Хөрөнгө оруулалт Хөрөнгө оруулалтын гэрээ

Хөрөнгө оруулалтын гэрээ: Засгийн газар 500 тэрбум төгрөгөөс дээш хэмжээний хөрөнгө оруулалт хийх хөрөнгө оруулагчтай түүний гаргасан хүсэлтийн дагуу үйл ажиллагаа явуулах орчныг нь тогтвортой байлгах зорилгоор хөрөнгө оруулалтын гэрээ байгуулна.

Засгийн газар 500 тэрбум төгрөгөөс дээш хэмжээний хөрөнгө оруулалт хийх хөрөнгө оруулагчтай түүний гаргасан хүсэлтийн дагуу үйл ажиллагаа явуулах орчныг нь тогтвортой байлгах зорилгоор хөрөнгө оруулалтын гэрээ байгуулна./Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэг/

500 тэрбум төгрөгөөс дээш хөрөнгө оруулалт бүхий тогтворжуулах гэрчилгээ эзэмшигч хуулийн этгээд нь өөрөө хүсэлт гаргавал түүнтэй хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж болно./Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5 дахь хэсэг/

Та Хөрөнгө оруулалтын тухай хуулийг ЭНД дарж үзнэ үү.

Та Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах журмыг ЭНД дарж үзнэ үү.

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар эрх олгосон Засгийн газрын гишүүн хөрөнгө оруулагчтай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулна.

  1. 500 тэрбум төгрөгөөс дээш хэмжээний хөрөнгө оруулалт хийх хөрөнгө оруулагч хуулийн этгээд нь хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах хүсэлтээ “Үндэсний хөгжлийн газар” гаргана. Бүрдүүлэх материал:

  • Компанийн хүсэлт

  • Улсын бүртгэлийн гэрчилгээ, холбогдох тусгай зөвшөөрөл, бусад эрхийн гэрчилгээ болон тогтворжуулах гэрчилгээ эзэмшигч бол уг гэрчилгээний хуулбар

  • Копанийн үйл ажиллагаа, хувьцаа эзэмшигчдийн танилцуулга, одоо хэрэгжүүлж буй болон өмнө хэрэгжүүлсэн төслийн ерөнхий танилцуулга

  • Дэвшилтэд техник, технилоги нэвтрүүлэх тухай дэлгэрэнгүй танилцуулга

  • Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ/эх хувь болон хуулбарын хамт/

  • Техник эдийн засгийн үндэслэл/эх хувь болон хуулбарын хамт/

  • Хөрөнгө оруулалтын дүнг аудитын байгууллагаар баталгаажуулсан санхүүгийн тайлан/эх хувь болон хуулбарын хамт/

  • Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу зөвшөөрөл авах шаардлагатай бол авсан зөвшөөрлийн хуулбар

  • Холбогдох утасны дугаар

Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах хүсэлт гаргахад бүрдүүлэх материалын жагсаалтын дэлгэрэнгүйг ЭНД дарж авна уу.

  1. Үндэсний хөгжлийн зөвлөл нь дараах татгалзах үндэслэл байгаа эсэхийг шалган үзнэ:

  • хөрөнгө оруулагчийн аливаа үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын шинж чанар нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд харшилсан;

  • хөрөнгө оруулалт нь үр ашиггүй, Монгол Улсын төсөв, санхүүгийн орлого, бодлогод сөрөг нөлөөлөл үзүүлэх бол;

  • хөрөнгө оруулагчийн оруулах хөрөнгө оруулалтын дүн нь 500 тэрбум төгрөгт хүрэхгүй болох нь техник, эдийн засгийн үндэслэлд заасан тооцоолол болон санхүүгийн баримтаар тогтоогдсон;

  • хөрөнгө оруулалтын тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан зөвшөөрлийг авах шаардлагатай хуулийн этгээд уг зөвшөөрлийг аваагүй;

  • хөрөнгө оруулалтын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасан шалгуурыг хангаагүй болох нь тогтоогдсон;

  • хөрөнгө оруулагчийн аливаа үйл ажиллагаа, хөрөнгө оруулах төсөл, хөтөлбөр нь байгаль орчинд их хэмжээний хохирол учруулахаар бол

  1. Үндэсний хөгжлийн газар татгалзах үндэслэл тогтоогдсон нөхцөлд хүсэлт гаргагч хуулийн этгээдэд бичгээр хариу өгнө. Харин татгалзах үндэслэл тогтоогдоогүй нөхцөлд хүсэлт гаргагч хуулийн этгээдийг хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах хэлэлцээнд урина.

