Авто тээврийн үйлчилгээ Автотээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс хасах

Ашиглалтаас хасагдаж буй болон Монгол Улсад ашиглагдаж байгаад экспортод гарч буй автотээврийн хэрэгслийг Авто тээврийн хэрэгслийн улсын бүртгэлээс хасдаг.

Автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь  Автотээврийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.12 дахь заалтад заасны дагуу Монгол Улсын нутаг дэвсгэрт ашиглагдаж байгаа автотээврийн хэрэгслийн бүртгэлийг хөтлөх үйл ажиллагааг зохион байгуулдаг.

Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журмын 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт Гүйцэтгэх ажлын тухай хуульд заасны дагуу гүйцэтгэх ажлын зориулалтаар ашиглаж байгаа болон Зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэргийн автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх үйл ажиллагаа нь энэхүү журамд хамаарахгүй гэж заасан байдаг.  

Тус журмын 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасны дагуу Автотээврийн хэрэгслийн бүртгэл нь дараах төрөлтэй байна. Үүнд: 

  • шинээр бүртгэх;
  • өмчлөгчийн бүртгэл;
  • техникийн өөрчлөлт /Тээврийн хэрэгслийн зориулалт өөрчлөхгүй 2012 оноос хойш/;
  • нөхөн олголт;
  • бүртгэлээс хасах;
  • түр дугаар олгох. 

Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журмын 8 дугаар зүйлд заасны дагуу:

Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, дугаар олгох журмын 3 дугаар зүйлд Бүртгэлийн байгууллага болон бүртгэгчийн эрх, үүргийг тусгаж өгсөн байдаг.

  1. Бүртгэлийн байгууллага нь дараах эрх эдэлж, үүрэг хүлээнэ. Үүнд:
  • Хувийн дугаар бүхий тэмдэг хэрэглэх ба өөрийн хүлээн авч бүртгэсэн бүртгэлийн мэдүүлэг, автотээврийн хэрэгслийн гэрчилгээнд дарж баталгаажуулна.
  • Бүртгэлийн мэдүүлэг, баримт бичгийн иж бүрдэл, түүний үнэн зөв байдлыг хянан үзэж, автотээврийн хэрэгслийг бүртгэхээс татгалзхаас бусад тохиолдолд бүртгэн авах ба өөрийн гүйцэтгэсэн бүртгэлийн үйл ажиллагаатай холбоотой хариуцлагыг хуулийн өмнө хүлээнэ.
  • Холбогдох хууль тогтоомж, энэхүү журамд тусгайлан заасан, эсхүл бие даан шийдвэрлэх боломжгүй асуудлыг холбогдох дээд шатны албан тушаалтанд танилцуулан зөвлөмж, чиглэл авна.
  1. Бүртгэгч нь дараах эрх эдэлж, үүрэг хүлээнэ. Үүнд: 
  • автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох үйл ажиллагааг нийтэд нээлттэй ил тод зохион байгуулна. 
  • бүртгэлийн үйл ажиллагаа явагдаж буй бүх салбар төвүүдэд дэлгэц байршуулан иргэн, хуулийн этгээд улсын бүртгэлийн дугаарыг сонгох боломжоор хангасан байна. 
  • бүртгэлийн байгууллага иргэд гар утаснаасаа болон бүртгэлийн байгууллагын цахим хуудаст хандаж улсын дугаар захиалах боломжийг бүрдүүлсэн байна.

/Бүртгэгч нь автотээврийн болон эрх зүйн чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн, Иргэний хууль болон хөдлөх эд хөрөнгийн бүртгэл, автотээврийн салбарын стандартчиллын талаар автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын баталсан хөтөлбөрийн дагуу сургалтад хамрагдсан байна/   

 Таны судалсан байвал зохих хууль болон бусад эрх зүйн актууд:

  • Автотээврийн тухай хууль (1999 он) ЭНД дарж үзнэ үү.  
  • Монгол Улсын Шадар сайд, Зам тээврийн хөгжлийн сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 192 дугаар тушаалын хавсралт Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам ЭНД дарж үзнэ үү.

Төрийн захиргааны төв байгууллагын харьяа Автотээврийн үндэсний төвд хандаж автотээврийн хэрэгслийн бүртгэл хийлгэнэ. Бүртгэлийг тухайн бүртгэлийн байгууллагын даргын томилсон бүртгэгч хөтөлнө. 

Та тээврийн хэрэгслийн бүртгэл хийлгэх салбаруудын байршлыг ЭНД дарж авна уу.

Танд болон танай байгууллагад хасагдах жагсаалтад орсон тээврийн хэрэгсэл байгаа эсэх талаар ЭНД дарж хайна уу /сүүлийн 4-с дээш жил татвар төлөөгүй, техникийн хяналтын үзлэгт хамрагдаагүй/. Жагсаалтад орсон эсэхээс хамааран бүрдүүлэх бичиг баримт өөр байна.  

  1. Хасагдах тээврийн хэрэгслийн жагсаалтанд орсон бол улсын бүртгэлээс хасуулахад дараах бичиг, баримтыг бүрдүүлж Автотээврийн үндэсний төвд хандана.
  • Улсын бүртгэлээс хасуулах тухай өмчлөгчийн хүсэлт
  • Автотээврийн хэрэгслийн гэрчилгээ
  • Улсын дугаарын тэмдэг
  1. Жагсаалтад ороогүй боловч та цаашид ашиглах боломжгүй болсон тээврийн хэрэгслээ улсын бүртгэлээс хасуулахад дараах бичиг, баримтыг бүрдүүлж Автотээврийн үндэсний төвд хандана.
  • Улсын бүртгэлээс хасуулах тухай өмчлөгчийн хүсэлт
  • Нийслэлийн татварын албаны тодорхойлолт
  • Автотээврийн хэрэгслийн гэрчилгээ
  • Улсын дугаарын тэмдэг

ЖИЧ: Хэрэв тээврийн хэрэгслийн гэрчилгээ үрэгдүүлсэн, бүртгэлийн дугаар /төмөр дугаар/ үрэгдүүлсэн бол ЭНД дарж төлбөрийн хэмжээ, дансны дугаарыг харж тушаана.

