Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа Захиргааны хэргийн шүүх, шүүхэд хамаарах маргаан

Захиргааны хэргийн шүүх, шүүхэд хамаарах маргаан

Нэг. Захиргааны хэргийн шүүх.

Монгол Улсын Үндсэн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт “Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх бөгөөд эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр шүүхийг дагнан байгуулж болно”.

Шүүхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т “Улсын дээд шүүхээс бусад шүүхийг нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын нягтаршил, шийдвэрлэгдсэн хэрэг, маргааны тоог харгалзан засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хэд хэдэн нэгжийг харьяалуулан эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулна.”

Шүүх байгуулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.3, 2 дугаар зүйлийн 2.3-т “захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн байршил, тэдгээрийн нутаг дэвсгэрийн харьяалал”-ыг тогтоож өгсөн.

Монгол Улсын хэмжээнд:

Захиргааны хэргийн шүүх

Тоо

Байршил

Анхан шатны шүүх

22

Аймаг тус бүрт, Улаанбаатар хотод

Давж заалдах шатны шүүх

1

Улаанбаатар хотод

Хяналтын шатны шүүх -Улсын дээд шүүх

1

Улаанбаатар хотод

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар Захиргааны шүүх гэж (1) иргэн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн (2) нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан” нэхэмжлэлийг хянан шийдвэрлэдэг байгууллага юм.

Хоёр. Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрлэх маргаан

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т “Захиргааны хэргийн шүүх Үндсэн хуулийн цэц болон өөр шүүхэд харьяалуулснаас бусад нийтийн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэнэ.” гэж заасан.

Өөр шүүх гэдэгт иргэний хэргийн болон эрүүгийн хэргийн шүүхийг ойлгох бөгөөд

  • Үндсэн хуулийн цэц Монгол Улсын Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 66.2-т заасан,
  • Иргэний хэргийн шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан,
  • Эрүүгийн хэргийн шүүх гэмт хэргийг буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2-р бүлэгт заасан асуудлаар гаргасан өргөдөл, мэдээлэл, нэхэмжлэл, гомдлыг хянан хэлэлцээд дүгнэлт, шийдвэр, тогтоол гаргадаг бөгөөд тэдгээрээс бусад маргаантай асуудлаар та захиргааны шүүхэд хандах боломжтой.

Захиргааны хэргийн шүүхийн ялгарах онцлог нь захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагаа байгаа эсэхийг хянадаг байгууллага юм.

  1. Шүүхийн өмнөх шат:

Иргэн, хуулийн этгээд маргаанаа Захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлүүлэхийн тулд эхлээд тухайн шийдвэр, үйлдлийг гаргасан Захиргааны байгууллага, түүний дээд шатны байгууллагад хандсан байхыг шаарддаг.

Иргэн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагаа түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл гомдлоо (1) тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, (2) гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад, эсхүл (3) тийм байгууллага байхгүй бол тухайн актыг гаргасан байгууллагад өөрт нь гаргах эрхтэй. /Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 93 дугаар зүйлийн 93.1, 93.2/

  1. Шүүхийн шат:
  • Захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тохиолдолд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болно. /Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1/
  • Захиргааны хэргийн шүүхэд хэрэг хянан хэлэлцэгдэж байх хугацаанд гаргасан хүсэлттэй холбоотойгоор гарсан шүүгчийн захирамж, шүүхийн

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т зааснаар Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 70,200₮ тогтмол төлнө.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122.1-т заасан үндэслэлээр буюу ХХША-ны явцад гаргасан шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах тохиолдолд гомдлыг тухайн шүүхэд биш Давж заалдах шатны шүүхэд гаргадаг. Захирамж, тогтоолд гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамж төлөхгүй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь захиргааны байгууллагын үйл ажиллагаатай салшгүй холбоотой хийгддэг ажиллагаа байдаг тул захиргааны хэргийн шүүхэд хандахад эхлээд тухайн захиргааны актыг гаргасан захиргааны байгууллага, түүний дээд шатны, эсхүл тухайн байгууллагын асуудлыг шийдвэрлэх эрх бүхий байгууллагад хандаж, асуудлыг урьдчилсан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдүүлсэн байхыг шаардана.