  2. Хүсэлт гаргагч хуулийн этгээдтэй хэлэлцээ хийх, гэрээ байгуулах
  3. Хөрөнгө оруулалтын гэрээний талаархи мэдээллийг Сангийн яамд хүргүүлнэ

Үндэсний хөгжлийн газар хөрөнгө оруулагч этгээдтэй байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний талаархи мэдээллийг Сангийн яамд ажлын 5 өдөрт багтаан мэдэгдэнэ.

Хөрөнгө оруулалтын гэрээний харилцаанаас үүсэх маргааныг Монгол Улсын хууль болон тухайн гэрээнд заасны дагуу шийдвэрлэнэ.

Хөрөнгө оруулалтын гэрээг бичгээр монгол, англи хэл дээр байгуулах бөгөөд хөрөнгө оруулалтын гэрээнд доор дурдсан зүйлийг тусгана:

  • хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан хууль, эрх зүйн үндэслэл;

  • хөрөнгө оруулалтын гэрээний талууд, тэдгээрийн хувьцаа эзэмших хувь, хэмжээ;    

  • хөрөнгө оруулагч нь хөрөнгө оруулалтын төслийг хуулийн этгээдийн нэгдэл, түншлэлийн бүтэцтэйгээр эсхүл харилцан хамаарал бүхий хуулийн этгээдийн хамт хэрэгжүүлэх бол хөрөнгө оруулалтын гэрээний зохицуулалтад хамаарах хуулийн этгээдийн оноосон нэр, улсын бүртгэлийн болон татвар төлөгчийн гэрчилгээний дугаар;

  • хөрөнгө оруулалтын зорилго, үндсэн үйл ажиллагаа;

  • хөрөнгө оруулалтын хэмжээ, эх үүсвэр;

  • хөрөнгө оруулах хугацаа, үе шат;

  • хөрөнгө оруулалтын гэрээний хугацаа;

  • Хөрөнгө оруулалтын хуулийн 20 дугаар зүйлийн 20.4-т заасны дагуу татварын орчныг тогтворжуулах, зохицуулалтын болон санхүүгийн дэмжлэг үзүүлэх нөхцөл;

  • гэрээг үндэслэн байгуулж байгаа төслийн техник, эдийн засгийн үндэслэл, түүнд өөрчлөлт орох тохиолдолд гэрээг хэрхэн дахин авч үзэх;

  • хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд нөлөөлөх байдал, сөрөг нөлөөллийг арилгах, бууруулах арга зам, шийдлийн талаар;

  • бусад үйлдвэрлэл, үйлчилгээнд үзүүлэх нөлөөлөл;

  • бүс нутгийн хөгжилд оруулах хувь нэмэр;

  • хөдөлмөрийн харилцааны талаархи хууль тогтоомжийг мөрдөх, шинэ ажлын байр бий болгох, боловсон хүчнийг бэлтгэх тухай;

  • дэд бүтцийн асуудал, хот тосгон, нийгэм, соёлын асуудлыг хэрхэн шийдэх талаар;

  • Монгол Улсын иргэд, аж ахуйн нэгжүүдэд бизнесийн боломж бий болгох эсэх;

  • хөрөнгө оруулагчийн үндсэн үйл ажиллагааны явцад үйлдвэрлэх, боловсруулах, борлуулах бүтээгдэхүүний хэмжээ, үнэ ханшийн талаар;

  • давагдашгүй хүчин зүйлийн тохиолдолд авах арга хэмжээ;

  • Засгийн газрын эрх, хүлээх үүрэг;

  • хөрөнгө оруулагч хуулийн этгээдийн эрх, хүлээх үүрэг;

  • хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах үндэслэл;

  • гэрээг хүчингүй болгох, гэрээ дуусгавар болох үндэслэл;