Хасалт хийлгэхдээ эзэмшигч иргэн байгууллага өргөдөл гаргаж АТҮТөвийн АСА Цирк дэх Тээврийн хэрэгслийн бүртгэлийн Архив лавлагааны тасагт өөрийн биеэр ирнэ. Өргөдлийн маягтыг ЭНД дарж татаж авна уу.

  1. Бүртгэгч дээрх бичиг баримтыг хүлээн авч, дараах дарааллын дагуу бүртгэл хөтөлнө. Үүнд:

  1. Таны бичиг баримтын бүрдүүлбэр дутуу эсхүл зөрчилтэй тохиолдолд автотээврийн хэрэгслийг бүртгэхээс татгалзана. Үүнд: 
  • бүртгэлийн мэдүүлэг болон баримт бичиг нь бүрэн бус, мэдээлэл зөрүүтэй, засварласан, хуурамчаар үйлдсэн;
  • хуулийн дагуу оногдуулсан торгуулийг төлөөгүй;
  • техникийн хяналтын үзлэгт хамрагдаагүй, тэнцээгүй, жолоочийн хариуцлагын даатгалд даатгуулаагүй;
  • зохих байгууллагын зөвшөөрөлгүй зориулалтыг өөрчилсөн;
  • хуулиар эрх олгогдсон эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас өмчлөх эрхэд хориглолт, хязгаарлалт хийсэн;
  • өмчлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрийн биеэр ирээгүй;
  • улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй.

Тухайн автотээврийн хэрэгслийг бүртгэхээс татгалзсан тохиолдолд татгалзсан үндэслэлийг тодорхой тайлбарлан бүртгэлийн мэдүүлэгт тэмдэглэж гарын үсэг, хувийн дугаар бүхий тэмдэг дарж өгнө.

 Бүртгэл хийлгэх хугацаа: 

Таны бүртгэлийн мэдүүлэг, бүрдүүлсэн бичиг баримт шаардлага хангасан тохиолдолд тээврийн хэрэгслийн бүртгэл тухайн өдөртөө хийгддэг. Тээврийн хэрэгсэл экспортлох тохиолдолд өмчлөгч улсын бүртгэлээс хасалт хийлгэснээс хойш 72 цагийн дотор Монгол Улсын хилээр гарна.

 Бүртгэлийн үйл ажиллагаатай холбоотой өргөдөл, гомдол шийдвэрлэх хугацаа:

Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ гэж заасан байдаг.

Иргэн та Автотээврийн үндэсний төвийн бүртгэлийн асуудал хариуцсан албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаатай холбоотой гомдлыг дээд шатны албан тушаалтанд, дээд албан тушаалтны гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл дээд шатны байгууллага болох Зам тээвэр, хөгжлийн яаманд гомдол гаргах эрхтэй.

Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Гомдлыг түүнд холбогдож байгаа байгууллага, албан тушаалтныг харьяалсан дээд шатны байгууллага, албан тушаалтанд, харьяалсан дээд шатны байгууллага, албан тушаалтан байхгүй бол тухайн захиргааны актыг гаргасан байгууллагад, эсхүл гомдол гаргахаар хуульд тусгайлан заасан байгууллагад гаргана гэж заасан байдаг.  

Жолооч та автотээврийн хэрэгслийн хасалт хийлгэхдээ дараах зүйлийг анхаарна уу!

  • бүртгэлийн мэдүүлэг болон баримт бичиг нь бүрэн байх;
  • хуулиар эрх олгогдсон эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас өмчлөх эрхэд хориглолт, хязгаарлалт хийгдээгүй байх;
  • өмчлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрийн биеэр ирэх.

Асуулт 1. Тээврийн хэрэгслийн хасалт хийлгэхэд заавал өөрийн биеэр очих шаардлагатай юу?

Сайн байна уу? Өмчлөгч өөрийн биеэр ирэх боломжгүй тохиолдолд итгэмжлэгдсэн төлөөлөгч томилж тээврийн хэрэгслийн хасалтаа хийлгэх боломжтой.

Асуулт 2. Тээврийн хэрэгслийг маань бүртгэхгүй хугацаа алдаад байна. Хэд хоногийн дотор бүртгэдэг вэ?

Таны бичиг баримтын бүрдүүлбэр шаардлага хангасан тохиолдолд бүртгэл тухайн өдөртөө хийгддэг.

Асуулт 3. Бүртгэгчийн үйл ажиллагаатай холбоотой гомдлыг хаана гаргах вэ?

Та Автотээврийн үндэсний төвийн бүртгэлийн асуудал хариуцсан албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаатай холбоотой гомдлыг дээд шатны албан тушаалтанд, дээд албан тушаалтны гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл дээд шатны байгууллага болох Зам тээвэр, хөгжлийн яаманд гомдол гаргах эрхтэй.

Агуулга анх оруулсан: 2020-01-03 Шинэчилсэн: 2020-02-03

Мэдээ мэдээлэл