Эрүүгийн хэрэг /гэмт хэрэг/ хянан шийдвэрлэх ажиллагаа Мөрдөн байцаалт

Мөрдөн байцаалт

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдсэнээс хэргийг шүүхэд шилжүүлэх хүртэл хэргийн талаар нотлогдвол зохих байдлыг тогтоох зорилгоор явуулж байгаа энэ хуульд заасан ажиллагааг мөрдөн байцаалт гэнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар бүлгээр эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллага, албан тушаалтныг хуульчилсан байдаг.

Цагдаа, тагнуул, авилгатай тэмцэх байгуулагууд нь мөрдөн шалгах ажиллагааг хэрэгжүүлнэ.            

Тагнуул, цагдаа, авилгатай тэмцэх байгууллагын албан хаагчийн үйлдсэн гэмт хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах харьяаллыг прокурор тогтооно.

Мөрдөгч хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад энэ хуульд заасны дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ. Мөрдөн шалгах зарим ажиллагаа нь прокурорын зөвшөөрлөөр явагддаг бол зрим нь мөрдөгч өөрөө бие даан явуулах эрхтэй байдаг.

Прокурор эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдсэний дараа сэжигтнийг мэдэгдэх хуудсаар дуудан ирүүлж, уг тогтоолыг танилцуулахыг мөрдөгчид даалгана.

Мөрдөгч эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг прокуророос хүлээн авсан даруй дуудан ирүүлсэн сэжигтэнд танилцуулна.

Сэжигтэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолтой танилцахаас татгалзвал түүнд тогтоолыг уншиж энэ талаар тэмдэглэл хөтөлж, шаардлагатай бол дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлнэ.

Мөрдөн байцаалтыг дуусгах. Мөрдөгч мөрдөн шалгах бүх ажиллагааг хийж дууссан, хэргийн бодит байдлыг бүрэн нотолж тогтоосон гэж үзвэл яллагдагч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид хавтаст хэргийн материалтай танилцахыг мэдэгдэнэ.

Хэргийн материалтай энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан оролцогч мөрдөгчөөс тогтоосон хугацаанд танилцах ба мөрдөгч хэргийн материалтай танилцах боломж, нөхцөлийг бүрдүүлнэ.

Оролцогч хүсэлт гаргавал хавтаст хэргийн материалаас шүүхээр хэлэлцүүлэх төрийн нууцад хамаарахаас бусад нотлох баримтыг өөрийн зардлаар хуулбарлаж, хувилж авах боломжоор хангана.

Хэргийн материалтай танилцах үед оролцогчоос гаргасан хүсэлт, гомдлыг мөрдөгч хүлээн авч хангах, эсхүл хэрэгсэхгүй болгож энэ тухай шийдвэр гаргана.

Хавтаст хэргийн материалтай танилцаад тэмдэглэлд тусгасан оролцогчийн хүсэлт, гомдлыг мөрдөгч хэрэгсэхгүй болгосон бол оролцогч прокурорт гомдол гаргаж болно.

Нэмэлт мөрдөн байцаалт явуулсан бол нэмж хийсэн ажиллагааны материалыг тухайн ажиллагаанд холбогдох оролцогчид танилцуулна.

Хэргийг прокурорт шилжүүлэх. Мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаа явуулж дууссаны дараа холбогдох саналыг хавтаст хэргийн хамт прокурорт шилжүүлнэ.

Яллагдагчаар татсан тогтоолыг танилцуулахаар дуудахад хүндэтгэн үзэх шалтгаанаар ирэх боломжгүй тухайгаа мэдэгдэх хуудас хүлээн авсан сэжигтэн мөрдөгчид даруй мэдэгдэж, энэ тухай баримтаа ирүүлсэн бол яллагдагчаар татах тогтоол танилцуулах хугацааг прокурор 24 цаг хүртэл хугацаагаар хойшлуулж болно.

Мөрдөгч сэжигтний хувийн байдлыг тогтоох, яллагдагчаар мэдүүлэг авах ажиллагааг 6 цагийн дотор явуулна.

Мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрвөл хэргийг хэрэгсэхгүй болгоно.

Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийн мөрдөн байцаалтыг 14 хоног, хүнд гэмт хэргийн мөрдөн байцаалтыг 1 сарын дотор явуулж дуусган хавтаст хэргийн материалыг оролцогчид танилцуулна.

Хуульд заасан үндэслэлээр шаардлагатай тохиолдолд мөрдөн байцаалт явуулах хугацааг дараахь байдлаар сунгаж болно:

а/сум буюу сум дундын прокурорын газрын хяналтад байгаа хэрэгт сум буюу сум дундын ерөнхий прокурор 5 сар хүртэл, аймгийн ерөнхий прокурор 7 сар хүртэл;

б/аймгийн прокурорын, дагнасан прокурорын газрын хяналтад байгаа хэрэгт аймгийн, дагнасан прокурорын газрын ерөнхий прокурор 16 сар хүртэл;

в/дүүргийн прокурорын газрын хяналтад байгаа хэрэгт дүүргийн ерөнхий прокурор 5 сар хүртэл, нийслэлийн ерөнхий прокурор 7 сар хүртэл;

г/нийслэлийн прокурорын газрын хяналтад байгаа хэрэгт нийслэлийн ерөнхий прокурор 16 сар хүртэл.

Мөрдөн байцаалтын хугацааг дээрх тохиолдлоос гадна үргэлжлүүлэн сунгах асуудлыг Улсын ерөнхий прокурор шийдвэрлэнэ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хугацаа сунгах нийтлэг журам. Прокурор хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах хугацааг сунгахдаа урьд нь хийгдсэн ажиллагаа, хугацаа сунгах үндэслэл, цаашид хийх мөрдөн шалгах ажиллагааг харгалзана.

Мөрдөгч хугацааг сунгах тухай үндэслэл бүхий тогтоол үйлдэж, хугацаа дуусахаас 7 хоногийн өмнө прокурорт хүргүүлнэ.

Нэмэлт мөрдөн байцаалт явуулахаар прокуророос буцаасан, түдгэлзүүлсэн, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг хүчингүй болгосон, хэрэгсэхгүй болгосон хэргийг сэргээсэн бол өмнөх хугацаанаас нь үргэлжлүүлэн тоолж, хугацааг ердийн журмаар сунгана.

Энэ зүйлд заасныг зөрчиж, хавтаст хэргийн материалтай танилцах хугацаа, боломж, нөхцөлөөр хангаагүй мөрдөгчийн үйл ажиллагааны талаар прокурорт гомдол гаргаж болно. Мөн хэргийн материалтай танилцах асуудлаас гадна мөрдөн байцаалтын шатанд эрх бүхий албан тушаалтнаас хийгдсэн ажиллагаа, түүний шийдвэрт холбогдох гомдлоо хэргийн оролцогчийн зүгээс гаргах эрх нь нээлттэй.

Хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх. Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, хуулийн этгээд нь мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэнд, сэтгэл санааны үр дагаврыг арилгуулах болон тэтгэвэр, тэтгэмж авах, орон сууц эзэмших болон бусад эрхээ нөхөн сэргээлгэх эрхтэй. Дараахь тохиолдолд хохирол нөхөн төлүүлэх эрх үүснэ.

а/яллагдагч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүйгээс хэргийг хэрэгсэхгүй болгосон, эсхүл шүүгдэгч, ял шийтгүүлсэн этгээдийг цагаатгасан;

б/хууль бусаар баривчилсан, таслан сэргийлэх арга хэмжээ авсан нь тогтоогдсон, эсхүл баривчлах, таслан сэргийлэх арга хэмжээ авах шийдвэрийг хууль зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгосон;

в/эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шүүхийн шийдвэр нь хууль бус гэдэг нь тогтоогдож хүчингүй болгосон;

гяллагдагчийг эрүүдэн шүүсэн болох нь нотлогдсон

Хууль бусаар баривчилсан, таслан сэргийлэх арга хэмжээ авсан, эмнэлгийн байгууллагад байлгасан, албадан эмчлэх арга хэмжээ хэрэглэсэн, ял оногдуулсан, албадлагын арга хэмжээ хэрэглэсний улмаас тухайн хүнд учирсан хохирлыг төр хариуцан арилгана.

Хүнийг хууль бусаар хохироосон мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүгчид хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

1. Мэдүүлгийг ямар хугацаанд авдаг вэ?

