Газрын харилцаа Газар өмчлөх

Газар өмчлөх

Монгол Улсын Үндсэн хуулийн Зургаадугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Бэлчээр, нийтийн эдэлбэрийн ба улсын тусгай хэрэгцээнийхээс бусад газрыг зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлж болно”.  

Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т зааснаар “Газар өмчлөх” гэж тухайн газрыг захиран зарцуулах эрхтэйгээр хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг ойлгоно.

Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар "Монгол Улсын иргэнтэй гэр бүл болсон гадаадын иргэн, харьяалалгүй хүн газар өмчлөх эрх эдлэхгүй."

Харин тус хуульд зааснаар “гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүнд газрыг төлбөр, хугацаатайгаар болон хуульд заасан бусад болзол, журмаар ашиглуулж болно”.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Иргэн Та дараах хоёр зориулалтаар газар өмчлөх эрхтэй:

  1. Гэр бүлийн хэрэгцээний;
  2. Аж ахуйн зориулалтаар.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 7.1-д зааснаар Монгол Улсын иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар нэг удаа үнэгүй өмчлүүлэх газар нь байршлаасаа хамаарч дараах хэмжээтэй байдаг.

Иргэнд өмчлүүлэх газрын байршил Хэмжээ /га/
1 Нийслэлд 0,07 хүртэл га
2 Аймгийн төвд 0,35 хүртэл га
3 Сумын төв, тосгонд 0,5 хүртэл га
4 Нийслэлийг аймгийн төвтэй холбосон улсын чанартай авто замын дагуух газарт /сумын төвөөс бусад/ 0,07 хүртэл га

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлд зааснаар Монгол Улсын иргэн нь дараах эрхтэй:

  1. иргэдэд өмчлүүлж болохоор заасан газраас өмчилж авах тухай өргөдлийг сум, дүүргийн Засаг даргад гаргах;
  2. Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчилж авах; /Энэ хугацаа 2028 он хүртэл үргэлжилэхээр хуульд заажээ./
  3. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5.1.5.2-т заасан газрыг тэргүүн ээлжинд үнэгүй өмчилж авах;
  4. Газрын тухай хуулийн дагуу газар эзэмшээгүй иргэний гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчилж авахыг хүссэн газар нь иргэдэд өмчлүүлэх газарт хамаарагдаж байгаа бөгөөд уг газарт бусдын эзэмших, ашиглах эрх үүсээгүй тохиолдолд сум, дүүргийн Засаг даргад хүсэлт гаргасан дарааллын дагуу үнэгүй өмчилж авах;

Таны судалсан байвал зохих хууль бусад эрх зүйн акт

  • Монгол Улсын Үндсэн хууль (1992 он) ЭНД дарж үзнэ үү.
  • Газрын тухай хууль (2002 он) ЭНД дарж үзнэ үү.
  • Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль (2002 он) ЭНД дарж үзнэ үү.
  • Газрын төлбөрийн тухай хууль (1997 он) ЭНД дарж үзнэ үү.
  • Геодези, зураг зүйн тухай хууль (1997 он) ЭНД дарж үзнэ үү.
  • Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хууль (1999 он) ЭНД дарж үзнэ үү.
  • Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль (2015 он) ЭНД дарж үзнэ үү.
  • Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль (2009 он) ЭНД дарж үзнэ үү.
  • Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын даргын А/187 дугаар тушаал ЭНД дарж үзнэ үү.

 

Газар өмчлөх эрх зөрчигдсөн гэж үзвэл

  • Иргэн газар өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд нь төрийн байгууллага, албан тушаалтан хууль бусаар саад учруулсан гэж үзвэл тухайн байгууллага, албан тушаалтны дээд шатны байгууллага, албан тушаалтанд гомдол гаргана.
  • Гомдлыг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан түүнийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хянан шийдвэрлэж иргэнд бичгээр хариу өгнө.
  • Дээрх  хугацаанд хариу аваагүй бол гомдлоо шүүхэд гаргана.

Нэг. Газар өмчилж авах тухай өргөдөл гаргах, түүнийг хянах (Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 20 дугаар зүйл)

  • Иргэн газар өмчилж авах тухай өргөдөлд дараах зүйлийг тусгана:
  • гэр бүлийн гишүүн бүрийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар;
  • оршин суугаа газрын хаяг, утасны дугаар, өмчилж авах газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал;
  • өмчилж авах газрын зориулалт, хэмжээ;
  • Иргэд гэр бүлийн хэрэгцээний болон аж ахуйн зориулалтаар газрыг иргэд дундаа хэсгээр буюу хамтран өмчлөх бол энэ тухай хүсэлт.
  • Өргөдөлд өргөдөл гаргасан он, сар, өдрийг бичиж 18 нас хүрсэн гэр бүлийн гишүүн бүр гарын үсэг зурсан байна.