Асуулт 1. Захиргааны байгууллага гэж ямар байгууллагыг хэлэх вэ?

Хариулт 1. “Нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн иргэдийн эрхийг хөндсөн захирамжилсан шийдвэр гаргадаг байгууллагыг захиргааны байгууллага гэж ойлгоно.

Асуулт 2. Захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа гэж юуг ойлгох вэ?

Хариулт 2. Захиргааны үйл ажиллагаа нь захиргааны акт, захиргааны хэм хэмжээний акт, захиргааны гэрээ гэсэн 3 хэлбэрээр илэрнэ.

Захиргааны акт гэж Захиргааны байгууллагаас тодорхой тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно. Жишээ нь: Газар эзэмшүүлэх Засаг даргын захирамж, замын цагдаагийн торгууль, Барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл, Газар эзэмших эрхийг хүчингүй болгосон захирамж, хуульд заасан хугацаанд таны хүсэлтэд хариу өгөхгүй байх, татаварын  мэдэгдэл,  улсын бүртгэгчийн бүртгэхээс татгалзсан үйлдэл гэх мэт.

Захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан заавал дагаж мөрдөх актыг хэлнэ. Жишээ нь: Замын хөдөлгөөний дүрэм, Газар эзэмших, ашиглах гэрчилгээ олгох журам, аймгийн нутаг  дэвсгэрт Согтууруулах ундаа худалдан борлуулах журам, Арц, ургамлын суулгац тарих, хураах журам гэх мэт.

Захиргааны гэрээ гэж Захиргааны байгууллагаас бусад этгээдтэй байгуулсан гэрээг хэлнэ. Жишээ нь: Төрийн албаны үр дүнгийн гэрээ, дүүрэг, сумд Гэр цэцэрлэг ажиллуулах гэрээ, Дүүргийн Засаг дарга эрүүл мэндийн нэгдэл, өрхийн эмнэлэг хоорондын гурвалсан гэрээ, Нисэх онгоц барих концессын гэрээ, Хот хоорондын нийтийн тээвэр гүйцэтгэх гэрээ, Бэлчээр ашиглуулах гэрээ гэх мэт.

Захиргааны хэргийн шүүхэд (1) захиргааны актыг илт хууль бус болгох, (2) хууль бус захиргааны актыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж болно. 

Асуулт 3. Шүүхэд хандахын тулд яагаад заавал захиргааны байгууллагад хандах ёстой вэ?

Хариулт 3. Захиргааны ерөнхий хуулийн 9-р бүлэг 92-95 дугаар зүйлд зааснаар Захиргааны байгууллагын гаргасан захиргааны акт эрх, ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл та дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага, эсхүл тухайн актыг гаргасан байгууллагад гомдол гаргах эрхтэй бөгөөд тэдгээр байгууллага гомдлыг шийдвэрлэх үүрэгтэй. Захиргааны байгууллага таны гаргасан гомдлыг үндэслэлтэй байна гэж үзвэл захиргааны актыг хүчингүй болгох, өөрчлөх замаар иргэний зөрчигдсөн гэж үзсэн эрхийг сэргээх боломжтой тул Захиргааны хэргийн шүүхэд хандахын тулд урьдчилсан шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн байхыг шаардана. Энгийнээр хэлбэл шүүхэд хандахгүйгээр захиргааны байгууллагын түвшинд тухайн асуудлыг шийдвэрлэх боломжтой байхад заавал шүүхэд нэхэмжлэл гаргах шаардлагагүй гэсэн санаа юм.  

Асуулт 4. Захиргааны актыг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа захиргааны актыг гаргасан байгууллага нь хүчингүй бол шүүхэд нэхэмжлэл гаргах уу? Ямар байдлаар нэхэмжлэл гаргах вэ?

Хариулт 4. Хэрэв хүчингүй болгосон захиргааны акттай холбоотой таны ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт /хүчингүй болгосон акт/ хууль бус байсан болохыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

Агуулга анх оруулсан: 2018-06-18 Шинэчилсэн: 2018-06-18

Мэдээ мэдээлэл