Цэргийн алба Оюутан цэрэг

“Оюутан-цэрэг” гэж цэргийн мэргэжил олгох сургалтад сайн дураар хамрагдаж байгаа их, дээд сургуулийн эрэгтэй оюутан, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн эрэгтэй суралцагчийг ойлгоно.

Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлд зааснаар Монгол Улсын иргэн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах үндсэн үүрэгтэй байдаг.

Цэргийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7 дахь хэсэгт зааснаар цэргийн сургуулиас бусад их, дээд сургуулийн эрэгтэй оюутан, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн эрэгтэй суралцагч сайн дурын үндсэн дээр цэргийн мэргэжил олгох “Оюутан-цэрэг” сургалтад хамрагдаж болно.

“Оюутан-цэрэг” хөтөлбөрийн 1 дүгээр зүйлд зааснаар зэвсэгт хүчин, хилийн цэрэг, дотоодын цэрэгт мөрдөж байгаа өнөөгийн орон тоогоор жил тутам цэргийн насанд (18) хүрч байгаа нийт залуусын 30 хувийг л хугацаат цэргийн албанд татах боломжтой.

Мөн хөтөлбөрийн 3 зугаар зүйлийн 3.2.2 дугаар заалтад зааснаар их, дээд сургуулиудтай хамтран сайн дурын үндсэн дээр цэргийн алба хаах сонирхолтой оюутнуудад “Цэргийн ерөнхий бэлтгэл” хичээлийг (2 кредит, 96 цаг) сонгон суралцуулалж, уг шаардлагыг хангасан оюутан залуусыг цэргийн тусгай бэлтгэл сургалтад (12 кредит, 560 цаг) хамруулж, дайчилгааны нөөцийн нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтнээр бүртгэж, хугацаат цэргийн албыг хаасанд тооцно.

Оюутнууд цэргийн алба хаах болсноор зэвсэгт хүчний дайчилгааны бэлтгэл үүрэгтний нөөц нэмэгдэж, улс орны батлан хамгаалах чадавх сайжирч, их, дээд сургуулийн төгсөгчид төрийн албанд орох нөхцөл бүрдэнэ.

“Оюутан-цэрэг”-т цэргийн мэргэжил олгох сургалтын журмын 1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар  “Оюутан-цэрэг” сургалтад хамрагдан цэргийн ерөнхий бэлтгэл, цэргийн мэргэжлийн бэлтгэл сургалтын хөтөлбөрийг бүрэн хангасан оюутан, суралцагчийг цэргийн жинхэнэ алба хаасанд тооцож, цэргийн нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтнээр бүртгэнэ.

Таны судалсан байвал зохих хууль бусад эрх зүйн акт

  • Монгол Улсын үндсэн хууль (1992 он) ЭНД дарж үзнэ үү.
  • Цэргийн албаны тухай (2016 он) ЭНД дарж үзнэ үү.
  • Монгол улсын батлан хамгаалах тухай (2016 он) ЭНД дарж үзнэ үү.
  • Оюутан-цэрэг хөтөлбөр (2022 он) ЭНД дарж үзнэ үү.
  • “Оюутан-цэрэг”-т цэргийн мэргэжил олгох сургалтын журам (2017 он) ЭНД дарж үзнэ үү. 
  • Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах журам (2018 он) ЭНД дарж үзнэ үү.
  • Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай (1994 он) ЭНД дарж үзнэ үү.​​​​​​​
  • Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай (2014 он) ЭНД дарж үзнэ үү.​​​​​​​
  • Цэргийн алба хаагчийн эд хөрөнгийн хариуцлагын тухай (2002 он) ЭНД дарж үзнэ үү.​​​​​​​
  • Цэргийн дүйцүүлэх алба хаах иргэдийн тооны дээд хязгаарыг тогтоох тухай (2018 он) ЭНД дарж үзнэ үү.​​​​​​​
  • Иргэнийг цэргийн жинхэнэ албанд эрүүл мэндээр тэнцүүлэх болон цэргийн алба хаагчийн эрүүл мэндийн байдлыг тодорхойлох журам (2017 он) ЭНД дарж үзнэ үү.​​​​​​​​​​​​​​

 

 

  • “Оюутан-цэрэг”-т цэргийн мэргэжил олгох сургалтын журмын 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оюутан сурагчид суралцаж байгаа сургалтын байгууллагадаа бүртгүүлэх ба суралцаж байгаа сургалтын байгууллага нь орших аймаг, нийслэл, дүүргийн Цэргийн штабт бүртгүүлнэ.
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Батлан хамгаалах яам, Боловсрол, шинжлэх ухааны яам хамтран зохион байгуулж буй "Оюутан цэрэг-2022" хөтөлбөрийн  бүртгэлийг энэ жилээс  E-Mongolia цахим хуудсаар дамжуулан бүртгэж эхэлсэн байна. Энэ хөтөлбөрт их, дээд сургууль, коллежийн зөвхөн нэгдүгээр курсийн  оюутныг хамруулна. Цар тахлын улмаас өнгөрсөн 2 жилд энэ хөтөлбөр зогссон болно.
  • Оюутны сурч буй сургууль, дамжаа, голч дүнг цахимжуулсан учраас Батлан хамгаалах яам эхний удаад цэргийн бүртгэлийг E-Mongolia-иар явуулаж байна. Энэ хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй нэгдүгээр курсийн оюутнууд e-Mongolia цахим хуудсаар орж бүртгэл хийлгэхэд сургууль, дамжаа, голч дүн нь гарах боломжтой болсон. 
  • Та ЭНД дарж E-Mongolia хуудас руу нэвтэрнэ үү. 