Иргэн газар өмчилж авах тухай өргөдөлд дараах баримт бичгийг хавсаргана:

  • гэр бүлийн 16 нас хүрээгүй гишүүний төрсний гэрчилгээний хуулбар /баримт бичгийг хүлээн авч байгаа эрх бүхий этгээд хуулбарыг эх хувьтай нь тулгаж, хуулбар үнэн зөв болох тухай тэмдэглэгээг үнэ төлбөргүй хийнэ/, хэрэв шуудангаар ирүүлсэн бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар;
  • гэр бүлийн ам бүлийн байдлын тухай баг, хорооны Засаг дарга /тосгоны захирагч/-ын тодорхойлолт;
  • Газрын тухай хуулийн дагуу газар эзэмшиж байгаа бол газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмших гэрээний хуулбар /баримт бичгийг хүлээн авч байгаа эрх бүхий этгээд хуулбарыг эх хувьтай нь тулгаж, хуулбар үнэн зөв болох тухай тэмдэглэгээг үнэ төлбөргүй хийнэ/, хэрэв шуудангаар ирүүлсэн бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар;
  • хүсэлт гаргасан газрын байршил, хэмжээг харуулсан тойм зураг /хэрэв газрыг дундаа хэсгээр өмчлөх бол өмчлөгч бүрийн хувьд оногдох газрын хэмжээ, байршил, заагийн тойм зураг/.
  • Сум, дүүргийн Засаг дарга өргөдлийг хүлээн аваад түүнд хүлээж авсан дараалал, он, сар, өдөр, цаг, минутыг тэмдэглэж гарын үсэг зурна. (Иргэн та хүсэлт хүлээн авсан талаар тодорхойлолтоо шаардан авч хадгалаарай!!!)

Тухайн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас иргэдэд өмчлүүлэх газрын байршил, зориулалт, хэмжээний талаархи зохих шийдвэр гарсны дараа иргэдээс газар өмчилж авах тухай хүсэлтийг хүлээн авна.

Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга газар өмчилж авах тухай иргэний гаргасан өргөдлийг хүлээж авсан өдрөөс хойш 3 сарын дотор хянан шийдвэрлэнэ.

Хоёр. Газар өмчлүүлэх тухай шийдвэр гаргах (Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйл)

Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана.

Захирамжид өмчлүүлэх газрын байршил, зааг, зориулалт, өмчлөгч /өмчлөгчид/-ийн овог, эцэг /эх/-ийнх нь болон өөрийнх нь нэр, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар, 16 нас хүрээгүй гэр бүлийн гишүүний хувьд төрсний гэрчилгээний дугаар, газрын үнэ, газар тариалангийн зориулалтаар газрыг дундаа хэсгээр өмчилж авах бол дундаа хэсгээр өмчлөгч бүрт оногдох газрын хэмжээ, өмчлөгч бүрийн газрын заагийг тусгана.

Гурав. Газар өмчлөх эрхийг баталгаажуулах (Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 22 дугаар зүйл)

Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг даргын гаргасан шийдвэрийг үндэслэн иргэнд өмчлүүлсэн газрыг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасны дагуу улсын бүртгэлд бүртгэж тухайн иргэн уг газрын хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ /цаашид “Улсын бүртгэлийн гэрчилгээ” гэх/-г үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн байгууллагаас олгосноор газар өмчлөх эрх үүснэ.

Дөрөв. Газар зохион байгуулалт хийж газрыг иргэний өмчид хүлээлгэн өгөх (Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 23 дугаар зүйл)

Иргэнд өмчлүүлэх газарт кадастр хийсэн байна.(Кадастрын зураглал хийх эрх бүхий хуулийн этгээдтэй ЭНД ДАРЖ ТАНИЛЦАНА УУ)
Иргэнд өмчлүүлэх газарт кадастр хийх, зохих шийдвэрийг үндэслэн газрыг өмчлөгчид нь хүлээлгэж өгөх, заагийг тогтоох, тэмдэглэх, бүртгэх ажиллагааг сумын газрын даамал, дүүргийн газрын алба тус тус хариуцан гүйцэтгэнэ.

