөх хэлбэрээр явагддаг.

Асуулт 4. Хүчирхийлэлд өртсөн иргэн түр байрлуулах үйлчилгээнд хамрагдахад ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?

Өргөдөл /маягтын дагуу/, иргэний үнэмлэх, хүчирхийллийн улмаас хамгаалалт шаардлагатай болсон бол энэ тухай цагдаагийн байгууллагын тодорхойлолт

Асуулт5. Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээнд ямар иргэн хамрагддаг вэ? Ямар нэг насны хязгаар байгаа юу?

Эдгээр зорилтот бүлгийн иргэд зөвхөн хамрагдана.  Насны хязгаар байхгүй.

  1. Ахмад настан;
  2. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн; 
  3. Эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд
  4. Хорих ангиас суллагдсан иргэн;
  5. Хүчирхийлэлд өртсөн иргэн;
  6. Согтуурах, мансуурах донтох өвчтэй иргэн;
  7. Эдгэшгүй хүнд өвчтэй хүн;
  8. Гэр оронгүй тэнэмэл амьдралтай өрх, иргэн;
  9. Шилжин суурьшсан энэ хуулийн 3.1.2-т заасан өрхийн гишүүн-иргэн, иргэн;
  10. Өрх толгойлсон эх /эцэг/;
  11. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй өрх;
  12. Гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцгийн хүүхэд.

Агуулга анх оруулсан: 2019-11-20 Шинэчилсэн: 2019-11-20

Мэдээ мэдээлэл