“Оюутан-цэрэг”-т цэргийн мэргэжил олгох сургалтын журмын 2 дугаар зүйлд зааснаар  уг хөтөлбөрт хамрагдах сонирхолтой оюутан, суралцагч бүртгүүлэхдээ дараах материалыг бүрдүүлсэн байна:

  • иргэний үнэмлэх;
  • оюутны үнэмлэх;
  • эрүүл мэндийн даатгалын дэвтэр (сүүлийн жилийн даатгал төлөгдсөн байх);
  • сургуулийн тодорхойлолт (сургуулийн захиргаанаас “Оюутан-цэрэг” сургалтад хамрагдах зөвшөөрлийн хамт);
  • сурлагын дүнгийн хүснэгт;
  • сургалтад хамрагдахыг хүссэн өргөдөл.

Оюутан, суралцагчийг сонгон шалгаруулахдаа тэдний сурлагын голч дүн (2,8-аас дээш), бие бялдрын хөгжлийн түвшин, эрүүл мэндийн байдлыг гол шалгуур үзүүлэлт болгоно.

Сонгон шалгаруулалтад тэнцсэн оюутан, суралцагч нь “Цэргийн ерөнхий бэлтгэл” шатны сургалтын 2 багц цагийн төлбөрийг төлсөн байна.

“Оюутан-цэрэг”-т цэргийн мэргэжил олгох сургалтын журмын 3 дугаар зүйлд зааснаар “Оюутан-цэрэг”  сургалтыг доорх хүрээнд зохион байгуулна. Үүнд:

  • “Оюутан-цэрэг” сургалт нь цэргийн ерөнхий бэлтгэл, цэргийн мэргэжлийн бэлтгэл шатны сургалтаас бүрдэнэ.
  • Цэргийн ерөнхий бэлтгэл, цэргийн мэргэжлийн бэлтгэл шатны сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг Зэвсэгт хүчний Жанжин штаб болон Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн сургалт хариуцсан нэгж хамтран боловсруулж, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга батална.
  • Цэргийн ерөнхий бэлтгэл шатны сургалт (2 багц цаг буюу 96 цагийн хичээл)-ыг 4 дүгээр сарын 1-ний өдрөөс Бямба, Ням гарагуудад аймаг, нийслэл, дүүргийн Цэргийн штаб, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, тухайн их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвтэй хамтран танхимын сургалтын хэлбэрээр зохион байгуулна.
  • Оюутан-цэрэг нь цэргийн ерөнхий бэлтгэл шатны төгсгөлд шүүлэг өгч тэнцсэн тохиолдолд цэргийн мэргэжлийн бэлтгэл шатны сургалтад хамрагдана.
  • Цэргийн мэргэжлийн бэлтгэл шатны сургалт (14 багц цаг буюу            560 цагийн хичээл)-ыг 6 дугаар сараас эхлэн 2 сарын хугацаатайгаар цэргийн анги, байгууллагын сургалтын төвийг түшиглэн танхимын болон хээрийн дадлага, сургуулийн хэлбэрээр зохион байгуулна.
  • “Оюутан-цэрэг” сургалтын хөтөлбөрийг бүрэн хангасан оюутан, суралцагч нь цэргийн мэргэжлийн бэлтгэл шатны сургалтын төгсгөлд Цэргийн тангараг өргөнө.

“Оюутан-цэрэг”-т цэргийн мэргэжил олгох сургалтын журмын 2 дугаар зүйлд зааснаар  “Оюутан-цэрэг” сургалтад хамрагдах хүсэлтэй оюутан, суралцагч тухайн жилийн 3 дугаар сарын 10-ны дотор суралцаж байгаа сургалтын байгууллага нь орших аймаг, нийслэл, дүүргийн Цэргийн штабт бүртгүүлнэ. 

“Оюутан-цэрэг”-т цэргийн мэргэжил олгох сургалтын журмын 4 дүгээр зүйлийн 3 дугаар хэсэгт зааснаар “Оюутан-цэрэг” сургалтаас дор дурдсан үндэслэлээр бүрмөсөн хасна:

  • Өөрийн хүсэлтээр сургалтаас гарахыг хүссэн;
  • Цэргийн мэргэжлийн бэлтгэл шатанд хүндэтгэх шалтгаангүйгээр хээрийн сургалтын төвийг орхин явсан;
  • Цэргийн нийтлэг дүрэм, цэргийн алба хаагчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн;
  • Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн шийтгэх тогтоол гарсан;
  • Эрүүл мэндийн байдлаар цэргийн албанд тэнцэхгүй дүгнэлт гарсан.