18 насанд хүрсэн хүнээс мэдүүлгийг 4 цагийн хугацаагаар тасралтгүй авч болох ба түүнээс илүү хугацаагаар авах бол дунд нь 1 цагийн завсарлага авах ба нэг удаагийн мэдүүлэг авах нийт хугацаа 8 цагаас хэтэрч болохгүй.

18 насанд хүрээгүй хүнээс авах мэдүүлгийг 2 цагийн хугацаагаар тасралтгүй явуулж болох ба түүнээс илүү хугацаагаар явуулах бол дунд нь 30 минутын завсарлага авна. Нэг удаагийн мэдүүлэг авах нийт хугацаа 4 цагаас хэтэрч болохгүй.

 

2. Мэдүүлэг өгхөөс татгалзах боломжтой юу?

Мөрдөгч мэдүүлэг өгөх гэж байгаа хүнд өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэйг нь тайлбарлах бөгөөд энэхүү эрхийнхээ дагуу мэдүүлэг өгөхөөс татгалзах боломжтой. Тухайлбал, хүнийг баривчлах үед түүнд баривчилсан шалтгаан, үндэслэлийг мэдэгдэж, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг сануулдаг.

3. Төлбөрийн чадваргүй тохиолдолд хэрэгтээ өмгөөлөгч оролцуулах боломж байдаг юу?

Төлбөрийн чадваргүй сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн өмгөөлүүлэх эрхийг хангах асуудлыг “Төлбөрийн чаваргүй яллагдагчид хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай” тусгай хуулиар зохицуулдаг.

Энэ тохиолдолд төлбөрийн чадваргүйн улмаас өмгөөлөгч оролцуулах хүсэлтээ сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч нь мөрдөгчид гаргаж шийдвэрлүүлнэ.

            Харин төлбөрийн чадваргүй хохирогчийн хувьд энэ хуулийн дагуу өмгөөлөгч оролцуулах боломжгүй байна.

4.  Ямар үндэслэлээр цагдан хорих вэ?

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар Цагдан хорих нь Таслан сэргийлэх арга хэмжээний нэг төрөл бөгөөд цагдан хорих арга хэмжээг заавал шүүгчийн зөвшөөрлөөр, цагдан хорих хуульд заасан үндэслэл байгаа тохиолдолд энэхүү арга хэмжээг авна. Цагдан хорих арга хэмжээг авагдсан бол өөр бусад таслан сэргийлэх арга хэмжээг давхар хэрэглэдэггүй. Шүүх дараахь үндэслэлийн аль нэг нь байвал яллагдагчийг цагдан хорих шийдвэр гаргана.

а/эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлахыг завдсан, оргон зайлсан;

б/шүүгч, прокурор, мөрдөгч, хохирогч, гэрч, шинжээч, гэмт хэрэг хамтран үйлдсэн хүнийг дарамталсан, сүрдүүлсэн, эсхүл тэдгээрийн болон өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа;

в/гэмт хэрэг дахин үйлдэх талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа;

г/урьд нь авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн, шүүх, прокурорын мэдэгдэх хуудсаар дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй.

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг 8 жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийн яллагдагчийн хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинжийг харгалзан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч болдог.

5. Эрүүгийн хуулийн тусгай анги гэж юу вэ?

Эрүүгийн хууль нь ерөнхий болон тусгай ангиас бүрдэх бөгөөд Ерөнхий ангид гэмт хэрэг, эрүүгийн хариуцлага хүлээх хүн, хуулийн этгээд, тэдгээрт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар хуульчлан заасан байдаг бол Тусгай ангид гэмт хэргүүдийг бүлэгт ангилан заасан байдаг. Тухайлбал, Аравдугаар бүлэгт “Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг”, Арван нэгдүгээр бүлэгт “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг” гэх мэт. Эдгээр бүлгүүд нь дотроо гэмт хэргүүдэд задардаг бөгөөд гэмт хэрэг нь дотроо өөрийн шинжээрээ мөн 1, 2, 3 гэх мэтээр хэсэг болон задардаг.

Агуулга анх оруулсан: 2018-06-18 Шинэчилсэн: 2018-06-18

Мэдээ мэдээлэл