Ажил эрхлэлт Гадаадаас ажиллах хүч авах

Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн зорилт нь Монгол Улсын иргэн гадаадад, гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсад хөдөлмөр эрхлэх, тэдгээрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

Гадаад ажилтны ажлын байрны төрөл, ангилал

Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны ажлын байр удирдах, гүйцэтгэх, туслах гэсэн төрөлтэй байна.

Удирдах албан тушаалын ажлын байр дараах ангилалтай байна:

1.гадаадын хөрөнгө оруулалттай компанийн ерөнхий захирал, гүйцэтгэх захирал, гадаадын хөрөнгө оруулагч, гадаадын хөрөнгө оруулагчийн төлөөлөгч;

2.аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн, гүйцэтгэх захирал;

3.олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газрын удирдах ажилтан.

Гүйцэтгэх албан тушаалын ажлын байр дараах ангилалтай байна:

1.олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газрын ажилтан, сайн дурын ажилтан;

2.Засгийн газар, төрийн байгууллага хоорондын гэрээний дагуу шинжлэх ухаан, боловсрол, эрүүл мэнд, соёл, спортын салбарын байгууллагад ажиллах мэргэжилтэн;

3.Монгол Улсын Засгийн газраас тогтоосон нарийн мэргэшлийн мэргэжилтэн;

4.эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх эмнэлгийн мэргэжилтэн;

5.хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын гэрээнд тусгайлан заасны дагуу зөвхөн тухайн гэрээний хугацаанд гадаад улсаас Монгол Улсад ажиллах нарийн мэргэшлийн инженер, түүнтэй дүйцэхүйц ажилтан;

6.бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй шинжлэх ухаан, эрдэм шинжилгээний байгууллагын ажилтан, бүх шатны боловсролын байгууллагад ажиллах багш;

7.соёл, спортын байгууллагад ажиллах мэргэжлийн багш, дасгалжуулагч, мэргэжилтэн.

Туслах албан тушаалын ажлын байр дараах ангилалтай байна:

1.ур чадвар бүхий мэргэшсэн техникийн болон мэргэжлийн боловсрол эзэмшсэнийг нотлох тухайн улсын эрх бүхий байгууллагын, эсхүл Монгол Улсад хүлээн зөвшөөрөгдөх гэрчилгээ, диплом, мэргэжлийн үнэмлэхтэй ажилтан;

2.Монгол Улсад зургаан сар хүртэл хугацаагаар ажиллах улирлын ажилтан.

Дээрх хуулийн 21.3.3-т заасан нарийн мэргэшлийн ажлын байрны жагсаалтыг эдийн засгийн үйл ажиллагааны салбараар хоёр жил тутамд 10 дугаар сарын 01-ний дотор Засгийн газар батална

  1. Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээг эдийн засгийн үйл ажиллагааны салбараар жил бүрийн 10 дугаар сарын 01-ний дотор Засгийн газар тогтооно.
  2. Энэ хуулийн 22.1-д заасан тоо, хувь хэмжээг тогтоохдоо үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн санал, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг харгалзана.
  3. Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Монгол Улсад тухайн онд гадаадаас ажилтан авч ажиллуулсан ажлын байрны жагсаалт, тоог дараа оны нэгдүгээр улиралд багтаан Засгийн газарт танилцуулж, нийтэд мэдээлнэ.
  4. Хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төв, орон нутгийн захиргааны байгууллага энэ хуулийн 24.1-д заасан ажил олгогчтой бүртгэлтэй ажилгүй иргэнийг ажлын байранд дагалдуулан сургах, ажлын байраар хангах гэрээ байгуулж хэрэгжүүлнэ. Дагалдан сургах ажилтны хувь хэмжээ нь тухайн ажил олгогчийн гадаад ажилтны 30 хувиас доошгүй байна.
  5. Гамшгийн эрсдэл бий болсон тохиолдолд түүний хор уршгийг арилгахад шаардагдах ажилтныг дотоодоос хангах боломжгүй нөхцөл үүссэн бол онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн Засгийн газрын шийдвэрээр энэ хуулийн 22.1-д заасан тоо, хувь хэмжээг үл харгалзан гадаад улсаас гамшгийн хор уршгийг арилгах хүртэл хугацаанд гадаад ажилтан авч болно.
  6. Засгийн газрын шугамаар авсан гадаадын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжих төсөл, хөтөлбөрийн хүрээнд ажиллах хүчийг дотоодоос хангах боломжгүй нөхцөлд Засгийн газрын шийдвэрээр гадаад ажилтан авч ажиллуулж болно

Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний боломжит гурван үйл ажиллагаанд цахим систем нэвтрүүллээ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний хууль эрх зүйн орчныг шинэчлэх, төрийн байгууллагуудын цахим үйлчилгээний уялдаа холбоог сайжруулах зорилтын хүрээнд Монгол Улсын иргэдийг гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах, гадаадаас нарийн мэргэжлийн ажиллах хүч, мэргэжилтэн авах үйлчилгээ цахим хэлбэрт шилжлээ.

1. Монгол Улсын иргэдийг гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааны дараах үйлчилгээг авах боломжтой.

Үүнд:

• Тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллага, зуучлуулагчийн бүртгэл, үйл ажиллагааны тайлангаа цахимаар ирүүлэх;

• Зуучлуулагчид тодорхойлт авах;

• Тусгай зөвшөөрлийн хүсэлтийг цахимаар илгээх;

• Мэдээллийг цахим системээр дамжуулан шуурхай авах;

• Зуучлуулагч санал, хүсэлтээ илгээх, тусгай зөвшөөрөлтэй байгууллагын талаарх мэдээллийг авах;

2. Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авахад зөвшөөрөл олгох үйл ажиллагааны дараах үйлчилгээг авах боломжтой.

Үүнд:

• Урьдчилсан зөвшөөрөл авах;

• Зөвшөөрөл авах үйлчилгээ;

• Сунгалт хийлгэх үйлчилгээ;

• Хөдөлмөр эрхлэлтийг дуусгавар болгох үйлчилгээ;

3. Бүгд Найрамдах Солонгос Улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг цахимаар бүртгэх үйл ажиллагааны дараах үйлчилгээг авах боломжтой.

Үүнд:

• Тусгай шалгалтад бүртгүүлэх;

• Энгийн шалгалтад бүртгүүлэх;

Цахим систем нэвтрүүлсний давуу талууд:

o Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний нэгдсэн мэдээллийн сан бүрдэнэ.

o Төрийн байгууллага хоорондын мэдээллийн урсгал сайжирна.

o Цахим үйлчилгээний соёлыг нэвтрүүлнэ.

o Эдийн засгийн үр ашиггүй зардлыг бууруулж, хэмнэлт бий болгоно. /цаасны хэрэглээ, харилцах цаг хугацаа, дугаарлан зогсох гэх мэт/

o Мэдээллийг хүссэн газраасаа дижитал төхөөрөмж ашиглан шуурхай авах боломж нээгдэнэ. /Ухаалаг гар утас, IPAD, таблет, бусад төхөөрөмж/

o Санал хүсэлтийг цахимаар ирүүлснээр асуудал шийдвэрлэх явц аль шатанд явагдаж буйг хянах боломжтой.

Тухайн үйлчилгээтэй холбоотой өргөдөл, гомдлыг иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу холбогдох албан тушаалтан, байгууллага, дээд шатны байгууллагад гаргана.

Өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх хугацаа 30 хоног байна. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг захиргааны байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор сунгаж болох ба гомдол гаргагчид энэ тухай мэдэгдэнэ.

Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авч ажиллуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудын анхааралд

Монгол Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолоор баталсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Засгийн газрын 2015 оны 41 дүгээр тогтоолоор баталсан “Ажлын байрны төлбөр авах, хөнгөлөлт үзүүлэх журам”-д нэмэлт оруулан “3.8. Ашигт малтмал болон газрын тосны салбараас бусад салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авч ажиллуулах тохиолдолд тухайн асуудлыг эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр ажлын байрны төлбөрийг 50 хувиар хөнгөлнө.” гэж заасны дагуу аж ахуйн нэгж, байгууллагуудын гадаад ажилтаны ажлын байрны төлбөрийг хөнгөлж эхлээд байна. 

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 80 дугаар тогтоолоор уг заалтыг нэмсэн бөгөөд үүнийг 2022 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэж заасан. 

Иймд тус журмын 3.8-д заасан дээрх салбараас бусад салбарт гадаадаас  ажиллах хүч, мэргэжилтэн авах аж ахуйн нэгж байгууллагууд нь хөнгөлөлтөд хамрагдах хүсэлтээ журамд заасны дагуу тухайн асуудлыг эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагадаа хандаж /холбогдох салбарын яам/ санал авч манай байгууллагад хүсэлт өгч шийдвэрлүүлнэ үү. 

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 80 дугаар тогтоолыг дараах холбоосоор үзнэ үү.

\

Асуулт 1. Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хугацааг хэтрүүлсэн тохиолдолд яах вэ?

Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг хүндэтгэх бус шалтгаанаар 3-аас дээш хоногоор хэтрүүлсэн тохиолдолд зөвшөөрлийн хугацааг сунгахгүй, тухайн иргэний талаар Гадаадын иргэн, харьяатын газарт мэдэгдэж, хуулийн дагуу зохих арга хэмжээ авна.

Асуулт 2. Байгууллага нь Хөдөлмөрийн гэрээгээр авч ажиллуулж байгаа гадаадын иргэний өмнө ямар хариуцлага хүлээдэг вэ?

Байгууллага нь гэрээгээр авч ажиллуулж байгаа Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрөлтэй гадаадын иргэний өмнө монгол иргэдийн өмнө хүлээдэг үүргүүдээс гадна ажиллах хүч авах гэрээнд тусгагдсан үүргийг хүлээнэ. Түүнчлэн түүнийг Хөдөлмөрийн гэрээ дуусмагц эх оронд нь буцаах арга хэмжээ авах үүргийг хуулийр хүлээнэ.

Асуулт 3. Гадаадын иргэн нь харьяалагдаж байгаа байгууллагаасаа өөр байгууллагад шилжин ажиллаж болох уу?

Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөлтэй гадаадын иргэн нь анхны байгууллагатай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээ цуцалсан тохиолдолд ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт, гэрээ цуцлах болсон шалтгааныг үндэслэн зохих журмын дагуу шинээр зөвшөөрөл олгох асуудлыг шийдвэрлэнэ.

Асуулт 4. Хуулийн ямар үндэслэлээр гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах вэ?

Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрөлтэй бүхий гадаадын иргэн тухайн байгууллагатай байгуулсан хөдөлмөрийн гэрээний үүргээ биелүүлээгүй, гэрээ зөрчсөн, өөр байгууллага, орон нутагт зөвшөөрөлгүй шилжин ажилласан тохиолдолд уг зөвшөөрлийг байгууллагын тодорхойлолтыг үндэслэн холбогдох эрх бүхий байгууллагаас хүчингүй болгож, гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад энэ тухай мэдэгдэнэ.

Асуулт 5. Гадаадын иргэний хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хугацааг хэрхэн өдрөөс тооцдог вэ?

Гадаадын иргэнд олгох хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хугацааг тооцохдоо ХХҮЕГ-т  албан бичгээр хүсэлт тавьсан өдрөөс эхлэн тооцно.

Агуулга анх оруулсан: 2019-11-07 Шинэчилсэн: 2023-03-28

Мэдээ мэдээлэл