  • маргаан шийдвэрлэх;

  • талууд гэрээний хэрэгжилтэд хэрхэн хяналт тавих;

  • хөрөнгө оруулагч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хөрөнгө оруулалт хуулиар тогтоосон хэмжээнд хүрээгүй тохиолдолд хөрөнгө оруулагчид үзүүлсэн татварын дэмжлэг болон тогтворжуулалтыг хүчингүйд тооцож, гэрээний хүрээнд эдлүүлсэн татварын дүнг нэхэмжлэх талаар;

  • талууд харилцан тохиролцсон бусад нөхцөлүүд

Хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтэд хяналт тавих:

  • Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан хөрөнгө оруулагч хуулийн этгээд нь Хөрөнгө оруулалтын тухай хууль болон хөрөнгө оруулалтын гэрээнд заасны дагуу хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа, төслийн хэрэгжилтийн талаархи тайлангаа дараа жилийн 1 дүгээр улиралд багтаан хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гаргаж өгөх үүрэгтэй.

  • Хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтэд хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хяналт тавих бөгөөд шаардлагатай тохиолдолд салбарын болон бусад холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж болно.

  • Хөрөнгө оруулалтын гэрээний явцад үүссэн зөрчил, дутагдлын талаар хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан хөрөнгө оруулагч хуулийн этгээдэд шуурхай мэдэгдэж зөрчлийг арилгуулах арга хэмжээг авч ажиллана.

  • Хөрөнгө оруулагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээг түдгэлзүүлэх, цуцлах эрх нь Засгийн газарт байна.

Асуулт 1. Хөрөнгө оруулалтын гэрээ гэж?

500 тэрбум төгрөгөөс дээш хэмжээний хөрөнгө оруулалт хийх хөрөнгө оруулагчтай түүний гаргасан хүсэлтийн дагуу үйл ажиллагаа явуулах орчныг нь тогтвортой байлгах зорилгоор хөрөнгө оруулалтын гэрээ байгуулна /Цөмийн энергийн салбарт хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахад Цөмийн энергийн тухай хуулиар зохицуулна/.

Хуульд өөрөөр заагаагүй бол хөрөнгө оруулалтын гэрээнд Хөрөнгө оруулалтын тухай хуулиар тогтоосон хөрөнгө оруулагчид үзүүлэх эрх зүйн баталгааг олгож, татварын орчныг тогтворжуулах, зохицуулалтын болон санхүүгийн дэмжлэг үзүүлэх нөхцөлийг тусгаж болно.

Асуулт 2. Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаар хөрөнгө оруулагчид ямар ач холбогдолтой вэ?

Гэрээ байгуулах үед мөрдөгдөж байгаа татварын орчныг тогтворжуулна. Засгийн газар гэрээний нэг тал болж, тус төслийг амжилттай хэрэгжүүлэхэд үүрэг хүлээнэ.

Асуулт 3. Хөрөнгө оруулалтын татварын дэмжлэг гэж юу вэ?

Доор дурдсан тохиолдолд импортолсон техник, тоног төхөөрөмжийг барилга угсралтын ажлын хугацаанд гаалийн албан татвараас чөлөөлж, нэмэгдсэн өртгийн албан татварыг "0" хүртэлх хувь, хэмжээгээр ногдуулж болно:

  • барилгын материал, газрын тос, хөдөө аж ахуйн боловсруулах болон экспортын бүтээгдэхүүний үйлдвэр барих;

  • нано, био болон инновацийн технологи агуулсан бүтээгдэхүүний үйлдвэр барих;

  • эрчим хүчний үйлдвэр болон төмөр зам барих.

Асуулт 4. Хөрөнгө оруулалтын гэрээ, тогтворжуулах гэрээний ялгаа юу вэ?

Хийх хөрөнгө оруулалтын хэмжээгээрээ ялгаатай. Тогтворжуулах гэрчилгээ авснаар дээр дурдсан 4 төрлийн татварын хувь хэмжээг тодорхой хугацаанд тогтворжуулах бол Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаар татварын орчинг тогтворжуулдаг

Агуулга анх оруулсан: 2019-12-24 Шинэчилсэн: 2019-12-24

Мэдээ мэдээлэл