Тав. Иргэн газар өмчлөх эрхээ үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгүүлэх (Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 24 дүгээр зүйл)

Иргэний хувийн өмчийн газрын заагийг газар дээр нь тогтоох, тэмдэглэх, заагийн өөрчлөлтийг бүртгэлд тусгах, хянах үйл ажиллагааг сумын газрын даамал, дүүргийн газрын алба тус тус хариуцан гүйцэтгэнэ.

Зургаа. Иргэний газар өмчлөх эрх үүсэх (Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 25 дугаар зүйл)

Иргэнд өмчлүүлсэн газрыг улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгэснээр тухайн иргэний газар өмчлөх эрх үүснэ.

Газар өмчлөх хүсэлтийг шийдвэрлэх хугацаа

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 20.6-д зааснаар “Иргэнд газар өмчлүүлэх иргэний гаргасан өргөдлийг хүлээж авсан өдрөөс хойш 3 сарын дотор хянан шийдвэрлэнэ.

Газар өмчлөх эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотойгоор гаргасан гомдлыг шийдвэрлэх хугацаа

Гомдлыг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан түүнийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хянан шийдвэрлэж иргэнд бичгээр хариу өгнө.

Хэрэв тухайн шатны Засаг даргын шийдвэр иргэн таны хууль ёсны эрх ашиг, сонирхлыг зөрчсөн эсхүл хуульд заасан 30 хоногийн хугацаанд таны гомдолд хариу өгөөгүй бол Та харьяа нутаг дэвсгэрийн Захиргааны хэргийн шүүхэд хандаж нэхэмжлэл гаргах боломжтой.

Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрлэх хэрэг маргааны харьяаллын талаар Та ЭНД дарж мэдээлэл авна уу.

Гомдол, маргааныг шийдвэрлэх

Иргэн газар өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд нь төрийн байгууллага, албан тушаалтан хууль бусаар саад учруулсан гэж үзвэл тухайн байгууллага, албан тушаалтны дээд шатны байгууллага, албан тушаалтанд гомдол гаргана. Жишээ нь: Сумын Засаг даргын захирамж, шийдвэрийн талаар Аймгийн Засаг даргад, дүүргийн Засаг даргын захирамж, шийдвэрийн талаар Нийслэлийн Засаг даргад гэх мэт

Гомдлыг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан түүнийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хянан шийдвэрлэж иргэнд бичгээр хариу өгнө. Энэ хугацаанд /30 хоногт/ хариу өгөөгүй бол шүүхэд гомдлоо гаргана.

Хэрэв тухайн шатны Засаг даргын шийдвэр иргэн таны хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл харьяа нутаг дэвсгэрийн Захиргааны хэргийн шүүхэд хандаж нэхэмжлэл гаргах боломжтой.

Монгол Улсын Иргэн Та Монгол Улсын Үндсэн хуулиар олгосон эрхийн дагуу хуульд заасан шаардлагыг хангаж газраа өмчилж авснаар та газраа худалдах, барьцаалах зэргээр захиран зарцуулах эрхээ хэрэгжүүлж өмчилж авсан газраа эдийн засгийн эргэлтэд оруулж өмчлөгчийн хувьд эдлэх эрхээ хэрэгжүүлэх боломжтой болно.

Та өмчлөх газраа сонгохдоо дараах зүйлийг анхаарах хэрэгтэй.

  1. Бусдын эзэмшиж ашиглаж байгаа газартай ямар нэгэн байдлаар давхцаагүй байх;
  2. Орон нутгийн болон улсын тусгай хэрэгцээний газарт хамаарагдахгүй байх;
  3. Газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд тусгаснаар иргэнд өмчлүүлж болох газарт хамаарч байх;
  4. Өндөр хүчдэл, үер усны аюулд өртөхгүй байх болзлыг хангасан байна.

Асуулт 1. Би инженерийн шугам сүлжээнд холбогдсон газарт амины орон сууцтай энэхүү газраа өмчилж авах боломжтой юу?

Таны амины орон сууцны газар нь тухайн жилийн орон нутгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан тохиолдолд өмчлүүлэх боломжтой.

Асуулт 2. Одоо эзэмшиж байгаа хашааны газраа өмчлөн авах өргөдлөө сумын засаг даргад гаргасан боловч шийдвэрлэж өгөхгүй удаж байна. Ер нь ямар хугацаанд шийдвэрлэх вэ?