Дээрх 5 үндэслэлээр хасагдсан оюутан, суралцагчийг “Оюутан-цэрэг” сургалтад дахин хамруулдаггүй байна.

Асуулт 1. Манай хүү энэ жил оюутан болох юм. Оюутан цэрэг гэж байдаг гэж сонссон.  Оюутан цэрэгт хамрагдахын тулд хэзээ бүртгүүлэх ёстой байдаг вэ?

 “Оюутан-цэрэг”-т цэргийн мэргэжил олгох сургалтын журмын 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оюутан сурагчид суралцаж байгаа сургалтын байгууллагадаа бүртгүүлэх ба суралцаж байгаа сургалтын байгууллага нь орших аймаг, нийслэл, дүүргийн Цэргийн штабт бүртгүүлнэ.

Асуулт 2. Оюутан цэрэг болоход ямар баримт бичиг бүргүүлэх вэ?

Та уг хөтөлбөрт хамрагдах сонирхолтой байгаа бол бүртгүүлэхдээ дараах материалыг бүрдүүлсэн байна:

1. иргэний үнэмлэх;

2. оюутны үнэмлэх;

3. эрүүл мэндийн даатгалын дэвтэр (сүүлийн жилийн даатгал төлөгдсөн байх);

4. сургуулийн тодорхойлолт (сургуулийн захиргаанаас “Оюутан-цэрэг” сургалтад хамрагдах зөвшөөрлийн хамт);

5. сурлагын дүнгийн хүснэгт;

6. сургалтад хамрагдахыг хүссэн өргөдөл.

Асуулт 3. Оюутан цэргийн бүртгэлд хэзээ явагддаг вэ?

“Оюутан-цэрэг” сургалтад хамрагдах хүсэлтэй оюутан, суралцагч тухайн жилийн 3 дугаар сарын 10-ны дотор суралцаж байгаа сургалтын байгууллагадаа бүртгүүлнэ.

Асуулт 4. Оюутан цэргийн хөтөлбөрт хамрагдахын тулд заавал их, дээд сургуулийн оюутан байх ёстой юу?

“Оюутан-цэрэг” гэж цэргийн мэргэжил олгох сургалтад сайн дураар хамрагдаж байгаа их, дээд сургуулийн эрэгтэй оюутан, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн эрэгтэй суралцагч хамрагдах боломжтой.

Асуулт 5. Би коллежид сурдаг юм. Одоо 17 настай. Оюутан цэрэгт хамрагдах болох уу?

Зэвсэгт хүчин, хилийн цэрэг, дотоодын цэрэгт мөрдөж байгаа өнөөгийн орон тоогоор жил тутам цэргийн насанд буюу 18 насанд хүрсэн оюутан, суралцагчийг бүртгэдэг.

Асуулт 6. Оюутан цэрэг болоход ямар нэгэн шалгуур байдаг уу?

Оюутан, суралцагчийг сонгон шалгаруулахдаа тэдний сурлагын голч дүн (2,8-аас дээш), бие бялдрын хөгжлийн түвшин, эрүүл мэндийн байдлыг гол шалгуур үзүүлэлт болгоно.

Асуулт 7. Оюутан-цэрэг сургалт хаана, ямар хугацаатай зохион байгууллагддаг вэ?

1.Цэргийн ерөнхий бэлтгэл шатны сургалт (2 багц цаг буюу 96 цагийн хичээл)-ыг 4 дүгээр сарын 1-ний өдрөөс Бямба, Ням гарагуудад аймаг, нийслэл, дүүргийн Цэргийн штаб, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, тухайн их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвтэй хамтран танхимын сургалтын хэлбэрээр зохион байгуулна.

4. Оюутан-цэрэг нь цэргийн ерөнхий бэлтгэл шатны төгсгөлд шүүлэг өгч тэнцсэн тохиолдолд цэргийн мэргэжлийн бэлтгэл шатны сургалтад хамрагдана. Цэргийн мэргэжлийн бэлтгэл шатны сургалт (14 багц цаг буюу 560 цагийн хичээл)-ыг 6 дугаар сараас эхлэн 2 сарын хугацаатайгаар цэргийн анги, байгууллагын сургалтын төвийг түшиглэн танхимын болон хээрийн дадлага, сургуулийн хэлбэрээр зохион байгуулна.

Асуулт 8. Оюутан цэрэг сургалтад сууж байгаад  төгсөлгүй гарсан тохиолдолд дараа ахин оюутан-цэрэг сургалтад сууж болдог уу?

Өөрийн хүсэлтээр сургалтаас гарсан тохиолдолд хасагдсан оюутан, суралцагчийг “Оюутан-цэрэг” сургалтад дахин хамруулдаггүй байна.

 

Агуулга анх оруулсан: 2019-06-17 Шинэчилсэн: 2022-07-04

Мэдээ мэдээлэл