МУ-ын иргэнд газар өмчлүүлэх тухайн хуулийн 20 дугаар зүйлийн 20.6-д заасны дагуу эрх бүхий засаг дарга иргэний газар өмчлөх хүсэлтийг хүлээн авснаас хойш 3 сарын хугацаанд хянан үзэж зохих шийдвэр гаргана. Хуулийн ийнхүү хугацаанд тодорхой хариу өгөөгүй тохиолдолд өргөдөл хүлээн авсан тухай тодорхойлолтыг үндэслэн дээд шатны засаг даргад гомдлоо гаргаж асуудлаа шийдвэрлүүлэх боломжтой бөгөөд түүний шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд хандах нь зүйтэй.

Асуулт 3. Гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд үнэгүй эзэмшүүлэх төмс, хүнсний ногоо тарих 0,1 хүртэлх га газар хашааны газартай нь зэргэлдээ байж болох уу. Мөн энэ газраа иргэн өмчлөн авч болох уу?

Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5-д заасны дагуу сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан тохиолдолд хашааны газартайгаа зэргэлдээ байж болно. Мөн газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд өмчлүүлж болохоор тусгагдсан тохиолдолд иргэд хүсвэл зохих үнээр нь өмчлөн авч болно. 

Асуулт 4. Зуслангийн газраа өмчилж болох уу?

Монгол Улсын Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу зуслангийн газрыг өмчлүүлэхийг хориглосон зохицуулалт байхгүй. Гэхдээ зуслангийн газар нь хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу иргэдэд өмчлүүлж болох газарт хамаарч байх учиртай.

Асуулт 5. Тариалангийн зориулалтын газрыг өмчлүүлдэг үү?

Монгол Улсын Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлд зааснаар Газрын тухай хуулийн дагуу тухайн иргэний эзэмшсэн тариалангийн зориулалттай газар нь тухайн орон нутгийн тариалангийн зориулалтаар эзэмшүүлж, өмчлүүлж болох  төлөвлөгөөнд тусгагдсан бол өмчлүүлэх боломжтой. Гэхдээ дуудлага худалдааны журмаар өмчлөх боломжтой.

Асуулт 6. Иргэн бүр газар өмчлөх боломжтой болсонтой холбоотойгоор өмнө нь хамтран өмчилж авсан газрын өмчлөх эрхийг заавал гэр бүлийн нэг гишүүнийхээ нэр дээр шилжүүлэх шаардлагатай юу?

МУИГӨТХ-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт орж “2008 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө [иргэдэд] өмчлүүлсэн газрыг тухайн гэр бүлийн нэг гишүүнд өмчлүүлж, бусад гишүүдэд газрыг хууль тогтоомжид заасны дагуу нэг удаа үнэгүй өмчлүүлнэ” гэж заасан тул Та бүхэн өмнө нь дундаа өмчилсөн газраа нэг гишүүндээ албан ёсоор шилжүүлсний дараа бусад гишүүдийн хувьд “дангаараа” газар өмчлөх эрх нээгдэнэ гэж ойлгох нь зүйтэй. Харин “дангаараа” төрөөс газар үнэгүй өмчлөн авах шаардлагагүй гэж үзэж байгаа бусад гишүүдийн тухайд өмнө өмчилсөн газрынхаа хамтран өмчлөгчөөр үлдэх эрх нь нээлттэй.

Асуулт 7: Зуслангийн газраа ємчилж болох уу?

МУИГӨТХ-ийн хуулийн дагуу иргэдийн одоо эзэмшиж байгаа зуслангийн газрыг өмчлүүлэхийг хориглосон зүйл байхгүй. ГХГЗЗГ-ын даргын 2006 оны 155 тоот тушаалаар “Зуслангийн зориулалтаар эзэмшиж байгаа газрыг өмчлүүлэх ажлыг зохион байгуулах үндсэн чиглэл” батлагдсан байдаг. Энэхүү захиргааны актын агуулгаас үзэхэд зуслангийн газрыг иргэдэд өмчлүүлэхийн тулд дараах нөхцөлийг хангасан байх шаардлагатай. Үүнд:

  • Тухайн зуслангийн газар нь аймаг, нийслэлийн ерөнхий төлөвлөгөө болон тухайн жилийн ГЗБТ-д иргэдэд ємчлvvлэхээр тусгагдсан байх;
  • Тухайн зуслангийн байршил бүрт хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулсан байх;
  • Өмчлүүлэх нэгж талбарууд нь газрын эрхийн зөрчилгүй байх (ой ба усны сангийн аливаа газарт хамаарахгүй байх, тусгай хамгаалалттай газар нутаг болон зам шугам сүлжээний газарт хамаарахгүй, бусдын орц, гарцыг хаагаагүй байх г.м).

НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2012 оны “Зуслангийн ерөнхий төлөвлөгөө батлах” тухай 25 дугаар тогтоолоор Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт хамаарах нийт 26 амны Ерөнхий төлөвлөгөөг баталсан бөгөөд эдгээр төлөвлөгөөний дагуу боловсруулсан “Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө”-г үндэслэн зуслангийн зориулалтаар эзэмшиж байгаа газрыг өмчлүүлэх юм. Эхний ээлжинд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө нь бэлэн болсон Зуунмод, Яргайтын богино, Гоодойн ам, Хуурай мухар, Гүнт, Хандгайт, Ар хустай зэрэг аманд тодорхой тооны нэгж талбарыг өмчлүүлэх боломжтой гэж үзсэн байна.

Ер нь зуслангийн газрыг тухайн зуслангийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу нэгж талбарын эргэлтийн цэгүүдийг тодорхойлохын зэрэгцээ орц, гарцын зохицуулалтыг шаардлагатай газруудад хийж байж өмчлүүлэх боломжтой. Нийслэлийн хувьд Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүрэгт иргэдийн зуслангийн зориулалтаар эзэмшиж байгаа газрыг хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний хүрээнд урьдчилсан тооллого, судалгаа хийж 47943 нэгж талбар байгаагаас 24793 нэгж талбарыг өмчлүүлэх боломжтой гэсэн мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт гарсан байдаг. Иймд таны зуслангийн газарт хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хийгдсэн, мөн аливаа эрхийн зөрчилгүй бол хүсэлтээ гаргаж газраа өмчлөх боломжтой.

 

Асуулт 8: Малчин өрх өвөлжөө, хаваржааны газраа эзэмшихийн зэрэгцээ аймаг, сумын төвд хашааны газар өмчлөн авч болох уу?

Малчин өрх нь хот айлаар өвөлжөө, хаваржааныхаа газрыг дундаа хамтран эзэмшихийн зэрэгцээ тухайн аймаг, сумын төвд иргэн бүр хуульд заасан хэмжээний газраа нэг удаа үнэгүй өмчлөн авах эрхтэй.

 

Асуулт 9: Гэр бvлийнх нь хамтын хэрэгцээнд vнэгvй эзэмшvvлэх хvнсний ногоо тарих 0.1 хvртэлх га газар хашааны газартай нь зэргэлдээ байж болох уу. Мєн энэ газраа иргэн ємчлєн авах боломжтой юу?

Газрын тухай хуулийн 29.5-д заасны дагуу тухайн сум, дvvргийн ГЗБТ-д тусгагдсан тохиолдолд хашааны газартайгаа зэргэлдээ байж болно. Мєн уг газар нь тухайн орон нутгийн ГЗБТ-д ємчлvvлж болохоор тусгагдсан тохиолдолд иргэд хvсвэл зохих vнээр нь ємчлєн авч болно.

 

Асуулт 10: Баянгол дvvрэгт гэр бvлийн хэрэгцээний зориулалтаар шинээр ємчлvvлэх газрын нєєц байхгvй гэсэн. Бусад дvvрэгт хандахад єєр дvvргийн иргэдийн хvсэлтийг хvлээн авахгvй гэх юм. Энэ зєв vv?

Та нийслэлд иргэний бvртгэлтэй тохиолдолд аль ч дvvргийн нутаг дэвсгэрт газар ємчлєх хvсэлтээ гаргаж болох бєгєєд тухайн дvvргийн газрын алба нь харьяаллын бус гэж татгалзах нь vндэслэлгvй юм. Энэ дашрамд мэдээлэхэд Нийслэлд бүртгэлтэй иргэд дүүрэг харгалзахгүйгээр аль ч дүүргийн нутагт шинээр өмчлүүлэх байршлаас сонгож, цахимаар газар өмчлөх хүсэлтээ гаргаж болохоор Нийслэлийн захиргаанаас зохион байгуулсан болно.

 

Асуулт 11: Манайх хөдөө багийн төвд хашаа байшинтай юм. Газрыг нь өмчлөн авч болох уу?

МУИГӨТХ-ийн 7.1-д гэр бүлийн зориулалтаар үнэгүй өмчлүүлэх газрын байршлыг тогтоохдоо хот, суурин газруудад буюу аймгийн төв, сумын төв, тосгоны эдэлбэр, улсын чанартай авто замын дагуу газарт өмчлүүлэхээр тогтоосон байдаг. Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар тосгон гэж 500-15000 оршин суугчтай, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, аялал жуулчлал, амралт, сувилал, тээвэр, худалдаа зэрэг салбарын аль нэг хөгжсөн, өөрийн удирдлага бүхий суурин газрыг ойлгох тул танай багийн төв энэхүү шаардлагыг хангаж байгаа тохиолдолд Та бүхэн саналаа сумын Засаг даргаараа уламжлуулан сумынхаа ИТХ-аар хэлэлцүүлж, тухайн жилийн ГЗБТ-д өмчлүүлэхээр тусгуулсан тохиолдолд багийн төвд газар өмчлөх боломжтой.

 

Асуулт 12: Иргэнд өмчлүүлэх газар нь байршлаасаа хамаарч харилцан адилгүй хэмжээтэй байдаг гэсэн хаана, ямар хэмжээний газар өмчлөх боломжтой вэ?

МУИГӨТХ-ийн 7.1-д зааснаар Монгол Улсын иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар нэг удаа үнэгүй өмчлүүлэх газар нь байршлаасаа хамаарч дараах хэмжээтэй байдаг.

         Хүснэгт 1: Иргэнд өмчлүүлэх газрын байршил, хэмжээ (га-гаар)  

Иргэнд өмчлүүлэх газрын байршил

хэмжээ /га/

   

1

Нийслэлд

0.07 хүртэл га

2

Аймгийн төвд

0.35 хүртэл га

3

Сумын төв, тосгонд

0.5 хүртэл га

4

Нийслэлийг аймгийн төвтэй холбосон улсын чанартай авто замын дагуух газарт /сумын төвөөс бусад/

0.07 хүртэл га

            Тайлбар: МУИГӨТХ-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2008 оны 05 сарын 22-ны өдрийн хуулиар уг хуулийн 7-р зүйлд нэмэлт орсноор иргэд улсын чанартай дээрх авто зам дагуу газар өмчлөх боломжтой болсон.           

 

Асуулт 13: Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар нэг л удаа газрыг үнэгүй өмчлүүлнэ гэж байгаа. Гэтэл өөр аймаг, сумд газар өмчлөн авсан эсэхийг хэрхэн хянах вэ?

Газар өмчлөгч иргэдийн талаарх мэдээллийг агуулсан улсын хэмжээний мэдээллийн нэгдсэн сан бий болсон. Энэ хүрээнд төрөөс газар үнэгүй өмчилж авсан иргэдийн бүртгэлийг үүсгэн хөтөлж байгаа тул энэ талаар ямар нэг асуудал үүсэхгүй. Жишээ нь Нийслэлд цахимаар газар өмчлөх хүсэлтэй иргэдийн хувьд өмнө нь газар үнэгүй өмчилж авсан тохиолдолд систем хүсэлтийг хүлээн авахгүй байгаа болно.

 

Асуулт 14: Манай хашааны газар vерийн аман дээр байрладаг гээд газар эзэмших эрхийг минь баталгаажуулахгvй юм. Бид хаана газар ємчлєн авах боломжтой вэ?

Таны хашааны газар нь аймаг, нийслэлийн ГЗБТ-д эзэмшvvлж, ємчлvvлэхээр тусгагдахгvй нь тодорхой тул орон нутгийн газрын албанд яаралтай хандаж өөр газар өмчлөх асуудлаа шийдвэрлvvлэх нь зvйтэй. Тухайн орон нутгийн газрын алба гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэх буюу эзэмшүүлэхээр төлөвлөгдсөн байршилд таньд газар олгох боломжтой болно.

 

Асуулт 15: Ах дүү, хамаатан саднаараа шинээр өмчлүүлэх газраа нэг байршилд хил залгаа өмчлөн авч болох уу?

Энэ талаар хуулиар хориглосон, хязгаарласан зүйл байхгүй тул боломжтой. Харин ингэж сонгох боломж тухайн аймаг, нийслэл, сум дүүргийн өмчлүүлэх газрын бодит нөөцөөс ихээхэн шалтгаална. Харин суурьшлын бүс шинээр үүсгэн газар өмчлүүлж байгаа тохиолдолд заавал ах дүү хамаатан садан гэлтгүй өөр бусад нэгдмэл сонирхолтой иргэд анхнаасаа СӨХ маягийн зохион байгуулалтад орох замаар газар өмчлөх эрхээ нэгдсэн зохион байгуулалтттайгаар хэрэгжүүлэх нь төрийн захиргааны байгууллагын нийтлэг үйлчилгээг авах, тодорхой дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэхэд аль аль талдаа хялбар байх нь мэдээж. Тийм ч учраас Нийслэлийн зүгээс энэ мэт санал, санаачилгыг дэмжих бодлого баримталж буй мэдээлэл байна.

 

Асуулт 16: Сумын төвд 0.5 га хүртэлх хэмжээний газрыг үнэгүй өмчлүүлнэ гэж заасан боловч хуучин эзэмшиж байсан газрыг л өмчлүүлнэ гэх юм. Хуульд заасан хэмжээнд хүргэн газраа өмчлөн авч болох уу?

МУИГӨТХ-д гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар зөвхөн нэг удаа (нэг нэгж талбар) үнэ төлбөргүй өмчлүүлнэ гэж заасны зэрэгцээ сумын төв, бусад сууринд 0.5 га хүртэл газрыг үнэгүй өмчлүүлэхээр заасан байдаг. Хуулийн “нэг удаа”, “хүртэл” гэсэн эдгээр утга санааг практикт нэг мөр хэрэгжүүлэх үүднээс Газрын тухай хуулийн дагуу эзэмшиж байсан газар нь хуульд заасан хэмжээнд хүрэхгүй байгаа тохиолдолд уг газраа өмчлөх, эсхүл суурьшлын шинэ бүсэд хуульд заасан хэмжээндээ хүргэн өмчлөх гэсэн хоёр боломжийг тухайн гэр бүлд олгож, өөрсдөөр нь сонголт хийлгэдэг байсан. Харин МУИГӨТХ-д 2008 онд орсон өөрчлөлтөөр тухайн гэр бүлийн гишүүн бүр газар өмчлөх эрхтэй болсон тул 2 буюу түүнээс дээш нэгж талбарыг өмчлөх, улмаар эрхлэн удирдах боломж байгаа бол гэр бүлийн гишүүдийн тоогоор хуульд заасан хэмжээндээ хүргэн газар өмчлөх боломж нээлттэй болсон.

 

Асуулт 17: Хуучин нэгдэл, сангийн аж ахуйн үед баригдсан 4 талаасаа ордог 4 айлын орон сууцыг оршин сууж байсан айлууд нь тухайн үед давуу эрхээр хувьчилж авсан бөгөөд одоо доорх болон орчны газраа өмчилж авах боломжтой юу?

Орон сууц хувьчлах тухай хуулийн 3.1-д “нийтийн зориулалттай орон сууцны байшин” гэж бүхэлдээ буюу ихэнх хэсэг нь дөрөв ба түүнээс дээш сууцны зориулалттай байшинг ойлгохоор харин МУИГӨТХ-ийн 6.1.1-д нийтийн эдэлбэр газрыг иргэнд өмчлүүлэхгүй байх талаар тус тус заасан. Өөрөөр хэлбэл, тухайн байшинд 4 буюу түүнээс дээш иргэний хувийн өмчийн орон сууц байгаа тохиолдолд тухайн нийтийн зориулалттай орон сууцны байшингийн доорх болон орчны газрыг нийтийн эдэлбэрийн газар гэж үзэн иргэдэд өмчлүүлэх боломжгүй. Харин тухайн орон сууцны байшинг бүхэлд нь дангаар өмчлөх харилцаа үүссэн тохиолдолд зохих газрыг өмчлүүлэх боломжтой.

 

Асуулт 18: Манайх малчин өрх бөгөөд өрхийн бүртгэл Архангай аймгийн Батцэнгэл сумд байдаг. Харин манай том охиныг хотод сургуульд ороход нь хашаа, байшин худалдан авч өгсөн бөгөөд тухайн үед Улаанбаатарын шилжүүлэг хийлгэсэн юм. Охин маань ганц бие бол манай гэр бүлийнхэн хэрхэн газар өмчлөх вэ?

Танай охин 2008 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө зохих журмын дагуу хаягийн бүртгэлээ шилжүүлж, нийслэлд бүртгүүлсэн тохиолдолд тэрээр нийслэлд газар өмчлөх эрхтэй. Харин МУИГӨТХ-д 2008 онд орсон өөрчлөлтийн дагуу танай гэр бүлийн бусад гишүүн бүр нийслэлээс бусад аймаг, сумын төвд өөрсдийн нэр дээр газар өмчлөх эрхтэй.

 

Асуулт 19: Инженерийн шугам сүлжээнд холбогдсон амины орон сууцны орчны газрыг иргэнд өмчлүүлэх үү?

Иргэнд өмчлүүлэх талаар тухайн орон нутгийн ерөнхий болон тухайн жилийн ГЗБТ-нд тусгагдсан тохиолдолд өмчлүүлэх боломжтой. Товчхондоо тухайн орон сууц бүхэлдээ Та болон танай гэр бүлийн гишүүдийн өмч бол инженерийн шугам сүлжээтэй эсхүл амины орон сууц гэсэн үндэслэлээр үнэгүй өмчлүүлэхээс татгалзах учиргүй.

 

Асуулт 20: Иргэд аж ахуйн зориулалтаар эзэмшиж байгаа газраа хэрхэн өмчлөх вэ?

МУИГӨТХ анх батлагдах үед буюу 2002 онд аж ахуйн зориулалтаар газар эзэмшиж байсан иргэд мөн энэхүү хууль батлагдсаны дараа газар эзэмших болсон иргэдийн хувьд хуулийн ялгавартай зохицуулалт үйлчилж байна. Тодруулбал, МУИГӨТХ-ийн 5.1.6-д зааснаар иргэнд газар тариалангаас бусад аж ахуйн зориулалтаар газрыг өмчлүүлэхдээ дараах зарчим баримтлана.

Үүнд:

  • Иргэний хувийн хөрөнгөөр барьж байгуулсан, барьж байгаа буюу хувьчилж авсан, түүнчлэн Иргэний хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд заасан журмын дагуу өөрийн өмчлөлд шилжүүлж авсан барилга байгууламжид зориулан Газрын тухай хууль тогтоомжид заасан журмын дагуу эрх бүхий байгууллагын шийдвэрээр эзэмшүүлсэн газар нь тухайн орон нутгийн ГЗБТ-нд иргэнд өмчлүүлэхээр тусгагдсан тохиолдолд уг газрыг худалдаж түүнд өмчлүүлэх (МУИГӨТХ-ийн 5.1.6.1 болон 5.1.2 заалтыг үзнэ үү);
  • Иргэний хувийн хөрөнгөөр шинээр барьж байгуулах, хуульд заасан журмаар хувьчилж авах, түүнчлэн Иргэний хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд заасан журмын дагуу өөрийн өмчлөлд шилжүүлж авах барилга байгууламжид зориулан өмчлөхийг хүссэн газар нь тухайн орон нутгийн ГЗБТ-нд иргэнд өмчлүүлэхээр тусгагдсан тохиолдолд дуудлага худалдаа явуулах замаар өмчлүүлэх (МУИГӨТХ-ийн 5.1.6.2 болон 5.1.2 заалтыг үзнэ үү); гэсэн хуулийн ялгавартай зохицуулалт байгаа.

Хуулийн эдгээр зохицуулалтад үндэслэн МУИГӨТХ батлагдсаны дараа тухайн газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх үүссэн бөгөөд энэхүү газрыг өмчлөхөөр хүсэлт гаргасан тохиолдолд дуудлага худалдаа зохион байгуулахаар зохицуулсан тул эдгээр газрыг өмчлөх хүсэлт гаргах нь Таны хувьд эрсдэлтэй алхам байж болох юм.

Аж ахуйн зориулалтаар газар өмчлөх хүсэлтийг батлагдсан загварын дагуу гаргах бөгөөд дараах бичиг баримтыг хавсаргана. Үүнд:

  • өргөдөл гаргагч болон түүнтэй дундаа хамтран өмчлөх хүсэлтэй хүмүүсийн иргэний үнэмлэх /төрсний гэрчилгээ/-ийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
  • оршин суугаа баг, хорооны Засаг дарга /тосгоны захирагч/-ын тодорхойлолт;
  • хүсэлт гаргаж байгаа газрын кадастрын зураг эсхүл түүний хэмжээ, байршлын харуулсан тойм зураг;
  • Газрын тухай хуулийн дагуу газар эзэмшиж байгаа бол газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмших гэрээний эх хувь;
  • шаардлагатай бусад бичиг баримт, тухайлбал тухайн газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ (хэрэв үл хөдлөх эд хөрөнгийг олон этгээд дундаа хамтран өмчилдөг бол газар өмчлөх эрхийн харилцаатай холбоотой тэдний харилцан зөвшөөрөл, тохиролцоо гэх мэт.)

Харин иргэн Та аж ахуйн зориулалтаар газар өмчлөгч бол төрөөс үзүүлэх татварын хөнгөлөлт, чөлөөлөлт гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар өмчлүүлснээс өөр хувь хэмжээтэй болохыг анхаарна уу.

 

 

Агуулга анх оруулсан: 2017-10-02 Шинэчилсэн: 2023-05-06

Мэдээ мэдээлэл